Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 43

 

 

 2024     05        21                                             2024/ДШМ/43

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Д.Дуламжав, шүүгдэгч *******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 15ы өдрийн 2024/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2436000860078 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13ы өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн******* ургийн овогт *******ын Насанхишиг, 1990 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* ******* Бичигт ******* нутаг дэвсгэрт байх гэрээсээ Ёндоо Ёндоо гэх фейсбүүк хаягаар шууд дамжуулалт хийж, өөрийн нэр дээрх дугаартай Хаан банкны харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог техас покер гэх мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч******* ургийн овогт *******ын Насанхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1'000'000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,177,600 (таван сая нэг зуун далан долоон мянга зургаан зуун) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн SAMSUNG A52 загварын гар утсыг тус тусын улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч,

4.4 Шүүгдэгч нь энэ хэрэг цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.5 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж,

4.6 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.7 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгч *******ийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

4.8 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1  Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан "... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх шаардлагыг, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан "гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэх шаардлагыг хангаагүй байна.

Шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг эрх бүхий байгууллагад даалгаагүй, торгох ялыг шүүгдэгч нь ямар хугацаанд төлж барагдуулах, түүнчлэн оногдуулсан Торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, мөн торгох шийтгэлийн биелэлтэд хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгаагүй нь шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжгүй түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгч нь хууль, эрх зүйн мэдлэггүй учир оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг мэдэх боломж хомс учир шийтгэх тогтоолд дээрх мэдээллийг дурдах нь зүйтэй юм.

Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

6.Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголоос хятад руу хүнсний бараа гаргаж зардаг тул хилийн хориог цуцлаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* ******* Бичигт ******* нутаг дэвсгэрт байх гэрээсээ Ёндоо Ёндоо гэх фейсбүүк хаягаар шууд дамжуулалт хийж, өөрийн нэр дээрх дугаартай Хаан банкны харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “техас покер” гэх мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

5. Ховд аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

6. Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан “Шүүгдэгч *******ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулга, уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Ёндоо Ёндоо гэх нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг ” зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

7. Шүүх шүүгдэгч *******ийг “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1'000'000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, *******ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,177,600 (таван сая нэг зуун далан долоон мянга зургаан зуун) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн SAMSUNG A52 загварын гар утсыг тус тусын улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

8. Прокурор эсэргүүцэлдээ: “шүүх шүүгдэгч *******т торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжтой бус байх тул тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ

 8.1 Анхан шатны шүүх шүүгдэгчид торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэх хуулийн заалтыг,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж бичээгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9. Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би БНХАУ явж наймаа хийж амьдарлаа залгуулдаг тул надад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж өгнө үү” гэв.

9.1 Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* Бичигт багт байрлах өөрийн гэртээ ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “техас покер” гэх мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс түүнд торгуулийн ял оногдуулсан байх тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолын

Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******т тайлбарласугай.” гэсэн заалт нэмж,

Тогтоох хэсгийн 4 дахь заалтыг “Шүүгдэгч нь энэ хэрэг цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.” гэж,

Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Шүүгдэгч *******т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.” гэж тус тус өөрчлөн прокурорын эсэргүүцлийг хангаж, тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР