Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 652

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Баттулга

Хариуцагч: Хөдөлмөрийн сайд /хуучнаар/

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр сайд /хуучнаар/-ын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/209 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс (цалин, нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал) гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж нар тус тус оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:  “М.Баттулга миний бие 2015 оны 05 дугаар сарын 25-нд Хөдөлмөрийн яамны харьяа Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Захирлаар томилогдсон. Ажилд орсон үед сурагчдын зуны амралт эхэлж байсан ба 2015 оны 6 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл сургуулийн 3 давхарт засвар хийж анги танхим болгох, хуучин цайны газар байсан заалыг янзалж урлаг заал болгох гэх мэт олон ажлыг хийж гүйцэтгэсэн ба эдгээр ажилд шаардагдах төсөв хөрөнгийг Хөдөлмөрийн яамны баталсан төсвийн дагуу зориулалтаар нь зарцуулж ирсэн. Зуны гурван сар ямар нэг хүнсний бүтээгдэхүүн болон хичээл практикийн материал худалдан авах зардлын гүйлгээ хийгдээгүй болно.

2015 оны 10 дугаар сарын сүүлээр Хөдөлмөрийн яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас тус сургуульд шалгалт хийхээр 2 хүн ирнэ “байрлах байр, ажиллах өрөө тасалгаа, хоол ундаар хангах” талаар яамнаас үүрэг чиглэл өгсөн бөгөөд шалгалтын зорилго, чиглэл нь тодорхойгүй, удирдамж ирүүлсэн зүйлгүй байсан. Тухайн шалгалтын хүмүүсийн ирэх хугацаа нь тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой 20 цаг 00 минутанд ирсэн ба шалгалтыг 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд хийгээд 2015 оны 11 дүгээр сарын 08-ны орой буцсан. Миний бие Мэргэжилт сургалт үйлдвэрийн төвийн захирлын ажлыг хүлээн аваад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байсан ба Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлын ажилд алдаа гаргасан зүйл байгаагүй, гаргасан тушаал шийдвэрүүдэд хууль журам зөрчсөн зүйлгүй болно. Мэргэжил сургалт, үйлдвэрийн төвүүдийн захирлууд нь Хөдөлмөрийн сайдтай Үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд надтай хийсэн энэхүү гэрээгээ эрх бүхий этгээдээс нэг ч удаа дүгнээгүй байсан юм. 

Яамнаас дээрх хяналт шалгалтыг явуулахдаа намайг ажлаас халах зорилготойгоор, урьдчилан таамагласан үр дүнг гаргуулахаар, зориуд зохион байгуулж улмаар хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас гэнэт халсанд гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/209 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс (цалин, нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал) гаргуулан нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2015 оны 6 дугаар сараас 2015 оны 9 дүгээр саруудад хийж гүйцэтгэсэн олон ажилд шаардагдах төсөв хөрөнгийг Хөдөлмөрийн яамны баталсан төсвийн дагуу зориулалтаар нь зарцуулсан гэх боловч 2015 оны 11 сарын 7,8-ны өдрүүдэд Хөдөлмөрийн яамны хяналт, шинжилгээ, үнэлгээ, Дотоод Аудитын газраас тус сургуулийн төсөв санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд 6 зөрчил илэрчээ. Энэ нь Дотоод Аудитын ажлын тайлангийн хавсралтад дурдсан зөрчлийн жагсаалтаар нотлогдож байна.

Иймд Хөдөлмөрийн Сайд 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр М.Баттулгыг “Ажлаас чөлөөлөх тухай” Б/209 дугаар тушаал гаргахдаа холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул М.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч М.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Баттулга тус шүүхэд хандаж “Ажлаас чөлөөлөх тухай” Б/209 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс (цалин, нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал) гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан Хөдөлмөрийн сайдын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг хууль бус сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдааны явцад нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болно.  

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...төсөв хөрөнгийг Хөдөлмөрийн яамны баталсан төсвийн дагуу зориулалтаар нь зарцуулж, тендер зарлах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байсан ба Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлын ажилд алдаа гаргасан зүйл байгаагүй, гаргасан тушаал шийдвэрүүдэд хууль журам зөрчсөн зүйлгүй, хяналт шалгалтыг намайг ажлаас халах зорилготойгоор хийсэн” гэж, хариуцагчаас “...дотоод аудитын газраас тус сургуулийн төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 6 зөрчил илэрсэн...дотоод аудитын ажлын тайлангийн хавсралтад дурьдсан зөрчлийн жагсаалтаар нотлогдоно” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/209 дүгээр тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь заалтыг үндэслэн М.Баттулгыг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “маргаан бүхий акт нь Дотоод аудитын дүгнэлтэд үндэслэсэн” гэж тайлбарлаж байх ба Хөдөлмөрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн уг дүгнэлтээр “...холбогдох хууль тогтоомж, дүрэм зааврыг мөрдөөгүй, байгууллагын хөрөнгийн хадгалалт хамгаалалтад тавих хяналт сул, хэмнэлтийн тайланг улирал тутам ирүүлж хэмнэлтийг төвлөрүүлээгүй, төсвийн зарцуулалтанд тавих дотоод хяналтын систем байхгүй, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулаагүйгээс төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдлийг бий болгосон, дадлагын сургалтанд зарцуулах материалыг бэлтгээгүй, бараа материалын тайлан гаргахгүйгээр хөрөнгийг шууд зарлагадсан” гэж үзэж “...холбогдох хууль журам заавар, эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, нягтлан бодох бүртгэлийн тооцооны маягтуудыг ашиглаж хэвших, хүнсний болон бараа материалын тайланг сар бүрээр гаргаж хэвших, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үндсэн хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, ашиглах боломжгүй үндсэн хөрөнгийг зохих журмын дагуу ашиглалтаас хасах”-ыг тус тус зөвлөмж болгосон байна. 

Харин М.Баттулгыг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/209 дүгээр тушаалд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь заалтыг үндэслэн мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасан “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-д заасан “техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа 3 болон түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх”-ийг зөрчсөн гэж үзэж ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотооод аудитын дүгнэлтийг маргаан бүхий тушаалын үндэслэх хэсэгт шууд дурдаагүй боловч түүний агуулгаас болон уг дүгнэлтийн хавсралтад заасан “зөрчил, төлбөрийн жагсаалт”-аас үзвэл М.Баттулгыг 6 төрлийн зөрчил гаргасан хэмээн буруутгасан боловч уг 6 төрлийн зөрчлийг М.Баттулга гаргасан эсэх, уг зөрчлийг гаргасан хугацаа зэргийг бүрэн гүйцэт тогтоогоогүйн дээр уг зөрчлүүд нь М.Баттулгыг ажлаас чөлөөлөхүйц зөрчил мөн эсэх нь тодорхойгүй байхад чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх үзлээ. 

Түүнчлэн хариуцагч Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 14.1.1, 14.1.3-14.1.8, 14.1.14-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 6.2-6.4, 6.6, 25.10, 42.1, 42.7-д заасныг тус тус зөрчсөн нь томилсон эрх бүхий этгээд тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д “Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн” ерөнхийлөн захирагч байхаар зааснаас  үзвэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь Төсвийн ерөнхийлөн захирагч биш харин Хөдөлмөрийн сайд өөрөө Төсвийн ерөнхийлөн захирагч байна. Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь заалт нь Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Хөдөлмөрийн сайдаас уг хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн тохиолдолд хэрэглэгдэх заалт байх тул уг заатыг баримтлан М.Баттулгыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/209 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, М.Баттулгыг эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/209 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, М.Баттулгыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан М.Баттулгын нэхэмжлэлтэй Хөдөлмөрийн сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч М.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговорт 6083671 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Хөдөлмөрийн сайд /хуучнаар/-д даалгасугай

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.ДУЛАМСҮРЭН