Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00049

 

      Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч Б.Б   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын хууль цаазын ахлах зөвлөх Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. Б  т холбогдох эрүүгийн 1815000710041 дугаартай, 163/2018/0051/Э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Тэшиг сумын Харгал багт оршин суух, ял шийтгэлгүй, З овогт Б. Б   

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б  т нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч О.Г ийг “мотоциклийн таг авлаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б   өгсөн: 2018 оны 02 сарын 21-ний өдөр  О.Г   эхнэрийг миний  мотоциклийг унаж явж байхад нь мотоциклийн таг авсан байсан. Тэгээд би маргааш нь очоод О.Г өөс мотоциклийнхоо тагийг авах гээд очтол О.Г  энэ мотоциклийн тагаа авахгүй юу гээд урдаас минь шидсэн. Тэгэхээр нь би маргааш нь очоод О.Г ийн зодсон юм гэв.

1815000710041 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч О.Г ийн өгсөн: Би 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал малчны хороонд оршин суудаг Б.Б   манайд ирээд мотоциклийн хажуу шанааны таг авна гээд манайхаас аваад явсан. Би тэр тагийг нь 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрт нь хэлэлгүйгээр мотоциклиос нь авчихсан байсан юм. Тэгээд тэрийгээ ирж аваад явсан. Гэтэл маргааш орой нь 21 цагийн орчимд гэртээ байж байтал Б.Б   ирээд мотоциклийн таг хэлэлгүй авсан гэсэн шалтгаанаар намайг зодож цус нөжтэй минь хольсон тийм болохоор би гомдол гаргасан байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,

Гэрч О.О өгсөн: 2018 оны 2 дугаар сарын 22-ны өрдийн орой 22 цагийн үед гэртээ байж байтал миний төрсөн ах О.Г  нүүр нь шалбарч цус болсон, зүүн чих нь доод хэсэгтээ урагдсан хүнд зодуулчихлаа гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би өөрөө төрсөн дүү нь болох О.О утсаар дуудан ирүүлээд хамт гэрт нь очиж байдлыг нь харсан. Гэрт нь ороход хойморт нь байдаг орных нь урд шалан дээр цус болсон ба урд талын цонхны орчимд шалан дээгүүр цус болсон байсан. Ах Г өмсөж явсан хувцас нь хүртэл цус болсон байсныг тэр үед нь олон нийтийн цагдаа ажилтай Төгөлдөрбаярт үзүүлсэн. Тэгээд бид 2 ахыгаа эмнэлэгт аваачин чихний шарханд нь оёдол тавиулсан. Ийм зүйл болсон. Тэгээд бид нар Б  ийг ирээд уучлал гуйгаад учир явдлаа олчих юм болов уу гэж хэд хоног харсан. Тэгэхэд Б   нь ерөөсөө ирээгүй, уучлал ч гуйгаагүй. Б   нь өнөөдрийг хүртэл учруулсан хохирлоо төлөөгүй байгаа гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,  

Гэрч О.О өгсөн: 2018 оны 02 сарын 22-ны өдрийн орой 22 цагийн орчимд би гэртээ байж байтал миний төрсөн эгч О.О над руу утсаар залгаад Гантөмөр ахыг хүн зодчихсон байна. Манайд ирчихсэн байна хүрээд ир гэхээр нь эгчийндээ явж очиход О.Г  ахын нүүр нь шалбарч цус болсон, зүүн чих нь доод хэсэгтээ урагдсан, өмсөж явсан хувцас нь нил цус болсон байдалтай сууж байсан. Би ороод таныг хэн зодсон бэ гэхэд Б. Б   зодчихлоо гэж хэлсэн . Тэгээд эгч бид 2 Гантөмөр ахтай хамт Гантөмөр ахын гэрт нь очиж байдлыг нь харсан. Гэрт нь ороход хойморь нь байдаг орных нь урд шалан дээгүүр цус болсон бас урд талын цонхны орчимд шалан дээгүүр цус болсон байдсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 220 дугаартай дүгнэлтэнд: О.Г ийн биед тархи доргилт, зүүн чихний омогт язарч урагдсан шарх, 2 нүдний салстад цус харвалт, нүүр, зүүн даланд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, зүүн чихний омогны язарч удагдсан шарх нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь 2018.0.22-ны өдөр үүссэ байж болно гэх дүгнэлт /хх-ийн 23/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-34 хуудас/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б   нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутагт орой 20 цагийн үед хохирогч О.Г ийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Б  ийн холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.       

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.  

Иймд шүүгдэгч Б.Б   нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б  ийг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Г ийн биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи баримтаа ирүүлээгүй болно.    

Шүүгдэгч Б.Б  т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь энэ хэрэгтээ гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.     

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:

1. З овогт Б. Б  ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  ийг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.      

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б  ийн 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай. 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б   нь 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН