Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01495

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01494

 

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22ы өдрийн 181/ШШ2021/01387 дугаар шийдвэртэй, Д.Оийн нэхэмжлэлтэй М.Д ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 57 954 955 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О нь орон сууцны эрсдэлийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 57 954 955 төгрөгийг М.Д ХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Хамтран зээлдэгч Л.Баяраагийн хамтаар 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хаан банктай ипотекийн зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 116 500 000 төгрөгийг 300 сарын хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн эрсдэлийн даатгалд даатгуулсан. М.Д ХК-тай байгуулсан зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгааны 12.1.1-д Үйлдвэрлэлийн ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийн үед даатгагч М.Д ХК нь даатгалын тохиолдол болох үеийн зээлийн төлбөрийн үлдэгдэл дүнгээс даатгуулагч Д.От 50%-д ногдох, Л.Баяраад 50%-д ногдох төлбөрийг нөхөн төлөх, даатгуулагч нар нь даатгалын хураамжийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Даатгуулагч Л.Баяраа нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр авто ослоор нас барсан ба 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу тухайн өдрийн зээлийн гэрээний гүйцэтгэх үүргийн үлдэгдэл 115 909 910 төгрөг байсан.

Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний баталгааны ерөнхий мэдээлэл хэсгийн нөхөн төлбөр олгох хувь хэсэг нь 50 хувь гэж заасан тул 57 954 955 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт гаргуулж, хууль ёсны төлөөлөгч Д.От олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Д ХК-ийг даатгуулагч Д.О, Л.Баяраа нартай байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №10514417663 дугаар орон сууцны зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний баталгааны 12.1.1-д Үйлдвэрлэлийн ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгуулж гэрээ байгуулсан.

Гэтэл даатгалын гэрээ байгуулагдснаас хойш хамтран зээлдэгч Л.Баяраа нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр биеэ авч явах чадваргүй /хүнд согтолтын зэрэгтэй/ байх үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад зам тээврийн ослоор нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №985 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №566 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол зэрэг баримтаар тогтоогдсон ба талийгаач Л.Баяраагийн буруутай үйлдлийн улмаас осол гарах шалтгаан болсон. Дээрх осол нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №10514417663 дугаар орон сууцны зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээт баталгааны нөхөн төлбөр олгохгүй тусгай нөхцлийн 12.2.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохиролд хамаарч байх тул нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгох үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Тэнүүн--Огоо ХХК-аас амь насанд учирсан гэм хорын хохиролд нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргаж, улмаар нэхэмжлэгч, хариуцагч талууд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/01496 дугаартай шүүгчийн захирамжаар 5 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-д гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн ... бол даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана гэсэн заалтад хамаарч байх бөгөөд Д.О нь буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлсэн байх тул М.Д ХК-аас даатгалын нөхөн төлбөр гаргуулах эрхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан М.Д ХК-аас 57 954 955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.От олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 447 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д ХК-аас 447 725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.От олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн. Учир нь талийгаач Л.Баяраа нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас автобусад мөргүүлж тархиндаа гэмтэл авч нас барсныг шүүх анхаарч үзээгүй. Мөн жолооч Б.Амартүвшин тээврийн хэрэгсэлийг жолоодон явсан үйлдэл болон Л.Баяраа замын хөдөлгөөнд биеэ хянах чадваргүй согтуугаар явганаар оролцсон үйлдэл нь Л.Баяраагийн нас барсантай хамааралтай байхыг шалтгаант холбоо гэж үздэг. Нэхэмжлэгчийн зүгээс Л.Баяраа нь нас барсанаар даатгалын тохиолдол үүссэн гэж даатгалын нөхөн төлбөр авахаар шаардсаныг шүүх зөвтгөж дүгнэсэн нь илт хууль зөрчсөн. Зээлдэгч даатгуулагчтай байгуулсан орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгааны нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцлийн 8.4-т буруутай этгээдээс төлбөр нэхэмжилсэн хохирлоо барагдуулсан, барагдуулах зөвшилцөл, тохиролцоог аман болон бичгээр хийсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй талаар тохиролцсон гэрээний нөхцөлийг анхаараагүй байна. Учир нь нэхэмжлэгч Д.О нь Баянгол дүүргийн шүүхэд хандан 126 248 128 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлээс 121 248 128 төгрөгөөс татгалзаж, жолооч Б.Амартүвшингээс эвлэрлийн гэрээ байгуулж нөхөн төлбөрт 5 000 000 төгрөг авсан нь зээлийн гэрээний 50 хувь болох 57 954 955 төгрөгийг авахаас татгалзсан гэж ойлгохоор байна. Хариуцагчийн зүгээс гэрээгээр тохиролцсон даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдлийг хоёр шүүхээр шийдвэрлүүлэх эрхгүй, анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв дүгнээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч М.Д ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 57 954 955 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ... даатгуулагч Л.Баяраа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, нас барсан тул гэрээний 12.2.3-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохгүй, мөн нэхэмжлэгч Д.О нь Тэнүүн-Огоо ХХК-аас хохирлоо нөхөн төлүүлсэн байх тул М.Д ХК-аас даатгалын нөхөн төлбөр шаардах эрхгүй гэж маргажээ. /хх1-4, 30-31/

 

Хэрэгт Д.О нь хамтран зээлдэгч Л.Баяраагийн хамтаар 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хаан банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 116 500 000 төгрөгийг 300 сарын хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй зээлсэн, гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн эрсдэлийн даатгалд даатгуулахаар тохиролцсон үйл баримт гэрээний хувь, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх9-13/

 

Д.О, хамтран зээлдэгч Л.Баяраа нарын М.Д ХК-тай байгуулсан зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгааны 12.1.1-д үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийн үед даатгагч М.Д ХК нь даатгалын тохиолдол болох үеийн зээлийн төлбөрийн үлдэгдэл дүнгээс даатгуулагч Д.От 50%-д ногдох, Л.Баяраад 50%-д ногдох төлбөрийг нөхөн төлөх, даатгуулагч нар нь даатгалын хураамжийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх48/

 

Мөн даатгалын гэрээний хугацаанд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр даатгуулагч Л.Баяраа нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж, нас барсан үйл баримт нас барсны гэрчилгээний хуулбар, хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, шүүх эмнэлгийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх 59-69, 108-109/

 

Нэхэмжлэгч Д.О нь даатгалын гэрээний тал бөгөөд нас барагч Л.Баяраагийн эхнэр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг Л.Баяраагийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж дүгнэсэн нь зөв болжээ. /хх43/

 

Нэхэмжлэгч Д.О нь даатгалын гэрээний 12.1.1 дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж, гэрээнд заасан хувь хэмжээний дагуу зээлийн үлдэгдэл дүн болох 115 909 910 төгрөгийн 50 хувиар тооцож 57 954 955 төгрөгийг М.Д ХК-аас шаардахад М.Д ХК нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 01/83 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 9/1809 тоот албан бичгээр нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж хариу өгсөн үйл баримт тогтоогджээ. /хх35-36/

Тодруулбал, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасны дагуу хариуцагч нь шүүхэд гомдол гаргаагүй боловч төлбөрийг төлөөгүй байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Зохигчид Л.Баяраагийн осолд орсон үйл явдал даатгалын тохиолдол мөн эсэх, Д.О нь Тэнүүн-Огоо ХХК-аас хохирлоо нөхөн төлүүлсэн нь даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэлд хамаарах эсэх асуудлаар маргаантай байна.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд Даатгалын гэрээт баталгааны 12.1.1-д зээлдэгч нас барсан тохиолдолд даатгагч нь даатгалын тохиолдол болох үеийн зээлийн төлбөрийн үлдэгдэл дүнгээс даатгуулагч Д.От 50%-д ногдох, Л.Баяраад 50%-д ногдох төлбөрийг нөхөн төлөх, даатгуулагч нар нь даатгалын хураамжийг төлөх үүрэгтэй байна. /хх48/ Даатгалын гэрээний 12.2.3-т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж заасан. /хх48/

 

Хэдийгээр даатгуулагч Л.Баяраа осолд орох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үйл баримтын хувьд талууд маргахгүй байх боловч нас барсан үндсэн шалтгаан нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас биш харин тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан буюу авто осол үхлийн шалтгаан болсон байна. Иймд анхан шатны шүүх даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас даатгалын тохиолдол буюу нас барах үр дагавар үүсээгүй гэсэн агуулгаар гэрээнд тайлбар хийснийг буруутгах боломжгүй. Даатгалын хамгаалалтын зүйл нь амь насаа алдах эрсдэл байна. Нас барах буюу үхлийг амьд организмын амьдрах үйл ажиллагааны биологийн болоод физилогийн процесс бүрэн зогсохыг ойлгодог байна. Даатгуулагчийн нас барсан шалтгааныг шинжээчид дүгнэхдээ гэмтэл гэж тодорхойлсон, согтолттой байсныг дурдсан боловч энэ нь үхлийн шалтгаан болсон талаар дүгнээгүй. /хх62/

 

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ.

 

Мөн хариуцагч нь даатгуулагч гэрээт баталгааны нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцлийн 8.4-т буруутай этгээдээс төлбөр нэхэмжилсэн хохирлоо барагдуулсан, барагдуулах зөвшилцөл, тохиролцоог аман болон бичгээр хийсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж марган, нотлох баримтаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/01496 тоот зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг иш татжээ. /хх 147-150/

 

Дээрх тохиролцооноос үзэхэд даатгалын нөхөн төлбөр 57 954 955 төгрөгийн хохирлоо барагдуулсан, барагдуулах агуулгатай зөвшилцөл, тохиролцоо хийсэн гэж дүгнэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гэсэн ойлголт байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, уг шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын үйлчлэх хүрээ, хэмжээ хязгаар нь зөвхөн тухайн шийдвэрийн талуудад хамааралтай. Дээрх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/01496 тоот зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолын зохигч талууд нь Д.О, Тэнүүн-Огоо ХХК бөгөөд зөвхөн тэдэнд энэ шийдвэр үйлчлэх юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22ы өдрийн 181/ШШ2021/01387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Д ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 725 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД