Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 119/ШШ2025/0045

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Гомдол гаргагч: **,

            Хариуцагч: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын байцаагч **,

Гомдлын шаардлага: “Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0134001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч **, хариуцагч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч ** нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын байцаагч **т холбогдуулан “Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0134001  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн дүгнэлт шүүхэд гаргажээ.

2. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын байцаагч ** нь “иргэн ** нь үндэсний энгийн гадаад паспортаа гээгдүүлсэн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т зааснаар 30,000.0 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0134001 дугаартай хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан, тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргасан.

3. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. ** би, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан ** нь “** нь гадаад паспортаа гээгдүүлсэн” үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шалгалтаар хянасан. Эрх бүхий албан тушаалтан ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг, ** тоотод оршин суух ** нь гадаад паспортаа гээгдүүлсэн гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн” гэж дүгнэн 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3.2. Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 109 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын 21 дүгээр зүйлд Энгийн гадаад паспорт авахад дор дурдсан материал бүрдүүлнэ “паспорт авах тухай Монгол Улсын иргэний гаргасан хүсэлт, иргэний үнэмлэх, Хоёр хувь (4x6) зураг, паспортын хураамж төлсөн баримт, паспорт захиалах хуудас”, журмын 26-д “энгийн гадаад паспортыг эзэмшигч өөрөө хадгална”, 27-д “Үндэсний гадаад паспортыг гэмтээсэн, бусдад ашиглуулсан, худалдсан, барьцаалсан, хуурамчаар үйлдсэн тохиолдолд гэм буруутай этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ” гэж, Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-ийн 2.7-д “Иргэн иргэний үнэмлэхээ эзэмшихэд дараах үүрэг хүлээнэ”, 2.7.1-д “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” гэж заасан.

3.3.Иргэний үнэмлэх, гадаад паспортыг цэвэр, гамтай эзэмшээгүй, хадгалаагүй эсхүл хаяж үрэгдүүлсэн нь нийтийн эрх зүйн хүрээний зөрчилд тооцогдохгүй, учир нь иргэн өөрийн иргэний үнэмлэх, гадаад паспортыг гамгүй эзэмшсэн эсхүл гээсэн нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн үр дагавар үүсгэхгүй, нийтээр тогтоосон журам, зан заншлын хэм хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй, нийгэмд хор уршиг учруулахгүй, өөр бусад хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, зөвхөн хувь иргэнд өөрт нь эрх зүйн үр дагавар үүсэх байхад Улсын бүртгэлийн байгууллага нь иргэний гадаад паспорт шинээр захиалан авах хүсэлтийг зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд авч, торгууль 30000 төгрөг төлүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

3.4.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тус тус заасан,

3.5. Прокурор нь Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлж, өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүрэгтэй. Энэ эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих ажиллагаа юм.

3.6. Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч **ын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0134001 дугаартай шийтгэлийн хуудсаар **д Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

4. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Прокурорын үндэслэл болгосон Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2024/0109 дугаартай тогтоолд Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор “Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-ийг баталсан, уг дүрмийн 2.7-д “Иргэн иргэний үнэмлэхээ эзэмшихэд дараах үүрэг хүлээнэ”, 2.7.1-д “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” гэж заасныг маргааны үйл баримтад хамааруулан тайлбарлахад, иргэний үнэмлэхээ цэвэр, гамтай эзэмшээгүй, хадгалаагүй эсхүл хаяж үрэгдүүлсэн нь нийтийн эрх зүйн хүрээний зөрчилд тооцогдохгүй, учир нь иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гамгүй эзэмшсэн эсхүл гээсэн нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн үр дагавар үүсгэхгүй, нийтээр тогтоосон журам, зан заншлын хэм хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй, нийгэмд хор уршиг учруулахгүй, өөр бусад хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, зөвхөн хувь иргэнд өөрт нь эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой байх тул улсын бүртгэлийн байгууллага тухайн иргэнийг зөрчил үйлдсэнд тооцож Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж шийтгэл оногдуулсан нь буруу байна гэж дүгнээд холбогдох эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байх тул Засгийн газрын 2023 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам" зөрчсөн үйлдэл хамаарахгүй гэж үзэж байна.

4.2. Прокурорын дээрх дүгнэлттэй холбоотой Монгол улсын үндэсний гадаад паспортын иргэний үнэмлэхээс ялгагдах онцлогийг дурьдах нь зүйтэй. Засгийн газрын 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 109 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-д Монгол улсын үндэсний гадаад паспортын өмчлөгчийн тодорхойлолт, дипломат, албан, энгийн гадаад паспорт олгох нийтлэг үндэслэлийг тодорхойлсон. Уг журмын 3-т Үндэсний гадаад паспорт нь төрийн өмч байна гэж заасан. Өөрөөр хэлбэл үндэсний гадаад паспортын бэлдцийг иргэн төлбөр төлж худалдан авч буй боловч, иргэний мэдээллийг агуулсан, гадаад улсад зорчих эрхийг олгосон үндэсний паспорт нь төрийн өмч юм.

4.3. Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-д 1.2-т “Иргэний үнэмлэх нь Монгол улсын иргэнийг гэрчлэх баримт бичиг байна.” гэж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т үндэсний гадаад паспорт, түүнийг орлох баримт бичиг нь гадаад улсад Монгол улсын иргэнийг төлөөлөх баримт бичиг юм. гэж тус тус тодорхойлсон ба гадаад паспортын эхний нүүрэнд Монгол улсын гадаад харилцааны сайдын албан захидлыг заавал бичдэг. Иргэний үнэмлэхийн бүртгэлийг иргэний биеийн давхцахгүй өгөгдөлд суурилан бүртгэдэг бол үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн бусад мэдээлэлд үндэслэн бүртгэдэг. Үүгээрээ үндэсний гадаад паспортыг хэн нэгэн этгээд хуурамчаар ашиглан Монгол улсын болон бусад улсын хилийг нэвтрэх эрсдлийг байнга бий болгодог.

4.4. Улсын дээд шүүхийн тогтоолд иргэн өөрийн эзэмшиж буй иргэний үнэмлэхээ цэвэр гамтай эзэмших үүргээ биелүүлээгүй, гээгдүүлсэн үрэгдүүлсэн үйлдлийг нийтийн эрх зүйн хүрээний зөрчилд тооцохгүй, учир нь иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гамгүй эзэмшсэн эсхүл гээсэн нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн үр дагавар үүсгэхгүй, нийгэмд хор уршиг учруулахгүй, өөр бусад хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, зөвхөн хувь иргэнд өөрт нь эрх зүйн үр дагавар үүсгэх боломжтой гэж үзээд бүртгэлийн байгууллага иргэнийг зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулсан нь буруу байна гэж дүгнэсэн. Харин үндэсний гадаад паспортыг хадгалах үүргээ биелүүлээгүй буюу хаяж үрэгдүүлсэн үйлдэл нь тухайн гадаад паспортыг харагдах байдлаар ижил төстэй бусад иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн ашиглаж хил нэвтрэх, тухайн паспорттай зорчих явцдаа гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гадаад улсад Монгол улсын нэр хүндийг унагах, энэ нь цаашилбал дараа дараагийн удаа гадагшаа зорчих бусад иргэдийн эрх зүйн байдлыг дордуулах зэрэг гадагш чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспортыг цэвэр гамтай эзэмших үүргийг холбогдох дүрэм, журамд тодорхой заасан.

4.5. Засгийн газрын 2023 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын 3.2.2-т “Гадаад паспортыг цэвэр гамтай, бүрэн бүтэн байдлыг ханган эзэмших хадгалах” гэж эзэмшигчийг маш тодорхой үүрэгжүүлсэн бол 3.4.2-т “Гадаад паспортыг хаясан, үрэгдүүлсэн, алдсан, гэмтээсэн бол хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн гадаад паспортыг хүчингүй болгох” ба энэ тохиолдолд хяналтын улсын байцаагчийн шийдвэр нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан эсэх шийдвэр юм. Харин журмын 3.4.7-д дахин дурдсан “хяналтын улсын байцаагчийн шийдвэр гарсан” гэдэг нь гадаад паспортыг хүчингүйд тооцсон хяналтын улсын байцаагчийн дүгнэлт юм.

4.6. Иймд иргэн ** нь үндэсний энгийн гадаад паспортаа үрэгдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т зааснаар торгох шийтгэл оногдуулсан 0134001 дугаартай хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагч ** нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын байцаагч **т холбогдуулан “Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0134001   дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд тус гомдлын шаардлагаа дэмжиж оролцов.

2. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын байцаагч нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0134001  дугаартай шийтгэлийн хуудсаар “иргэн **д Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30,000.0 төгрөгөөр торгох” шийтгэл ногдуулсан байна.  /Хавтаст хэргийн 9 дэх тал/

3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.20-д зааснаар Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-д заасан зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж зааснаар прокурор дүгнэлт ирүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

4. Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0134001  дугаар шийтгэлийн хуудастай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн зөрчлийн материалыг Орхон аймгийн Прокурорын газар 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, прокурор 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 31 дугаартай дүгнэлт бичсэнийг тус шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд гаргасан гэж үзэхээр байна.

5. Шүүх Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0134001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дараах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

6. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл /Шийтгэл оногдуулах шийдвэр/-ийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, ...хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана”  гэж тус тус заасан.

            7. Захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа /гадагш чиглэсэн/ шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”,  24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр 29.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэзаасан бөгөөд дээрх хуулийн зарчимд үндэслэн чиг үүргээ  хэрэгжүүлэхээр байна.

8. Эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно заасныг үндэслэсэн байх бөгөөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг хэрхэн зөрчсөнийг шалгаж тогтоогоогүй, маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй болж чадаагүй байна.

9. Тодруулбал, Эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн талаар захиргааны актдаа тодорхой үндэслэх бөгөөд гаргасан зөрчил нь нийгэмд хор уршиг учруулсан эсэх, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөнийг тогтоож,  хуулийн тусгайлсан заалтыг баримтлах үүрэгтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 3 дугаар зүйлийн 1, 15.24 дүгээр зүйлийн 4, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /**/-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын байцаагч /**/-ийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0134001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.САРАНГЭРЭЛ