| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0065/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б Б-д холбогдох 1835001030084 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4-р сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 25-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суух Б овогт Б-ийн Б. РД:ОЛ.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 14-нд Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 017 тоот хашааны гадна хохирогч Я.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 14-нд Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 017 тоот хашааны гадна хохирогч Я.О-г зодсон болох нь хохирогч Я.О-ы мөрдөн байцаалтанд өгсөн “Би 2018 оны 3 дугаар сарын 14-ний орой 20.00 цагийн үед гэртээ аав, ээж, дүүгийн хамт бууз чимхээд сууж байтал ээж А гэрээс гарчихаад орж ирээд “Б, Г хоёр хашааны гадна ирчихсэн хэрэлдэж маргалдаад байна” гэхээр би “Гараад тэр хоёрыг зохицуулаад явуулчихая” гэж хэлээд хашааны гадна гарахад тэр хоёр маргалдаж байхаар нь очоод “Та хоёр юу болоод байгаа юм бэ?” гэхэд Б машин дотроо сууж байгаад “Энэ муу яатуу зун намайг өшиглөсөн юм. Одоо би үүнийг ална” гэж заналхийлээд, бууж ирээд гараараа миний толгой руу 2-3 удаа хүчтэй цохисон юм. Тэгтэл миний толгойноос цус гараад нүүрэн дээгүүр урсаад ирэхээр нь би уурлаад Б-ын цамцнаас татахад дахин намайг цохих гэхээр нь урдаас нь хацар луу нь нэг удаа алгадаж, хөл рүү нь 1-2 удаа өшиглөсөн. Тэгтэл Б машинаа асаагаад зугатаах гэхээр нь хөлнөөс чирэгдээд, хажууд байсан О эгчийг “цагдаа дууд” гэж хэлсэн О эгч цагдаа дуудахаар гэр лүүгээ ороход Б араас нь орсон. Би О эгчийн гэр лүү ороход Б О эгчтэй хэрэлдээд зогсож байхаар нь О эгчийг “Юу гэж хэрэлдээд байгаа юм бэ? Хурдан цагдаа дуудаж өг” гэж хэлэхэд дахин нал руу дайрч миний толгой, дух руу 3-4 удаа цохичихоод гараад зугатаасан. Өнгөрсөн зун Б-той маргалдаж байгаад ганц хоёр удаа цохьчихсон юм. Түүнд юм бодож яваад намайг зодсон. Б надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Одоо надад нэхэмлэх хохирол, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,
гэрч Я.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 14-ны орой 20.00 цагийн үед төрсөн эгч О-гийн гэрт сууж байтал гадна хүмүүс маргалдах дуу чимээ гарахаар нь О эгч бид хоёр гэрээс гарахад хашааны гадна талд миний төрсөн дүү О-ыг Б үсдэж аваад толгой руу нь цохиж байсан. Би Б-ыг боль гэхэд намайг зодох гээд хөөхөөр нь зугатаагаад аавын гэр лүү орчихсон. О надад хэлэхдээ “Оюунтуяа эгчийн гэрт орж ирээд толгой руу нь цохьсон” гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,
гэрч Я.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 14-ны орой 20.00 цагийн гэртээ байж байтал гадна хүмүүс орилох дуу чимээ гарахаар нь гэрээс гараад хашааны үүдэнд очиход миний төрсөн дүү О, хүргэн Б нар маргалдаж, барьцалдсан байсан. О “Б ах намайг зодлоо. Цагдаа дууд” гэж хэлэхээр нь гэрт ороод цагдаад дуудлага гөх гэж байтал О, Б хоёр манайд орж ирээд хэрэлдэж байгаад О Б руу нэг таваг аваад шидэхэд оноогүй. Тэгтэл Б О-ыг барьж аваад толгой руу нь гараараа 2-3 удаа цохьсон. О гаднаас орж ирэхэд толгойноос нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 3 дугаар сарын 14-нд эхнэр Г-гийн хамт малын тэжээл авахаар Улаангом орж ирсэн юм. Эхнэр банкнаас мөнгө авахаар бууж үлдээд би Гашууны голд байдаг найз Б-ийн гэрт очиж хоол хийлгэж идээд буцааж ирж байтал 15.00 цагийн үед эхнэр над руу залгаад өөр хүнтэй хардаж хэрэлдсэн. Орой хадам эгч О-гийн хашааны гадан очоод Г-г дуудаад гэр лүүгээ явья гэхэд намайг өөр хүнтэй хардаж хэрэлдэж, маргаад явахгүй гээд зогсож байтал хашаан дотроос эхнэрийн дүү О гарч ирээд би машин дотроо сууж байтал “Эгчийг доромжилж, өөр эмэгтэйтээ явалдлаа” гээд над руу дайрч доромжлоод байхаар нь би уурлаад машинаасаа буугаад очиход надтай зууралдаад хацар луу нэг удаа алгадаад, хөл рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би толгой руу нь гараараа 2 удаа цохиход толгойн хэсгийн арьс нь язарч цус гарсан юм. Бид хоёр маргалдаад О эгчийн гэрт ороод хэрэлдэж байтал О аяга тавагны тавиур дээрээс нэг таваг аваад над руу шидэхэд намайг оноогүй. О эгч цагдаа дуудахаар нь би машинаа асааж зугатаагаад гэртээ ганцаараа харьсан. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хадам дүү О-оос уучлалт гуйж эвлэрсэн. Би дахин ийм хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Я.О-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид зүүн нүдний зовхинд хар хөхөрсөн, духны зүүн дээд хэсгийн хуйханд зулгаралт, цум хуралт, зүүн гарын дунд хуруунд хар хөхөрсөн хавансан, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 204 дугаартай дүгнэлт /хх-ийн 9-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Я.О “Шүүгдэгч Б.Б-оос нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан ““гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ