| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/04844/И |
| Дугаар | 192/ШШ2025/04791 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/04791
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Г******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У*******ын Т******* /РД:*******/-д холбогдох,
287 899 559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 30-ны иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч У.Т*******тэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцож, Хөрөнгө оруулалтын гэрээний суурь нөхцөлийг тохирч, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр "Хувьцаа худалдах-худалдан авах" 23/06/16 дугаар гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр У.Т*******гийн 100 хувийн хувьцаа эзэмшигдэг Т******* ХХК- ийн 36 хувийн хувьцааг 150 000 000 төгрөгөөр худалдан авах, хариуцагч У.Т******* нь Т******* ХХК-ийн 36 хувийн хувьцааг нэхэмжлэгч Г******* ХХК-д шилжүүлэх үүргийг хүлээсэн. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний суурь нөхцөлд заасан хөрөнгө оруулалтуудыг Г******* ХХК санхүүжүүлэх, Ө******* ХХК-д бүртгэлтэй эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг Т******* ХХК-руу хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлж, Шүдний эмнэлэг байгуулж, үйл ажиллагаа явуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж, хувьцааны төлбөр болон хөрөнгө оруулалтуудыг хийж эхэлсэн байдаг. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Г******* ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4 удаагийн гүйлгээгээр 150 000 000 төгрөг, Хөрөнгө оруулалтын гэрээний суурь нөхцөлийн дагуу Г******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/129 дугаар шийдвэрийг үндэслэн Т******* ХХК-д 25 000 000 төгрөг, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/134 дугаар шийдвэрийг үндэслэн М******* ХХК-д урьдчилгаа 6 327 090 төгрөг, үлдэгдэл 4 218 060 төгрөг, М******* ХХК-д 11 560 000 төгрөг, О ХХК-д 13 640 000 төгрөг, Т ХХК-д урьдчилгаа 4 021 951 төгрөг, үлдэгдэл 2 681 301 төгрөг, Ю ХХК-д 3 300 000 төгрөг, Лого шинэчлэх ажилд 5 000 000 төгрөг, Т******* ХХК-д шилжүүлсэн 669 600 төгрөг, нийт 226 418 002 төгрөгийг зарцуулсан. Гэтэл хариуцагч нь Т******* ХХК-ийн 36 хувийн хувьцааг шилжүүлэх, Ө******* ХХК-д бүртгэлтэй эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг Т******* ХХК-руу хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлэх зэрэг гэрээний үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг байгуулахаас татгалзаж, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэж, нийт төлбөр буюу санхүүжилтэд олгосон мөнгө хөрөнгө болон олох ёстой байсан орлого, хохирлоо шаардах талаар мэдэгдэхэд төлбөрийг барагдуулахаа илэрхийлсээр өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийн зүгээс холбогдох санхүүжилтийг хийж үйл ажиллагаагraa явуулахад бэлэн болгож өөрийн өмчлөлийн **** бизнес төвийн барилгыг тохижуулан бусдад түрээслэхгүйгээр 2024 оны 1-6 дугаар сарын дуустал хүлээгдсэн тул уг түрээсийн төлбөр сард 3 000 000 төгрөгөөр тооцоход нийт 18 000 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн орлогыг хаасан байдаг. Мөн нэхэмжлэгчийн зүгээс оруулсан нийт 244 418 002 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол банкны жигнэсэн хүүгээр тооцоход 36 145 654 төгрөг болж байх бөгөөд гүйцэтгэсэн ажил үйлчилгээний зардлын алдагдсан боломж нь 7 335 903 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж үзэж байна. Иймд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй нэхэмжлэгчид санхүүгийн хохирол учруулсан хариуцагч У.Т*******гээс гэрээний дагуу шилжүүлсэн болон бусдад төлсөн 226 418 002 төгрөг, олох ёстой байсан орлогод түрээсийн төлбөрт 18 000 000 төгрөг, уг мөнгөн хөрөнгөд ногдох хүүгийн орлогод 36 145 654 төгрөг, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний зардал 7 335 903 төгрөг, нийт 287 899 559 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч У.Т*******д холбогдуулан 287 899 559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...1. Хариуцагч У.Т******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 287 899 559 төгрөгөөс 250 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 37 899 559 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж байна.
2.Талуудын тохирсон дүн болох 250 000 000 төгрөгийг хариуцагч У.Т******* 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөв... гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 287 899 559 төгрөгийн 37 899 559 төгрөгөөс татгалзаж, үлдэх 250 000 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 597 448 төгрөгийн 798 724 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 703 975 төгрөг, хариуцагчаас 703 975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.Т*******д холбогдох 287 899 559 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 287 899 559 төгрөгийн 37 899 559 төгрөгөөс татгалзаж, үлдэх 250 000 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 597 448 төгрөгийн 798 724 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 703 975 төгрөг, хариуцагчаас 703 975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН