Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01533

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01531

 

 

М.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/01380 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Нгийн хариуцагч Г.Бт холбогдуулан гаргасан орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дашжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Х.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хятад улсын иргэн Б.Мөнхбуян нь 2011 оны 10 дугаар сарын 12-нд Их үйлсийн эрэлд ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол/13311/ Их Монгол улс гудамжны 410-р байрны 69 тоот хаягт байршилтай 79 м.кв талбайтай 2 өрөө сууцыг 102 700 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 40 000 000 төгрөгийн урьдчилгааг төлсөн. Үлдэх төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 8-нд 30 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-нд 20 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 11-нд 107 000 000 төгрөг тус тус төлж барагдуулсан. Б.Мөнхбуян 2016 оны 3 дугаар сарын 24-нд нас барсан. Дээрх 2 өрөө сууцыг Б.Мөнхбуянгийн төрсөн хүү М.Н өв залгамжлалын журмаар өөрийн нэр дээр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болсон.

М.Н нь Г.Бтай биечлэн уулзаж орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардахад сууцны үлдэгдэл үнийг төлсөн, талийгаач Б.Мөнхбуян амьддаа надад өгөх хүсэлт бичсэн гэх зэрэг үндэслэлгүй шалтаг, шалтгаан зааж сууцыг суллаж өгөхгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамжны 410 дугаар байрны 69 тоот, 79 м.кв талбайтай 2 өрөө сууцыг Г.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий байрны төлбөр тооцоог хариуцагч өөрөө төлж барагдуулсан. Г.Б нь М.Нгийн аав болох Б.Мөнхбуянтай 2006 оноос хойш хамтын амьдралтай байсан ба анх 2011 онд сууцыг Б.Мөнхбуяны нэр дээр захиалсан шалтгаан нь барилгыг барьсан компаний захирал нь Б.Мөнхбуянтай найзууд байсан, үнийг хөнгөлүүлэх боломжтой байсантай холбоотой. Б.Мөнхбуян нь 2016 оны 3 дугаар сард өвчний улмаас Хятад улсад нас барсан. Нас барахаас нь өмнө Г.Б асарч байсан. Б.Мөнхбуян нь амьд байхдаа байрны гэрчилгээг Г.Бын нэр дээр гаргуулах талаар найздаа хүсэлт тавьж байсан. Тухайн байранд Г.Б Б.Мөнхбуянтай 10-аад жил хамтран амьдарсан төлбөрийг нь ч төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. М.Н нь хуурамч бичиг баримт бүрдүүлж улсын бүртгэлд материалаа өгч өмчлөгч болсон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Нгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/ Их монгол улс гудамж 410 дугаар байрны 69 тоот хаягт байршилтай 79 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг хариуцагч Г.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хамгийн анх нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа зүүн хошууны нотариатын гэрчилгээнд байх 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн "Хувь хүний итгэмжлэл" нь Гадаад харилцааны сайдын 2010 оны А/42 тоот 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Баримт бичиг баталгаажуулж, Апостиль гэрчилгээ олгох журмын 1.4-т "Гадаад хэргийн яамны консулын газар нь баримт бичиг баталгаажуулж, Апостиль гэрчилгээ" олгоно гэж заасантай нийцээгүй, итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зураагүй, хуулийн шаардлага хангаагүй байсан тул 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хариуцагч талаас тавьсан. Гэвч шүүх тус итгэмжлэлийг хуульд заасан журмын дагуу олгогдсон эсэх баримтыг нэхэмжлэгч талаас нь гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн ба итгэмжлэлийн тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргал нь Гадаад хэргийн яамны цонхноос өөрөө очиж авсан гэж тайлбарлаж байсан. Гэвч Монгол Улсын гадаад харилцааны яамны 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн албан тоот бичгээр дээрх итгэмжлэлийг Гадаад харилцааны яамаар дамжин ирэх, үндэслэл боломж байхгүй гэх хариу ирсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар худал болох нь мэдэгдсэн.

Улмаар 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмнө нь гаргаж өгсөн нотлох баримтуудаа шинэчлэн, 15 хуудас нотлох баримтыг хуралдаанд гарган өгсөн ба хариуцагчийн өмгөөлөгч нь эдгээр баримтуудтай танилцах үүднээс утсаар зургийг нь дарж бэхжүүлж авсан, шүүх хуралдаан 4 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл товлогдсон байсан юм.

Гэтэл 4 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаан болоход нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 3 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан итгэмжлэл өөрчлөгдсөн буюу солигдсон байсан байна. Хэргийн 105 дугаар хуудсанд байгаа солигдсон итгэмжлэл нь 3 дугаар сарын 25-ны өдөр танилцуулсан итгэмжлэлтэй харьцуулахад бичиглэл, тамга тэмдгийн хувьд эрс ялгаатай, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот дахь Консулын газрын дардас эх хувиараа дарагдсан, итгэмжлэлтэй хамт хавсаргасан бусад баримтууд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байсан учир эдгээр баримтуудыг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын хэлтсийн газраар үнэн ирсэн эсэхийг шалгуулах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Угтаа хавтаст хэрэгт байсан нотлох баримт солигдоно гэдэг байж болзошгүй үйлдэл байтал шүүх итгэмжлэл солигдсон талаар ямар ч дүгнэлт хийгээгүй бөгөөд "тус итгэмжлэл хуурамч мөн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхгүй хэмээн" нотлох баримт шалгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсаар хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан.

Шүүгч 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан дууссаны дараа шүүх хуралдааны танхимд, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичиг, нэхэмжлэгч талтай 10 гаруй минут хамт байсан нь Шүүхийн тухай хуулийн 51.18-т зааснаар хэргийн нөгөө талыг оролцуулахгүйгээр шүүгчтэй уулзахыг хориглосон байдаг учир ИХШХШтХ-ийн 91.4 дэх хэсэгт зааснаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэх нөхцөл бий болсон гэдэг үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргасан боловч шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг орлон гүйцэтгэгч хүсэлтийг хангаагүй юм.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Учир нь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13.30 минутад товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Х.Батбаатарын бие өвдөж, өндөр халуурсны улмаас хүрэлцэн ирж чадаагүй бөгөөд, миний бие хуралдаанд очиж, учир шалтгааныг нь хэлж, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтээ илэрхийлсэн боловч шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Хүсэлт шийдвэрлэсэн захирамжид шүүх хуралдаанд өөрийн биеэр орох талаараа ямар нэг хүсэлт нотлох баримт ирүүлээгүй тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан гэж дурдсан байх ба миний бие тухайн өдөр бие нь халуураад гэртээ байгаа хүнээс хүсэлт бичүүлж авах боломжгүй байсан, эмчид үзүүлсэн акт баримтыг дараагийн хурал дээр авчирч өгөх талаар хэлж, өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтээ дахин илэрхийлсэн ч шүүх хүлээн аваагүй юм. Үүний улмаас миний бие ганцаар хуралд оролцон өмгөөлөгчийн мэдэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой нэхэмжлэлийн үндэслэлийг няцаах үйл баримтын талаар шүүхэд мэдүүлж чадаагүй буюу мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй. Мөн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн нотлох баримтаар М.Нд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай өвлөх гэрчилгээг авахад бүрдүүлсэн баримтууд нь хариуцагчийн зүгээс харахад тэдгээр баримтуудыг гэрчилсэн нотариатын үйлдлүүдийг хууль бус гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулахаар иргэний журмаар шүүхэд хандаад байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн М.Н нь хариуцагч Г.Бд холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын Их Монгол гудамжны 410 дугаар байрны 69 тоотод байршилтай, 79 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Г.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 55-56/

Хэргийн дараах үйл баримтын талаар талууд маргахгүй байна. Үүнд: Хятад улсын иргэн Б.Мөнхбуян нь 2011 оны 10 дугаар сарын 12-нд Их үйлсийн эрэлд ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололлын/13311/ Их Монгол улс гудамжны 410 дугаар байрны 69 тоот хаягт байршилтай 79 м.кв талбайтай 2 өрөө сууцыг 102 700 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. /хх43-44/

Б.Мөнхбуян нь 2016 оны 3 дугаар сарын 20-нд нас барсан. /хх 80/ Мөн Г.Б нь Б.Мөнхбуянтай арав гаруй жил хамтран амьдарсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс гадна, маргааны зүйл болох сууцанд Г.Б амьдардаг үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

Зохигч маргааны зүйл болох сууцны үнэ бүрэн төлөгдсөн үйл баримтын талаар маргахгүй боловч хариуцагч Г.Быг төлсөн гэх асуудлаар маргажээ.

Мөн талууд Г.Бын эзэмшил хууль ёсны эсэхэд маргаантай байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буюу эзэмших эрхгүй этгээдээс буцаан шаардах эрхтэй. Энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч байх юм. Дээрх сууцыг М.Н өв залгамжлалын журмаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн Ү-2204092052 дугаартай гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч өмчлөгч болжээ. /хх77-78, 101/

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа гомдол гаргах эрхгүй захирамж гаргаснаараа хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ. /хх 166-167/

Хэргийн баримтаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 8 сар үргэлжилсэн, шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан хэдий ч цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлтэй байгаа цаг үед хариуцагчийн ... өмгөөлөгч өндөр халуурсан тул хуралдааныг хойшлуулах, хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтийг магадлаж үзэх нь зүйтэй байжээ.

Бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан нэхэмжлэх нэхэмжлэлийн онцлог нь шаардах эрхийг хэрэгжүүлэгч нь өмчлөгч байхаас гадна эзэмшил хууль бус болохыг тогтоох юм. Хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөх эрхийг олж авсан хууль зүйн үндэслэлтэй маргаж байгаа нөхцөлд талуудын шаардлага, татгалзлын үндэслэлийг тодруулан мэтгэлцүүлэх нь зүйтэй юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/01380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД