| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2025/0016/З |
| Дугаар | 121/ШШ2025/0016 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Татвар, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 121/ШШ2025/0016
2025 11 10 121/ШШ2025/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “***” ХХК,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн татварын газрын Татварын улсын байцаагч С.У, Ж.Анарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “***” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баттогтох /цахим/, хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын газрын хуулийн асуудал хариуцсан Өвөрхангай аймгийн татварын газрын Татварын улсын байцаагч С.У, Ж.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “***” ХХК нь анх “Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж өөрчилжээ.
2. Хэргийн товч үйл баримт, процессын тухайд:
2.1. Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/127 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10241203876 дугаар томилолтын дагуу Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.У, Ж.Анар нь “***” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан бүрэн шалгалтыг хийж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн НА-*** тоот нөхөн ногдуулалтын актаар 13,551,664.23 төгрөгийн нөхөн татвар, 4,527,255.31 төгрөгийн торгууль, 5,334,339.98 төгрөгийн алданги нийт 23,413,255.31 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.
2.2. Дээрх нөхөн ногдуулалтын актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл гомдол гаргасан байх бөгөөд тус маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор НА-*** тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 23,413,255.31 төгрөгийн төлбөрөөс 2,451,006.40 төгрөгийн нөхөн татвар, 735,302.52 төгрөгийн торгууль, 869,859.1 төгрөгийн алданги нийт 4,056,168.09 төгрөгийн төлбөрийг бууруулж, 111,006,578.16 төгрөгийн зөрчилд ногдох 11,100,657.83 төгрөгийн нөхөн татвар, 3,791,948.58 төгрөгийн торгууль, 4,464,480.81 төгрөгийн алданги нийт 19,357,087.22 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2.3. “***” ХХК нь анх 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 121/ШЗ2025/0030 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч нь удаа, дараа хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 121/ШЗ2025/0070 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
2.4. Харин “***” ХХК-аас хуульд заасан хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 121/ШЗ2025/0088 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
3.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2,7-д “энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар” албан татвар ногдуулна гэж заасан.
3.2. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан дөрвөн тохиолдолд татварын өр үүсэхээр заасан. Хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т “нөхөн ногдуулалтын акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийн хувьд уг шийдвэрийг гардуулснаас хойш ажлын 15 өдөр” өнгөрсөн бол татварын өрд тооцохоор зохицуулсан.
3.3. “***” ХХК-ийн хувьд татварын хяналт шалгалтаар Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 1-д “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн тайландаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй 2020 онд 16,245,657.26 төгрөгийн, 2021 онд 34,539, 299.98 төгрөгийн, 2023 онд 876,365.45 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх, 13.1.4.а энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал’'гэсэн заалтыг зөрчсөн зөрчил илэрсэн гэж үзсэн.
3.4. Татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хамгаалагдах нөхцөл байдал нь эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэхгүй байдлаар илэрнэ гэж үзэж байна.
3.5. ... Иймд Өвөрхангай аймгийн татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.У, Ж.Анарын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-т “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах" болгон өөрчилж байна” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Байцаагч нараас нийт 23.413.255.31 төгрөгийн акт гаргаж татварын Маргаан таслах зөвлөлөөс 19.357.087 төгрөг болгож бууруулсан. Бидний гол тавьж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь энэ компанийн хувьд жилдээ 50-70 сая төгрөгийн борлуулалтын орлоготой. Байцаагч нарын актад баримтаар нотлогдож байгаа баримтын шаардлага хангасан хасах зардлыг бид нар хасаж тооцно. Баримтаар нотлогдоогүй нөхцөлүүдийг хасаж тооцохгүй гэдгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулж татварын тайлангаа гаргасан байна, татварын хяналт шалгалтаар тогтоогдож байна гэж үзээд 2020, 2021, 2023 онд зардлаа нөхөн бууруулсан байна гэж тогтоосон.
4.2. Гэтэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн хувьд тайлант жил олсон орлогын 1 хувиар татвар ноогдуулж төлөх боломжтой хуулийн заалт байгаа. Гэтэл татварын газрын 300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлого олдог аж ахуйн нэгжийн хувьд 1 хувиар татвар ноогдуулахгүй, татвар ногдох орлогоос хасах зардлыг тодорхойлсны үндсэн дээр 10%-аар татвар ногдуулж төлүүлэхээр шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж маргаж байгаа.
4.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хуулийн үзэл баримтлал юу юм бэ гэдэг дээр өөрсдийнхөө тайлбар нотолгоог гаргая гэсэн боловч шүүхээс нотлох баримтыг гаргах шаардлагагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хэрэв авсан бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуультай холбоотойгоор 70-80 сая төгрөгийн борлуулалтын орлого олж байгаа аж ахуйн нэгжийн хувьд 1 хувийн татвар нэмэгдээд явах бүрэн боломжтой. Ийм хуулийн заалт батлагдсан. Байцаагчдын зүгээс энэ компанийн борлуулалтын орлого дундаж нь 50-аас 70 сая төгрөг байдаг юм байна гэдгийг гаргаад ирсэн.
4.4. Тэгэхээр хуульд 1 хувиар татвар ноогдуулж төлүүлэх заалт байгаа учраас дээрээс нь Татварын ерөнхий хуульд зааснаар татварын ноогдол 2 төрлөөр үүсэж байгаа. Нэг нь татвар төлөгч өөрөө тайлангаа гаргаад, нөгөө нь татварын байцаагч хяналт шалгалт хийсний үр дүнд татварын ногдлыг тодорхойлж байгаа. Татвар төлөгч өөрөө тайлагнаж төлөх, нөгөө талаас татварын улсын барьцаагч хуульд заасан татварын ноогдлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан боломжоор татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хүрээнд нэг хувийн татвар ногдуулж төлүүлэх боломжтой нөхцөл байхад баримтаар нотлогдож байгаа зардал нь хуульд заасан шаардлага хангахгүй гэдгээр хасах зардлыг тооцохгүй гээд 10%-аар төл гэдэг нь энэ компанийн хувьд ашиг сонирхол нь хөндөгдөж байна гэж үзэж байна.
4.5. Дараагийн зөрчил нь уурын зуухандаа хүмүүс ажиллуулдаг, энэ дээр суутгаж татвар төлөөлөөгүй байна гэдэг журмаар алданги тогтоож байгаа. Бодит байдал дээр байнгын ажлын байр гэж үзээд хөдөлмөрийн гэрээ байгуулаад энэ улсуудыг ажиллуулахад хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл галчаар ажиллаж байгаа хүмүүс маань 1 сар эсвэл 14 хоног ч юм уу ажиллаад ажлын байраа орхиод явчихдаг. Энэ улсуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад ажиллахад хүндрэлтэй байдаг. Тэр ажлын хөлсөндөө байцаагчийн зүгээс суутгал төлөх ёстой байсан байна гэж үзээд байгаа юм. Энэ дээр татварын байцаагч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм уу, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм уу гэдгийг ялгаж салгахгүйгээр шийтгэл оногдуулж байгаа нь буруу байна.
4.6. Галч руу шилжүүлсэн хөдөлмөрийн хөлсний төлбөрийг тухайн галч өөрөө татварын албатайгаа тооцоо хийгээд төлөх бүрэн боломжтой. “***” ХХК-ийн хувьд суутгагчийн үүргийг хүлээхгүй гэж үзэж байгаа. Ийм шаардлагаар байцаагчийн актыг Аж ахуйн нэгжийн орлогын албаны тухай хуульд зааснаар 1 хувиар ногдуулж төлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Байцаагчийн 10 хувиар ноогдуулсан төлбөрийн хэмжээг 1 хувиар болгож оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
5. Хариуцагч Өвөрхангай аймгийн татварын газрын Татварын улсын байцаагч С.У, Ж.Анараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл “Татвар ногдуулалт, төлөлт”, 28.1. “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 29 дүгээр зүйл “Татварын тайлан үйлдэх тушаах”, 29.1. “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.1.2. “Татвар ногдуулах төлөхтэй холбогдсон тооцоо мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх” гэж заасны дагуу татвар төлөгч өөрөө тайлагнасан байх үүрэгтэй.
5.2. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаал татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмын 2.2. “Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 28.1-д заасны дагуу холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, батлагдсан маягтаар татварын тайланг үйлдэнэ. 2.3. “Татварын тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг татвар төлөгч өөрөө хариуцна гэж заасан.
5.3. Иймд гомдол гаргагч “***” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1. Байцаагч нарынхаа хэлсэнтэй санал 1 байна. Татварын хяналт шалгалт гэдэг маань татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ноогдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана гэж байгаа.
6.2. Хяналт шалгалт хийхэд 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт юуг анхаарах талаад заагаад өгчихсөн байгаа. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны баримтууд гэдэг зүйл яриад байна. Татвар ногдуулалт төлөлт гээд 28 дугаар зүйл дээр тодорхой заагаад өгчихсөн. Тухайн татвар төлөгч маань анхнаасаа хялбаршуулсан горимоор уу 10 хувиар уу гэдгээ өөрөө сонгох эрх нь байгаа. Дээрээс нь нягтлангүй биш нягтлантай, мэргэшсэн нягтлан бодогчтой газар байгаа. Тэгэхээр ямар нэгэн алдаа дутагдал байхгүй, тайлан мэдээг яс гаргадаг гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК нь анх “Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж өөрчилсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
2.1. “... Нэхэмжлэгч “***” ХХК нь жилдээ 60-70 сая төгрөгийн орлого олдог аж ахуй нэгж гэдгийг татварын улсын байцаагч нараас тогтоосон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн хувьд тайлант жил олсон орлогын 1 хувиар татвар ноогдуулж төлөх боломжтой хуулийн заалт байгаа. Гэтэл татварын газрын 300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлого олдог аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар албан татвар ногдуулна гэж заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар нь татвар ногдох орлогоос хасах зардлыг тодорхойлсны үндсэн дээр 10%-аар татвар ногдуулж төлүүлэхээр шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй... Дараагийн зөрчил нь уурын зуухандаа хүмүүс ажиллуулдаг, энэ дээр суутгаж татвар төлөөлөөгүй байна гэдэг журмаар алданги тогтоож байгаа. Бодит байдал дээр байнгын ажлын байр гэж үзээд хөдөлмөрийн гэрээ байгуулаад энэ улсуудыг ажиллуулахад хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл галчаар ажиллаж байгаа хүмүүс нь 1 сар эсвэл 14 хоног ч юм уу ажиллаад ажлын байраа орхиод явчихдаг. Энэ улсуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад ажиллахад хүндрэлтэй байдаг. Тэр ажлын хөлсөндөө байцаагчийн зүгээс суутгал төлөх ёстой байсан байна гэж үзээд байгаа юм. Энэ дээр татварын байцаагч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм уу, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм уу гэдгийг ялгаж салгахгүйгээр шийтгэл оногдуулж байгаа нь буруу байна” гэж маргасан.
3. Харин хариуцагч талаас “...татвар төлөгч нь татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө. Татвар төлөгч нь тайлангаа гаргахдаа 300 сая хүртэл орлогод 1 хувь гэдэг сонголтоо өөрөө хийж өгөх ёстой. Хэрвээ 1 хувиар нь ногдуулах сонголтыг хийсэн бол 1 хувиар нь татвар оногдуулна. Гэтэл татвар төлөгч өөрөө 10 хувиараа ногдохоор тайлагнасан. Татвар төлөгч өөрөө тайлангаа үнэн зөв, бодитой гаргаж өгөх ёстой ... Ажилтанд цалин олгоход хувь хүн өөрөө тайлангаа гаргаж өгнө гээд заасан байгаа. Татвар төлөгч зардлыг нь нотлох үүднээс төлбөрийн баримтаа шивүүлж аваад цалинг нь бүрэн өгсөн байх ёстой. Орлого олж байгаа тохиолдолд өөрсдөө 10 хувиа суутгаж авах ёстой. Хувь хүний орлогын албан татвар суутгаагүй тохиолдолд тайлагнаж, зардал дээрээ тусгах, зардлаа батлах ёстой. Гэвч тайландаа тусгаагүй” гэж тус тус маргасан.
4. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.У, Ж.Анар нь “***” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан бүрэн шалгалтыг хийж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн НА-*** тоот нөхөн ногдуулалтын актаар 13,551,664.23 төгрөгийн нөхөн татвар, 4,527,255.31 төгрөгийн торгууль, 5,334,339.98 төгрөгийн алданги нийт 23,413,255.31 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.
6. Харин Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс маргаан бүхий НА-*** тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 23,413,255.31 төгрөгийн төлбөрөөс 2,451,006.40 төгрөгийн нөхөн татвар, 735,302.52 төгрөгийн торгууль, 869,859.1 төгрөгийн алданги нийт 4,056,168.09 төгрөгийн төлбөрийг бууруулж, 111,006,578.16 төгрөгийн зөрчилд ногдох 11,100,657.83 төгрөгийн нөхөн татвар, 3,791,948.58 төгрөгийн торгууль, 4,464,480.81 төгрөгийн алданги нийт 19,357,087.22 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
7. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.1.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх”, 29.1.3-д “суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах” гэж татвар төлөгчийн үүргийг тодорхойлсон.
8. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 2.2-т “Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 28.1-д заасны дагуу холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, батлагдсан маягтаар татварын тайланг үйлдэнэ.” 2.3-т “Татварын тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг татвар төлөгч өөрөө хариуцна” гэж заасан байх тул татвар төлөгч нь татварын тайлангаа илгээхдээ татварын ногдлыг тооцох хувь хэмжээг өөрөө тодорхойлох үүрэгтэй байна.
9. Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна” 20.2.7-т “энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар” 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж тус тус зааснаас үзэхэд дээрх зохицуулалтууд хэрэглэгдэх нөхцөл шаардлага нь ялгаатай байх тул улсын байцаагч нарыг 1 хувиар татварын ногдлыг тооцох боломжтой байсан гэж маргаж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
9. Мөн татвар төлөгч нь үйл ажиллагааны орлогоос татвар ногдох орлогоо тодорхойлох, тайлагнах, татварын албанд гаргаж өгөх, тухайн хяналт шалгалттай холбоотойгоор өөрт байгаа баримтаа татварын улсын байцаагч нарын шаардсанаар гаргаж өгөх нь нэхэмжлэгч компанийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй юм.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д зааснаар төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах шийдвэр нь тухайн захиргааны актаар төлбөрийн хэмжээг тогтоохдоо хуульд заасан хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн, тооцооллын хувьд алдаа гаргасан, зөрчлийн шинж байдалд хуульд заасан хэмжээ хязгаарыг зөв тохируулан хэрэглээгүй зэрэг алдааг гаргасан нь тогтоогдсон, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд хэрэглэгдэх учиртай. Гэвч хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Иймээс нэхэмжлэгч “***” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.У, Ж.Анарын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ