| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/03797/И |
| Дугаар | 192/ШШ2025/04884 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/04884
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.Г /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг болохыг тогтоолгох, хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Г******* нь хүүхдийн эцэг болохыг тогтоолгох, хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Г******* овогтой Г******* миний бие 2018 онд Д.О*******той танилцан гэр бүл болж Улаанбаатар хотод хамт амьдарч байгаад 2019 оны эхээр нөхөр болох Д.О*******той хамт **** тоотод 2022 оны 07 сарыг хүртэл амьдарсан. Амьдарч байх хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сард жирэмсэн болсон ба энэ хугацаанд 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нөхөр маань ослын улмаас нас барж, бидэнд том гарз учирсан юм. Үүний дараа 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүү Б******* минь төрсөн. Одоо хүү Б*******д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтийн бүртгэлгүй, хүүхэд эцгээрээ овоглоогүй шалтгаанаар тэтгэлэг олдохгүй байдалд хүрээд байна. Миний бие холбогдох материалыг бүрдүүлэн хүү Г******* овогтой Б*******ийн эцэг мөн болохыг, Д******* овогтой О*******той хамтран амьдарч байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2022 оны 09 дүгээр 15-ны өдөр төрсөн 2 нас 7 сартай хүү Г.Б*******ийн эцэг Д.О******* мөн болохыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бидний хамтран амьдарч байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэсэн.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2018 онд Д.О*******той Улаанбаатар хотод фэйбүүкээр танилцаад үерхээд 2020 онд нутаг нь болох Дорноговь аймагт очиж амьдарсан. Хамт амьдрах явцдаа жирэмсэн болж 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүү Г.Б******* төрсөн, би өмнө нь өөр гэр бүлтэй байсан боловч гэрлэлтээ цуцлуулаагүй байсан болохоор гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй байсан. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ослын улмаас нас барсан. Барилгын ажил хотод хийж байгаад ажил дээрээ бие нь өвдөөд доошоо унасан байсан. Иймд намайг хамтын амьдралтай байсныг болон хүү Г.Б*******ийн эцэг болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн ажлын албаны тодорхойлолт, Дорноговь аймгийн нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэр, нас барсны №1119670120 тоот гэрчилгээ, хүүхдийн төрсний *** дугаартай гэрчилгээ гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлж, гэрчээр Г.Д*******г асуулгаж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь Д.О*******той 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс эхлэн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний дундаас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүү Г.Б******* төрсөн, Д.О******* нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ослын улмаас нас барсан тул хүү Г.Б*******ийн эцэг нь Д.О******* болохыг, Д.О*******той хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шаардлагаа тодорхойлсон.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул нэхэмжлэгч Г.Г******* нь хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Г.Б*******д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор хамтын амьдралтай байсан болон эцэг тогтоолгохоор шаардлага гаргасан гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зорилгоо тайлбарласан.
4.2.О овогт Д*******н О******* /РД:*******/ нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны №1119**** тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 9-р хуудас/
4.3.Нэхэмжлэгч Г.Г*******, Д.О******* нар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан нь болох нь:
хэрэгт авагдсан хүүхдийн №1080**** тоот төрсний бүртгэлийн гэрчилгээнд эх ******* овогт *******ийн Г*******, хүү ******* овогт Гийн Б******* 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болохыг бүртгэсэн байна,
гэрч Г.Д******* ...Манай хүү О******* 2018 онд Улаанбаатар хотод Г.Г*******тэй танилцсан. 2019 онд Дорноговь аймагт шилжиж ирж хоёулаа амьдарсан. Хүү Дорноговь аймгийн харьяатай байдаг байсан. 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хамт амьдарч байгаад хүү маань осолд ороод Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Нас барах үед эхнэр нь жирэмсэн байсан. Төрөхөөсөө 1 сарын өмнө төрж дутуу төрсөн. Д.О*******, Г.Г******* нар манай хашаанд хамт амьдардаг байсан. 2019 оноос 2022 онд хүүг маань нас барах хүртэл хамт амьдарч байсан. Улаанбаатар хот руу наадам үзэх гээд явсан хүмүүс. Тэгээд осолд орж хүү маань нас барсан. Дагавар нэг хүүхэдтэй байсан. Эхнэр нь мөн жирэмсэн байсан. Одоо төрсөн хүүхэд нь 2 нас гарантай манай ач байгаа юм. Энэ хоёр гэрлэлтээ батлуулаагүй амьдарч байсан юм. Эхнэр болох Г.Г******* нь урьд Баянхонгор аймгийн хүнтэй гэрлээд хамт амьдарч байсан хүнээсээ шүүхээр явж гэрлэлтээ цуцлуулаагүй байсан. Тэгээд энэ хоёр гэрлэлтээ батлуулах боломжгүй байгаад байсан. Тийм учраас эцгээр нь овоглож чадаагүй... гэсэн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж дүгнэв.
5.Иймд нэхэмжлэгч Г.Гийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг О овогт Д*******н О******* /РД:/-той 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
5.Мөн нэхэмжлэгч нь Д.О*******той хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүү Г.Б******* төрсөн, хүү Г.Б*******ийн эцэг нь Д.О******* мөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний №10808дугаартай гэрчилгээ, мөн гэрч Г.Д*******н ...Д.О*******, Г.Г******* нар манай хашаанд хамт амьдардаг байсан, 2019 оноос 2022 онд хүүг маань нас барах хүртэл хамт амьдарч байсан, осолд орж хүү маань нас барсан. Эхнэр нь мөн жирэмсэн байсан. Одоо төрсөн хүүхэд нь 2 нас гарантай манай ач байгаа юм гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
5.1.Иймд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Г.Б*******ийн эцэг нь Д.О******* болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, 135.2.7-д зааснаар нэхэмжлэгч ******* оогт Г*******ийн Г******* /РД:*******/-ийг О овогт Д*******н О******* /РД:/-той 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү ******* овогт Гийн Б*******ийн эцэг нь О овогт Д*******н О******* /РД:/ болохыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН