| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2436000420064 |
| Дугаар | 39 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 39
2024 05 21 2024/ДШМ/39
М.Отгонцагаан, Ш.Даваатогтох нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал, яллагдагч М.Отгонцагааны өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Л. Мөнхцоож нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/163 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Ш.Даваатогтох түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн М.Отгонцагаан, Ш.Даваатогтох нарт холбогдох эрүүгийн 2436000420064 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн Сартуул ургийн овогт Даваатогтох, 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, ам бүл зургаа, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Монгол Улсын иргэн Цагаан туг ургийн овогт Мэндбаярын Отгонцагаан, 1975 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Тулгын 30 айлын 08 тоотод оршин суудаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус хэсэгт зааснаар 5'400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5'400'000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
2. Яллагдагч Ш.Даваатогтох нь Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Отгонцагаантай бүлэглэн 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтын 3 дахь хэсэгт тусгагдан батлагдсан Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрт байх Тэрэгт гэх газарт 09 дугаргах ажлын санхүүжилтийг "Алтайн газрын хүч" ХХК- ийн данс руу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Тэрэгтийн худгийн санхүүжилт" гэсэн утгаар арван хоёр төгрөг шилжүүлсэнээс 5 сая төгрөгийг өөрийн хүргэн П.Ган-Эрдэнийн дансаар дамжуулан М.Отгонцагаанд худгийн амбаар барих нэрээр олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Яллагдагч Ш.Даваатогтох нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүүгийнхээ нөхөр П.Ган-Эрдэнэд "Алтайн газрын хүч" ХХК-ийн дансаар дамжуулан худгийн ажлын санхүүжилт болох арван хоёр сая төгрөгийг олгож гэрээгээр гүйцэтгэх ёстой худгийн ажлыг гэрээгүйгээр гүйцэтгүүлэхээр өгч эдийн засгийн давуу байдал бий болгож орон нутгийн хөгжлийн санд 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас М.Отгонцагаан, Ш.Даваатогтох нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Сартуул ургийн овогт Шоовойн Даваатогтох, Цагаан туг ургийн овогт Мэндбаярын Отгонцагаан нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2436000420064 дугаартай хэргийг Ховд аймгийн прокурорын газарт буцааж,
4.2 Яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэг прокурорт очих хүртэл үргэлжлүүлж,
4.3 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
4.4 Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Яллагдагч Ш.Даваатогтох түүний өмгөөлөгч Н.Очирбат нар давж заалдах гомдолдоо:
5.1 Анхан шатны шүүх Ш.Даваатогтох нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахгүйгээр, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 163 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Учир нь мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дуусгасан бөгөөд хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон. Хавтаст хэрэгт гэрч Ж.Цэнд-Аюуш, Б.Уянга, П.Ган-Эрдэнэ нарын мэдүүлэг, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, аудитын акт зэрэг нотлох баримтууд бүгд авагдсан.
Дээр дурдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагдагч, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар П.Ган-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан зүйл байхгүй буюу П.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар буруутгах баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэрч П.Ган-Эрдэнэ тухайн мөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдээгүй, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь тусалсан зүйл байхгүй гэдгээ хоёр удаагийн мэдүүлгээрээ хэлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-д гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Мөн хуулийн, мөн зүйлийн 3-д гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэж тус тус заажээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэж тус тус зааж өгсөн байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/Ш3/163 дугаартай "хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6.Яллагдагч М.Отгонцагааны өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. П.Ган-Эрдэнийн хувьд гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд шалгахад буруутаад байх асуудал биш юм. Шалгаагүй байж яаж хөөн хэлэлцэх хугацааг дууссан эсэхийг мэдэх юм иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Ш.Даваатогтох түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамж дээр мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалга гэсэн байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн дууссан эсэх тухай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байдаг.
Яллагдагч Ш.Даваатогтох түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Ш.Даваатогтох түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Яллагдагч Ш.Даваатогтох нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Отгонцагаантай бүлэглэн 2021 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтын 3 дахь хэсэгт тусгагдан батлагдсан Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутагт байх “Тэрэгт” гэх газарт худаг гаргах ажлын санхүүжилтийг “Алтайн газрын хүч” ХХК-ийн данс руу 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Тэрэгтийн худгийн санхүүжилт” гэсэн утгаар 12,000,000 төгрөг шилжүүлснээс 5,000,000 төгрөгийг өөрийн хүргэн П.Ган-Эрдэнийн дансаар дамжуулан М.Отгонцагаанд худгийн амбаар барих нэрээр олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Мөн Ш.Даваатогтох нь өөрийн хамаарал бүхий төрсөн дүүгийнхээ нөхөр болох П.Ган-Эрдэнэд “Алтайн газрын хүч” ХХК-ийн дансаар дамжуулан худгийн ажлын санхүүжилт болох 12,000,000 төгрөгийг олгож, эдийн засгийн давуу байдал бий болгож, гэрээгээр гүйцэтгэх ёстой худгийн ажлыг гэрээгүйгээр гүйцэтгүүлэхээр өгч Орон нутгийн хөгжлийн санд 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокуророос яллагдагч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “гэрч П.Ган-Эрдэнийн үйлдэлд мөнгө угаах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ.
5. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Даваатогтох түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн ангилал”-ын гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” үндэслэлд хамаарч байна. Иймд гэрч П.Ган-Эрдэнийн үйлдэлд “мөнгө угаах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай” гэж дүгнэсэн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
5.2 Харин “яллагдагч Ш.Даваатогтохын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, орон нутгийн хөгжлийн санд хохирол учруулсан” гэх хэрэгт гэрч П.Ган-Эрдэнэ дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон эсэхийг шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Даваатогтох түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/163 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж, яллагдагч Ш.Даваатогтох түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Яллагдагч Ш.Даваатогтох, М.Отгонцагаан нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР