| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2336001640178 |
| Дугаар | 41 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 41
2024 05 21 2024/ДШМ/41
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Д.Дуламжав, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Х.Алтангүл, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2336001640178 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ын Ганбаатар, 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл тав, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
мөн тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон;
- тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17,2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн.
2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* ******* Алагтолгой ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " " хүнсний дэлгүүрт хохирогч ын мартаж орхисон Хаан банкны картыг авч бэлэн мөнгөний машинд уншуулан хохирогч ын эзэмшлийн Хаан банк дахь 58572193 дугаарын данснаас 836,500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 01 (нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 22 хоногийг түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 01 (нэг) жил 05 (таван) сар 08 (найм) хоногийн хугацаагаар тогтоож,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т эдлүүлэхээр тогтоосон 01 (нэг) жил 05 (таван) сар 08 (найм) хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,
4.5 Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,
4.6 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 836,500 найман зуун гучин зургаан мянга таван зуун) төгрөгийг гаргуулан хохирогч т олгож,
4.7 Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
4.8 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди (CD) дискийг хэргийн хамт хадгалж,
4.9 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч ******* түүний өмгөөдөгч Х.Алтангүл нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн. Тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг.
Мөн тус гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн хариуцлага нь хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой ялын сонгох санкцтай зүйл анги билээ.
******* нь өмнө гэмт хэрэгт холбогдож шийтгүүлж байсан бөгөөд ялаа эдэлж дууссан, дууссанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн учир тус үйлдэлд хариуцлага хүлээлгэхэд эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүх нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсан.
Өөрөөр хэлбэл хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах нь гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх боломжтой бөгөөд цаашид сурах, ажил эрхэлж хохирол арилгах боломжтой хуулийн санкц билээ. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, эрүүгийн хуулийн зорилт, шударга ёсны зарчимд нийцэхгүй шийдвэр гаргасан. Ял бол дарамт учруулах ёсгүй бөгөөд нийгэмшүүлэх, хор уршгийг арилгахад чиглэх ёстой билээ.
Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 2024/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг харгалзан шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн бөгөөд уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, болон Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх /цагаатгах/ тогтоол боловсруулах аргачлалд заасан шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.
3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
4. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* ******* Алагтолгой ******* нутаг дэвсгэрт байрлах “ ” нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч ын мартаж орхисон Хаан банкны картыг авч бэлэн мөнгөний машинд уншуулан хохирогч ын эзэмшлийн Хаан банкин дахь 58572193 дугаарын данснаас 836,500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар авсан гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
5. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр зааж, шүүгдэгчээс 836,500 төгрөгийг гаргуулан хохирогч т олгож шийдвэрлэсэн байна.
6. Шүүгдэгч ******* нь “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан болон “ ” дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хохирогч ын мэдүүлэг, түүний Хаан банкны дансны хуулга, тус банкны Ховд аймаг дахь салбарын захирлын “хариу хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
7. Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч ******* гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
7. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Алтангүл нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, ухамсарлаж байгаа бөгөөд цаашид сургуульд суралцах хүсэлтэй, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй байх боломжтой, ******* өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан боловч ялаа эдэлж дууссан, тодорхой хугацаа өнгөрсөн байсан бөгөөд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тухайн зүйл ангид нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрх хязгаарлах, хорих ялаас сонгон оногдуулах боломжтой байхад түүний эрх зүйн байдлыг дордуулж хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Иймд *******т хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
7.1 Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нь *******ын талаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялаар шийтгүүлж тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, мөн тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялаар, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн,
- шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдлийн улмаас хохирогч т учирсан хохирол болох 836,500 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулаагүй байгаа,
- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор түүний эцэг Н.*******, эх Ж.Цэвээн нараас мэдүүлэг авсан бөгөөд тэд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “ гэр бүлийн гишүүд, үр хүүхдийнхээ... эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэхээс татгалзаж, мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн гэрчийн мэдүүлэгтээ “... ******* нь хэнэггүй, огцом ууртай, зан ааш муутай, багаасаа архи уугаад хүч хүрэгдэхгүй байгаа, архи уухаараа хулгай хийгээд гэмт хэрэг хэрэг зөрчилд холбогдоод байгаа, нэг удаа архины эмчилгээнд явуулсан боловч 7 хоноод архи ууж эхэлсэн, одоо гэр орондоо ирэхгүй байна, гадуур яваад өр тавьчихдаг, түүнийг нь бид хоёр байнга төлдөг, араас нь зөндөө хөөцөлдөж явсан одоо цөхөрч байна, түүнийг хоол хүнс, хувцас хунар, бусад зүйлээр дутаагаагүй... гэж мэдүүлсэн,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасны тэмдэглэл хэсэгт 2019-2021 онуудад 3 удаа ял шийтгүүлж байсан талаар тэмдэглэсэн,
- *******ын талаар Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хайлтын цахим системд 2018-2023 онуудад 3 6 удаа эрэн сурвалжлагдсан, 19 удаа эрүүлжүүлэгдсэн, 1 удаа саатуулагдсан, 3 удаа сэжигтнээр бүртгэгдсэн, 3 удаа зөрчлийн хэрэгт холбогдож, торгуулийн шийтгэл оногдуулж байсан талаар бүртгэгдсэн зэрэг хувийн байдал тогтоогдсон байна.
7.2 Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
8. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч *******т хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү “гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ