| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0058/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт Д.Б-д холбогдох 1835000820074 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт “Багбураа” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй З овогт Д-ийн Б. РД: ОМ.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Э зодсон болох нь хохирогч Н.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хадам ах Н Улаангомоос ирж манай сургуулийн хүүхдүүдийг аваад явсаны дараа манай нөхөр Батцоож “Чи Улаангомоос хичээлийн хүүхэд авахаар ирсэн машинтай хүнд бензиний мөнгө өгсөнгүй” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд би надад төгрөг байхгүй гэж учрыг хэлсэн боловч манай нөхөр Д.Б “Чи өөрийнхөө ах, дүү нарт мөнгө өгөөд явуулчихлаа” гэж надтай маргалдсан. Намайг гэрт байтал Д.Б баруун гараараа миний зүүн талын нүдэнд нэг удаа, зүүн гар луу гараараа хоёр удаа цохисон юм. Тэгээд би урьдаас нь эсэргүүцэж нүүр лүү нь хальт маажсан. Тухайн үед миний нүд хөхөрч, толгой өвдсөн. ...Миний биед одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Нөхөр Д.Б надаас уучлалт гуйсан дахиж тийм асуудал гаргахгүй гэж надад хэлсэн одоо нөхөр Д.Батцоожоос нэхэмжлэх зүйл байхгүй ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р талд/,
Насанд хүрээгүй гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай аав, ээж хоёр хоорондоо маргалдсан тэгээд би ээжийг аав цохих гэхэд нь салгаад байж байгаад нэг удаа холдоод гэрийн баруун талд байж байтал аав Д.Б нь манай ээж Н.Э нэг удаа гараараа нүдэн тус газар нь цохисон юм. Манай аав Д.Б манай ээж Н.Э хоёр хоорондоо нэг нэгнийгээ татаад түлхээд ноцолдож байсан тэр үед гар нь хөхөрсөн байх өөр цохисоныг би хараагүй. Тэгээд ээж би ах, дүү нараа дуудна гэж хэлээд аймаг руу утсаар ярьсан түүний дараа удалгүй ээжийн ах Б, дүү Х нар ирж ээжийг аваад Улаангом явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
гэрч Н.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тэднийд очиход манай төрсөн эгч Н.Э-гийн зүүн нүд нь хөхөрсөн, зүүн гарын гадна талын булчин орчимд хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Эхнэр Н.Э-тай маргалдаад нэг удаа баруун гараараа толгойн тус газар нь цохичихсон юм, зүүн гарнаас нь чимхэж татсан юм. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Н.Э зодсоны улмаас хохирогчийн бие махбодид Тархины доргилт, зүүн нүдний эргэн тойрон, зүүн гарын шуу, бугалганы хэсэгт дээрхи хэмжээтэй зөөлөн эдийн цус хуралт, няцралт зэрэг гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ний өдрийн 167 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Э нь “надаас уучлалт гуйсан. Д.Б-оос нэхэмжлэх зүйл байхгүй ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
2. Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдлын талаар гэрч Ц.Б -ий “Би Д.Б-ийг 2000 оноос одоог хүртэл танинаа манайхан ойролцоо байдаг хөрш айлууд байсан манайхан хонь малаа тавьж хариулгаж байсан юм. Д.Б нь гэртээ байхдаа төлөв даруу зантай, дуугүй хүнд худлаа хэлдэггүй үнэнч шудрага зантай, архи дарс бага хэрэглэдэг хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/ хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Д-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ