2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/05022

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие нь Т******* овогтой Э*******тэй 1988 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд нэг жилийн хугацаанд хамтран амьдрах нөхцөл бүрдээгүй тул тухайн үеийн Октябрийн районы УБТЗ-ын шүүхээр орж үр хүүхэдгүй эд хөрөнгийн маргаангүй гэж үзэн зохих журмын дагуу 1989 онд гэрлэлтээ цуцлуулсан боловч улсын бүртгэлийн газар хасалт хийлгээгүй мөн тухайн үеийн гэр бүл цуцлагдсан шүүхийн шийдвэр нь Шүүхийн тусгай архив болон бусад архивуудад шүүлгэсэн боловч олдохгүй харгалзан улсын бүртгэлийн гэрлэсний бүртгэлээс хасуулж өгнө үү. Энэ өнгөрсөн хугацаанд миний бие нь 2000 онд С******* овогтой Б*******тэй танилцаж 2002 онд нэг охинтой болсон боловч одоог хүртэл гэрлэлтээ батлуулж өөрийн охиноо нэр дээрээ бүртгүүлж чадаагүй 23 жил хамтран амьдарч байна. Иймд гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн. .

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Т.Э*******тэй уулзаж Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Иймд шүүхэд хандаж гаргаж нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б******* нь гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хууль болон бусад хуулийг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ж.Б*******ын нэхэмжлэлтэй гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН