2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/05663

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Н*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Н*******г эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М******* ХХК нь 503 тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн Р.Н******* нь 2023 оны 08-р сарын 24-ний өдөр В21023082404 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 4,199,600.00 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар TCL загварын зурагт, Веко загварын шарах шүүгээ, Rotenzo загварын хөргөгч, Hansa загварын угаалгын машин зэрэг цахилгаан бараануудыг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. М******* ХХК нь зээлдэгч Р.Н*******д 2023 оны 08-р сарын 24-ний өдөр цахилгаан бараануудыг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Р.Н******* нь зээл авснаас хойш үндсэн зээл 1,713,676.05 төгрөг, зээлийн хүү 1,468,346.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,286.61 төгрөг нийт 3,199,308.99 төгрөг төлсөн. 2025 оны 06-р сарын 12-ны өдрийн байдлаар эргэн төлөлт хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 296 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Манай компаний зүгээс зээлдэгч Р.Н*******г Улаанбаатар хот *** тоот оршин суух хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч бүртгэлтэй бөгөөд оршин суух хаяг дээрээ байхгүй болох нь тогтоогдож 197/Ш32025/25912 тоот дугаартай Б.Цолмон шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Р.Н*******г бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж гүйцэтгэж байгаа, Р.Н******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ байхгүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан одоог хүртэл олж чадахгүй байна. Иймд барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана оршин сууж байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Р.Н*******г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, 2023.08.24-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн анкет, хур мэдээллийн системийн лавлагааны зөвшөөрлийн хуудас, зээлийн өргөдөл, нэхэмжлэх, зээлийн дансны хуулга, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 197/ШЗ2025/25912 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч М******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Н*******г эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Р.Н******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан 2023.08.24-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн анкет, хур мэдээллийн системийн лавлагааны зөвшөөрлийн хуудас, зээлийн өргөдөл, нэхэмжлэх, зээлийн дансны хуулга, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 197/ШЗ2025/25912 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байна.

Р.Н******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан *****тоотод оршин суудаггүй болох нь тус сумын Засаг даргын тодорхойлолт, шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх нь зөрчигдөж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

4.Р.Н*******гийн бүртгэлтэй, оршин суудаг хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал:

- Б***** тоотод оршин сууж байсан, Б******* овогт Р*******гийн Н******* /рд********/ гэсэн,

- Нэхэмжлэгчийн төлөөлөгч /Утас:*****/ болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Р.Н*******г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Р.Н*******г эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН