2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/04888

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.О /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.О******* нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие С.О******* нь 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүү Г*******ын Б*******ыг Архангай аймгийн эмнэлэгт төрүүлсэн. Хүү маань өвчний улмаас 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Шинэ хуулиар эхийн 2 дугаар одонд орох болсон тул хүүгийн бичиг баримтыг улсын бүртгэлээс авахад төрсний гэрчилгээ нь Г*******ын Ж*******, нас барсны гэрчилгээ нь Г*******ын Б*******а гэж гарч ирээд байна. Би хүүгээ анх эхлээд л Б*******а гэж нэр өгч байсан. Тэр нэрээрээ Архангай аймгийн Ихтамирын цэцэрлэгт явж байгаад Архангай аймгийн эмнэлэгт нас барсан. Архангай аймгийн улсын бүртгэл орж цаасан бүртгэл буюу бүртгэлийн дэвтэр харах гэтэл Их тамир сумын бичиг баримт 1990 оноос өмнөх нь бүгд шатаад архивт хадгалагдаагүй гээд албан бичиг өгсөн. Иймд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд хүүгийн маань нэрийг Б*******а гэхийг Ж******* гэж буруу бичигдсэн болохыг буюу Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоож өгнө үү гэсэн.

 

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нас барсны бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/14266 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.03.20-ны өдрийн 11/226 тоот албан бичиг гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.

 

Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэгээс лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Г.Б*******ын төрсний бүртгэлийн лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, гэрчээр С.Т*******, С.Т******* нарыг асууж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч С.О******* нь өөрийн хүү Г*******ын Б*******ыг 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн эмнэлэгт төрүүлсэн боловч төрсний бүртгэлийн лавлагаанд Г*******ын Ж******* гэж буруу бичигдсэн байх тул иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгохоор шаардлагаа тодруулсан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1.С.О*******ын төрөлтийн бүртгэл нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, Нийслэлийн архивын газрын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

3.2.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1-д эрхийн тухай маргаан байхгүй байхад иргэний бүртгэлийн байгууллага өөрийн бүртгэлд залруулга хийхээс татгалзсан тохиолдолд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргана, 149.2-д энэ хуулийн 149.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заажээ.

 

4.Нэхэмжлэгч С.О*******ын төрөлтийн бүртгэл нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэн болох нь:

-№4493******* дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаанд ...Г*******ын Б*******а, эрэгтэй /РД:*******/ нь 1990-05-14-ний өдөр нас барсан, 1990-12-17-ны өдөр бүртгэв... гэсэн,

№4493******* дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд ...Г*******ын Ж*******, эрэгтэй /РД:*******/ 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эцэг Ө овогт Вийн Г*******, эх С.О ... гэж бичигдсэн байх бөгөөд

-Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025.03.20-ны өдрийн 11/226 тоот албан бичигт ....Тус аймгийн Ихтамир сумын захиргаа шатсаны улмаас 1990 оноос өмнөх улсын бүртгэлийн дэвтэр Архангай аймгийн иргэний баримтын архивт хадгалагддаагүй тул Г*******ын Ж******* /РД:*******/-ын төрсний бүртгэл, овог, нэр өөрчилсний бүртгэл 1990 онд Б*******а нэрээр нас барсан тухай бүртгэлийн баримтууд гарахгүй болно...,

- Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэгийн 2025.05.20-ны өдрийн 377 тоот албан бичигт ...Нэгдсэн эмнэлэгийн архив 1990-ээд онд одоогийн Сувд сувилал болон Гурван тамир сургууль байрлаж байгаа барилгад үйл ажиллагаа явуулж байсан ба тухайн үед үерийн улмаас анхан шатны бүх бичиг баримт үерт автан норж устсан... гэсэн тодорхойлолт,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.05.20-ны өдрийн 9/7017 тоот албан бичиг, Нас барсныг бүртгэх анкетанд ...Г*******ын Б*******а /РД:*******/, эрэгтэй, 1990.12.17-ны өдөр төрсөн, Архангай аймгийн Ихтамир эмнэлэгт хатгаагаар 1990.5.14-ний өдөр нас барсан... гэсэн тэмдэглэл,

-БНМАУ-ын хүн амын регистрийн №0878 тоот картад ...Г*******ын Ж******* /РД:*******/, 1988.05.14-ний өдөр эрэгтэй... гэсэн,

-Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.05.20-ны өдрийн 11/393 тоот албан бичигт ...Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газар шатсаны улмаас 1990 оноос өмнөх иргэний бүртгэлийн баримт устсан тул иргэн Г.Б*******а //-ыг төрснийг бүртгэсэн нотлох баримтын архиваас гарахгүй болно..: гэсэн баримтуудаар,

-гэрч С.Т*******ын ...С.О******* нь манай төрсөн дүү. С.О******* нь 1988 онд хүүхэд төрүүлсэн. Хүү төрж байсан. С.О*******ын хүүг Г*******ын Б*******а гэдэг. Бид нар өхөөрдөөд гэж дууддаг байсан. С.О*******ын хүү нь өвчний улмаас 2 настай байхдаа нас барсан. Яг өдийд 5 сард нас барсан санагдаж байна. С.О*******ын хүү нь цэцэрлэгт явдаг байсан. Бид нар Г*******ын Б*******ыг гэж л дууддаг байсан. Ж******* гэсэн нэрийн талаар бол мэдэхгүй байна. Ямар ч байсан Байгий гэж өхөөрдөж дууддаг байсан. Манайд ээж, аавтайгаа ирдэг байсан. Б*******ын аавыг Г*******, ээжийг О******* гэдэг. Г*******ынх 4 хүүхэдтэй. Том охин Ж /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/, хүү Б*******а, хүү Б, бага охиныг нь Б гэдэг... гэсэн,

-гэрч С.Т*******ийн ...С.О******* нь манай төрсөн дүү. 1988 онд хүү төрүүлж байсан. Намайг Архангай аймгийн Ихтамир сумын яслийн сувилагчаар ажиллаж байхад С.О*******ын хүү нь 6 сартай манай яслид ирж байсан. С.О*******ын хүүг Г*******ын Б*******а гэдэг. С.О*******ын хүү Б*******а 2 нас 10 сар хүртлээ манай яслид явсан. 3 нас арай хүрээгүй байсан. Тухайн үед ясли 6 сартайгаас эхэлж хүүхэд авдаг байсан. Ж******* гэсэн нэрийн талаар бол мэдэхгүй байна. Г*******ын Б*******а нь 1990 оны 5 дугаар сард өвчний улмаас нас барсан. Б*******ын аавыг Г*******, ээжийг О******* гэдэг. Г*******ынх 3 хүүхэдтэй. Том охиныг нь Жавзмаа, дунд хүүг нь Б, бага охиныг нь Б гэдэг... гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тус тус тогтоогдож байна гэж үзэв.

 

5.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч С.О*******ын төрөлтийн бүртгэл нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэн болох дээрх баримтуудаар тогтоогдож байх тул №4493******* дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд ...Г*******ын Ж*******, эрэгтэй /РД:*******/ 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн гэснийг ...Г*******ын Б*******а, эрэгтэй, /РД:/, 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн гэж өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

5.1.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоосон шийдвэр гарсны дараа бүртгэлд зохих залруулга хийлгэхээр иргэний бүртгэлийн байгууллагад уг шийдвэрийг явуулна гэж зааснаар шийдвэрийг холбогдох байгууллагад хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.  

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар нэхэмжлэгч овогт Сгийн О******* /РД:*******/-ын төрсний бүртгэл буруу бичигдсэн болохыг тогтоож, №4493******* дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд ...Г*******ын Ж*******, эрэгтэй /РД:*******/ 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн гэснийг ...Г*******ын Б*******а, эрэгтэй, /РД:/, 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн гэж өөрчлөлт оруулсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар нэхэмжлэгч овогт Сгийн О*******ын төрсний бүртгэлд буюу №4493******* дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд ...Г*******ын Ж*******, эрэгтэй /РД:*******/ 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн гэснийг ...Г*******ын Б*******а, эрэгтэй, /РД:/, 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн гэж залруулга хийлгэхээр иргэний бүртгэлийн байгууллагад шийдвэрийг хүргүүлсүгэй.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.ХУЛАН