| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/04143/И |
| Дугаар | 184/ШШ2024/00209 |
| Огноо | 2024-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/00209
2024 01 09 184/ШШ2024/00209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: * дүүрэг,* дүгээр хороо, *хотхон *дугаар байр * ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:* дүүрэг, * дүгээр хороо, * тоотод байрлах, *ХХК-д холбогдох
Бараа материалын төлбөрт шилжүүлсэн 158,021,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч *ХХК болон хариуцагч * ХХК-иуд * дугаартай Бараа нийлүүлэх гэрээ /модон хашаа шат, шал/-г байгуулсан. Тус гэрээний 2-т заасны дагуу хариуцагч тал нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй *төсөл болон * амины орон сууцанд барааны жагсаалт хавсралт 1-д заасан ком модон хашаа, террасын модон бэлдэцийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн нийлүүлэх, нэхэмжлэгч *ХХК нь тус нийлүүлсэн барааны төлбөрт нийт 522,111,306 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон.
*ХХК нь гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 260,000,000 төгрөгийн үнэ бүхий * маркийн автомашин болон бэлэн мөнгө бараа материалуудыг нийтдээ 322,023,960.70 төгрөгийг * ХХК-д шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэвч * ХХК нь 177,339,333.70 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлж, үлдэгдэл 344,771,973 төгрөгийн төлбөрт модон хашаа, шат, шалыг огт нийлүүлэлгүй нэхэмжлэгч талыг хохироож байна.
Нэхэмжлэгч талаас удаа дараа хариуцагч талд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үлдэгдэл бараа материалыг яаралтай нийлүүлэхийг мэдэгдэж байсан боловч хариуцагч нь бараа нийлүүлэхтэй холбоотой ямар нэг арга хэмжээ авалгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.
Хариуцагч талаас гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч талаас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, бараа нийлүүлэх хугацаа тогтоосон боловч тус хугацаанд бараа материалыг огт нийлүүлээгүй тул нэхэмжлэгч талаас гэрээг цуцалсан болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нь нийт 322,023,960.70 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч тал нь 177,339,333.70 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлсэн буюу нэхэмжлэгч тал нь нийт 144,684,627 төгрөгийг илүү шилжүүлсэн болно.
Мөн талуудын хооронд байгуулсан * дугаартай гэрээний тусгай нөхцөлийн 18-д хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувь гэж заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 541 өдрийн хугацаа хэтэрсэн бөгөөд өдрийн 344,771.973 төгрөг нийт 186,521,637.393 төгрөг боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 20-д гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасан тул 34,477,197 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн бараа материалын төлбөр 144,684,627 төгрөг, алданги 34,477,197 төгрөг, нийт 179,161,824 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон тайлбартаа:
Нэхэмжлэгч *ХХК нь талуудын хооронд байгуулсан Ерөнхий гэрээний 2, гэрээний тусгай нөхцөлийн 13, 14, 16-д заасны дагуу нийт 428,955,177 төгрөгийг хариуцагч * ХХК-д төлсөн байдаг. Төлбөр төлсөн хугацааг тодруулбал: 2020 оны 05-р сарын 26-ны өдөр 2,848,350 төгрөг, 2020 оны 06-р сарын 10-ны өдөр 28,563,285 төгрөг, 2020 оны 06-р сарын 16-ны өдөр 260,000,000 төгрөгийн үнэ бүхий * маркийн автомашин, 2020 оны 06-р сарын 25-ны өдөр 7,810,049 төгрөг, 2020 оны 07-р сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 07-р сарын 08-ны өдөр 15,585,780 төгрөгийн үнэ бүхий цахилгааны утас, 2020 оны 09-р сарын 30-ны өдөр 4,272,482 төгрөг, 2020 оны 09-р сарын 30-ны өдөр 10,288,500 төгрөг, 2021 оны 03-р сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 04-р сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 06-р сарын 08-ны өдөр 49,586,732 төгрөг төлсөн.
Хариуцагч талын гаргасан хариу тайлбар болон гаргаж өгсөн баримтаас үзвэл хариуцагч * ХХК нь нэхэмжлэгч компанид 2020 оны 09-р сарын 07-ны өдрөөс 2021 оны 06-р сарын 22-ны өдөр хүртэл нийт 285,298,926 төгрөгийн бараа материалыг нэхэмжлэгч компанид нийлүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч компани нь нэхэмжлэгч компаниас нийт 428,955,177 төгрөгийг үнэ бүхий эд зүйл болон бэлэн мөнгийг хүлээн авсан боловч нийт 285,298,926 төгрөгийн бараа материал нийлүүлж үлдэгдэл 143,656,251 төгрөгийн бараа материал нийлүүлэлгүй гэрээний үүргээ зөрчсөн.
Хариуцагч тал нь гэрээнд заасан бараа материалыг 2021 оны 08-р сарын 30-ны өдрийн дотор нэхэмжпэгч компанид нийлүүлж дуусгах үүргийг хүлээсэн боловч хариуцагч компани өнөөдрийн байдлаар нийт 285,298,923 төгрөгийн үнэ бүхий материал нийлүүлж, 143,656,251 төгрөгийн материал нийлүүлэлгүй гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээний тусгай нөхцөлийн 18-т бараа нийлүүлэх хугацаа хэтрүүлсэн хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 2023 оны 01-р сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2023 оны 06-р сарын 27-ны өдөр хүртэп нийт 178 хоног хэтэрсэн бөгөөд өдрийн 143,656 төгрөг алданги, нийт 25,570,768 төгрөгийн алданги болж байгаа боловч гэрээний тусгай нөхцөлийн 20-д алданги дээд хэмжээ нь үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу хариуцагч компани нь 14,365,625 тэгрөгийн алдангийг нэхэмжлэгч компанид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч компанийн зүгээс ковид 19 цар тахлын нөхцөл байдал арилсан хугацаагаар буюу 2023 оны 01 -р сарын 01-ний өдрөөс алданги тооцсон байгааг анхаарч үзнэ үү.
Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу илүү шилжүүлсэн төлбөр болох 143,656,251 төгрөг, алданги 14,365,625 төгрөг нийт 158,021,876 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү.
Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч талтай эвлэрчих боломжтой гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай санхүүгийн баримтуудыг 100% гаргаж өгөөгүй байсан. Хариуцагчийн тайлбартай танилцаад манайхаас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулан алдангийн хэмжээг мөн багасгаж, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан байгаа. Нэхэмжлэлийн багасгаж тодруулсан шаардлагаа дэмжиж байгаа. Энэ хүртэл хугацаанд хариуцагч тооцоо нийлэх хэрэгтэй байна, эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлдэг боловч ямар нэгэн алхам хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Бид санал гаргавал өнөөдөр ч ямар ч нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэх боломжтой байгаа. Гэтэл өмнөхөө давтаад яриад сууж байж болохгүй.
Мөн манайхаас шүүхэд хандахаас өмнө ч бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх санал тавиад хариуцагчид мэдэгдэлийг 2023 оны 6 сарын 27-ны өдөр хүргүүлж байсан. Энэ хугацаанд хэрэв бараа материал бэлэн агуулахад хадгалагдаж байсан бол авч ирээд өгөх боломж байсан. Мөн манай хэрэгжүүлж байгаа төслийн ажил дуусаагүй үргэжилж л байгаа, хашаа авах боломж нь байсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 4-т 660 хашааг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 2-р ээлжийн 390 хашааг 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл 390 хашааг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус нийлүүлнэ. Өөрөөр хэлбэл 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээнд заасан бүх хашааг нийлүүлэх үүргийг хариуцагч компани хүлээсэн боловч 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хамгийн сүүлд 285.298.926 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нийлүүлсэн байдаг. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 285,298,926 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж 143,656,251 төгрөгийн барааг нийлүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн тул талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 11-т хугацаа хэтэрсэн хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 178 хоног хэтэрсэн байдаг. Өдрийн алданги нь 143,656 төгрөг буюу нийт 25,770,768 төгрөгийн алданги нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 20-д дээд хэмжээ 10 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул хариуцагч тал нь 14.265.625 төгрөгийн алданги нэхэмжлэгч талд төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч тал тайлбар дээр дурдсан байдаг. Цар тахал гарсантай холбоотойгоор 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш алданги бодоогүй. Харин 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн алданги бодож эхэлсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний төлбөр болох 143,656,251 төгрөг, алданги 14,265,625 төгрөг нийт 158,021,876 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч * ХХК-ийн төлөөлөгч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр * дугаартай, 522,111,306 төгрөгийн үнэ бүхий модон шат, шал, хашаа, террасны модон бэлдэцийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлэхээр гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу манай компаниас 256,908,639 төгрөгийн үнэ бүхий 725 модон хашаа, 17,750,332 төгрөгийн үнэ бүхий террасны модон бэлдэц, модон хаалга зэрэг нийт 274,658,971 төгрөгийн үнэ бүхий барааг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийлүүлсэн. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн дүнгээс нийлүүлсэн бараа материалын үнийг хүлээлгэн өгсөн баримтад үндэслэн тооцоолоход 47,364,989.7 төгрөгийн барааг нийлүүлээгүй байгаа юм.
Гэрээний хавсралтын 16 дах заалтад Бараа дагалдах ажил үйлчилгээг актаар хүлээн авсны дараах төлөх төлбөр: нийлүүлсэн бараа материалын нийт үнийн дүнгээс түүний 50 хувьтай тэнцэх үнийг бартераар урьдчилан нийлүүлсэнд тооцон хасалт хийж, үлдсэн 50 хувьтай тэнцэх төлбөрийг 50 хувь, эцсийн тооцоо 50 хувь гэсэн хэлбэрээ мөнгөн хэлбэрээр төлбөр тооцоог гүйцэтгэнэ гэж заасан байна.
Дээрх заалтын дагуу урьдчилгаа төлбөр төлөгдөж байж барааг үйлдвэрлэж, нийлүүлсний дараа үлдэгдэл төлбөрийг авсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцад ковид 19 цар тахлын улмаас ажиллах хүч болон нийлүүлэх барааг үйлдвэрлэх үндсэн түүхий эд материал болох банз ховордож, үйлдвэр зогсонги байдалтай байсан. Үүнээс хойш хэвийн байдалд орж үйлдвэрлэлээ сэргээхэд багагүй хугацаа орсон. Бид энэ тухайгаа нэхэмжлэгч талд мэдэгдэж үйл ажиллагаагаа эхлүүлээд, гэрээгээр нийлүүлэх хашаагаа үйлдвэрлээд гэрээний үлдсэн бараагаа нийлүүлье гэсэн санал тавихад нэхэмжлэгч та цаашид бараа авахгүй /дараа нь бидний олж мэдсэнээр төсөлдөө өөр үйлдвэрийн хашааг суурилуулсан байсан/ гэдгээ мэдэгдсэн. Дээрх мэдэгдэлээс хойш бид ковидын дараа үйлдвэрлэсэн байсан хашаагаа өөр байгууллагад нийлүүлсэн мөн Хятад улсаас импортолсон хашааны төмөр багана нь /нийт 324 хашааны/ өнөөдөр ч манай үйлдвэрийн агуулахад үлдээд байна.
Бид төлбөрийг нь урьдчилан авсан барааг нийлүүлэх үүрэг хүлээх ёстойгоос биш урьдчилгаа төлбөр нь төлөгдөөгүй, гэрээний нийлүүлээгүй үлдсэн барааны үнийн дүнд үүрэг хүлээх ёсгүй гэж үзэж байна. Тиймээс гэрээний хэрэгжилтийн үед үүссэн давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын нөлөө, мөн нэхэмжлэгч дахин бараа хүлээн авахаас татгалзсан зэргийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэхийг хүсье.
Манай компанийн зүгээс нийлүүлээгүй барааны үнэ 47,364,989.7 төгрөгийг буцаан төлөх, эсвэл бараа нийлүүлэхэд бэлэн байгаа бөгөөд нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Иймд нийт нэхэмжлэлийн дүнгээс хариуцагчийн зөвшөөрч байгаа дүнгээр хэргийг шийдвэрлэж үлдэх дүн болох 131,796,834.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Манай талаас гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлж эхэлсэн байдаг. Гэтэл тухайн үед хашааны төмөрийг импортоор оруулж ирдэг тул үүн дээр хугацаа алдсан. Тасралтгүй барааг нийлүүлж нэхэмжлэгч тал хүлээн авч 260,000,000 төгрөгийн автомашиныг тооцож төлж явж байсан. Цар тахлын улмаас хэсэг хугацаанд бараа нийлүүлэхгүй байж байгаад гайгүй болох үед нь барааг үргэлжлүүлэн нийлүүлье гэхэд за гэж байснаа гэнэт нэхэмжлэгч талаас бараа нийлүүлэх ажиллагааг зогсоосон. Тэгж хэлэх үед нь очиход аль хэдийнээ өөр компаниар хашааг хийлгүүлсэн байсан. Нэхэмжлэгч талаас барааг авна гэж 50 хувийн урьдчилгааг төлсөн. Манай талаас барааг нийлүүлж үлдэгдэл төлбөрийг тухай бүрд нь төлж явахаар байсан. Түүхий эд материалуудаа бэлдсэн. Хэсэг хэсэг тоогоор гарсан үед нь нэхэмжлэгч талд өгөөд явуулдаг байсан. Ковидын дараа бүх хашаагаа үйлдвэрлэж дуусаад хашааг нийлүүлэх талаар хэлэхэд бараа бүтээгдэхүүнийг авахаа больсон. Нэхэмжлэгч талаас бараа материал авахгүй гэж албан бичиг өгөөгүй. 2023 оны 06 сард гэрээг цуцалсан гэсэн албан тоот ирсэн. Манай компанийн хувьд хохиролтой байна. Хэрвээ нэхэмжлэгч талаас танай бараа чанаргүй байна гээд гэрээг дүгнэх талаар ярилцсан бол өөр хэрэг. Одоогийн байдлаар үлдэгдэл үйлдвэрлэсэн байгаа хашаа буюу 113,000,000 төгрөгийн үнэ бүхий хашаа үлдсэн. Энэ хохирлоо нэхэмжилмээр байна. Миний хувьд энэ талаар өмгөөлөгчтэй яриагүй тул хууль зүйн үүднээс яах ёстой эсэх талаар мэдэхгүй байна. Бидний зүгээс барааг нийлүүлэх гэтэл аваагүй хэрнээ ямар учраас алданги тооцож байгааг ойлгохгүй байна. 2023 оны 06 дугаар сард албан тоот явуулж, алданги нэхэмжилсэн. Магадгүй манай бараа танай компанид гологдсон байж магадгүй. Гэрээний үүргээ зөрчсөн талаар анхнаасаа ярилцах шаардлагатай байсан. Хугацаа хэтэрсэн барааг нэхэмжлэгч тал хүлээж аваад төлбөр төлөөд явж байсан. Гэнэт хугацаанаас болоод гэрээ зөрчсөн асуудлыг ярих нь зохимжгүй юм. Нийлүүлсэн барааны төлбөр болон нэхэмжлэгч талын төлсөн мөнгөн дүн зэрэг хоорондоо таарч байна. Үйлдвэрлэсэн байгаа барааг тооноос хасаж буцаан өгөх саналтай байна. Нэхэмжлэгч тал бараа худалдан авна гэж гэрээ байгуулаад үйлдвэрлэсэн барааг авахгүй гэж нэг талыг хохироогоод үлдээж болохгүй гэв.
Нэхэмжлэгчээс *ХХК-ийн * дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *0 дугаартай *ХХК, * ХХК-ийн хооронд байгуулагдсан Бараа нийлүүлэх гэрээ, * ХХК-ийн* ХХК-д нийлүүлэх бүтээгдэхүүний бөөний үнийн жагсаалт, * ХХК-ийн *ХХК-ийн гүйцэтгэх захирал * танаа Автомашины эзэмшигч шилжүүлэх тухай албан бичиг, *ХХК-ийн өр авлагын дэлгэрэнгүй тайлан, * дугаартай нэхэмжлэх, *ХХК-ийн *9 дугаартай зарлагын баримт,* ХХК-ийн* ХХК-д хүргүүлсэн албан бичиг,* дугаартай нэхэмжлэх,* дугаартай нэхэмжлэх, * дугаартай нэхэмжлэх, * дугаартай нэхэмжлэх, * ХХК-ийн * төлбөрийн даалгаварын баримт,*дугаартай * Ххк-ийн нэхэмжлэх, * дугаартай нэхэмжлэх,* ХХК-ийн *төлбөрийн даалгавар, * төлбөрийн даалгаврын баримт,* дугаартай нэхэмжлэх, * дугаартай төлбөрийн даалгаврын баримт, * дугаартай * ХХК-ийн нэхэмжлэх, * дугаартай төлбөрийн даалгаврын баримт,*ХХК-иас * ХХК-д хүргүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *дугаартай мэдэгдэл, *наын автомашин хүлээлцсэн тухай акт, *ХХК-ийн Хаан банкны шилжүүлэгийн баримтууд, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *ХХК, * ХХК-ийн хооронд байгуулагдсан * дугаартай Бараа нийлүүлэх гэрээ, *ХХК, * ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн * тоот гэрээний нэмэлт өөрчлөлт, нэмэгдсэн өртгийн татварын падаан зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.
Хариуцагчаас * ХХК-ийн *6 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, фото зураг, * ХХК, *ХХК-ийн бараа материалын зарлагын №08 дугаартай падаан, 03 дугаартай падаан, 43 дугаартай падаан, 42 дугаартай падаан, 37 дугаартай падаан, 34 дугаартай падаан, 30 дугаартай падаан, 11 дугаартай падаан, 21а дугаартай падаан, 21 дугаартай падаан, 19 дугаартай падаан, 17 дугаартай падаан, 14 дугаартай падаан зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *ХХК нь хариуцагч * ХХК-д холбогдуулан төлбөрт 158,021,875 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тал буюу *ХХК нь хариуцагч * ХХК-иас нийт 158,021,876 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлийг дараах гэрээг үндэслэл болгон шаардаж байна.
Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр * дугаартай Бараа нийлүүлэх гэрээ /модон хашаа шат, шал/-г байгуулсан байна.
Уг гэрээгээр *ХХК-ийн хэрэгжүүлж байгаа *төсөл болон * амины орон сууцанд барааны жагсаалт хавсралт 1-д заасан ком модон хашаа, террасын модон бэлдэцийг нийт 522,111,306 төгрөгөөр 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэрээний тусгай нөхцөл буюу хавсралтад заасан хуваарийн дагуу захиалагчид бүрэн нийлүүлэх, нийлүүлсэн бараа материалд илэрсэн гэмтэл согог, доголдлыг арилгах үүргийг хүлээж, захиалагч буюу нэхэмжлэгч *ХХК нь тус нийлүүлсэн барааны төлбөрт нийт 522,111,306 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна. Дээрх гэрээний хавсралт буюу Гэрээний тусгай нөхцлийн 3-т зааснаар хариуцагч * ХХК нь Модон хашаа, террасын бэлдэц буюу металл багана, хашлага мод, хаалт банз, шатны гишгүүр зэрэг нийт 11 төрлийн бэлдэцийг хийж гүйцэтгэн гэрээний 4-т заасны дагуу эхний ээлжинд 660 хашаа болон террасны бэлдэцийг 2020.08.30-ны өдрийг дотор, 2-р ээлжийн 390 хашааг 2021.05.30-ны өдрийн дотор, үлдэгдэл 390 хашааг 2021.08.30-ны өдрийн дотор тус тус нийлүүлэх үүргийг хүлээж, нэхэмжлэгч тал буюу *ХХК нь тусгай нөхцөлийн 5-д заасан уг гэрээгээр нийлүүлсэн хашаа, террасын угсралтын ажил болон тээвэрлэлтийг бүрэн хариуцах, гэрээний нийт үнээс урьдчилгаа төлбөр 260,000,000 төгрөгт ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн * арлын дугаартай, хар өнгийн * загварын автомашиныг нийлүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, нийлүүлсэн бараа материалын нийт үнийн дүнгээс түүний 50 хувьтай тэнцэх үнийг бартераар урьдчилан нийлүүлсэнд тооцон хасалт хийж, үлдэх 50 хувьтай тэнцэх төлбөрийн 50, эцсийн тооцоо 50 хувь гэсэн схемээр мөнгөн хэлбэрээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүрийг хүлээсэн байна. Мөн талууд гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцох, бэлтгэн нийлүүлэх барааны тоо ширхэг, хэмжээ, нэг бүрийн үнэлгээ зэрэг нийт 28 нөхцлийг гэрээний хавсралт 1, 2-д тусгайлан зааж харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. /хэргийн 7-15-р хуудас/
Талууд дээрх гэрээг бичгээр байгуулан гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.
Талуудын хооронд хийгдсэн гэрээний нөхцөл, тохиролцоо, агуулга, төлбөрийг хэсэгчлэн төлөх хуваарь тогтоосон байдлаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч *ХХК нь гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 260,000,000 төгрөгийн үнэ бүхий * маркийн автомашиныг, 2020 оны 7-р сарын 08-ны өдөр 15,585,780 төгрөгт тооцон цахилгаан кабелийн утас, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 9 удаагийн гүйлгээгээр нийт 153,369,398 төгрөгийг дансаар шилжүүлж өгч нийт 428,955,177 төгрөгийн төлбөрийг хариуцагчид төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрт төлсөн талаарх дансны хуулга, зарлагын баримтууд, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, кабелийн утас хүлээлгэн өгсөн баримт, автомашин хүлээлгэн өгсөн баримт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Мөн хариуцагч тал буюу * ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 274,658,971 төгрөгийн модон хаалга, хашаа, террас нийлүүлсэн гэж тайлбар гарган бараа материалын зарлагын падаан баримтуудыг гарган ирүүлсэн. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн гарган ирүүлсэн дээрх зарлагын падаан болон * ХХК-ийн нэхэмжлэх баримтуудыг үндэслэн нийт хариуцагч талаас 285,298,926 төгрөгийн бараа нийлүүлсэн гэж тайлбар гаргасан. Нэхэмжлэгчийн нийт хүлээн авсан барааны тоо ширхэг, үнэ 285,298,926 төгрөгийн талаар хариуцагч маргадаггүй хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Дээрх баримтаар тогтоогдсон төлбөр тооцоо, бэлтгэн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тоо ширхэг, түүний үнэ, чанар болон нэхэмжлэгчээс төлбөрт төлсөн 428,955,177 төгрөг, хариуцагчаас нийлүүлсэн барааны нийт үнэ болох 285,298,926 төгрөгтэй холбоотой талууд хэн аль нь маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул дээрх үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч талаас хариуцагчийг нийт өөрийн төлсөн төлбөрөөс үлдэх 143,656,251 төгрөгт тооцогдох бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, гэрээний хугацаа дууссан тул илүү төлсөн 143,656,926 төгрөгийг, гэрээгээр тохиролцсоны дагуу уг дүнгээс 0,1 хувийн алдангийг тооцон 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 178 хоног хэтрүүлсэн, өдрийн 143,656 төгрөгөөр тооцон гэрээгээр алдангийн дээд хэмжээг гэрээний дүнгийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар тохиролцсоны дагуу тооцон 14,365,625 төгрөг, нийт 158,021,876 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас шаардаж байна.
Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дууссан, талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
Хариуцагч гэрээгээр хүлээсэн хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 6 сарын 23-ны өдрийн дотор бараа бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлээгүй болох нь *ХХК-иас 2023.06.27-ны өдрийн * ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч ...47,364,989 төгрөгийн бараа материалыг нийлүүлж чадаагүй байгаа, шалтгаан нь ковид 19 цар тахлаас болж ажиллах хүч, бараа материал түүний эдийн хомсдолд орж үйлдвэрлэл зогсонги байдалд орсон, үйлдвэрлэлээ хэвийн үйл ажиллагаанд оруулаад бараа материалаа нийлүүлэх гэтэл аваагүй, ...одоо бараа бүтээгдэхүүн, түүхий эд материалыг нийлүүлэхэд бэлэн байгаа, нэхэмжлэгчийн өгсөн тоо хэмжээгээр БНХАУ-аас захиалан авч ирсэн хашааны бэлдэцүүд агуулахад хадгалагдаж байгаа..., ...ковидын үед газар дээр нь очиж үзэхэд өөр үйлдвэрийн хашаа суурилуулсан байсан..., ...оронд нь өөр бараа бэлтгэн нийлүүлэх санал гаргасан..., ...тооцоо нийлж эвлэрэх боломжтой... гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргадаг ч энэ тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Мөн нэхэмжлэгчийн ...хариуцагч талаас бэлэн байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад одоо ч бэлэн байгаа, энэ хугацаанд эвлэрэх санал удаа дараа гаргасан боловч уулзаж ярилцаагүй..., манай төслийн үйл ажиллагаа дуусаагүй, хашаа нийлүүлэх боломжтой... гэх тайлбарыг үгүйсгэж няцааж чадахгүй, шүүхээс талуудад эвлэрэн хэлэлцэх боломж хугацаа олгож шүүх хуралдааныг удаа дараалан хойшлуулж байсан боловч эвлэрэн хэлэлцээгүй, тооцоо нийлсэн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд тооцогдох бөгөөд бодит үнэнд нийцсэн байна.
Хариуцагч нэхэмжлэгчээс бараа бүтээгдэхүүний үнэд тооцон шилжүүлсэн 428,955,177 төгрөгт ногдох бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн 285,298,926 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан гэх тайлбарыг зөвшөөрч байх тул уг дүнгээс тооцон үлдэх төлбөр буюу илүү төлсөн 143,656,251 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй байна.
Хариуцагч * ХХК нь * тоот гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэж 522,111,306 төгрөгийн үнэлгээ бүхий модон хашаа, террасын бэлдэцийг нэхэмжлэгч *ХХК-д хугацаанд нь нийлүүлж чадаагүйн улмаас дээрх гэрээ цуцлагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт гэрээний тусгай нөхцлийн 18, 19-р зүйлд гэрээний талууд хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиас хэтрүүлэхгүйгээр нөгөө талдаа алданги төлнө гэж тус тус заажээ.
Хариуцагч * ХХК нь гэрээнд заасан хугацаанд бараа материалыг бүрэн нийлүүлээгүй байх тул нэхэмжлэгч *ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар гэрээнд заасан хэмжээний алданги шаардах эрх үүссэн байна.
Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг бөгөөд өөрийн буруугаас болоогүй болохоо баримтаар нотолж чадахгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,1 хувиар тооцон торгууль тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч * ХХК нь * тоот гэрээний үүргээ гэрээгээр тохиролцсон 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор хашаа, террасын бэлдэц хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн ба гэрээний нийт үнийн дүн 522,111,306 төгрөгөөс нэхэмжлэгч 428,955,177 төгрөгийг хариуцагчид төлсөн, хариуцагчаас нэхэмжлэгчид дээрх хугацаанд нийт 285,298,926 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснийг хасч, гүйцэтгээгүй үүргийг үнийн дүнгээр гэрээний хугацаа дууссан өдрөөс хойшхи хугацаагаар тооцон гэрээгээр тохиролцсоны хэмжээгээр буюу 0,1 хувиар тооцон мөн гэрээний 20-д гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч *ХХК нь нэхэмжлэлдээ алдангийг ковид 19 цар тахалын нөхцөл байдалд байсан хугацаанаас хойш буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар тооцон 14,365,625 төгрөгөөр тодорхойлсон.
Хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүний хэмжээг өөрөө тодорхойлох эрхтэй тул шаардсан хэмжээгээр буюу 14,365,625 төгрөгийн хэмжээнд алданги нэхэмжилснийг хангаж шийдвэрлэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нийт 158,021,876 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,053,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 1,053,800 төгрөгийг гаргуулан *ХХК-д олгохоор шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч * ХХК-иас 158,021,876 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,053,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 1,053,800 төгрөгийг гаргуулан *ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН