| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/00636/И |
| Дугаар | 192/ШШ2025/04842 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/04842
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт оршин суух, Х овогт Б М/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт оршин суух, б овогт Ж Б/РД: /-д холбогдох,
614,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Мнь хариуцагч Ж.Бд холбогдуулан 614,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Иргэн Б.М Ж.Бтай харилцан тохирч 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 250,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4%-ийн хүүтэй зээлдүүлсэн. Ж.Б нь гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ биелүүлэлгүй алга болсон. Түүний *, * дугаартай утсаар холбогдож зээлдүүлсэн мөнгө нэхэмжлэхэд удахгүй бүгдийг нь хүүтэй нь төлж барагдуулна гэсээр одоог хүрч байна. 2024 оны 9 сард 1 сая төгрөгийг төлсөн. Иймд Ж.Баас зээл 250,000,000 төгрөг, хүү 60,000,000 төгрөг, алданги 310,000,000 төгрөг, нийт 620,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
1.2 Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж “...Хариуцагчаас 2024 оны 9 сард 1,000,000 төгрөг, 2025.04.02-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг хасч 614,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Ж.Б хариу тайлбартаа: “Миний бие Б.Мтай 2014 оноос ажил төрлийн холбоотой хамтарч ажиллаж байсан. 2022 оны 1 сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 250,000,000 төгрөгийг, миний биед хүрч, цохиж, маажиж, дарамталж хүчээр гарын үсэг зуруулсан. Иймд би 250,000,000 төгрөг, хүүгийн хамт би хүлээн зөвшөөрөхгүй, нотлох баримт байгаа. Иргэн миний бие Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийг үндэслэн зээл олгосон гэж үзэж байгаа, энэ зээлийн мөнгө орсон баримтыг Б.Маас гаргуулах хүсэлттэй байна. Б.Мнь өөрөө хууль зөрчиж дарамт шахалтад оруулсан тул дээрх нэхэмжлэлийг хянан шалгаж үзэж үнэн зөвөөр шийдэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нотлох баримтыг гаргаж өгнө.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Зээлийн гэрээ, Иргэний үнэмлэхийн хуулбар, Баталгаа, Дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Мдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Миний бие Ж.Бтай харилцан тохирч 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 250,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 87,700 ам.долларыг хариуцагч хүлээн авч, зээлийн гэрээний доод хэсэгт Ж.Б өөрөө гарын үсгээ зурсан. Ингэхдээ 1 ам.долларыг тухайн үеийн ханш буюу 2,850 төгрөгөөр тооцож 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээг талууд байгуулсан. Хариуцагчаас 2023.05.03-ны өдөр баталгаа гаргасан боловч зээлийг бүрэн төлж барагдуулаагүй тул үндсэн зээл 250,000,000 төгрөг, хүү 60,000,000 төгрөг, алданги 304,000,000 төгрөг, нийт 614,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Б.Мтай 2022 оны 1 сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 250,000,000 төгрөгийг, миний биед хүрч, цохиж, маажиж, дарамталж хүчээр гарын үсэг зуруулсан. Иймд би 250,000,000 төгрөг, хүүгийн хамт би хүлээн зөвшөөрөхгүй, нотлох баримт байгаа. Б.Мнь өөрөө хууль зөрчиж дарамт шахалтад оруулсан тул дээрх нэхэмжлэлийг хянан шалгаж үзэж үнэн зөвөөр шийдэж хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Талууд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.М нь 250,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох, зээлдэгч Ж.Бзээлийг хугацаанд нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
4.2 Дээрх гэрээний 3.4-т “Зээл олгох хэлбэр хугацаа: бэлнээр 2022.01.17-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн.” гэжээ. Мөн уг гэрээний арын хэсэгт Гэрээ байгуулсан зээлдэгч Ж.Б гэсний доор 87,700 /Наян долоон мянга долоон зуун/ америк доллар хүлээн авлаа гээд талууд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна. /хх-5/
5. Зохигчдын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг тодорхойлсон бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Б.Мнь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний зүйл болох 250,000,000 төгрөгийг зээлдэгч Ж.Бд бэлнээр шилжүүлэн гэрээний үүргээ гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн зохицуулалтыг зээлдүүлэгч зээлийг бодитоор олгосноор зээлээ буцаан шаардах эрхтэй болохыг тодорхойлсон хэм хэмжээг ойлгоно. Иймээс зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
6. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээний үүргээс хариуцагч нь 2024 оны 9 сард 1,000,000 төгрөг, 2025.04.02-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн энэ талаар талууд маргаагүй. Харин хариуцагч зээл авах хүсэл зориг байсан эсэх, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргасан.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг миний биед хүрч, цохиж, маажиж, дарамталж хүчээр 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
8. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбар, 2023.05.03-ны өдрийн Ж.Бын Баталгаа гаргах нь “Б.Маас зээлсэн 250,000,000 төгрөгийг 2023.09.01-ний дотор хуваан бартер оролцуулан төлнө” гэх баримт зэргээс үзэхэд хариуцагч зээлийг хүлээн авсан ба зээл төлөх үүргээ биелүүлэхээ илэрхийлж байсан гэж үзэх тул 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс тэрээр 6,000,000 төгрөгийг төлж үлдэх үүргийг биелүүлээгүй болох нь тогтоогдсон.
9. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 1.2-т Талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлэх үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Мгэрээнд заасны дагуу хариуцагч Ж.Баас үндсэн зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, талууд Зээлийн гэрээг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй байгуулсан бөгөөд энэхүү гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дууссан ба нэхэмжлэгч нь үндсэн зээл 250,000,000 төгрөг, зээлийн хүү 60,000,000 /10,000,000*6/ төгрөг, нийт зээл, зээлийн хүүд 310,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.
10. Зохигчид анзын талаар тохирсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан. Зээлийн гэрээний 3.7-д зааснаар зээлдэгч үүргээ биелүүлээгүй нөхцөлд алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 730 хоног байх бөгөөд 310,000,000 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцоход 155,000,000 төгрөг болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагчаас дээрх алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
11. Иймд хариуцагч Ж.Баас Зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, алданги нийт 465,000,000 /250,000,000+60,000,000+155,000,000/ төгрөгөөс хариуцагчаас гэрээний үүрэгт төлсөн 6,000,000 төгрөгийг хасч 459,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгох үндэслэлтэй байна.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г нь 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, мөн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг тус тус мэдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.
13. Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.Баас 459,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 155,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,452,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Баас 459,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мт олгож, нэхэмжлэлээс үлдэх 155,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,452,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ