| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/02107/И |
| Дугаар | 192/ШШ2025/04882 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/04882
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Д /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Д******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие 1986 онд Авто тээврийн 28-р баазад жолоочоор ороод 1995 оны намар халагдсан. Одоо 1986, 1987, 1992 оноос 1995 оны баримт материал олдохгүй байгаа тул холбогдох материалыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгож нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг 28-р баазад ажилласан 5 жилийн хугацааг тогтоож өгнө үү гэсэн.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Үндэсний төв архивын 2025.03.07-ны өдрийн №239 тоот тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2025.03.13-ны өдрийн №107 тоот тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Авто тээврийн 28-р баазын даргын 1988.02.16-ны өдрийн №263 дугаар Шалгалтын чөлөө олгох тухай тушаал, Авто тээврийн 28-р баазын даргын 1989.01.14-ний өдрийн №12 дугаар Цалинжуулах тухай тушаал, хавсралт, Авто тээврийн 28-р баазын даргын 1990.08.08-ны өдрийн №184 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, Авто тээврийн 28-р баазын даргын 1991.09.20-ны өдрийн №278 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, Авто тээврийн 28-р баазын даргын 1992.03.23-ны өдрийн №63 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Үндэсний төв архиваас 2025.04.23-ны өдрийн 02/434 тоот албан бичиг, Нийслэлийн архивын газрын 2025.04.24-ний өдрийн 01/298 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Г.Д*******ийн иргэний улсын бүртгэлийн баримт, Авто хорин найм ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Г.Д*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой лавлагаа гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Г.Д******* нь 1986 онд Авто тээврийн 28 дугаар баазад жолоочоор ажилд орж, тасралтгүй ажилласаар 1995 оны намар ажлаас халагдсан боловч тэтгэвэр тогтоолгох гэтэл энэ хугацааны тушаал олдохгүй, ажилласан жилийг тогтоох боломжгүй болсон тул баримтыг үндэслэн Авто тээврийн 28 дугаар баазад 1986 оноос 1992 оны дуустлах буюу 1993 оны хүртлэх хугацаанд жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү, 1993-1995 оны баримт дараа нь гарч ирэхээр тогтоолгоно гэж шаардлагаа тодруулсан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Г.Д*******ийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал нь үрэгдсэн, уг баримтыг олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Үндэсний төв архив, Нийслэлийн архивын газрын лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
3.2.Нэхэмжлэгч Г.Д******* нь 1986 оноос 1993 оныг хүртлэх хугацаанд Авто тээврийн 28-р баазад жолоочоор ажиллаж байсан болох нь:
-хэрэгт авагдсан Үндэсний төв архивын 2025.03.07-ны өдрийн №239 тоот тодорхойлолтод ...28 дугаар авто бааз байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул Г******* овогтой Д*******ид холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна...,
-Нийслэлийн архивын газрын 2025.03.13-ны өдрийн №107 тоот тодорхойлолтод ...Авто тээврийн 28 дугаар баазын даргын 1986, 1987, 1993, 1994, 1995 оны тушаалд Г*******ын Д*******ид холбогдох баримт байхгүй болно... гэсэн тодорхойлолтууд,
-Авто тээврийн 28-р баазын даргын 1988.02.16-ны өдрийн №263 дугаар Шалгалтын чөлөө олгох тухай тушаалд ...Ашиглалтын 1 хэсгийн жолооч Г******* овогтой Д*******ид АЗО-н эчнээ сургалтын шалгалтад зориулан 2-р сарын 14-нөөс 26-ны өдрүүдэд үндсэн ажлаас нь чөлөөлсүгэй...,
-Авто тээврийн 28-р баазын даргын 1989.01.14-ний өдрийн №12 дугаар Цалинжуулах тухай тушаал, хавсралтад ...23.Г.Д*******, 3853 машин... гэсэн,
-Авто тээврийн 28-р баазын даргын 1990.08.08-ны өдрийн №184 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтад ...22.Г.Д******* 2 бригад жолооч, амрах хугацаа 1/8, хоног 26, бүгд 26... гэсэн,
-Авто тээврийн 28-р баазын даргын 1991.09.20-ны өдрийн №278 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтад ...12.Г.Д*******, үндсэн 21, нэмэлт 3, бүгд 24... гэсэн,
-Авто тээврийн 28-р баазын даргын 1992.03.23-ны өдрийн №63 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтад ...2.Д*******, үндсэн 21, нэмэгдэл 14, бүгд 35... гэсэн бичилтүүд,
-Авто тээврийн 28-р баазын даргын 1989.08.29-ний өдрийн №209 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтад ...35.Д******* Г, үндсэн 26, нийт 26 хоног... гэсэн,
- Авто тээврийн 28-р баазын даргын 1990.08.08-ны өдрийн №184 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтад ...22.Г.Д*******, 2 бригад жолооч, амрах хугацаа 1/8, хоног 26, бүгд 26... гэсэн бичилтүүд,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын ХААТР-1 маягтад ...Г.Д*******, 1965 оны 6 дугаар сарын 14-нд төрсөн, жолооч, Автотээврийн 28 дугаар бааз, ажилд орсон 1986 он гэсэн тэмдэглэл,
-Авто хорин найм ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.
4.Иймд нэхэмжлэгч Г.Д*******ийг 1986 оноос 1993 оныг хүртлэх хугацаанд Авто тээврийн 28 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Д-ийг 1986 оноос 1993 оныг хүртлэх хугацаанд Авто тээврийн 28 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН