Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 119/ШШ2025/0046

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “**” ХХК /гүйцэтгэх захирал **/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **

Гуравдагч этгээд: **” ХХК /гүйцэтгэх захирал **/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн “**” ХХК-ийг хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9346 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр,Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;

 Тендерийн Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах;

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн  “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 2/347-25 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн “**” ХХК-ийг хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9346 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр,Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Тендерийн Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн  “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 2/347-25 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... Захиалагчийн манай компанийг Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5-т заасан шаардлагыг хангахгүй гэж үзсэн шийдвэр үндэслэлгүй. Захиалагч нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр М-ДБ-112-12/9015 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан мэдэгдлээр манай компанийг хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангаагүй болохыг мэдэгдсэн. Захиалагчийн М-ДБ-112-12/9015 дугаар албан бичгийн хүснэгтэд:

-Захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй болохыг дараах байдлаар ирүүлсэн.

Захиалагчийн тавьсан шаардлага

Оролцогчийн санал

1

ТШЗ 17.5 1. Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. Техникийн тодорхойлолтын 18 мөр Хээний гүн (Хамгийн бага утга) 86 мм багагүй, 19 мөр Хээний гүн (Хамгийн их утга) 95 мм ихгүй байх

Оролцогчийн ирүүлсэн нотлох баримт дээр Мишелин ХDR 33.00R51 дугуйн орчуулга /Мөрний гүн мм 94, 118.4/ гэж ирүүлсэн нь зөрүүтэй

 

“ТШЗ 17.5 шаардлага хангахгүй.” гэх мэдэгдэл ирүүлсэн. Бид ТББ-ийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5-ийн 1-т заасны дагуу ТББ-ийн техникийн үзүүлэлтийн 18-19 мөрөнд дугуйн мэдээллийг харьцуулж илгээсэн.

Тодруулбал, манай компанийн илгээсэн тендерийн баримт бичгийн Техникийн үзүүлэлт хүснэгт (Хуудас 55-56)-ийн 18 болон 19-д харьяалагдах Хээний гүн мөрүүдэд манай санал болгосон хээний гүн “94 мм” гэж тодорхой харьцуулж илгээсэн бөгөөд 118.4 гэх хэмжигдэхүүнийг огт дурдаагүй нь шаардлага хангахгүй гэх мэдэгдлийн оролцогчийн санал баганатай авцалдахгүй байна. Харин манай компани илгээсэн материалдаа дугуйн техникийн үзүүлэлт буюу “Хээний гүн“-ийг “мм” болон бусад ТББ-т шаардсан хэмжигдэхүүнүүдийг нотлох, мөн заавал цахим хуудсаар баталгаажуулна гэснийг үндэслэн дараах баримтуудаар тус тус баталгаажуулан тендер шалгаруулалтын мэдээлэлд хавсаргасан. Үүнд:

1.Үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас /https://business.michelinman.com/tires/michelin-xdr-3#specifications/-т /санал болгосон 33.00R51 хэмжээтэй дугуйг сонгох/ дурдсанаар Тhread depth (Хээний гүн) -94мм гэж заасныг тодорхой заасан бөгөөд ТББ-т илгээсэн материалын “хуудас 16-21” албан бичигт дэлгэрэнгүйгээр цахим хуудастай хэрхэн танилцах талаар зааврын хамт илгээсэн. Энэ нь ТББ-ийн ТШЗ 17.5.2-ийн хэрэв зөрүүтэй орхигдуулсан бол нотлох баримтын хамт ирүүлсэн байна гэдэг шаардлагыг бүрэн хангаж байгаа.

2. Үйлдвэрлэгчээс гаргасан дугуйны дэлгэрэнгүй хавтаст танилцуулгыг нэмэлтээр Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулан хүргүүлсэн бөгөөд тухайн танилцуулга дээрх 118.4 хэмжигдэхүүнийг орчуулга дээр устгах, арилгах, өөрчлөх боломжгүй үнэн зөв орчуулгыг хүргүүлсэн. Энэхүү 118.4 гэх хэмжигдэхүүн нь АНУ-д ашиглагддаг хэмжих нэгж бөгөөд дугуйн хээний гүнийг хэмждэг 94мм-тэй яг адилхан утгатай хээний гүнийг хэмждэг хэмжүүр бөгөөд мм-ийг инч рүү шилжүүлсэн яг ижил хэмжигдэхүүн

 

1мм=0.0393701инч (ОУ-ын шилжүүлэх тооцоолол) буюу 94мм=(94*0.0393701 )=3.7инч,

“инч” нь дугуйг хэмждэг МУ-д ашиглагддаггүй стандарт нэгж утга бөгөөд Захиалагчийн тендерийн материалд асуугаагүй, шаардаагүй утга юм.  Мөн түүнчлэн дэлгэрэнгүйгээр хэмжигдэхүүнийг тайлбарлавал дугуйг зөвхөн АНУ-д "32nds ” гэх утгаар хэмждэг бөгөөд энэ 1 инчийг 32 тэнцүү (1/32) хэсэгт хуваан дугуй буюу бусад материалыг нарийн хэмждэг хэмжээс буюу 32/32=1 инч юм.

Soursе: according to the University of Minnesota Printing Services.

 

Тооцоолол: 32*3.7инч=118.4=94мм

 

Дүгнэлт: Энэхүү Монгол улсад ашиглагддаггүй “инч” гэх үзүүлэлт нь “мм”-тэй яг адилхан утгатай нэг л хэмжээс. Улс орон бүрийн хэрэглэгдэхүүнээрээ ялгаатай бөгөөд Захиалагчийн шаардсан буюу Монгол улсад ашиглагддаг “мм” хэмжигдэхүүнээр манай компани ТББ-ийн Техникийн үзүүлэлтийн 18-19 мөрөнд “мм” гэж ямар ч зөрүүтэй мэдээлэлгүйгээр үнэн зөв илгээсэн. Харин нэмэлтээр хавсаргасан “үйлдвэрлэгчийн хавтаст танилцуулга”-ны Монгол хэлний орчуулгын хамааралтай мөрний утгад орчуулгын товчоо “мм” гэж тодорхой дурдсан бөгөөд Англи хэл дээр үйлдвэрлэгчийн танилцуулга болон үйлдвэрлэгчийн цахим хаягийн мэдээлэл бидний тендерт илгээсэн мэдээлэлтэй ямар ч зөрүүгүй "94мм” Хээний гүнтэй 33.00R51 хэмжээтэй дугуйг батална.

 

Бид 2019 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран ажиллан 33.00R51 хэмжээтэй 94 мм-ийн “хээний гүн”-тэй дугуйг нийлүүлж байсан бөгөөд тухайн шалгаруулалтад яг ижил дугуйг яг ижил техникийн үзүүлэлттэй буюу 94мм хээний гүнтэй Захиалагчаас шаардсан техникийн үзүүлэлтийг цахим хуудас болон хавтаст танилцуулгаар хавсарган 2021 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Мишелин 33.00R51 хэмжээтэй, 94мм хээний гүнтэй дугуйг нийлүүлж, дугуйн техникийн тодорхойлолтыг яг ижил материалуудаар баталгаажуулан илгээж ирсэн. Тиймээс манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102117 дугаартай “Хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч” тендер шалгаруулалтад материал илгээхдээ үйлдвэрлэгчийн гаргасан техникийн үзүүлэлтийг өөрчлөх, устгах ямар ч боломжгүй ба олон улсын хэмжих нэгж буюу инч; Захиалагчийн шаардсан буюу Монгол улсад хэрэглэгддэг “мм” хэмжих нэгж бүхий нэг ижил тоон утгатай нэгжээр илэрхийлж материалаа илгээсэн. Үнэлгээний хороо тендерийн Техникийн тодорхойлолтын 18, 19 дүгээр мөр, нэмэлтээр илгээсэн Үйлдвэрлэгчийн хавтаст танилцуулга, цахим хуудас дахь дэлгэрэнгүй техникийн үзүүлэлтийн мэдээллийг үнэн зөв, бодит байдлаар үнэлж чадаагүй, Тендерийн баримт бичигт шаардсан хэмжих нэгжийг илтэд гуйвуулж, ташаа дүгнэлт хийсэн бөгөөд энэ дүгнэлтийн үндсэн дээр Захиалагч 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаар шийдвэр гарсныг нь бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Тендерийн хуулийн 26.6-д "Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.”

Дээр дурдсан үндэслэлээр бид Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/, Захиалагчийн шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгохыг шүүхээс хүсэж байгаа юм.

Тендерийн Үнэлгээний хороо болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Тендерийн хуулийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.", 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: ...26.4.2. санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;..." гэж зааснаар тендерийг хянан үзэх ажиллагааг хуульд нийцүүлэн тал бүрээс нь бүрэн дүүрэн нягталж үзээгүй алдаатай шийдвэр гаргасан.

Тендерийн хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх", 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх", 30 дугаар зүйлд "Гэрээ байгуулах”  гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”, 30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.

Тендерийн Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх шатанд хууль бус алдаатай шийдвэр гаргасан учир дараа дараагийн шат дараалсан тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа хууль бус болох бөгөөд улмаар шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх, хамгийн сайн тендерийг шалгаруулах зэргээр шийдвэр гаргах ажиллагаанд зөрчил үүссэн байна. Энэ нь Тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэсэн зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тендерийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т “Үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” гэж заасны дагуу Тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-д хяналт тавих үүргээ биелүүлэлгүй мэдэгдэл хүргүүлсэн.

Тендерийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн үр дүнд илт нөлөөлсөн” гэж заасан байх ба үнэлгээний хороо нь хууль зөрчиж тендерийг хянан үзсэн мөн захиалагч нь үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-д хяналт тавих үүргээ биелүүлээгүй учир “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9346 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрүүд нь илт хууль бус байх хууль зүйн нөхцөлийг хангаж байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны актуудыг хууль бус болохыг шүүхийн журмаар тоггоолгосноор маргаан бүхий “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй болон жийргэвч” ЭҮТӨҮГ/20250102117 Багц №1 тендерийн сонгон шалгаруулалтын хүрээнд Захиалагчаас цаашид гарах аливаа захиргааны акт, гэрээ илт хууль бус болох тул тендер хэрэгжих боломжгүй болсноор сонгон шалгаруулалтыг дахин явуулах нөхцөл байдал үүсэж, түүнд нь манай “**” ХХК дахин оролцож шударгаар өөрийн тендерийг үнэлүүлэх боломж нээгдсэнээр зөрчигдсөн эрх маань сэргээгдэх бүрэн боломжтой болно гэж бид үзэж байгааг зориуд тэмдэглэж байна.” гэж; /I хавтаст хэргийн 31-36 дахь тал/

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 Багц 1 18.1.1-т “Оролцогчид тавигдах техникийн болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага хангасан эсэх: Шаардана" гэж, 18.1.1.2.1-т “2022, 2023, 2024 оны аль нэг 2 жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна." гэж, 18.1.1.2.2-т “Нийлүүлсэн ижил төстэй барааны нийт дүн нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна." гэж, 18.1.1.2.3 “Ижил төстэй гэдэгт 90 тонноос дээш хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч нийлүүлж байсныг ойлгоно." гэж тендерт оролцогчид тавигдах техникийн болон туршлагын шалгуур үзүүлэлт, ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг хангах эсэхийг нотлох баримт шаардсан.

Нотолгоо: “** ХХК ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлохдоо 2022 он, 2023 он, 2024 он тус бүрийн ижил төстэй бараа нийлүүлсэн мэдээллийг илгээсэн байгаа хэдий ч ТББ-ын өгөгдлийн хүснэгтийн ТШ318.1.1.2.1, ТШЗ 18.1.1.2.2-т тус тус заасны дагуу аль нэг 2 жилд нийлүүлсэн барааны үнийн дүн нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй буюу 15,851,144,946 төгрөгөөс багагүй байх гэсэн шаардлагад нийцээгүй.

/Тендерийн материалын 40-р хуудас/

Гэрээ байгуулсан компанийн нэр

Гэрээ байгуулсан огноо

Гэрээний үнийн дүн /төгрөг/

Гэрээний төрөл

1

** ХХК

2022-01-03

803,200,000

Уурхайн даацын дугуй худалдах, худалдан авах гэрээ

2

** ХК

2022-08-02

5,227,200,000

Хүнд машин механизмын дугуй худалдах, худалдан авах гэрээ

3

** ХХК

2023-06-02

408,000,000

Зээлээр худалдах, худалдан авах гэрээ

4

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ

2024-08-05

15,130,170,000

Худалдах, худалдан авах гэрээ

 

“**” ХХК нь “**” ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр HLК/230602-05 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. /Тендерийн материалын 86-р хуудас/

Нотолгоо: Тухайн гэрээнд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Худалдан авагч “**” ХХК-ийг төлөөлж Хувьцаа эзэмшигч ** гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар “**” ХХК /РД: **/-ийн 100%-ийн хувьцааг “**” ХХК /РД: **/ эзэмшдэг байсан нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл”-ээс нотлогдож байна.

Үүнээс үзэхэд “**” ХХК болон “**” ХХК нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан HLК/20230602-05 дугаар “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурах эрхгүй этгээд гарын үсэг зурсан харагдаж байна. Тодруулбал, “**” ХХК нь “**” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан **д Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 64 дүгээр зүйлийн 64.2-т заасны дагуу олгосон итгэмжлэлийг тендерийн материалд хавсаргаж ирүүлээгүй тул тухайн гэрээнд гарын үсэг зурах эрхгүй этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан гэж үзэж, хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд “**” ХХК нь 2023 онд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлоогүй гэж үзнэ. “**” ХХК-ийн тендерийн материалд ирүүлсэн Дундаж гүйлт 131,928 км-ыг тооцож гаргасан нь алдаатай.

Мөн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь ТББ-ын III бүлэг. Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага /Багцын нэр: Хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч/-ын Техникийн үзүүлэлт хүснэгтийн 49-р мөрөнд “Дугуйн дундаж гүйлтийг тодорхойлоход тендерт ирүүлсэн баталгаат гүйлтээр тооцно. ”, 50-р мөрөнд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн уул геологийн нөхцөлтэй ижил төстэй (ижил төстэй уурхай гэдэгт зэс, алт, төмрийн хүдэр олборлож буй уурхайг ойлгоно) уурхайд ашиглагдаж байсан дугуйн дундаж гүйлт 125,000 км-ыг хангасан болохыг нотлох хэрэглэгчийн актыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ." гэж нэмэлт шаардлагыг тогтоож өгсөн.

Нотолгоо: “**” ХХК 36 ширхэг дугуйг 12 автомашинд суурилуулсан гүйлтийн мэдээллийг Дугуйн гүйлтийн актаар /тендерийн материалын 112-113-р хуудас/ тендерийн материалд ирүүлсэн.

“**” ХХК нь дугуйн дундаж гүйлтийг нотлохын тулд нийт 36 ширхэг дугуйг дунджаар 19.5 сарын турш тасралтгүйгээр ашигласан мэтээр акт үйлдэж, 2021 оноос 2023 оны 6-р сар хүртэлх хугацаанд 36 ширхэг дугуйнууд ямар ч хагаралгүй, ашиглагдах боломжгүй байх тохиолдлуудыг гаргаагүй 116,500-149,236 км ашиглагдаж байгаа мэтээр акт үйлдсэн харагдаж байна.

Нотолгоо: Дугуйн дундаж гүйлтийн тайлан нь дугуйн ашиглалтын явцад гэнэтийн хагарал болон гэнэтийн эрсдэлийн тохиолдлыг илэрхийлдэг бөгөөд “**” ХХК-ийн дээрх 36 ш дугуйн гүйлтийн актыг харахад дэлхийн стандартад байхгүйгээр гүйлт хийгдэж, Ил уурхайн геологийн нөхцөлд нийт дугуйнд гэнэтийн хагарал, гэнэтийн бусад эрсдэл тохиолдохгүйгээр ашиглалтаас гарах хүртэл хугацаанд тасралтгүй ашиглагдсан гэж акт үйлдэж байгаа нь худал мэдээлэл юм.

Иймд” Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэр, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “**” ХХК- д гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэж; /II хавтас хэргийн 52-54 дэх тал/

“Нэхэмжлэгчээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, үйл ажиллагаа хууль бус гэж маргаж байгаа ба тус хууль бус шийдвэрийг үндэслэж гэрээ байгуулсан үйлдэл хууль ёсны байх боломжгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн үр дүнд нөлөөлсөн” гэж заасан байх ба захиалагч болон үнэлгээний хороо нь хууль зөрчиж тендерийг хянан үзэж, үнэлсэн байхад захиалагч нь хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасны дагуу үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжид хяналт тавих үүргээ биелүүлээгүй учир “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК нарын хооронд байгуулагдсан 2/347-25 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” нь илт хууль бус байх хууль зүйн нөхцөлийг хангах боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нийт нийлүүлэх 287 ширхэг дугуйнаас гуравдагч этгээд “**” ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 38 ширхэг дугуйг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийлүүлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хэрэв хангагдвал үлдэх хэсэг дээр нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой.

Иймд дээрх үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 2/347-25 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэж; /II хавтас хэргийн 138-139 дэх тал /

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Тус компанийн тендерийн баримт бичгийн нягтруулагч кольцо, резинэн жийргийн мэдээлэлдээ хавсарган ирүүлсэн техникийн тодорхойлолтыг үзвэл үйлдвэрлэгчээс тус компанид дараах байдлаар ирүүлсэн буюу “**” ХХК нь зөрүүтэй мэдээлсэн гэж үзэж байна. 12.5-12.9 хооронд 1 тоон стандарт хэмжилт байх ёстой байтал “**” ХХК нь тухайн тоон хэмжилтийг 12.5-12.9 буюу тодорхой бус буюу хувилбарт санал ирүүлсэн гэж үзэж байгаа. Хувилбарт санал ирүүлэхийг өгөгдлийн хүснэгтэд зөвшөөрөхгүй байгаа. Яг хэд гэдгийг тодорхой ирүүлээгүй хувилбарт санал ирүүлснийг нь алдаатай гэж үзэхээр байгаа. Энэ асуудал нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийн 12.5, 13.1-д заасныг хангахгүй гэж үзэж байна. Мөн оролцогч “**” ХХК-ийн нийлүүлэх бараа нь MS453 про загварын дугуй. Гэтэл ижил төстэй гэрээ дүгнэсэн акт дээрх гэрээнүүд дээр дурдахдаа максам MS403 про гэдэг загварын дугуй байгаа. Мөн 403 плас гэдэг дугуй байгаа. Эдгээр дугуйг харахад оролцогч “**” ХХК 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “**” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу MS403 про гэдэг дугуй нийлүүлсэн байгаа. MS403 про гэдэг дугуйгаа тендерт санал болгоогүй. MS453 про буюу шал өөр дугуй санал болгосон. Тиймээс MS453 про дугуйны дундаж гүйлт 125,000 км хүрч байгаа эсэхийг яаж нотлох юм бэ? Огт хэрэглэгдэж үзээгүй дугуйг шинээр санал болгоод, өмнө ирүүлсэн бүх дугуйных нь загвар өөр нийт 4 гэрээг ирүүлсэн байгаа. MS453 про буюу санал болгосон дугуйныхаа материалыг нэг ч удаа ирүүлээгүй алдаа гаргасан байна.

Тендерийн баримт бичигт заасны дагуу үйлдвэрлэгч байгууллагын танилцуулга байна. Англи танилцуулгад тухайн 32NDS гэх тэмдэглэгээ нь байна. Бид орчуулгыг өөрчлөх боломжгүй яг байгаа байдлаар нь өгсөн. Нотлох баримт шинжлэн судлахад “**” ХХК-ийн цахим сайт руу яаж орохыг маш дэлгэрэнгүй дурдсан байгааг харсан байх. Дугуйны техникийн үзүүлэлтийг судлахдаа цахим сайт руу орсон бол тендерийн Үнэлгээний хорооны даргын буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа 32NDS гэх хэмжигдэхүүн байсан. Тендерийн баримт бичгийн 17.5-д заасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 07 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн үндэслэл нь өөрөө биш юм. Яагаад гэвэл тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.5-д зөвхөн техникийн тодорхойлолтыг харьцуулсан хүснэгтээр ирүүлнэ гэж заасан. 07 дугаар сарын 09-ний өдрийн бичгийг нь хараад ямар шалтгаанаар манайхаас татгалзсан юм бэ гэхэд ТШЗ-ын 17.5-д зааснаар татгалзсан гэж байгаа. Бид техникийн тодорхойлолт дээр 94мм гээд ирүүлсэн байгаа. Манайд 07 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэхдээ зүйлчилсэн заалт нь буруу гэдгийг шүүх харгалзан үзнэ үү. Тендерт хамгийн сайн оролцогчоор шалгарсан “**” ХХК-ийн хувьд илэрхий зөрүүтэй, нэгдүгээрт 12.5-12.9 буюу хувилбарт санал ирүүлсэн. Үүнийг асуулт хариултын үед хувилбарт санал ирүүлсэн эсэхэд би тодорхой хариулт аваагүй гэж үзэж байна. “**” ХХК MS453 про гэдэг загварын дугуй нийлүүлж байгаа. Гэтэл 4 гэрээгээр өөр загварын дугуй нийлүүлсэн туршлагаа нотлох гээд байгаа. Дугуйн дундаж гүйлтийн баталгааг зайлшгүй тендерийн тодорхойлолтод заасны дагуу ирүүлэх ёстой. Нотариат зүгээр л эх хувиас нь хуулбарласан гэдгийг нь гэрчилсэн болохоос биш доторх тоог нь хараагүй гэж үзэж байгаа. Судлаад үзэхэд автомашины километрын заалт суурилуулах үеэсээ ухарч байгаа нь байж болохгүй алдаа. Дугуйн дундаж гүйлт хэзээ ч ийм байх боломжгүй гэдгийг шүүгч шийдвэр гаргахдаа тунгаан үзээсэй гэж бодож байна. “**” ХХК дугуйн дундаж гүйлт 125,000 км гэдгийг нотлоогүй нь нотлогдвол тус компани тендерт хамгийн сайн оролцогчоор шалгарах боломжгүй. Үүнийг бас харж үзээрэй. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр Үнэлгээний хорооноос энэ бүх асуудлыг гаргаж тавиад байхад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас яагаад илэрхий алдаатай зүйлийг буцаад оруулж ирсэн нь эргэлзээтэй байгаа. Сангийн яамны 08 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг “Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг бид дагах ёстой, Сангийн яамнаас 111-112-р талд байсан дугуйн гүйлтийг болно гэсэн” гэдэг тайлбар тавиад байгаа. Сангийн яамнаас гүйлтийг тодорхойлсон эсэхийг нягтал гэсэн үүрэг өгсөн. Гэтэл Үнэлгээний хороо 09 дүгээр сарын 01, 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдахдаа огт нягталж үзээгүй, гүйлтийн акт зөрүүтэй байгааг хурлын тэмдэглэлдээ огт тусгахгүйгээр “**” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргасан 020117 дугаартай тендер шалгаруулалт нь 287 ширхэг 3351 хэмжээтэй дугуй нийлүүлэх ёстой байгаа. Өнөөдөр нотлох баримтаар авагдсанаар 38 ширхэг дугуйг нийлүүлсэн байгаа. Тиймээс үлдэгдэл дугуйн дээр нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боломжтой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сангийн яамны ажилтны тендерийг буруу шалгасан алдаатай үйлдлээс болоод бидний эрх ашигт ийм процесс тулгараад байгаа. Үнэлгээний хороо цахимаар орж шалгах юм бол 32 NDS гэдэг тэмдэглэгээ нь байсан шүү. 94 мм болон 118.4 бол яг адилхан хэмжээ юм.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тендерийн Үнэлгээний хорооны 07 дугаар сарын 09, 08 дугаар сарын 05, 09 дүгээр сарын 01-ний өдрийн зөвлөмжийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гаргасан мэдэгдэл зэрэг захиргааны актуудыг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй. Хуулийн заалтын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18, 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.6, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгох бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, ** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Үнэлгээний хороод байгуулах тухай А/57 дугаар тушаалын 61 дүгээр хавсралтаар Хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч /ЭҮТӨҮГ/20250102117/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Үнэлгээний хороо 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №06 хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т заасны дагуу оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзээд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах шийдвэр гаргах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэхдээ “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд:

ТШЗ 17.5 1. Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ.

2. Хэрэв санал болгосон бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. /Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг эсхүл тодорхойлолт байж болно/

Техникийн тодорхойлолтын

18. Хээний гүн /хамгийн бага утга/ 86мм багагүй

19. Хээний гүн /хамгийн их утга/ 95мм ихгүй гэснийг харьцуулсан хүснэгтээр 94 мм дүйцэнэ гэж ирүүлсэн боловч санал болгож буй дугуйны брэнд, моделийг нарийвчлан заасан нотлох баримт дээр Мишилен ХDR 33600R51 дугуйн мөрний гүн 94, 118,4 мм гэж ирүүлсэн нь дугуйны техникийн тодорхойлолтод зааснаас зөрсөн.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасныг үндэслэн шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн “**” ХХК-ийн тендерээс татгалзаж, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаартай албан бичгээр “**” ХХК-д мэдэгдсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр юм.

Гэтэл тус тендерт оролцогч “**” ХХК, “**” ХХК-аас тендерээс үндэслэлгүй татгалзсан гэж үзэн тус тус Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Сангийн яам гомдлыг хянаад 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/7313 дугаартай албан бичгээр: “**” ХХК-ийн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд хээний гүн 94мм гэж ирүүлсэн, үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хаягаас техникийн тодорхойлолтыг үзэхэд “tread depth 90mm /3.5/32 nds гэж, техникийн үзүүлэлтийн дэлгэрэнгүй мэдээлэл хээний гүн гэсэн мэдээлэл байхгүй, Мишилен ХDR 33,00R51 дугуйн шинэчлэлийн талаар хавсарган ирүүлсэн тендерийн 59 дүгээр хуудас дахь мэдээллийн англи болон монгол хэл рүү орчуулсан хувьд мөрний гүн /мм/ гэсэн баганад 94, 118.4 гэсэн тоон үзүүлэлт байх тул техникийн тодорхойлолтод заасан хээний гүний хэмжээ нь зөрүүтэй байна гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг ирүүлсэн. Мөн Сангийн яамнаас 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/7336 дугаартай албан бичгээр “**” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаад захиалагчийн тус тендер шалгаруулалтад холбогдуулан гаргасан 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9013 дугаар “**” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

Үнэлгээний хороо 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр №09 дүгээр хурлаар Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу маргаан бүхий тендерийг дахин хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9344 дугаартай албан бичгээр “**” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл “**” ХХК-аас мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 02/7803 дугаар албан бичгээр гомдлыг хянаж, захиалагчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9344 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

Захиалагч болон үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийг хүлээн авч үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №11 дүгээр хурлаар дахин хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болсон. Улмаар “**” ХХК-д 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/9780 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх  олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн болно.

Үнэлгээний хороо нь Сангийн яамны гомдол хянасан шийдвэрийн дагуу хуульд заасан эрхийн хүрээнд маргаан бүхий тендерт дахин үнэлгээ хийж 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №06 шийдвэр /хурлын тэмдэглэл/, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр №09 /хурлын тэмдэглэл/, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №11 /хурлын тэмдэглэл/ шийдвэрүүдийг тус тус гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” дахь хэсэгт заасантай нийцэж байх тул Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах үндэслэлгүй байна.” гэж; /I хавтас хэргийн 80-82 дахь тал/

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.1. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-ийн 18.1.1.2-т “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага шаардана” гэж, 18.1.1.2.1 -т 2022, 2023, 2024 оны аль нэг 2 жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна. 18.1.1.2.2-т “Нийлүүлсэн ижил төстэй барааны үнийн дүн нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна гэж” ТШЗ 2.1-д “Нийт төсөвт өртөг: 32,168,982,45.25 төгрөг Багц 1: 31,702,289,893.15 төгрөг” гэж заасан байна. “**” ХХК нь тендерт ижил төстэй гэрээний мэдээлэлд 2022 онд “**” ХХК-тай байгуулсан 803,200,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ, “**” ХК-тай байгуулсан 5,227,200,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ, 2023 онд “**” ХХК-тай байгуулсан 408,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ, 2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 15,130,170,000 төгрөгийн үнийн дүн бүхий ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээллийг тус тус ирүүлсэн нь ижил төстэй ажлын туршлагын шаардлагыг хангаж байна гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй.

1.2. Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын нэмэлт шаардлага хэсгийн 49-д “Дугуйн дундаж гүйлтийг тодорхойлоход тендерт ирүүлсэн баталгаат гүйлтээр тооцно.” 50-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн уул геологийн нөхцөлтэй ижил төстэй /ижил төстэй уурхай гэдэгт зэс, алт, төмрийн хүдэр олборлож буй уурхайг ойлгоно/ уурхайд ашиглагдаж байсан дугуйн дундаж гүйлт нь 125,000 км-ыг хангасан болохыг нотлох хэрэглэгчийн актыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ” гэж тус тус заасан. “**” ХХК нь дээрх шаардлагыг хангаж дараах нотлох баримтуудыг тендерт ирүүлсэн. Үүнд:

1. “**” ХХК-ний 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А25/182 дугаартай Баталгаат хугацааны мэдэгдэл-д Максам брэндийн МS453 РRО S1 загварын 33,00R51 размерийн дугуйнд 125,000 км-ийн үйлдвэрийн баталгааг олгож байгаа бөгөөд 2025 онд үйлдвэрлэсэн дугуй нийлүүлэх тухай тусгагдсан.

2. 2024 оны 3-р сарын 11-ний өдрийн АКТ 24/20 дугаартай Дугуйн гүйлтийн акт-аар 36 нэгж Махам брэндийн 33,00R51 хэмжээтэй резин дугуйн гүйлтийн мэдээллийг тусгасан ба нийлүүлэгч болон хэрэглэгч компанийн ажилтнуудын гарын үсэг, тамга дарагдаж, нотариатчаар гэрчлүүлсэн ирүүлсэн. Тус дугуйн гүйлтийн актаар дугуйн дундаж гүйлт нь 131,928 км гэж гарсан нь техникийн тодорхойлолтын 50-д заасныг бүрэн хангаж байна.

Иймд Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын дагуу “хамгийн сайн тендер” ирүүлсэн оролцогч болох “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй. Мөн “**” ХХК-д 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/9780 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг Захиалагчаас хүргүүлсэн нь хуульд нийцнэ.

 

2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаагүй ямар нэг шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэж; /II хавтас хэргийн 74-75 дахь тал/

 

““**” ХХК-иас "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 2/347-25 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дараах үндэслэл зөвшөөрөхгүй байна.

Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй болон жийргэвч ЭҮТӨҮГ/20250102117 дугаартай тендерийн Үнэлгээний хороо нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №11 дүгээр хурлаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэж заасныг баримтлан “**” ХХК-д 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/9780 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ гэж заасныг баримтлан шалгарсан оролцогч 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж, харин хуулийн хэлтэст 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна.

30.3.2. энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон гэж заасан байх бөгөөд энэхүү үндэслэл байхгүй тул гэрээг хуульд заасан хугацаанд байгуулах үүрэгтэй. Энэ талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно гэж хуульчилсан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендерт шалгарсан оролцогч болох “**” ХХК -тай гэрээ байгуулсан байх тул тус гэрээг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэж; /II хавтас хэргийн 147-148 дэх тал/

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““**” ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэл тодорхой байгаа. Нэхэмжлэгч сайтаар ороод шалгах ёстой байсан гэж ярьдаг. Бид сайтаар ороход байгаагүй гэдгийг нотлох баримт шинжлэн судлахад давхар нотолсон. Сайтаар орж үзэхэд байхгүй гэдэг нь дангаараа шаардлагад нийцэхгүй байна гэж үзэх үндэслэл болж байна. Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын тухайд “**” ХХК-ийн үнийн дүн яаж ч бодсон  50 хувиас дээш гарч байгаа. “**” ХХК-ийн гэрээтэй холбоотой асуудал шалгалтаар хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон. Дугуйн гүйлтийн дунджийг тодорхойлох тухайд шаардсан үндэслэл шаардлагуудаа харсан. 1, 2 зөрүүтэй асуудал байлаа гээд тэр актыг бүхэлдээ шаардлага хангахгүй гэж үзэж болохгүй. “**” ХХК-ийн дугуйн гүйлтийн акт нь манай доод хэмжээ болох 125,000 км-ээс өндөр байсан. Баталгаат гүйлтийг Сангийн яамнаас нягтал гэсэн. Бид шийдвэрийн дагуу нягталж шалгасан байгаа. Мөн дугуйн гүйлтийн тухайд ямар нэг байдлаар ухрах, өсөх, зогсох асуудлын тухайд амьдрал баялаг, техникийн асуудал гардаг учраас ийм нөхцөл байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Хувилбарт санал гэж байгаа асуудлын тухайд 12.5-12.9 мм гэж манайх заасан. Компаниас ирүүлсэн заалт нь яг энэ тоон утгын хүрээнд ирүүлсэн учраас бид үүнийг буруу, зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй. Энэ тайлбар дээрээ бат зогсож байна. Гэрээг илт хууль бус гэж үзэх үндэслэлийг хуульд заасан байгаа бөгөөд тэрхүү шинжийг агуулаагүй, хуульд нийцүүлж гаргасан шийдвэрийн үндсэн дээр байгуулагдсан гэрээ учир хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Техникийн хувьд хэдэн зүйл хэлье. Оролцогчийн санал гэсэн хэсэгт “мишилен XDR33.00F51 дугуйны хээний мөрийг техникийн тодорхойлолт дээрээ 94 мм гэж тавьж явуулсан ч энэ нь шаардлага хангадаггүй. Яагаад гэвэл харьцуулсан хүснэгт, техникийн тодорхойлолт нь эхний ойлголтыг өгч байдаг. Хамгийн гол нь үүнийгээ нотлох ёстой. Энэ нотолгооны баримтыг нь үзэхэд орчуулсан хэсгийг бид авч үзэж байгаа. Уг баталгаат орчуулга дээр мөрний гүн гэж орчуулаад мм гээд 2 хэмжигдэхүүн тавьсан. Эхнийх нь 94, нөгөөх нь 118.4 гэсэн байгаа. Бид техникийн хүмүүсийн хувьд ойлгож хандсан. Орчуулгын алдаа үүсжээ гээд  Англи хэл дээрх хэсгийг харахад thread depth mm 32ND гэж бичсэн байгаа. Тэгэхээр орчуулагч хэрэв 32ND гэдгийг тавьсан байсан бол асуудал үүсэхгүй байх байсан. Эсвэл мишилен өөрийнх нь баримт дээр 32ND гэдгийг хасаад 118.4 гэдэг нь хүчингүй шүү гэж тухайн үед нь тайлбарласан бол бид авч үзээд дараагийн шатанд авч болох байсан. Үнэлгээний хороо үүнийг санаатай биш байж магадгүй, орчуулагчийн алдаа байсан гэдэг утгаар явуулсан. Гэхдээ захиалагчийн хяналт гэдэг зүйлийг заавал хэрэгжүүлдэг учраас зөрүүтэй гэж үзсэн учраас буцаасан. Захиалагчийн хяналтыг Үнэлгээний хороонд дахин авч үзэж ярилцахад яах аргагүй алдаа болоод байгаа учраас хэдий өмнө мишилен дугуй манайд нийлүүлж байсан гэдгийг мэдэж байгаа боловч бид энэ тендерт оролцохдоо яг хуулийн дагуу шаардсан бүх материалыг хэрэгжүүлж хангаж өгөх ёстой. Гэтэл хувилбарт санал үүссэн. Хэрэв энэ нь заасан хязгаар дотор байсан бол болох байсан. Гэтэл дээд хязгаараас хэтэрсэн тул нийцэж байна гэж үнэлэх аргагүй болсон. Захиалагчийн хяналт хэрэгжээд, үүнийг дахин авч үзээд, дахин бид буцаасан боловч Сангийн яаманд дахин хянагдсан. Дээд шатны байгууллагаас мөрний хээний гүн гэсэн баганад 98,118.4 гэсэн тоон үзүүлэлт байгаа тул хээний гүний хэмжээ зөрүүтэй байна гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дахин батлагдаж ирсэн. Тийм учраас хүлээн авах боломжгүй болсон. “**” ХХК-ийн тендерээс татгалзсан гол үндэслэл нь энэ л байна. Би техникийн хүний хувьд хуульчийн хэлснийг ойлгож байна. Гэхдээ Үнэлгээний хороо техникийн тодорхойлолт хийхдээ зөвхөн “мм” гэж хэмжээ тавьсан. Дэлхийд албан ёсны уртын 2 хэмжүүр байдаг боловч тендерийн баримт бичигт өөр хэмжүүр хэрэглэнэ гэж заагаагүй. Монгол улсад хэрэглэдэггүй, шаардаагүй баримтыг адилхан уртын хэмжээ гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Орчуулга дээр NDS гэж бичээгүй учраас буруу ойлгосон. Бидний шаардлага 1 мөрөнд 1 цифр л байх ёстой. Гэтэл өөр тоо оруулсан. Энэ нь Сангийн яамаар дахин батлагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Манай хуульчийн хэлсэнчлэн бид Захиргааны ерөнхий хуульд зааснаар дээд шатны байгууллагын шийдвэрийг заавал биелүүлэх ёстой үүргээ биелүүлж дахин хянасан. Үнэлгээний хороо бүгдийг бие дааж шийддэггүй зөвлөмжийг хүргүүлдэг. Мөн захиалагчийн хяналтаар шалгадаг, үүнийг нь давхар Сангийн яам хянадаг. Санамсаргүй алдаа байхгүй гэж үзэж байна. 118.4 гэсэн нь инч ч биш ямар ч нэгжгүй орж ирсэн учраас алдаа гэж үзэхээс өөр ямар ч арга байхгүй. Гүйлтийн хувьд автомашин дээр бидний урд спидометр гэх гүйлтийн заалт байдаг. Ялангуяа том автомашин дээр энэ нь эвдэрч болдог. Тэр спидометрийн заалтыг тохируулах боломж байхгүй. Нэг бол бага гүйлттэй, их гүйлттэй, эсвэл 0 гүйлттэйг тавих гэсэн сонголт байна. Зөвхөн өндөр үнэтэй дугуй, 100 гаруй мянган км гүйх ёстой учраас дугуй болгон хувийн пасспорттой, тухайн автомашин ямар нэг байдлаар гүйлтээ дуустал явна гэсэн ойлголт байдаггүй. Нотариатч баталсан зүйлийг авч үзсэн. Гэхдээ бид хараагүй биш, хараад Сангийн яаманд хүргүүлсэн тул бидний шийдвэрийг үндэслэлгүй байна гээд буцаасан. Энэ шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг дэмжиж байна” гэв.

7. Гуравдагч этгээд “**” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““.... 1. Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас зарласан ТӨҮГ/20250102117 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй болон жийргэвч" (Багц 1) нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу "хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан. Улмаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай 2025 оны 09 сарын 15-ны өдөр 2025/03-20-0369 дугаар "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, нийт 287 дугуй, 200 ширхэг жийрэг резинийг гэрээнд заасан нөхцөл, хугацааны дагуу нийлүүлэхээр харилцан тохиролцсон юм.

Манай компаниас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2025 оны 10 сарын 12-ны өдрийн байдлаар нийт 38 ширхэг 33.000R51 хэмжээтэй, МАХАМ МS453 Рго S1 загварын дугуй, 68 ширхэг жийрэг резин, 60 ширхэг хийн даралтын хошууг хүлээлгэн өгсөн. Түүнчлэн, дахин 12 ширхэг дугуйг хуваарийн дагуу нийлүүлэхээр Замын-Үүд боомтоос тээвэрлэлтэд гаргаад байна. Гэрээний дагуу эхний сард нийлүүлсэн дугуй болоод жийргэвчийн үнэ 3,135,488.097 төгрөг 56 мөнгө болсон бөгөөд нэхэмжлэхийг татварын цахим системд бүртгүүлэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т хүргүүлсэн болно.”гэж; /II хавтас хэргийн 102-103 дахь тал/

“**” ХХК-иас гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад, бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлоогүй гэх тайлбарын тухайд: Манай компани нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр "**” ХХК-тай L/230602-05 дугаар "Зээлээр дугуй худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, уг гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний талууд гэрээний үүргээ тухайн цаг хугацаанд биелүүлж дуусгасан байдаг. Тендерийн бичиг баримтын 18.1.1.2 "Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага шаардах эсэх: шаардана” гэж заасны дагуу энэхүү гэрээг тендерийн материалд хавсаргасан болно. Монгол Улсын Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт тодорхойлсон хэлбэрийн шаардлагын хүрээнд талууд гэрээний гол нөхцөлийг тохирч, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдсан бөгөөд энэ гэрээг гуравдагч этгээдийн зүгээс хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Хоёр. Тендерийн техникийн үзүүлэлтийн хүснэгтийн 50-р зүйлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н ил уурхайн уул геологийн нөхцөлтэй ижил төстэй уурхайд ашиглагдаж байсан дугуйн дундаж гүйлт 125,000 км хангасан болохыг нотлох хэрэглэгчийн актыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ” гэж заасан. Манай компани уг нөхцөлийн дагуу Говь-Алтай аймгийн ** сумын нутагт төмрийн хүдрийн уурхайд ашиглагдаж байсан дугуйн дундаж гүйлтийн мэдээллийг харилцагч байгууллагаас авч илгээсэн бөгөөд энэхүү баримтаар дугуйн гүйлтийн дундаж нь 131.928 км болохыг тодорхойлсон. Хүнд даацын автомашины дугуйны тасралтгүй ажилласан, дунд нь дугуйн засвар үйлчилгээ хийсэн эсэхийг тодруулах тухай тендерийн баримт бичигт шаардаагүй тул бидний зүгээс холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй оруулаагүй болно. Түүнчлэн тендер сонгон шалгаруулалтын явцад нэхэмжлэгч компаниас гаргасан гомдлын дагуу эдгээр нөхцөл байдлыг Сангийн яам, “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас нягталж, хууль тогтоомж зөрчөөгүйгээс гадна холбогдох шаардлага хангасан болохыг тогтоосон болно.

Ийнхүү манай компани нь "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ТӨҮГ/20250102117 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй болон жийргэвч” (Багц 1) нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцохдоо хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргаагүй, бичиг баримтын зөрчилгүй байж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу "хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан. Иймд "**” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэж; /II хавтас хэргийн 161-162 дэх тал/

 8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй асуудлаар үндэслэл хэлж байна. Хөндлөн огтлолын утгын талаар асуудал нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй боловч ярьж байна. Манайхыг бас энэ асуудлаар хассан байдаг. Бид гомдол гаргаад Сангийн яам шийдвэрлээд хассан нь үндэслэлгүй тул захиалагчийг дахин хяна гэсэн үүрэг өгсөн. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **ийн хэлсэн тайлбар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад томъёолоогүй нэг асуудал нь нийлүүлээд байгаа дугуйны загвар өөр байна гэдэг тайлбар хэлж байна. Манай компаниас “**” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК гэх зэрэг том уул уурхайнууд дугуй нийлүүлдэг. Тендер сонгон шалгаруулалтын баримт бичиг дээр дугуйн хэмжээ гэж заасан байгаа. Бидний дугуйн хэмжээ заасан шаардлагад нь нийцэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч про, плас гэх зэрэг өөр дугуй болоод байна гэсэн тайлбар хэллээ. Энэ огт өөр болоогүй үйлдвэр, хэмжээ нь хэвээрээ байгаа. Гагцхүү манай үйлдвэрлэгчийн онцлог нь дугуйн гүйлтийн актыг сайжруулах зорилгоор тэмдэглэгээ хийдэг. Үүнийг загвар гэж ойлгохоос илүүтэй тэмдэглэгээ гэж ойлгох ёстой. Үүнтэй холбоотой асуудлын мөн өмнө Сангийн яаманд гомдол хянан шийдвэрлэхэд хянан үзсэн байдаг. Манай компаниас өмнө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т сонгон шалгаруулалтад орж байхдаа ийм асуудал ярьж байгаагүй. Бид яг энэ дугуйн хэмжээ загвараар л орж байсан. Өөр газар сонгон шалгаруулалтад орохдоо ч энэ нөхцөл байдлаа хэлээд тайлбарлаад явдаг. Хариуцагч 2 байгууллага болон Сангийн яамнаас ямар нэг албан бичиг гарах болгонд тэр болгоныг нэхэмжлэлийн шаардлага гэж тодорхойлоод яваад байдаг. Тиймээс яг ямар акт нь нэхэмжлэлийн шаардлага юм бэ? Яг аль нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөд байгаа юм бэ гэдгийг тодруулмаар байна. Хамгийн сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан манай худалдах худалдан авах гэрээг илт хууль бус гэж тооцуулах шаардлага гаргасан. Энэ гэрээ нь энэ захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх нийтийн эрх зүйн гэрээ мөн үү? Тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр байгуулагдаж байгаа боловч энэ шүүхээс шууд хүчингүй болгож шийдвэрлэх нийтийн эрх зүйн гэрээ мөн эсэхэд нэхэмжлэгч тал тайлбарлах хэрэгтэй байх.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй хэд хэдэн нөхцөл, хууль зүйн үйл баримт тогтоогдлоо гэж үзэж байна. Зөвхөн манай компанид холбоотой хэсгийн тухайд манайхыг 2 үндэслэлээр буруутгадаг. Энэ хоёр дээр бид тайлбараа тодорхой хэлсэн. Эндээс дүгнэж үзэхэд нэгдүгээрт нэхэмжлэгчийн 50 хувьдаа хүрээгүй, “**” ХХК-ийн гэрээ шаардлага хангаагүй гэдэг тайлбарыг бид баримтаа гаргаж өгөөд, хууль зүйн үндэслэлээ хэлж няцаасан. Хоёрдугаарт гүйлттэй холбоотой баримтын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зохицуулснаар хэрэв тендерт оролцогчоос бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ байх юм бол тендер оролцогчдоос Сангийн яамны улсын байцаагчид гомдол гаргадаг. Хэрэв эргэлзээтэй байсан юм бол яагаад өнөөдрийг хүртэл шалгуулаагүй юм бэ, хэрэгт цугларсан баримтаар манай гаргаж өгсөн гүйлтийн мэдээллийг хуурамч гэж тодорхойлсон баримт байхгүй. Дугуйн хэмжээний хувьд англи хэлнээс орчуулга ирүүлж байгаа бол 118.4 гэдэг нь ийм хэмжигдэхүүн шүү Монгол руу орчуулах юм бол 94 гэдэг нь ингэж харагдана гэх мэтээр Үнэлгээний хорооны гишүүдэд өөрсдөө ойлгуулах боломж байсан. Тэр баримтыг харахад 118.4 мм гэсэн байгаа. Англи хэл дээр байгаа мм гэдгийг монгол хэл рүү орчуулахад адилхан мм гэж орчуулах зөрүүтэй баримт байгаа учраас энэ асуудлыг дүгнэсэн эрх бүхий байгууллагуудын шийдвэр үндэслэл бүхий байсан гэж үзэж байна.

Гэрээтэй холбоотой тайлбараа би хэлсэн. Яагаад гэрээ гэж үзээд байгаа вэ гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд заасан захиргааны актын шинжтэй гэж тайлбарлаад байгаа болохоос биш яг нийтийн эрх зүйн гэрээтэй холбоотой тайлбар өгөөгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Нэгдүгээрт 4 газартай байгуулсан гэрээг өгчихөөд, техникийн хүснэгтэд заасан 50-г нотлох болохоор “**” ХХК-ийн баримтыг гаргаж өгөөд байгаа юм бэ? Нөгөө баримтууд шаардлага хангахгүй байсан учраас ингэсэн гэдэг ойлголт шүүхэд төрүүлэх гэсэн учраас ингэж тайлбарласан гэж би харж байна. Ижил төстэй дугуй нийлүүлснийг нотлох зорилгоор  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай ижил төстэй 3 үйлдвэр байдгаас бид “**” ХХК-тай азаар дугуй нийлүүлж байсан учраас л тэр баримтаа гаргаж өгсөн. Түүнээс биш бусад нь зөрчилтэй, ямар нэг зүйл нуух зорилгоор өгсөн юм биш. Үнэлгээний хороо 4, 5 дугаар хурлын шийдвэрийг бүр хяналтаар хэрэгжүүлээд шийдсэн. Дараагийн 6 дугаар хурал дээр яг энэ нөхцөл байдлыг дахин хэлэлцээд ижил төстэй гэдэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг биш өөр газрыг хэлж байна гэж шийдсэн. 07 дугаар сарын 29-ний өдөр аль алинаас нь татгалзаад шинээр тендер зарлахдаа 50-д заасан шаардлагад хэрэв “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орох бол орно гэж тусдаа заахгүй бол энэ нь маргаан дагуулах юм байна гэж үзсэн. Ингээд хяналт хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч компанийг мм, инч гэсэн асуудлаас гадна ижил төстэйг хангасан нотлох баримт ирүүлээгүй байна гэдэг нөхцөл байдлыг тодорхой дүгнэсэн баримт байгаа” гэв

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хувьд тэгш шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна гэсэн үндэслэл яриад байгаа. Энэ тендерийн баримт бичиг боловсруулахаас эхлээд шударга өрсөлдөх боломжийг нь бүрдүүлээд энэ үйл ажиллагаа эхэлсэн байгаа. Энэ компанийн баримт бичгийг үнэлсэн, оролцоог нь хангасан. Гуравдагч этгээдийн зүгээс ч бас өөрсдийн баримт бичгийг бүрдүүлж оролцсон байгаа. Тендерийг үнэлэх үндсэн шалгуур нь ашигласан хугацааны өртгөөр үнэлнэ гэж тендерийн баримт бичигт заасан байгаа. Үүн дээр захиалагч болон Үнэлгээний хорооны гишүүд маань ирүүлж байгаа тендерт дугуйны гүйлттэй холбоотой асуудлыг хэлэлцээд байгаа. Нэхэмжлэгч тал шууд дугуйны гүйлтийг урагш хойш гүйлгэсэн байна гэж итгэлтэй хэлээд байна. Хуурамчаар баримт бичиг үйлдсэн гэж үзэж байгаа бол Сангийн яаманд гомдол гаргах эрх нь байгаа. Хэрэв тэгээгүй бол ингэж баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэж ярьж байгаа нь хариуцлагагүй, учир дутагдалтай байна шүү. Тендер өөрөө үр ашигтай хэмнэлттэй байх ёстой. Дугуйны гүйлтийн актын хувьд хасаад үзэж болно. Ямар нэгэн алдаа байхгүй. Дугуйг автомашинд суурилуулаад буцаагаад авах үеийн тоон мэдээлэл буюу километрийн зөрүү нь гарч байгаа. Үнэлгээний хорооны дугуйн гүйлтийг үнэлж байгаа гол зүйл нь тендерийн үйл ажиллагаа нь үр ашигтай, хэмнэлттэй байх ёстой. Энэ зарчимд үндэслэн дугуйн чанарт үнэлж дүгнэж байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу энэ баримт нь шалгагдсан байхад бичиг хуурамчаар зохиогоод шалгарсан юм шиг зүйл яриад байна.

Хүснэгтийн мэдээллийн өнгөц уншиж ойлгосны улмаас манайхыг хуурамч баримт үйлдсэн гэж тайлбар өгч, түүндээ маш итгэл төгс байна гэж хэлж байна. 1048 гэж 4 удаа давтагдаж байгаа. Нэхэмжлэгч тал үүнийг хүнд даацын автомашин гэж ойлгоод 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр суурилуулахад 698,865 км байсан 2022 оны 10 дугаар сард хэмжиж үзэхэд 116,500 км явсан байна гэж тайлбарлаад байна. Дугуйны хувьд өөр байгаа. 1048, 1011 гээд давтагдаж байгаа нь машины загвар, гражийн дугаар юм. Тендерт дугуйн гүйлтийн актыг өгнө үү гэсэн учраас 36 дугуйгаа жагсааж байгаад хэдэн сарын хэдний өдөр тавигдсаныг, хэдийг хүртэл ашигласан хугацаандаа тооцоод спидометрээр хэмжсэн. Жишээлбэл нэхэмжлэгчийн яриад байгаа 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр суурилуулчихаад 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр буюу 2 сар 14 хоногийн дараа солихоор 695,667 км байсан хэмжигдэхүүн 665,000 км болж буурсан гэж байгаа нь буруу ойлголт юм. Цаана нь өөр машин явж байгаа бөгөөд тэрний километрийн заалт. Зогсоолоо ингэж нэрлэсэн учраас ингэж харагдаж байгаа юм. Гражийн дугаарыг үл харгалзан зөвхөн тавигдсан огноог дугуй тус бүрийн км-ээр харгалзан үзнэ үү гэсэн тайлбартай байгаа. Бид спидометрийг бид өөрчилнө гэсэн зүйл байхгүй. Маш хариуцлагагүй зүйл хэлж байна. Хэрэв хуурамч байх юм бол Сангийн яаманд гомдол гаргаснаар хар жагсаалтад ороод тендерт орохгүй байх нөхцөл үүснэ. Хүснэгтийн мэдээллийг буруу тааж уншсанаас тайлбараа ийм үндэслэлгүй хэлж байгаа нь  гаргасан нэхмэжлэлийн шаардлагыг хангахгүй байхыг харуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн “**” ХХК-ийг хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9346 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр,Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Тендерийн Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн  “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 2/347-25 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн “**” ХХК-ийг хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн “**” ХХК-ийг хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоо тодруулан тайлбарлав.

3. Мөн ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/- ийн нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн “**” ХХК-ийг хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагад дурдсан Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/ гэдэгт 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дугаартай тэмдэглэлүүд хамаарна гэж маргаан бүхий захиргааны актын огноо дугаарыг тодруулсан болно.

4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаартай тушаалын 61 дүгээр хавсралтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч” ЭҮТӨҮГ/20250102117/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан байх бөгөөд уг Үнэлгээний хороо нь тухайн тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэй, байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан захиргааны байгууллага болно. /I хавтаст хэргийн 83-84 дэх тал/

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар Үнэлгээний хороог байгуулсан эрх бүхий этгээд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцах бөгөөд мөн захиалагчийн хувьд Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааг явуулах онцлогоороо захиргааны байгууллагад хамаарна.

5. Хэргийн үйл баримтын талаар:

5.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч” ЭҮТӨҮГ/20250102117/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж улмаар хоёр удаа өөрчлөлт оруулан батлуулж, уг тендер шалгаруулалтын баримт бичгийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулсан болох  нь Үнэлгээний хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай тэмдэглэлүүд болон тендер шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой гаргасан гомдол, гомдлыг хянасан эрх бүхий байгууллагын шийдвэр зэргээр тогтоогдож байна. /I хавтаст хэргийн 87-94, 135-170 дахь тал, flash disk дэх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч” ЭҮТӨҮГ/20250102117/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг/

5.2. Нэхэмжлэгч “**” ХХК болон гуравдагч этгээд “**” ХХК-иуд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй болон жийргэвч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон бөгөөд Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тендерийг нээж, хянан үзэх, үнэлэх ажиллагааг явуулж, улмаар 04 дугаартай тэмдэглэлээр “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй болон жийргэвч” нийлүүлэх “багц №1” тендерт “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 171-237 дахь тал, flash disk дэх “**” ХХК, “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалууд/

5.3. Дээрх Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ХАХМ/202506102 дугаартай захиалагчийн дүгнэлтээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулах Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ. /Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 4 хуудас дүгнэлт/

5.4. Захиалагчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ХАХМ/202506102 дугаартай дүгнэлтийн дагуу Үнэлгээний хороо 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дахин хуралдаж, 05 дугаартай тэмдэглэлээр “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй болон жийргэвч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах “багц №1” тендерт “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна. /I хавтаст хэргийн 239-II хавтаст хэргийн 13 дахь тал/

5.5. Дээрх Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг дахин хэрэгжүүлж, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ХАХМ/202507030 дугаартай захиалагчийн дүгнэлтээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулах Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. /Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 3 хуудас дүгнэлт/

5.6. Захиалагчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ХАХМ/202507030 дугаартай дүгнэлтийн дагуу Үнэлгээний хороо 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин хуралдаж, 06 дугаартай тэмдэглэлээр бүх тендерээс татгалзаж, тендерийг дахин зарлах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. /II хавтаст хэргийн 15-19 дэх тал/

5.7. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-д, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9013 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-д тус тус тендерээс татгалзсан мэдэгдэл болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтын дагуу тендер сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. / Iхавтаст хэргийн 110-113 дахь тал/

5.8. Тендерт оролцогч “**” ХХК, “**” ХХК-иуд Үнэлгээний хорооны зөвлөмж болон захиалагчийн тендерээс татгалзсан мэдэгдлийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд тус тус гомдол гаргасан байх ба “**” ХХК-ийн гомдлыг хянан үзээд Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/7313 дугаартай албан бичгээр “захиалагчийн татгалзсан шийдвэр үндэслэлтэй” гэж, “**” ХХК-ийн гомдлыг хянан үзээд Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/7336 дугаартай шийдвэрээр “захиалагчийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9013 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгож” тус тус шийдвэрлэсэн байна. /I хавтаст хэргийн 8-11, 114-115 дахь тал/

5.9. Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/7336 дугаартай шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, 09 дугаартай тэмдэглэлээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байх бөгөөд захиалагчийн зүгээс Үнэлгээний хорооны зөвлөмжийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, улмаар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9346 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендерээс татгалзсан шийдвэрийг “**” ХХК-д, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/9344 дугаартай мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлсэн. /I хавтаст хэргийн 121-122 дахь тал/

5.10.  Захиалагчийн дээрх шийдвэрийг “**” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд “**” ХХК-ийн гомдлыг хянан үзээд Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02/7883 дугаартай шийдвэрээр захиалагчийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/9344 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин  хийлгэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 124-126 дахь тал/

5.11. Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02/7883 дугаартай шийдвэрт “...дугуйн дундаж гүйлтийг тендерт ирүүлсэн баталгаат гүйлтээр тодорхойлсон эсэх, ...“**” ХХК-ийг төлөөлж хувьцаа эзэмшигч ** гэх хүн гарын үсэг зурсан байх тул гэрээний хүчинтэй эсэх асуудлыг тодруулах шаардлагатай” гэсний дагуу Үнэлгээний хороо 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, 10 дугаартай тэмдэглэлээр ”**” ХХК-иас захиалагчаар дамжуулж тодруулга авахаар шийдвэрлэжээ./II хавтаст хэргийн 30-40 дэх тал/

5.12. Үнэлгээний хорооны энэхүү шийдвэрийн дагуу захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ДБ-112-12/3659 дугаартай “Тодруулга авах тухай” албан бичгийг “**” ХХК-д хүргүүлж, тус компанийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01-25/203 дугаартай “Тодруулга хүргүүлэх тухай” албан бичиг болон 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 23/104 дугаартай гэрээнд гарын үсэг зурах эрхийг ** овогтой **д олгосон итгэмжлэл, холбогдох баримтуудыг ирүүлжээ. /II хавтаст хэргийн 46-50 дахь тал/

5.13. Дээрх тодруулгыг хүлээн авч Үнэлгээний хороо 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тендерийг хянан үзэх, үнэлэх хуралдааныг хийж, 11 дугаартай тэмдэглэлээр “**” ХХК-ийн ирүүлсэн 24,684,583,300.0 төгрөгийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /II хавтаст хэргийн 41-45 дэх тал/

5.14. Захиалагчаас Үнэлгээний хорооны дээрх зөвлөмжийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, 2025 оны 9 дугаар сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/9779 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг “**” ХХК-д, 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/9780 дугаартай мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлжээ. /I хавтаст хэргийн 133-134 дэх тал/

5.15. “**” ХХК нь захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдлоо гаргасан байх боловч Сангийн яамны 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 02/8561 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...гомдлыг хүлээн авах боломжгүй” гэж буцаасан байна. /Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтууд/

5.16. Ийнхүү Үнэлгээний хорооны шийдвэр, түүнийг үндэслэн гарсан захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр хэрэгжиж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2/347-25 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсан үйл баримтууд тогтоогдов. /II хавтаст хэргийн 82-85 дахь тал/

6. Нэхэмжлэлийн талаар:

6.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.2. Захиалагч “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзахдаа “тендер шалгаруулалтын баримт бичгийн “ТШЗ 17.5-ийн 1.Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. Техникийн тодорхойлолтын 18 мөр хээний гүн /хамгийн бага утга/ 86 мм багагүй, 19 мөр хээний гүн /хамгийн их утга/ 95 мм ихгүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй буюу “Оролцогчийн ирүүлсэн нотлох баримт дээр Мишилен XDR 33.00R51 дугуйн орчуулга /мөрний гүн мм 94, 118.4/ гэж ирүүлсэн нь зөрүүтэй” гэжээ.

6.3 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана” гэж зааснаар Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлагын хүрээнд тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагаа мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 50.2.1.тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах; 50.2.2.тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх; 50.2.3.захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн байна.

6.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж тус тус зааснаар тендерийг хянан үзээд тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, техникийн тодорхойлолтод зааснаас зөрүүтэй тендер ирүүлсэн гэх үндэслэлээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр болон Үнэлгээний хорооны зөвлөмж нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэв.

6.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна.

6.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.18-д ““Техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг” ойлгохоор заасан.

6.7. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй болон жийргэвч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендер шалгаруулалтын баримт бичигт нийлүүлэх дугуйн техникийн тодорхойлолт, түүний техникийн үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлсон.

6.8. Тодруулбал, тендер шалгаруулалтын баримт бичгийн “Хүнд даацын автомашины том оврын резин дугуй”-н техникийн тодорхойлолтын 18, 19 дүгээр мөрөнд “Хээний гүн хамгийн бага утга 86 мм-ээс багагүй, хээний гүн хамгийн их утга 95 мм-ээс ихгүй” гэсэн шаардлага тавигдсан байх бөгөөд “**” ХХК нь Мишилен XDR 33.00R51 дугуйг нийлүүлэхээр санал болгож, техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийн 18, 19 дэх мөрөнд “хээний гүн 94 мм дүйцнэ” гэж техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийг ирүүлсэн. /Flish disk баримт, “**” хавтас, ЭҮТӨҮГ202501021170201-54-6233619.zip, “хэсэг 3” хавтас 5-6 дахь тал/

6.9. “**” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд “94 мм дүйцнэ” гэсэн нь харьцуулсан хүснэгтэд ирүүлсэн мэдээллээр тохирч байгаа харагдаж байгаа боловч уг мэдээлэлд хамаарах бусад нотлох баримтаар зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн нь тогтоогдож байна. Тодруулбал, Санал болгож буй Мишилен XDR 33.00R51 дугуйны бренд, моделийг нарийвчлан заасан нотлох баримтын орчуулга дээр “Мөрний гүн мм” гээд “94 118.4” гэж, харин үүний англи дээрх баримт дээр “Tread depthmm 32nd” гэж, тус компанийн тендерийн баримтад ирүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10/25 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг түүнд хавсргасан санал болгосон дугуйны мэдээллийг үзэх цахим хаягийн мэдээлэлд “Tread depth 94 mm /3.7/32nds” гэсэн зөрүүтэй мэдээллүүд байна. /Flish disk баримт, “**” хавтас, ЭҮТӨҮГ202501021170201-54-6233619.zip, “хэсэг1” хавтас 18-23 дахь тал, “хэсэг 3” хавтас 5-12 дахь тал/

6.10. Нэхэмжлэгчээс “Манай компани техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтээр “хээний гүн 94 мм” гэж хүргүүлсэн бөгөөд 118.4 гэсэн хэмжээ нь 94 мм тэнцүү бөгөөд “инч” нь дугуйг хэмждэг Монгол Улсад хэрэглэгддэггүй хэмжээс бөгөөд 32*3.7 инч нь 118.4 буюу 94 мм тэнцүү байдаг учраас манай санал болгосон дугуйн хэмжээ техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа” гэж, хариуцагчаас ““**” ХХК нь техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтээр “хээний гүн 94 мм” гэсэн боловч техникийн үзүүлэлтийн дэлгэрэнгүй мэдээлэл орчуулга дээр Мишилен XDR 33600R51 дугуй мөрний гүн 94, 118.4 мм гэж ирүүлсэн нь зөрүүтэй, техникийн тодорхойлолт дээр “мм” хэмжихээр заасан бөгөөд тендерийн баримт бичигт “инч” гэсэн хэмжээний талаар заагаагүй” гэж тус тус маргасан.

6.11. “**” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүсэлтэд санал болгож буй дугуйны хээний гүн 94 мм гэсэн байх боловч үүнийг нотлох техникийн үзүүлэлт бүхий тодорхойлолт, цахим сайтын мэдээлэлд “Мөрний гүн мм” гээд “94 118.4” гэж, харин үүний англи дээрх баримт дээр “Tread depth” mm 32nd” гэсэн зөрүүтэй мэдээллүүд байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг зөрчсөн гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.

6.12. Тендер шалгаруулалтын баримт бичгийн “ТШЗ 17.5-ийн “2. Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. /Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг эсхүл тодорхойлолт байж болно./” гэж зааснаар “**” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хэмжих нэгжээс өөр хэмжих нэгжээр илэрхийлэгдсэн бараа /дугуй/ санал болгосон тул энэ зөрүүтэй хэмжих нэгжийн талаарх дэлгэрэнгүй тайлбар, түүнд холбогдох баримтаа ирүүлэх нь зүйтэй байжээ.

6.13. Тодруулбал, тендерт оролцогч “**” ХХК нь 118.4 гэсэн хэмжээ нь ийм /32*3.7 инч нь 118.4 нь  94 мм/ аргачлалаар бодоход “94 мм”-тэй тэнцүү байдаг талаарх тайлбар, түүнд хамаарах тодорхойлолт, албан бичиг, цахим сайтын мэдээллийг ирүүлсэн бол тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ийн 17.5-д заасан шаардлагад нийцэх байсан гэж үзнэ. Гэтэл дугуйн хэмжих нэгж зөрүүтэй мэдээллийн талаар тайлбар, түүнд хамаарах нотлох баримтаа зааж ирүүлээгүй байна.

6.14. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг өөрөө бэлтгэн ирүүлдэг бөгөөд хуульд зааснаар тухайн баримт бичгийн үнэн зөвийг хариуцдаг тул “**” ХХК-ийн ирүүлсэн баримтын хүрээнд Үнэлгээний хороо тендерийг хянан үзэж, тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод зааснаар санал болгож буй дугуйн хээний гүн шаардлага хангахгүй, зөрүүтэй гэж хянан үзсэн захиргааны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

6.15. Иймд “**” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны зөвлөмж буюу Үнэлгээний хорооны 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 06, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 09, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дугаартай тэмдэглэлүүд, үүнийг үндэслэн гарсан захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9346 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/9779 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрүүдийг  хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.

6.16. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан дээрх шийдвэрүүд хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй ба татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдсон бол даалгах нэхэмжлэл хангагдах нөхцөл бүрдэнэ.

6.17. Тодруулбал, хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны хууль бус “эс үйлдэхүй” эсхүл “татгалзсан шийдвэр”-ийн эсрэг “даалгах нэхэмжлэл”-ийн шаардлага гаргадаг учир нэхэмжлэгчийн маргаж буй “**” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдоогүй энэ нөхцөлд даалгах нэхэмжлэл хангагдахгүй болно.

6.18. Нэхэмжлэгч нь “**” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох шийдвэрүүд болон уг шийдвэрүүдийг үндэслэн байгуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 2/347-25 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байгааг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

6.19. Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02/7883 дугаартай шийдвэрээр захиалагчийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/9344 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр шийдвэрлэсэн тул “**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүд болох Үнэлгээний хорооны 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 06, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай тэмдэглэлийн “**” ХХК-д холбогдох хэсэг, захиалагчийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/9344 дугаартай мэдэгдлийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон гэж үзнэ.   

6.20. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж зааснаар 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тендерийг дахин хянан үзэх, үнэлэх хуралдааныг хийж, 11 дугаартай тэмдэглэлээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй.

6.21. Нэхэмжлэгчээс “**” ХХК-ийн тендер нь “нийлүүлсэн ижил төстэй барааны нийт дүн нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй, ижил төстэй бараа гэдэгт өмнө өөр төрлийн дугуй нийлүүлж байсан гэрээг ирүүлсэн” гэж, “**” ХХК-тай байгуулсан гэрээнд ** гэдэг хүн гарын үсэг зурсан нь гэрээ хүчин төгөлдөр бус” гэж, тендерийн материалд ирүүлсэн дундаж гүйлт 131,928 км гэсэн нь алдаатай, дундаж гүйлтийг засварласан” гэж, “нягтруулагч кольцо резинэн жийргийн хөндлөн огтлолын доод утга 12 мм багагүй, дээд утга 12.9 мм-ээс ихгүй гэснийг зөрчиж доод утга 12.5 мм, дээд утга 12.9 мм гэж ирүүлсэн нь хувилбарт санал ирүүлсэн” гэдэг үндэслэлүүдээр шаардлага хангаагүй гэж маргав.

6.22. “Нийлүүлсэн ижил төстэй барааны нийт дүн нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй, ижил төстэй бараа гэдэгт өмнө өөр төрлийн дугуй нийлүүлж байсан гэрээг ирүүлсэн” гэх үндэслэлийн тухайд: Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ийн 18.1.1.2 “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага шаардах эсэх: Шаардана

18.1.1.2.1. 2022, 2023, 2024 оны аль нэг 2 жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна. 18.1.1.2.2. Нийлүүлсэн ижил төстэй барааны үнийн дүн нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна. 18.1.1.2.3. Ижил төстэй гэдэгт 90 тонноос дээш хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч нийлүүлж байсныг ойлгоно.” гэж заажээ.

6.23. Тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шаардлагаас дүгнэхэд 2022, 2023, 2024 оны аль нэг 2 жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байхаар заасан тул “**” ХХК-ийн тендер энэхүү шаардлагыг хангасан гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй. Тодруулбал, “**” ХХК-ийн ирүүлсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаар 4 төрлийн гэрээний аль нэг хоёр жилийн төсөвт өртөг 50 хувиас багагүй байна гэж дүгнэсэн талаарх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарууд үндэслэлтэй байна.

6.24. Мөн “ижил төстэй гэдэгт 90 тонноос дээш хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч нийлүүлж байсныг ойлгоно” гэж заасан нь тухайн санал болгож буй бараа буюу тухайн бренд, загварын дугуйг нийлүүлсэн байх шаардлага тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй гэж дүгнэхээр байна. /Flish disk баримт, “**” ХХК, ЭҮТӨҮГ202501021170201-54-5883474.zip – ZIP 2, 3 дахь хавтаст/

6.25. “**” ХХК-ийг төлөөлж хувьцаа эзэмшигч ** гэх хүн гэрээнд гарын үсэг зурсан талаар тодруулга авч гэрээний хүчинтэй байдлыг Үнэлгээний хороо шалгасан байх бөгөөд уг гэрээнд гарын үсэг зурах төлөөлөх эрх олгогдсон эрх бүхий этгээд гарын үсэг зурсан гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэр тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг зөрчөөгүй, уг гэрээг хууль бус болох нь ямар нэгэн байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй байна.  /II хавтаст хэргийн 46-50, 164-174 дэх тал,  /Flish disk баримт, “**” ХХК, ЭҮТӨҮГ202501021170201-54-5883474.zip – ZIP, 2, 3 дахь хавтаст/

6.26. “Нягтруулагч кольцо резинэн жийргийн хөндлөн огтлолын доод утга 12 мм багагүй, дээд утга 12.9 мм-ээс ихгүй” гэсэн техникийн тодорхойлолтод заасан шаардлагын дагуу “**” ХХК нь “доод утга 12.5 мм, дээд утга 12.9 мм” гэж хүргүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээд доод хэмжээний хязгаарт хамаарч байх тул Үнэлгээний хорооны шаардлагад нийцсэн гэж үзсэн шийдвэрийг буруутгах үндэслэлгүйн дээр уг үндэслэлийг Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02/7883 дугаартай шийдвэрт мөн шаардлагад нийцнэ гэж шийдвэрлэсэн байна. /Flish disk баримт, “**” ХХК, ЭҮТӨҮГ202501021170201-54-5883474.zip – ZIP, 4дэх хавтас 20-22 дахь тал/

6.27. Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02/7883 дугаартай шийдвэрт “...дугуйн дундаж гүйлтийг тендерт ирүүлсэн баталгаат гүйлтээр тодорхойлсон эсэх”-ийг нягтлан үзэх нь зүйтэй гэсэн байх бөгөөд Үнэлгээний хорооны хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай тэмдэглэл, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дугаартай тэмдэглэлүүдээс үзэхэд хэрхэн нягтлан үзсэн нь тодорхой бус, тухайн дундаж гүйлт нь дугуй тус бүрд ямар баталгаат гүйлтээр нотлогдож байгааг хэлэлцэж тогтоогоогүй байна. /Flish disk баримт, “**” ХХК, ЭҮТӨҮГ202501021170201-54-5883474.zip – ZIP,  3 дахь хавтас 28-29 дэх тал/

6.28. Гэхдээ “дугуйн дундаж гүйлтийг тендерт ирүүлсэн баталгаат гүйлтээр тодорхойлсон эсэх”-ийг Сангийн яамны шийдвэрт зааснаар хянан үзэж, дүгнэлт гаргаагүй гэх үндэслэлээр “**” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Тодруулбал, “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “тендерийг хянан үзэх” шатанд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн тодорхойлолтод заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр татгалзсан Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул гуравдагч этгээдийн тендерийг хянан үзэж үнэлгээ хийсэн захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх хөндөгдөхгүй гэж үзлээ.

6.29. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”,  30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.

6.30.  Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиалагч, шалгарсан оролцогчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид "худалдан авах гэрээ" гэх/-ний гол нөхцөл нь тендер шалгаруулалтын баримт бичиг болон шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендер байна”, 48 дугаар зүйлийн 48.2.3-д “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих”, 48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах”, 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах” гэж тус тус зааснаар захиалагчийн Үнэлгээний хорооны зөвлөмжийг хянах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэрэг тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааны шийдвэрүүдийг гаргасан.

6.31. Захиалагчаас Үнэлгээний хорооны дээрх зөвлөмжийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/9780 дугаартай мэдэгдлийг “**” ХХК-д хүргүүлж, улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 2/347-25 дугаар “Худалдах худалдан авах гэрээ” байгуулсан байх бөгөөд гэрээ байгуулах үндэслэл болсон захиргааны шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй энэ нөхцөлд гэрээг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

6.32. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж зааснаар захиалагч нь тендерт оролцогч нарыг тэгш өрсөлдөх боломжийг хангасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 48.2.6, 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч” ЭҮТӨҮГ/20250102117/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн “**” ХХК-ийг хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9346 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;

-Тендерийн Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах” нэхэмжлэлийн үндсэн шаардлага;

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн  “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 2/347-25 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ