| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дуламрагчаагийн Одонтуяа |
| Хэргийн индекс | Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татг |
| Дугаар | 128/ШШ2025/0765 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2025/0765
2025 11 03 128/ШШ2025/0765
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа би, Ц.С*******гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр тушаалаар иргэн О.П*******д 293 м.кв газар нэмэгдүүлэн олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.С*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгалмаа шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Иргэн Ц******* овогтой С******* /Х*******/ нь Хан-уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн аманд Байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яамны өөрчлөлтийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 тоот тушаалаар 585,9 м.кв газрыг эзэмшиж тус газар дээр 326,31 м.кв амины орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж тус газартаа амьдардаг билээ.
Эсрэг талд байрлах иргэн О.П*******ын эзэмшлийн газар, тус газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө нь иргэн Ц.С*******гийн эрх ашгийг хөндөж байгаа талаар нэхэмжлэл гаргаж, нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэргийн материал үүсгэгдсэн юм. Тус шүүх хурал нь 2020 оноос хойш шийдэгдэхгүй өдий хүртэл үргэлжилж байгаа нь цаг хугацаа их зарцуулж, цаашид итгэмжлэлээр болон өөрийн биеэр оролцох боломжгүй болоод байна.
Тиймээс миний эрх ашиг хөндөгдөх асуудлыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлээс татгалзах саналтай байна. Иймд тус хэргээс миний нэхэмжлэлийг хасаж өгнө үү..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх нэхэмжлэгч Ц.С*******гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр тушаалаар иргэн О.П*******д 293 м.кв газар нэмэгдүүлэн олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох тухай шаардлага шаардлага бүхий нэхэмжлэлээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.С*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгалмаа нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан.
3. Нэхэмжлэгч Ц.С*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгалмаагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн байх бөгөөд, мөн нэхэмжлэгч Ц.С*******гээс тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх итгэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Т.Байгалмаад 3 жилийн хугацаатайгаар олгосон байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С*******гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр тушаалаар иргэн О.П*******д 293 м.кв газар нэмэгдүүлэн олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Э.Энхжинд даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА