| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/04247/И |
| Дугаар | 192/ШШ2025/05548 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/05548
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Г,
Нэхэмжлэгч: Б.О нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.М-д холбогдох
40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.М******* нь миний дүү Б.Г*******аас зээлсэн 70 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт О*******гийн өмчлөлийн орон сууцыг зөрүү тохирч өгөхөөр Г*******тай тохиролцон улмаар 30 000 000 төгрөгийг О*******д төлсөн боловч М******* нь үлдэгдэл 40 000 000 төгрөгийг төлөөгүй. Тиймээс Б.Г******* миний бие М*******ын төлөх ёстой 40 000 000 төгрөгийг орон сууцны өмчлөгч О*******д төлсөн. Гэтэл М******* нь өнөө маргаашгүй төлнө гэсэн боловч төлөөгүй, удаа дараа шаардахад одоохондоо боломжгүй байна тэнд тийм газар байна, энд ийм машин байна, та нар зараад мөнгөө ав зөрүүг нь надад өгөөрэй гэх мэтээр хэлж хойшлуулсаар төлөөгүй өдий хүрсэн. Бүр сүүлдээ М******* нь утсаа ч авахаа больсон. Иймд хариуцагчаас 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г*******, Б.О******* нар нь хариуцагч Н.М*******ад холбогдуулан 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд ...1.Нэхэмжлэлийн шаардлага болох 40 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.
2.Хариуцагч 40 000 00 төгрөгийг дараах хугацаанд төлөхөөр тохиролцов. Үүнд:
2025.12.31-ний өдрийн дотор 20 000 000 төгрөг,
2026.06.01-ний өдрийн дотор 20 000 000 төгрөг.... гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 40 000 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20 000 000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор 20 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 178 975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Зохигчид шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй, бидний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар талуудын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Г*******, Б.О******* нарын нэхэмжлэлтэй, Н.М*******ад холбогдох 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 40 000 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20 000 000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор 20 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 178 975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН