Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 42

 

 

 

2024     05        21                                                2024/ДШМ/42

 

Б.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал, шүүгдэгч Б.Ганзориг түүний өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ганзориг түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ганзоригт холбогдох эрүүгийн 2336002530232 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, цагдаагийн ажил, эрхзүйч, багш мэргэжилтэй, Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт зохицуулагчийн ажил эрхэлдэг байсан, ам бүл-дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын (09 дүгээр) Рашаант багийн 14- 01 тоотод оршин суух, урьд ял эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ахсуморёс овогт Батсайханы Ганзориг, регистрийн дугаар: БД85011438.

2. Яллагдагч Б.Ганзориг нь Шүүгдэгч Батсайханы Ганзориг нь Авилгын эсрэг хуулийн 7.1.6-д заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх", 7.1.7-д заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг,

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", 6.3-т заасан "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна" гэснийг

-Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх" гэснийг тус тус зөрчиж,

-2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийтгэлийн 0237030 дугаартай хуудсаар Н.Шинэбаярыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 200,000 төгрөгөөр торгосон,

-2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шийтгэлийн 0236607 дугаартай хуудсаар М.Баасандоржийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгосон,

-2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шийтгэлийн 0237666 дугаартай хуудсаар Э.Сувдыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгосон,

-2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шийтгэлийн 0237667 дугаартай хуудсаар Т.Хуанганыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгосон,

-2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шийтгэлийн 0236601 дугаартай хуудсаар А.Ганзоригийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгосон,

-2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шийтгэлийн 0236413 дугаартай хуудсаар Ц.Маралыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгосон,

-2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шийтгэлийн 0236618 дугаартай хуудсаар Ц.Цолмонбаатарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөг торгосон,

-2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шийтгэлийн 0237660 дугаартай хуудсаар Б.Олонбаярыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгосон,

-2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шийтгэлийн 0236608 дугаартай хуудсаар А.Чинзоригийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгосон,

-2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шийтгэлийн 0237662 дугаартай хуудсаар П.Батцоожийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгосон торгуулийн мөнгө болох нийт 3,000,000 төгрөг,

-мөн зөрчил гаргагч Н.Шинэбаяраас бэлнээр 100,000 төгрөгийг торгуулийн мөнгөнөөс илүү нэмж авсан, мөн зөрчил гаргагч Т.Хуанганаас дансаар 100,000 төгрөгийг зөрчлийн мөнгөнөөс илүү нэмж авч нийт зөрчил гаргагч нараас 3,200,000 төгрөгийг авч зохих дансанд тушаахгүйгээр тухайн зөрчил гаргагч нарт хамааралгүй иргэдийн торгууль төлсөн баримтыг зөрчлийн материалд хавсаргаж, уг торгуулийн мөнгө болох 3,200,000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж өөрт албан тушаалаар олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас Б.Ганзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 4.1 Шүүгдэгч Ахсуморёс овогт Батсайханы Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ахсуморёс овогт Батсайханы Ганзоригийг нийтийн албанд ажиллах эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтанд байж өөрийн оршин суух Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалтыг 2 жилийн хугацаагаар тогтоож,

4.4 Эрүүгийн 2336003890018 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирол 3200000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдаж,

4.5  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганзоригоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3200000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганзоригт оногдуулсан 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчийн эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч Б.Ганзориг түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1  Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7-р зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно" гэж 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Мөн анхан шатны шүүхээс ч гэсэн шийдвэр гаргахдаа эдгээр нөхцөл байдлыг үндэслэл болгосон байдаг.

5.2 Шүүгдэгч Б.Ганзоригийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд авч үзвэл хэдийгээр торгууль шийтгэврийн мөнгийг бэлнээр буюу дансаар авч хувьдаа ашигласан нь гэм буруутай боловч уг мөнгийг тухай бүрд нь буюу цалингаа буусан үед эрүүгийн хариуцлагад татагдахаасаа өмнө буцаан төлж Цагдаагийн байгууллагын санхүүтэй тооцоо хийж байсан, хөдөөний хүмүүс торгуулийн мөнгөө банкаар төлөх боломжгүйн үүднээс шууд байцаагчийн дансруу хийж банкинд төлүүлдэг байсан, торгуулсан иргэд хугацаандаа төлбөрөө төлдөггүйн улмаас зөрчлийн хэргийн шийдвэрлэх хугацаа алдах, эхний шийтгэврийн тооцоогоо дуусгаж байж дараагийн шийтгэврийн хуудсаа санхүүгээс авах шаардлагатай болдог зэрэг нөхцөл байдлын улмаас байцаагч нь торгууль төлсөн баримтаа эхэлж авч ирсэн хүний баримтыг хугацаа алдаж байгаа өөр хүний зөрчлийн материалд хавсаргаж байсан зэрэг нөхцөл байдлууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын хувьд төрийн байгууллагад нийт 13 жил ажилласан, гэр бүлийн хувьд эхнэр нь салж явсан одоо бага насны 2 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг, эрүүл мэндийн хувьд мэдрэлийн ёзоорын судас дарагдал, дискний зөөлөн эдийн цүлхийлт өвчний учир 2024 оны 2 сард Улаанбаатар хотод хагалгаанд орсон цаашид нөхөн сэргээх эмчилгээ сувилгааг сувиллын газарт очиж хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс харгалзан үзэлгүйгээр, дээрхи хуулийн заалтуудыг хэрэглэлгүйгээр 2 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шүүгдэгч Б.Ганзоригт тэнсэх ял оногдуулах, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбарыг ойлгосонгүй. Мөнгийг нь аваад тухайн үед нь буцаагаад өгсөн асуудалгүй гэх утгатай зүйл ярьж байна. Хохирлыг сүүлд бөөнд нь төлсөн. Тухайн үед төлсөн нэг ч баримт байхгүй. Цагдаагийн байгууллагын нярав хянахгүй аваад байсан нь буруу. 1-2 удаагийн үйлдэл биш. 12 удаагийн үйлдэл байгаа. Сүртэй юм биш гэж ярьж байгаа нь зохимжгүй асуудал. Ял гэдэг цээрлүүлэх тодорхой байх ёстой.  Миний хувьд хувийн байдлыг нь харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял санал болгосон. Энэ гэмт хэрэг нь хорих ялтай гэмт хэрэг байгаа. Ял нь тохирсон гэж үзэж байгаа. Эмчилгээ хийлгэхээр бол шийдвэр гүйцэтгэгчтэй тохиролцоод явах боломжтой.  Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд бүсийг нь дахин зурж болдог. Би ажил хийх гэж байгаа миний ял болохгүй байна гэж тайлбар гаргаж байгаа нь зохимжгүй байна. Зорчих эрхийг хязгаарлах ял 2 жилээс эхэлж байгаа учраас хамгийн доод ялаа авсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч Б.Ганзориг нь Авлигын эсрэг хуулийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах давуу эрх эдлэх” гэснийг,

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг,

-Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэснийг тус тус зөрчиж, 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд нийт 12 удаагийн үйлдлээр зөрчил гаргагч нараас 3,200,000 төгрөгийг авч зохих дансанд тушаахгүйгээр тухайн зөрчил гаргагч нарт хамааралгүй иргэдийн торгууль төлсөн баримтыг зөрчлийн материалд хавсаргаж, уг торгуулийн мөнгө болох 3,200,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулж, өөрт албан тушаалаар олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

4. Шүүгдэгч Б.Ганзоригийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал”-ууд болон  дансны хуулга, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон,  прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь  хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ганзоригийг “...нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

6. Шүүгдэгч Б.Ганзориг болон түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар нь “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргажээ.

6.1 “Шүүгдэгч Б.Ганзориг нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан, хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн асуудлаар маргаагүй, эхнэрээсээ албан ёсоор салж гэрлэлтээ цуцлуулаагүй боловч бодит байдал дээр бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, өөрөө  мэдрэлийн ёзоорын дарагдал нурууны өвдөлт буюу  М51.1 оношоор Улсын 3 дугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт “ивэрсэн дискийг авч ёзоор дарагдалтыг чөлөөлөх мэс засал хийлгэсэн” эрүүл мэндийн байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” гэснийг “нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” гэж, 3 дахь заалтын “2 жилийн хугацаагаар” гэснийг “1 жилийн хугацаагаар” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ОТГОНХИШИГ

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР