Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

              Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгч: Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г.Т-д холбогдох 1835000960073 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 17-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, Увс аймгийн Давст сумын ажилтай, ам бүл-3, аав, ээжийн хамт Увс аймаг тоотод оршин суух Б овогт Г.Т. РД:ОВ.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний орой Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний орой Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Г-ийг зодсон болох нь хохирогч Ж.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 09-ний 20 цагийн үед гэртээ байж байтал манай хашааны гадна “Г- аа” гэж хүн дуудаад байхаар нь би гараад хартал манай сумын Э, М, Т, Т, Бг нар байсан. Тэгээд намайг “Ийшээ гарчихаад ирье. Машинд суучих” гэхээр нь би машинд суусан. Тэгээд бид нар сумын төв дотор явж байгаад М-ийн гэрт очоод 1 шил 0,5 литрийн архи задлаад тойруулахад бүгд уухгүй гэж байсан. Тэгтэл Т  Б-ийг хэл амаар доромжлоод байхаар нь би Т “Чи болиоч, та хоёр адилхан байж” гэж хэлтэл Т намайг “Чи хэн бэ?, чамд ямар хамаатай юм бэ?” гээд бид хоёр гэрээс гараад зодолдсон. Тэгээд миний хамраас цус гараад бид хоёр салаад харьцгаасан. ...Т Б-ийг хэл амаар доромжлоод байхаар нь би боль гэж хэлтэл над руу томорч бид хоёр маргалдсан. ...Миний баруун нүдний орчим газарт гараараа 2-3 удаа цохиж миний хамраас 1 удаа хазсан. Г.Т миний хохирлыг бүрэн барагдуулна гэсэн одоохондоо барагдуулаагүй байна. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 24-25-р талд/,

          гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...1 шил 0.5 литрийн Улаанбаатар задлаад бид нар уугаад сууж байтал Г.Т босоод их юм яриад байхаар нь би одоо болно гэж хэлтэл намайг “чамд ямар хамаатай юм бэ? гарч зайл” гээд салаавч өгсөн. Тэгтэл Г  Т “ямар том пизда вэ?” гэтэл Т Г руу дайраад цохих гэтэл Г Т түлхсэн. Тэгээд тэр хоёр гэрээс гарсан. Тэгээд М ах бид хоёр араас нь гартал Т Г-ийг цохьчихсон байсан. Тэгээд бид хоёр салгаад гэрт оруулаад гэр рүүгээ харьцгаасан юм. ...Би гэрээс гараад ирэхэд Т Г-ийг газарт унагаагаад дарчихсан байсан. ...Т их согтолттой байсан гэхдээ ухаантай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

             гэрч Д.М-ын мөрдөн байцаалтад өгсөн:“...Б, Т хоёр маргалдаад байж байтал Г Т -г “чи адилхан байж болиоч” гэтэл Т Г-ийг “чамд ямар хамаатай юм бэ?” гэж маргалдсан. Тэгтэл манай эхнэр намайг дуудахаар нь би гэрт орчихоод гараад ирэхэд Т, Г хоёр гадна зодолдож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

          шүүгдэгч Г.Т-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Г-ийг газарт унагаж байгаад нүүрэн тус газар нь баруун гараараа 1-2 удаа цохиж, Ж.Г-тай барьцалдаж байхдаа хамрыг нь шүдээрээ гэмтээсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

         Шүүгдэгч Г.Т нь хохирогч Ж.Г-ийг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид Хамар ясны хугарал, муруйлт, баруун нүдний эргэн тойронд, баруун нүдний салстад цус хуралт, хамрын баруун, зүүн угалз, баруун хацарт зулгаралт гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Г нь “Шүүгдэгч Т миний хохирлыг барагдуулж өгнө гэсэн боловч барагдуулж өгөөгүй байгаа”,  шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт “Ж.Г учирсан хохирлыг төлж барагдуулна” гэж тус тус мэдүүлсэн байх тул хохирогч Ж.Ганхуягийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. Харин шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

2. Шүүгдэгч Г.Тэрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Г.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан торгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Г Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Ж.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

          5. Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ