| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2436000000042 |
| Дугаар | 45 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 45
2024 05 21 2024/ДШМ/45
Х.Батаа, О.Мөнхдөл, Ц.Батцоож нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал, шүүгдэгч Х.Батаа, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Батаагийн давж заалдах гомдлыг үндэслэн Х.Батаа, О.Мөнхдөл, Ц.Батцоож нарт холбогдох эрүүгийн 2436000000042 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн Хиргис ургийн овогт Цогоогийн Батцооз, 1972 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл зургаа, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-40 тоотод оршин суудаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500'000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн;
-Монгол Улсын иргэн Хорхон ургийн овогт Отгоны Мөнхдөл, 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд-Эко цемент ХХК-д оператор ажилтай, ам бүл найм, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 12-15 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн БоржигонБоржигон ургийн овогт Хайдавын Батаа, 1950 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 74 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл хоёр, эхнэрийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 5-10 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2.Шүүгдэгч Ц.Батцооз, О.Мөнхдөл, Х.Батаа нарыг урьдчилан үгсэн тохиролцох байдлаар бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутагт байх № 48°04'43.8" E 092°14'00.5" уртраг өргөргийн солбицол бүхий Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 20 ширхэг "алтайн сугас" гэх загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, Х.Батаагийн өмчлөлийн 77-93 ХОУ улсын дугаартай Тоёота Ист Икс Пи 60 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 300'000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас Ц.Батцооз, О.Мөнхдөл, Х.Батаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хиргис ургийн овогт Цогоогийн Батцооз, Хорхон ургийн овогт Отгоны Мөнхдөл, Боржигон ургийн овогт Хайдавын Батаа нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Батцооз, О.Мөнхдөл тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Батааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,
4.3 Шүүгдэгч Ц.Батцооз, О.Мөнхдөл, Х.Батаа тус бүрд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан "оршин суух газар, ажил, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, мөн тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан "согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох" хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батаагийн өмчлөлийн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 77-93 ХОУ улсын дугаартай Тоёота Ист Икс Пи 60 загварын автомашиныг хураан авч, худалдан борлуулж олсон орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж,
4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн ногоон өнгийн мөсний өрөм, хар өнгийн төмөр лоом, гар хийцийн шанага, гар хийцийн загасны уурга, жижиг шанага, жижиг төмөр хайрцагтай загас барих зориулалтын эд зүйлс, хар өнгийн бариултай цүнхэнд байх загас барих хэрэгслүүд, 20 ширхэг алтайн сугас загас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж
4.6 Тэнссэн хугацаанд шүүгдэгч нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,
4.7 Шүүгдэгч Ц.Батцооз, О.Мөнхдөл, Х.Батаа нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,
4.8 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг үндэслэн шүүгдэгч Ц.Батцоозоос 180,000 төгрөгийг, шүүгдэгч О.Мөнхдөлөөс 180,000 төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж,.
4.9 Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
4.10 Шүүгдэгч Х.Батаагийн өмчлөлийн 77-93 ХОУ улсын дугаартай Тоёота Ист Икс Пи 60 загварын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж,
4.11 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
4.9 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч Х.Батаагийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Х.Батаа намайг Ц.Батцооз, О.Мөнхдөл, нартай урьдчилан үгсэн тохиролцох байдлаар бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутагт байх хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 20 ширхэг "алтайн сугас" гэх загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, Х.Батаа миний өмчлөлийн 77-93 ХОУ улсын дугаартай Тоёота Ист Икс Пи 60 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 300,000 төгрөгийн хохирол учруулсан" гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.Тэнссэнийг би зөвшөөрч хийсэн хэрэгтэй дүгнэлт хийж гэм буруугаа хүлээж байгаа боловч Миний бие амьжиргааны доод түвшинд амьдардаг, тэтгэврийн зээлтэй, эхнэр Х.Цэцэгмаа хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргаанд эмчийн хяналтанд байдаг ясны хэм алдагдсан өвчтэй тул байнга агаар салхинд гардан эмнэлэг хооронд байнга явдаг бидний өдөр тутмын байнгын чухал хэрэгцээ тул миний машиныг улсын орлого болгосон заалтыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж надад машиныг үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж хуульчилсан тул шүүгдэгч Х.Батаагийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Х.Батаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчдын эрхийг хасч, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
4. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Батаа, О.Мөнхдөл, Ц.Батцооз нарыг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутагт байх Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутагт 20 ширхэг “Алтайн сугас” гэх загасыг урьдчилан үгсэн тохиролцох байдлаар хамтран оролцох хэлбэрээр бүлэглэн, зөвшөөрөлгүйгээр агнаж, яллагдагч Х.Батаагийн өмчлөлийн 77-93ХОҮ улсын дугаартай Тоёото ист экс пи 60 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн Байгаль орчин уур амьсгалын санд 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
5. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Батаа, О.Мөнхдөл, Ц.Батцооз нарт холбогдох хэргийг ердийн журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Батаа, О.Мөнхдөл, Ц.Батцооз нарыг бүлэглэн “улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Мөнхдөл, Ц.Батцооз тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Х.Батааг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.
Мөн шүүгдэгч тус бүрд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Х.Батаагийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 77-93ХОҮ улсын дугаартай Тоёото ист экс пи 60 загварын автомашиныг хураан авч, худалдан борлуулж олсон орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
6. Шүүгдэгч Х.Батаа, О.Мөнхдөл, Ц.Батцооз нар нь “улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах” гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан болон хэргийн газарт, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
7. Шүүгдэгч Х.Батаа нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон ухамсарлаж байгаа, анхан шатны шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Харин миний бие амьжиргааны доод түвшинд амьдардаг, тэтгэврийн зээлтэй, эхнэр Х.Цэцэгмаа нь хөгжлийн бэрхшээлтэй, хүний асаргаанд, эмчийн хяналтанд байдаг, ясны хэм алдагдсан өвчтэй учраас агаар салхинд гарах, эмнэлэг хооронд явах шаардлагатай тул автомашин нь өдөр тутмын байнгын чухал хэрэгцээтэй байдаг. Иймд Тоёото Ист Икс Пи 60 загварын автомашиныг хураан авч улсын орлого болгосон заалтыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад автомашиныг үлдээж өгнө үү...” гэжээ.
7.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураах, өөр хүний эзэмшилд байгаа тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс албадан гаргуулж улсын төсөвт оруулах албадлагын арга хэмжээг хэрэглэх журмыг зохицуулсан шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх ёстой зохицуулалт бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
7.2 Түүнчлэн шүүгдэгч Х.Батаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дурдсан “миний бие амьжиргааны доод түвшинд амьдардаг, тэтгэврийн зээлтэй, эхнэр Х.Цэцэгмаа нь хөгжлийн бэрхшээлтэй, хүний асаргаанд, эмчийн хяналтанд байдаг, ясны хэм алдагдсан өвчтэй учраас агаар салхинд гарах, эмнэлэг хооронд явах шаардлагатай тул автомашин нь өдөр тутмын байнгын чухал хэрэгцээтэй байдаг” гэх хүндэтгэн үзэх шалтгаан нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд уг албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх хуулийн зохицуулалтай байна.
7.3 Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Батаа нь О.Мөнхдөл, Ц.Батцооз нартай бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байна.
8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд:
8.1 Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно…” гэж заасны дагуу шүүгдэгч нарт “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байна.
Харин согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг шүүгдэгч тус бүрт авч, хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж албадлагын арга хэмжээг хэрэглэх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Батаа, О.Мөнхдөл, Ц.Батцооз нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах" гэмт хэрэг үйлдэх явцдаа архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үйл баримт тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хэн аль нь архи согтуулах ундааны зүйл болон мансууруулах бодисыг хэрэглэдэг, хамааралтай гэх нөхцөл байдал нотлогдоогүй байхад согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, цаашид шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж болохуйц байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, дээрх заалтыг хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “мөн тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ” гэснийг хасаж, өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ