| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/03267/И |
| Дугаар | 192/ШШ2025/04880 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/04880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Э /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Э******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Н******* овогтой Э******* нь 1987 онд Октябрын районы нийтийн хоолны трестийн харьяа 32 дугаар цайны газарт угаагчаар анх ажилд орж 1988 оноос 1990 он хүртэл тус цайны газарт кассчинаар дэвшин ажиллаж байгаад 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулалтын өөрчлөлтөөр Наран компанид шилжүүлж 1990 оноос 1992 оныг дуустал кассчинаар ажиллаж байсан. Иймд 1987-1992 онд ажиллаж байсан хугацааг шүүхээс тогтоож өгнө үү гэсэн.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие Нийслэлийн 10 жилийн 42 сургуулийг 1986 онд төгссөн. 1987 онд Октябрийн районы 32-р цайны газарт угаагчаар орж ажиллаж эхэлсэн. 1983 онд касчинаар ажиллаад, 1990 онд зохион байгуулалтын өөрчлөлт ороод Наран кофед касчинаар 1992 оныг дуустал ажилласан болно. Гэтэл энэ хооронд ажилласан тушаал огт гарч ирээгүй, архиваас лавлагаа гаргуулахад материал шатсан гээд юм гарч ирэхгүй байна. Иймд шүүхээр ажилласан жилээ тогтоолгомоор байна, 1987 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд Нийтийн хоолны трестын харьяа 32 дугаар цайны газарт болон Наран кофед ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, №232540 тоот Хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын 2025.01.24-ний өдрийн №144 тоот лавлагаа, Нийслэлийн архивын газрын 2025.01.27-ны өдрийн №52 тоот тодорхойлолт, Ч.Н*******ийн хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрчээр Ч.Н*******ийг асууж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан, нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраа Октябрын районы Нийтийн хоолны трестийн харьяа 32-р цайны газар нь Наран кафе болсон талаарх лавлагаа гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Н.Э******* нь 1987 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртлэх хугацаанд Октябрийн районы Нийтийн хоолны трестын харьяа 32 дугаар цайны газар болон Наран кофед угаагч, касчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шаардлагаа тодруулсан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Н.Э*******ийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал нь үрэгдсэн, уг баримтыг олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Үндэсний төв архивын 2025.01.24-ний өдрийн №144 тоот лавлагаа, Нийслэлийн архивын газрын 2025.01.27-ны өдрийн №52 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
3.2.Нэхэмжлэгч Н.Э******* нь 1987 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртлэх хугацаанд Октябрийн районы Нийтийн хоолны трестын харьяа 32 дугаар цайны газар болон Наран кофед угаагч, касчинаар тус тус ажиллаж байсан болох нь:
-хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н.Э*******ийн 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №232540 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт ...1987.09.26-ны өдөр Октбярын нийтийн хоолны трестийн даргын 1987 оны 9-р сарын 30-ны өдрийн 148-р тушаалаар 32-н цайны газар угаагчаар,
1990.07.01-ний өдөр Октябрын нийтийн хоолны трестийн даргын 1990.06.30-ны өдрийн 127 тоот тушаалаар Зохион байгуулалтын өөрчлөлтөөр Наран кафе мэдэлд шилжүүлэв,
1991.08.01-ний өдөр Даргын 1991 оны 08-р сарын 01-ний өдрийн 68 дугаар тушаалаар Зохион байгуулалтын өөрчлөлт орсон тул Октябрийн дүүргийн худалдааны ....мэдэлд шилжүүлэв,
1991.08.01-ний өдөр ОК Д ХХК-ийн захирлын 1991 оны 08-р сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар Наран кафед үйлчлэгчээр томилов,
1992.02.16-ны өдөр ОК Д ХХК-ийн 1992 оны 02 сарын 16-ны өдрийн 36 тоот тушаалаар Кафе хувийн болж үйл ажиллагаагаа бие даан явуулах болсон тул кафен захирганы мэдэлд шилжүүлэв,
1992.- УБ хотын Наран компани захиралын 01 тоот тушаалаар Наран кафед кассчинаар томилж ажилуулав... гэсэн бичилтүүд,
-Үндэсний төв архивын 2025.01.24-ний өдрийн №144 тоот лавлагаанд ...Октябрын районы Нийтийн хоолны трест, Наран кофе байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул Н******* овогтой Э*******т холбогдох баримтыг шүүж үзэж лавлагаа гаргах боломжгүй байна...,
-Нийслэлийн архивын газрын 2025.01.27-ны өдрийн №52 тоот тодорхойлолтод ...Октябрын районы Нийтийн хоолны трест, Октябрь дүүргийн худалдаа хоолны компани, Наран кофе, Наран ХК-ийн баримт тус тус хадгалагддаггүй тул Н*******ийн Э*******т лавлагаа олгох боломжгүй байна...,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.05.27-ны өдрийн 9/1328 тоот албан бичигт ...Танай 5771 тоот албан бичигт дурдсан Октябрын районы Нийтийн хоолны трестийн харьяа 32-р цайны газар нь Наран кафе болсон талаарх баримт хувийн архивт байхгүй байна... гэсэн гэсэн тодорхойлолтууд,
- мөн нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Ч.Н*******ийн ...Би 1979 оноос 1990 он хүртэл Октябрын нийтийн хоолны трестэд ахлах тогоочоор ажиллаж байсан. 1990 онд Октябрын нийтийн хоолны трест нь зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Наран кафе болсон. Би заал зохион байгуулагчаар 1997 он хүртэл ажилласан. Н.Э******* нь 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд Октябрын нийтийн хоолны трестийн 32 дугаар цайны газар угаагчаар ажилд орсон. 1990-1992 оныг дуустал Наран кафед кассчинаар ажиллаж байсан. Би 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр их хувьчлалаар ажлаас гарсан, Н.Э******* хүүхэд гаргаад ажлаас гарсан... гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна гэж үзэв.
4.Иймд нэхэмжлэгч Н.Э*******ийг 1987 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртлэх хугацаанд Октябрийн районы Нийтийн хоолны трестын 32 дугаар цайны газарт болон Наран кофед угаагч, касчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Н*******ийн Э******* /РД:*******/-ийг 1987 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртлэх хугацаанд Октябрийн районы Нийтийн хоолны трестын 32 дугаар цайны газарт болон Наран кофед угаагч, касчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.ХУЛАН