Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/591

 

  

 

 

 

 

   2024            5            21                                         2024/ДШМ/591

 

 Э.Ө-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Д.Даваа, 

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, шүүгдэгч Э.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Ө-д холбогдох 2308000001557 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ын Ө, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, ..настай, э..эгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .. ...-ийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ..../,

Шүүгдэгч Э.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй цэцэрлэгийн орчимд иргэн Г.Н-ын толгой, хэвлийн тус газруудад гараараа цохих, өшиглөх зэрэг үйлдлээр түүний биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний язарсан шарх, цус хуралт, сэмж, чацархайн цус хуралт, цээжний зүүн талын 12 дугаар хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун чихний шарх, дух, эрүү, хүзүү, зүүн гарын эрхий хуруу, сарвуу, зүүн шилбэ, хэвлийн зулгаралт гэмтлүүдийг учруулж, улмаар хэвлийн хөндийн битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Ө-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Ө-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Ө-гийн эдлэх 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ө-гийн цагдан хоригдсон 184 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ө, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ө-гээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82.500.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-д олгож, Э.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г миний бие өмгөөлөгчөөрөө дамжуулан “3 удаа сэжигтэн Л-ийг шүүх хуралд оролцуулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан боловч Л ирээгүй.

Л нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бүрлээчийн гэрт нь ирж молодок асуухад Л би газар ухдаг молодок гэдэг багажийг олж өгье гээд хүүг маань гэрээс нь дагуулаад явсан. Тэр өдрийн 21 цаг 30 минутанд амиа харамсалтайгаар алдсан, маш их харамсаж байна. Хэргийн материалаас 3 удаа Лийн мэдүүлэгтэй танилцахад, мэдүүлэг нь ойлгомжгүй, үнэмшил муутай, худлаа санагдсан учраас  Л-ийг гэрчээр дуудуулсан юм. Энэ үед яллагдагчийн өмгөөлөгч Даваа, хохирогчийн өмгөөлөгч Оюунцэцэг, яллагч Ганчимэг нар дэмжиж үгээ хэлж байсан ч шүүх хурлын бүрэлдэхүүн бидний хүсэлтийг хүлээж авч байгаа боловч гэрч Л-ийг шүүх хуралд оролцуулсангүй хүчээр шүүх хурал хуралдуулсанд харамсаж байна.

2024 оны 3 дугаар сарын 18-нд болсон шүүх хуралд үзүүлсэн нотлох баримт
болох камерийн бичлэг нь 2023 оны 10 дугаар сарын 17-нд анх үзүүлсэн камерийн бичлэгээс өөр бичлэг байсан.

2023 оны 10 дугаар сарын 25-нд өмгөөлөгч Оюунцэцэгтэй хамт камерийн бичлэгийг дахин үзэхийг прокурор Ганчимэгээс хүссэн боловч камерийн бичлэг уншигдахгүй байна гэж хэлсэн нь бидний анхны үзсэн камерийн бичлэг нь хуурамч байсан гэж ойлгогдлоо.

Шүүх шийтгэх тогтоолын шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт гэсэн хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ярианы бичлэгийн тэмдэглэлд “Бид хоёр бичлэг үзээд сайн ойлгохгүй байна өмгөөлөгч авна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа өмгөөлөгч аваад бид хоёр бичлэгийг үзэж, хэргийн материалтай дэлгэрэнгүй танилцаж прокурорт 2 удаа гомдол гаргасан” гэж бичсэнийг 2024 оны 4 дүгээр сарын 05-нд шүүх дээр ирж шүүх хуралдааны бичлэгийг сонсож үзэхэд,
миний ярианы “хэргийн материалыг” үзээд гэж хэлснийг “бичлэг”, “үзээд”
гэсэн үгсийг нэмж оруулсан нь эхний хуурамч бичлэгийг үзсэн мэт санааг нэмж
оруулсан байна.

2024 оны 4 дүгээр сарын 04-нд шүүх хурал дээр үзүүлсэн жинхэнэ бичлэгийг дахин үзэх хүсэлт гаргаад үзэхэд, хоёр хүн хоорондоо ноцолдож нэгнийгээ өшиглөж дүрс алга болж, хар өнгийн суудлын машин орж ирж байгаа дүрс нь бүдгэрч бичлэг тайрагдсан байлаа. Энэ бүх үйлдлүүд нь биднийг хөгширч, ой санамж удааширч байгааг далимдуулан
нотлох баримтыг устгах, өөрчлөх гэсэн хууль бус ноцтой үйлдэл болохыг анхааралдаа
авна уу.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна” гэснийг эрс эсэргүүцэж байна.

Бүрлээч Н-ын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2440 дугаар шинжээчийн дүгнэлтэд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж гэмтлийн зэргийг гэмтэл тус бүрээр ялган тогтоолгох хүсэлттэй байна.

Ялангуяа баруун чихний дэлбэн сэтэрсэн, цус хуримтлагдсан шарх, дух, эрүү, хоолой, хүзүүг нарийн шидэмсээр боосон ул мөр, мөн гүрээний артерийн судсан дээр эрхий хуруугаа дарж боогдуулсон байдал, зүүн гарын эрхий хуруу, сарвууны гэмтлүүд нь колонкон дээр болсон ганц хүний үйлдлээр үйлдэгдэх гэмтэл биш, 2 ба түүнээс дээш хүн оролцсон байх магадлалтай, өөр газар үйлдэгдсэн нь хохирогчийн гэмтэл, зурагнаас харагдаж байна. Мөн цээж, хэвлийн цус харвалтууд нь яллагдагч Өгийн нэг удаагийн цохилтоор, 2 удаагийн дэвсэлтээр үүсэх гэмтлүүд биш гэдэгт эргэлзэж байна. Эдгээр гэмтлүүдэд хоёрдогч, гуравдагч этгээд оролцсон байх магадлал байгаа нь харагдаж байна.

Яллагдагч Ө нь хүүхдээ өмөөрч зодож байгаа нь өс хонзонгийн сэдэлттэй, санаатайгаар онц хэрцгий аллага үйлдсэн нь харагдаж байна. Камерийн бичлэгээс харахад, машиндаа зодож ухаан алдуулж байгаа нь харагдаагүй, /зөвхөн Өгийн мэдүүлгээс шүүх хурал дээр сонсоход/ машиныхаа арын хаалгаар хэвтээгээр нь чирч буулгаад өөрийгөө хамгаалах чадваргүй болгоод, хэвлий рүү 2 удаа дэвссэн нь амиа алдах нэг шалтгаан болсон нь ял хүндрүүлэх нэг шалтгаан юм.

Энэ хэрэг нь бүлэглэсэн шинжтэй 2 ба түүнээс дээш хүмүүс оролцсон гэж үзэж байна. Энэ хэрэг нь санамсаргүй үйлдэл биш санаатай үйлдэл юм. Хэрэгтэн Л нь 5 удаагийн үйлдлээр хүмүүсийг архидуулж, гэм нүгэл үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй, цагдаад мэдэгдээгүй байгаа нь санаатай үйлдэл болжээ гэж бид үзэж байна.

Шүүх бидний хүсэлт дүгнэлтийг харгалзахгүйгээр улсын ялагчийн дүгнэлтээр эцсийн шийдвэр гаргасанд бид гомдолтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад “шүүгдэгч Ө-гийн мэдүүлэг, насанд хүрээгүй Д, Л нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан тул” хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ гэсэн. Үүнтэй хохирогч бид санал нийлэхгүй байна.

Шүүгдэгч Ө, гэрч Д, гэрч Л нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүтэй, цаг хугацааны хувьд зөрүүтэй, зориуд худлаа мэдүүлэг өгч /би санахгүй байна, мэдэхгүй байна/ үхсэн хүн үг хэлэх бишдээ гэсэн байдлаар хандаж архинд бурууг тохож, хэргийн нотлох баримтыг үгүйсгэх, бүдэгрүүлэх гэсэн санаа харагдаж байна.

Хэргийн материалтай танилцахад, гэрийнхээ гадаа ирээд ... Би хүү Д-ийг байшингаас молодок гаргаад өгчих гэж хэлтэл хажуугаас нь ээж Э наад согтуу, танихгүй хүмүүсдээ өгч яах гээд байгаа юм бэ гэж хэлэх үед /Н/ хохирогч ээжээ би одоо авч явъя, маргааш ирж амжихгүй гэхээр нь би өгчих гээд хүү Д-д байшингаас молодок гаргаж өгөхөөр нь би Л-ийн машинд тавьж өгсөн ... гэсэн мэдүүлэг нь доошоо уруудад явж байхад дэлгүүрээс Л 0.75 литрийн Хараа аваад ... Манай гэрийн гадаа хувааж уунгаа юм яриад байж байтал миний молодокийг Л биш харин Н /хохирогч/ авч байгааг Ө талийгаач маань ээжээс нь гуйж байгааг мэдсээр худлаа мэдэн будилж мэдүүлэг өгсөн байна.

Ө би Н-ыг сайн танихгүй болохоор Л чамайг би молодок л авч байгаа гэж бодсон шүү дээ, танихгүй хүнд молодокоо өгөхгүй гэж хэлтэл Н маань уурлаж “Чи ямар сүртэй пиздаа вэ” хоёрхон хоног хэрэглэчихээд өгчих юм даа гэхээр нь миний уур хүрээд би та хоёрт өгөх албатай юм уу гээд хүү Д-өө дуудаад буцаагаад багажаа хүүдээ өгөөд ... хүү Д нь багажаа аваад гэртээ оруулсан гэсэн мэдүүлгийг утга агуулга санаа нь хэрэгтэн Л, хүү Д-ний мэдүүлэгт байхгүй байгааг 224 хуудаснаас харна уу. Тэгээд Л цаашаа уруудахдаа “одоо ганц уучихъя” гээд байхаар нь би зөвшөөрөөд бид 3 уусан гэж мэдүүлсэн. Энэ үед хүү маань ухаангүй, үхлүүд мэт явж гэж ойлголоо. Ө-гийн хүүхэдтэйгээ  ярьсан ч худлаа.

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны МТ колонкон дээр очоод Л машины урд хаалганаас гарч дэлгүүр рүү явж байгаа нь харагдсан. Тэгээд Ө машинаасаа буугаад хохирогч Н хүүгийн минь машины хойд суудлаасаа хэвтээгээр нь чирээд газарт хэвтүүлээд хэвлий рүү 2 удаа дэвсэж байхад хохирогч маань ямар ч хөдөлгөөнгүй, биеэ хамгаалах чадваргүй болсон нь харагдаж байна. Энэ үед Л дэлгүүрээс ирж байгаа нь харагдлаа. Энэ үед хүү маань амиа алдсан гэж ойлгож байна. Үнэхээр харамсалтай, гол харлаж байна. Тэгээд Ө, Л хоёр чүү, ай даахгүй машины ард тал руу чихэж оруулаад машин хэдэн цагт хөдөлсөн бичлэгт харагдахгүй байлаа. Тэндээсээ энэ хоёр хүн, хүний хөл тасрахыг хүлээж, бүрэнхий болохыг хүлээгээд хэргийн газраас зайдуу, хүн цөөн явдаг, барьж байгаа цэцэрлэгийн ойролцоо хэргийг эзэнгүй болгох, хам шинжээ нуух гэсэн санааг агуулж бүрлээчийн цогцосыг аваачиж хаясан. Өгийн мэдүүлэгт талийгаач гэнэт ухаан ороод юу ч дуугарахгүй байсан гэж эхний мэдүүлэгт мэдүүлсэн байдаг. Гэтэл цогцос олдсон газар зогсоод Л-ийн авсан архийг 3-лаа хувааж уусан гэж мэдүүлсэн нь шинжилгээний дүгнэлтээс үзэхэд, хохирогчийн цусанд “Алкахол” илрээгүй харин онц хүнд гэмтэлтэй хүн гэнэт ухаан ороод архи ууж, ярьж сууж байсан гэдэг нь даанч үнэмшилгүй юм.

Мөрдөгч дэслэгч Аменгелдыг байцаалт авах үед Ө мэдүүлэхдээ, би хэвлий тус газар өшиглөөгүй, машины хаалгыг онгойлгож баруун талын мөр хэсэг рүү зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөхөд машины хаалгаар хажуу тийш унасан. Энэ үед ухаан алдсан байх болов уу гэтэл талийгаач маань босоод ирсэн, үргэлжлүүлээд яриад суусан. Сэжигтэн Л нь талийгаач бид хоёрыг машинаас буулгахгүй, харин МТ колонкийн дэлгүүрээс архи авна гээд МТ колонк руу хамт явсан гэсэн мэдүүлгээс харахад хэрүүл зодоон нь яллагдагч Өгийн гэрийн гадаанаас эхэлсэн нь харагдаж байна. Өгийн гэрийн гадаа зодоонд талийгаач маань биеэ хамгаалах гэж оролдон ноцолдож гарын сарвуу, эрүүний гэмтэл авч хоолойг боосон, хүзүүний гүрээний судасыг эрхий хуруугаараа дарж боосон нь шинжээчийн дүгнэлт болон фото зурагнаас харагдаж байна. Энэ үед Л нь зодооны дэргэд байж зодоонд оролцсон хэргээ нуун далдлахын тулд өөрийнхөө мэдүүлэгт огт дурьдаагүй байна.

Л эхний мэдүүлэгтээ “Тухайн үед талийгаач, Ө хоёр хоорондоо молодокноос болж маргалдаад байх шиг байхаар нь би согтох гээд байна одоо явлаа гэж хэлээд 18:00-19:00 цагийн орчим өөрийн “Алён” маркийн машинаа бариад гэр рүүгээ явсан юм, харин Ө талийгаач хоёр Ө-гийн гэрийн гадаа үлдсэн” гэж мэдүүлсэн нь шүүгдэгч Ө-гийн мэдүүлгээс үгүйсэгдэж байна.

Л нь 2 дахь мөрдөн байцаалтад эхний мэдүүлгээ дахин өгсөн байдаг. Энэ мэдүүлэг нь хэргийн хавсралт зурган дээр баригдаж байгаа цэцэрлэгийн дэргэдээс
цогцос олдсон газрыг зааж байгаа нь эхний мэдүүлэг нь худлаа болох нь нотлогдож
байна.

Ахлах мөрдөгч Шинэбаярын мэдүүлэг авах үед асуусан асуултууд нь сэжигтэн Л-ийн худлаа ярьсан мэдүүлгийг үнэмшилтэй болгох, талийгаачийг эрүүл, саруул, гэмтэлгүй, ярьж хөөрч, архи, дарс ууж байсан болгохоор асууж Л
асуултын дагуу эхний өгсөн худал мэдүүлгээ үнэмшилтэй болгох, бодит баримтыг
үзээгүй, сонсоогүй, санахгүй байна гэж өөрийгөө хэргээс бултах аргыг хэрэглэж байгаа нь
урьд гэмт хэрэг хийж байсан туршлага харагдаж байна. Сэжигтэн Л мөрдөгч
Шинэбаярын асуултанд “Би машинаа бариад колонк дээр очсон юм шиг байна лээ. Хэн нь хэнийгээ хэдэн удаа юугаар цохисон гэдгийг би санахгүй байна” гэж хэлсэн нь бодит байдлыг үзээгүй, хараагүй мэтээр өөрийгөө хамгаалах үйлдэл үзүүлж байна. Мэдүүлгийн сүүлд “Би машинаа барьсан гэдгээ санахгүй байна, сүүлд нь гайгүй ухаан ороод тэр хоёрыг маргалдаад байхаар нь явлаа гэж хэлээд тэр хоёрыг машинаасаа буулгаад машинаа бариад гэртээ очоод найз нартайгаа дахин архи ууснаа санаж байгаа нь” ухаан санаа нь эрүүл байгаа нь нотлогдож байна.

Л нь талийгаачийг Ө-д зодуулж байгааг харсан хүнд гэмтсэнийг мэдсээр байж эмнэлгийн түргэн тусламж дуудаагүй цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, хүн чанаргүй үйлдэл гаргасанд талийгаачийн эцэг, эх бид гүнээ харамсаж байна. Шүүх
шинжилгээний шинжээчийн “талийгаачийн эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байжээ” гэсэн дүгнэлтийг уншаад Л-д маш их гомдолтой байгаа учир Л хуулийн зохих заалтын дагуу зохих хариуцлага хүлээлгэн өгөхийг хүсч байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нийлэхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Бидний гаргаж байгаа гомдолд үнэн зөв дүгнэлт гаргаж Э.Ө-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцааж, мөрдөн шалгах ажиллагааг дахих хийлгэх хүсэлттэй байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд, амь хохирогч хувцас нь дээшээ хөөрч хэвлий хэсэг гарсан байдалтай олдсон. Өмсөж явсан гутлын улны хэсэгт тухайн газрын шороо, тоос наалдсан нөхцөл байдал харагддаггүй. Лийн “шүүгдэгч, амь хохирогч нар цааш архи уухаар явсан, би гэрийнх нь гадаа буулгасан” гэх мэдүүлэг байдаг. Л-ийн өгсөн 3 удаагийн мэдүүлэг зөрүүтэй бөгөөд мэдүүлгийн зөрүүг арилгуулахаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн боловч “би мэдэхгүй, санахгүй байна, согтуу байсан” гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Хэд хэдэн гэрчийн мэдүүлгээр Л нь 6 цагт гэртээ очсон гэж өөрөө мэдүүлдэг боловч 9 цагт гэртээ очсоныг нь эхнэр М нь мэдүүлсэн. Л нь 9 цагийн үед 3 хүнтэй архи хувааж уусан бөгөөд Х нь мөрдөгчийн асуултад “Л айсан, түгшсэн байдалтай байсан” гэж хариулсан. Л-ийг оролцуулж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад амь хохирогчийн цогцос олдсон газрын ойролцоо буулгасан гэдэг нь зөрүүтэй болж байна. Амь хохирогчийг амь хохирсон нөхцөл байдалд нь санаатай орхиж явсан нь өөр гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид ял оногдуулсан тул шүүгдэгч Э.Ө-гийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн аргачлалд зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг гаргуулах хувилбар нь хохирогчийн сонголтын асуудал юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулахыг хүлээн зөвшөөрч, ашигтай гэж үзсэн тул анхан шатны шүүх гаргуулж шийдвэрлэсэн. ...” гэв.

Шүүгдэгч Э.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогчийн эрх чөлөөнд халдаж, зодож амь насыг нь хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн, миний хүүг хэл амаар доромжилсон нь надад хүндээр тусч байсан тул өөрийгөө жолоодох чадвар дутаж дээрх нөхцөл байдалд хүрсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг үндэслэн зүйл ангид заагдсан ялын доод хэмжээг доош татаж ял шийтгэл оногдуулж өгнө үү.

Тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.5 дахь хэсэгт тус тус үндэслэн Э.Ө-гээс 82.500.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-д олгосугай.” гэжээ. Мэдээж хүний амь нас хохироосон хүн, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөх нь ойлгомжтой. Гэвч Улсын Дээд шүүхийн шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолын хавсралт аргачлалд “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар ... нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр үржүүлэн шүүхээс тогтооно” гэжээ. Хэрэв шүүх зөвхөн мөрдөгчийн тогтоолд заасан дүнгээр бус энэ жишиг аргачлалаар тооцсон бол шүүгдэгчид ашигтай байх магадлалтай тооцоо гарч болно. Гэтэл зөвхөн хуульд заасан үндэслэлийг баримтлаад жишиг аргачлалыг харгалзан үзэж шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй асуудалд гомдолтой байна.

Жишиг аргачлалын 3.8-д “Гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсхүл дотно байсан эсэх зэрэг хохирогчийн хэмжээнд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг харгалзан үзэхээр заажээ. Харин хохирогчийн аав, ээж, хүүтэйгээ байнга хамт байсан эсэх нь тодорхойгүй, хавтас хэргийн 78-79 дүгээр талд ээж Ж, 107 дугаар талд аав Г нар нь “...Талийгаачтай ойрдоо уулзаагүй, тэрээр ганцаараа амьдардаг архины хамааралтай болсон” тухай мэдүүлэг өгсөн байдаг. Би энэ байдлыг дурдаж байгаа нь хохирол тооцох аргачлалд заасан заалтыг үндэслэж байгаа болно. Мөн үүгээрээ талийгаачийг буруутгахгээгүй болохыг анхаарна уу. 

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх болон хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Ө-гийн өмгөөлөгч Д.Даваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Л зөрүүтэй, илтэд худал мэдүүлсэн эсэхийг шүүх дүгнэсэн гэж үзэж байна. Л-ийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч Л хаягтаа байхгүй, шүүхийн мэдэгдэх хуудас удаа дараа өгсөн боловч хүрэлцэн ирээгүй тул шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу Л-ийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. МТ клонкын камерын бичлэг хэргийн материалд авагдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “бичлэг тайрагдаж, нотлох баримт устсан” гэж үзэж байх бөгөөд энэ талаараа холбогдох байгууллагад гомдол гаргаж байгаагүй, гомдол гаргаж хариу авсан нотлох баримт хэргийн материалд авагдаагүй. Мөн гомдолдоо “шүүгдэгч Э.Ө-д 9 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь хөнгөдсөн” гэж үзсэн байна. Үүнийг давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэх асуудал гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэд нь прокурор хариу өгсөн. 2-3 хүн бүлэглэж үйлдсэн байх магадлалтай гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Шүүхээс шүүгдэгч Э.Ө-г өс хонзонгийн сэдэлтээр хүн алсан гэж дүгнээгүй. Мөн хэргийн материалыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч хаана амь насаа алдсан талаар тогтоосон зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч Э.Ө бусдын биед хүнд гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Э.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээг доош татан хөнгөрүүлж, мөн Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад заасан аргачлалаар сэтгэцэд учирсан хохирлыг тооцож өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хуульд нийцсэн байдлаар давж заалдах гомдол гаргасан эсэхэд шүүх бүрэлдэхүүн дүгнэлт өгч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй эсэхийг магадлан хянаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхэд шилжүүлэх саналтай орж ирсэн хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогч талаас хэргийн материалтай танилцуулаагүй, мөрдөгч яаруулж гарын үсэг зуруулсан гэхэд нь мөрдөгчид хэргийг өгч явуулж, хэргийн материалтай танилцуулсан. Мөн өмгөөлөгч Г.Оюунцэцэгийг өмгөөлөгчөөр оролцож эхэлсний дараа ажлын 6-7 цагийн хугацаанд прокурорын байгууллагын уулзалтын өрөөнд хэргийн материалтай дахин танилцуулсан. Хэргийг шүүхэд шилжүүлэх үед бичлэг уншигдахгүй байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад бичлэгийг бүтэн үзсэн. Хүнийг алах гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Тухайн өдөр уулзсан гэрч нар, явсан маршрутын дагуу нэг бүрчлэн мэдүүлэг авч, шалган тогтоосон. Энэ хэрэгт аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй тул хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон тул хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, шүүгдэгч Э.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Э.Ө-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Э.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй цэцэрлэгийн орчимд иргэн Г.Н-ын толгой, хэвлийн тус газруудад гараараа цохих, өшиглөх зэрэг үйлдлээр түүний биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний язарсан шарх, цус хуралт, сэмж, чацархайн цус хуралт, цээжний зүүн талын 12 дугаар хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун чихний шарх, дух, эрүү, хүзүү, зүүн гарын эрхий хуруу, сарвуу, зүүн шилбэ, хэвлийн зулгаралт гэмтлүүдийг учруулж, улмаар хэвлийн хөндийн битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл “...Цогцост үзлэг хийх ажиллагааг 03 цаг 30 минутанд эхлүүлэв. Цогцос нь 176 см урттай, 86 кг жинтэй толгойдоо 27 см хар өнгийн үстэй, биеийн хөгжил зөв, булчин өөхөн эдийн хөгжил дунд, биедээ таарсан мөчдийн яс хуруунууд бүрэн, гадна бэлэн эрхтний хөгжил зөв, 48 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. Нүд аниастай, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, эвэрлэг тунгалаг, салст цайвар ягаан өнгөтэй, хамрын яс мөгөөрс чихний дэлбэн бүтэн, гарсан зүйлгүй, уруул хөхөлбөр өнгөтэй, ам хаалттай, дээд доод үзэгдэх шүд бүрэн гарсан зүйлгүй, хэвлий хавирганы нумны түвшинд байрлалтай. Цогцос хөрсөн, хөшилт хүзүү, эрүү мөчдөд тод үүссэн, цогцосын толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн ягаан өнгөөр тод үүссэн. Баруун чихний дэлбээнд З см, 1 см зах ирмэг тэгш бус ил шархтай, духны зүүн дээд хэсэгт 1x1.5 баруун чихний дэлбээнд 3x0.5, эрүүний зүүн доод хэсэгт 1x0.3, хүзүүний баруун дунд хэсэгт 2x0.5, 1x0.5, зүүн шилбэний гадна дээд хэсэгт 1.5x1, хүрэн ягаан өнгийн шинэ зулгаралттай, хүзүүний дунд хэсэгт 2.5x3, баруун мөрөнд 3x3, баруун эгэмний доор 2.5x2, баруун шууны гадна дээд хэсэгт 2x1.5, доод хэсэгт 1x1, сарвууны эрхий хурууны доор 4x3, зүүн сарвууны ар талд 3x5, эрүүний зүүн дунд хэсэгт 2.5x1.5 хөхөлбөр өнгийн цус хуралттай хэвлийн баруун доод хажуу хэсэгт 2.5x0.5, зүүн сарвууны ар хэсэгт 2.6x2, 1x1.1, 0.1x0.2, 0.1x0.1 ягаан өнгийн зураасан хэлбэртэй зулгаралттай биед өөр ил харагдах гэмтэлгүй, биеийн хэм 01:05 цагт 29.5 градус, нас бараад 6-8 цаг орчим хугацаа өнгөрсөн байлаа. ...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 32-35/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн “...Талийгаач гарын дүйтэй, сэтгэлгээний чадвар сайтай, байгальд явж аялах дуртай, сэтгэл сайтай, цайлган сэтгэлтэй, даруухан, бусдыг хайрладаг, бусдад байнга тусалж явдаг хүнлэг зантай хүн байсан. Амь хохирогчийн оршуулгын зардалд нийт хэдэн төгрөг зарцуулсан талаар нарийн гаргасан зүйл байхгүй байна. Ямар ч байсан нийт 18.000.000 сая орчим төгрөг болсон. Баримтуудыг хэрэгт хавсаргуулж нэхэмжилнэ. Миний данснаас 5.000.000 төгрөг гарсан, эхнэр Жанчивсүрэнгийн данснаас 4.000.000 төгрөг гарсан үлдэгдэл мөнгө манай хүү Г.Наранбаатарын дансаар болон бэлнээр гарсан. ...” /1 хх 107/,

насанд хүрээгүй гэрч Э.Д-ний “...2023 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө миний бие 08 цагийн орчимд сэрсэн ба манай аав Ө тухайн үед сэрчихсэн байсан. Би өглөө 09 цаг 30 минутад бэлтгэлд явдаг бөгөөд намайг гарахаас өмнө аав маань эвдэрсэн машин руугаа явна. Машин нь Буман-Өлзий хорооллын урд талын гудамжинд эвдэрсэн гэж ярьж байсан. Ингээд би аавыг гэрээс гарсны дараагаар удалгүй гэрээс гарч автобусанд сууж Цамбагаравт байрлах таеквондогийн бэлтгэл хийсэн. Бэлтгэл маань 11 цаг 30 минутад тарж улмаар гэртээ автобусаар ирсэн ба Орбит 2 нэртэй автобусны буудал дээр 12 цаг өнгөрч байхад буугаад гэртээ ирэх гэтэл аав маань цэнхэр өнгийн Алион маркийн машинд автобусны буудал дээл талд машины жолоочтой хамт хоёулаа архи уугаад сууж байсан. Би тэгээд аав дээр очиж уулзахад бага зэрэг халамцуу найзтайгаа юм яриад сууж байсан. Аав тухайн үед найзыгаа Л гэж дуудаад байсан. Тэгээд ааваас найз Н-ынх руу явчихаад ирье болох уу аав гэж асуухад, аав маань зөвшөөрсөн. Улмаар би гэртээ очиж бэлтгэлийн хувцсаа тавьж, хувцсаа сольчихоод найз Н-ын гэр буюу манайхаас 1 орчим км зайд улаан дэлгүүрийн ойролцоох гэрт нь очиж найзтайгаа хамт зурагт үзэж утсаар тоглосон. Найз Н-ын гэрт очиход бол цаг ер нь 14 цаг болж байсан. Би тэдний гэрт ойролцоогоор 2-3 цаг болсон. Тэгтэл аав маань 91914545 гэсэн өөрийнхөө дугаараас над руу хэд хэдэн удаа залгасан байсан. Ингээд би утсаа аваад ярихад аав Ө “Утсаа авахгүй юу хийгээд байгаа юм бэ” гэж асуухаар нь би “Тоглож байгаад анзаарсангүй” гэж хэлсэн. Тэгтэл аав бид хоёрыг ярьж байхад намайг найз Н дуудаж унадаг дугуйгаа янзалъя гэж хэлсэн. Тэгтэл аав надаас “чиний дугуй хаана байгаа юм бэ? наад дугуй чинь хэний дугуй юм бэ” гэж асуухаар нь “энэ дугуй найзын дугуй миний дугуй гэрт байгаа” гэж хэлсэн. Аав өөдөөс “чи өөрийнхөө дугуйг янзлаач” гэж хэлсэн. Хариуд нь “би янзалж чадахгүй шүү дээ” гэж хэлэхэд аав надад “дугуйг маань янзалж өгье” гэж хэлсэн ба би хоёулаа янзалж чадахгүй засварт өгье гэж хэлсэн. Гэтэл цаанаас нь нэг эрэгтэй хүн “наадах чинь ямар арчаагүй пизда бэ” гэж намайг хараасан ба аав маань өөдөөс нь “чи юу хуцаад байгаа юм бэ” гэж хэрэлдсэн. Тэгтэл цаанаас намайг хараасан хүн өөрөө аавд хандаж “наадахаа хая хая” гэж хэлсэн. Тэр үед аав маань намайг хараасан хүнд хандаж “пизда минь машинаасаа буугаад ир” гээд тэр хоёр хоорондоо ноцолдоод байх шиг байсан. Тухайн үедээ утсаа таслаагүй. Би тэр үед “байна уу? Аав” гээд олон удаа орилсон боловч утсаа сонсоогүй. Тэгтэл аав нэг утсаа авснаа аав нь “дараа ярья” гэж хэлэхээр нь “би за за болгоомжтой байгаарай” гэж хэлээд салгасан. Ингээд аавыг хүнтэй маргалдаж байхыг нь сонссон учир эмээ Энхбатад хэлж аавыг асуухад эмээ аав чинь энд байхгүй гэж хариулсан. Эмээ тэр үед намайг гэртээ хурдан ир гэж хэлэхээр нь найзынхаас гараад шууд 18 цаг өнгөрч байхад ирсэн. Гэртээ ирчихээд галаа түлчихээд аав руу ахин залгахад шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн хажуу талд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гүйгээд очиход аав маань нэлээн халамцуу миний өөдөөс алхаж байсан. Тэгээд ааваас юу болсон талаар асуухад МТ колонк дээр чамтай утсаар ярьж байхад хажуу талаас чамайг доромжлоод байсан хүнийг аав нь ганц 2 цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд би аавыг гэр рүүгээ оруулж хэвтүүлсэн. Гэртээ оруулахад бага зэрэг харанхуй болсон байсан ба цаг 20 цаг болж байх шиг байсан. Ингээд тэр оройноо гэрээсээ гараагүй ба маргааш өглөө нь буюу 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад ажилдаа явсан ба шууд хөдөө явсан байсан. ... Намайг харааж байгаад аавтай маргалдсан хүний хоолой Лхагва гэх хүний хоолойноос өөр хүний хоолой байсан. ...” /1 хх 58-61/,

гэрч Б.Л-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагийн үед намайг гэртээ байж байхад зүс таних сахал Л ах миний .. гэсэн дугаар руу залгаад би Х-ийн гэрт байна намайг ирээд аваадах гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би гэрээсээ 10 өнгөрч байх үед өөрийн ..-.. УНЯ улсын дугаартай цагаан цэнхэр өнгийн Аллион маркийн машинаа жолоодоод гэрээсээ гараад МТ колонкын дэлгүүрээс 0.33 граммын “Хараа” нэртэй архи аваад Хангайгийн гэрийн үүднээс сахал Л ахыг авсан. Тэр үед сахал Л халамцуу байсан бид хоёр хоорондоо ярилцаж байгаад талийгаач Н-ын хашаанд очтол хашаан дотор Б, талийгаач хоёр хашаандаа жорлон ухаж байна, жижиг молдок эвдэрчихлээ гээд янзлаад хашаан дотроо байж байсан. Тэгээд сахал Л ах бид хоёр хашаан дотор нь ороод мэнд ус мэдчихээд би дэлгүүрээс авсан 0,33 граммын архиа задлаад дөрвүүлээ тухайн архийг хувааж уусны дараагаар дахиад би 12 цагийн үед дэлгүүр ороод 0,5 литрийн “Хараа” нэртэй архи аваад буцаад талийгаачийн гэрт ирээд бид дөрөв тухайн архийг хувааж ууцгаасан юм. Тэгээд манай ойролцоо байдаг найз Ө-гийн ... гэсэн дугаар руу залгаад молдок асуутал урдаас том молдок байгаа Б-гийн урд талд байрлах хашаан дотор портероо янзалж байна гэхээр нь би өөрөө машинаа жолоодоод талийгаач Н, сахал Л ах бид гурав Ө дээр очсон юм. Тэгээд Ө-г машин янзалж байх хооронд бид дөрөв нийлж байгаад 0,5 литрийн “Хараа”, дараа нь “Экс” нэртэй 0,75 литрийн архи зэргийг Буман-Өлзий хорооллын дэлгүүрээс аваад бид дөрөв тухайн архинуудыг хувааж уусан юм. Тэгээд ууж байтал 15-16 цагийн үед Л ах би согтоод байна намайг гэрт хүргээд өгчих гэхээр нь талийгаач миний машиныг бариад Ө, Л ах бид дөрөв Л ахыг гэрт нь хүргэж өгчихөөд буцаж Ө-гийн гэрийн гадаа ирээд бид гурав үлдсэн архиа миний машин болон хашааны гадаа хувааж уусан юм. Тухайн үед талийгаач, Ө хоёр хоорондоо молдокноос болоод маргалдаад байх шиг байхаар нь би согтчихсон байна одоо явлаа гэж хэлээд 18-19 цагийн орчимд өөрийн машинаа бариад гэр рүүгээ явсан юм. Харин Ө-гийн гэрийн гадаа талийгаач Н тэр хоёр үлдсэн. ... Намайг салаад явах үед талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй ... би машин бариад колонк дээр очсон юм байна лээ. Хэн нь хэнийхээ хаана нь хэдэн удаа юугаар цохисон гэдгийг би санахгүй байна. ...” /1 хх 71-72, 2 хх 195-196/,

гэрч С.М-ны “...Би 2023 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр талийгаачийн гэрт нойлын нүх ухаж байгаад оройны 17 цагийн үед тэдний гэрээс гарсан ба тэр өдрөөс хойш уулзаагүй. Намайг талийгаачтай 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уулзахад биеийн байдал нь хэвийн эрүүл саруул байсан. Талийгаачийн биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шинэ гэмтэл шархгүй байсан. Тэр өдөр халуун байсан учир талийгаач цээж хэсгээрээ нүцгэн байсан юм. Талийгаач нь надтай, мөн Л, Н /.../, Д нартай нийлдэг, өөрөөр хэнтэй нийлж нөхөрлөдгийг сайн мэдэхгүй. ... Сүүлд надтай 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уулзахад талийгаач биеийн байдал нь эв эрүүл байсан. ... Би талийгаачтай 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хамт ажил хийдэг байхад хүнтэй маргалдаж ам зөрсөн зүйл байхгүй. ...” /1 хх 80-81/ гэсэн мэдүүлгүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Зураг-9 Ө.Д аавтайгаа уулзсан гэх газрыг харуулав. ... зураг-11 Ө-гийн ирж байсан газрыг заалгуулж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...18-19 цагийн орчимд өөрийн машинаа бариад гэр рүүгээ явсан юм гэж хэлсэн бөгөөд талийгаачийн нас барсан гэх газраас баруун хойд зүгт 27 орчим метр зайд Н, Ө нарын хамт архи ууж байсан газрыг өөрөө заасныг ойроос гэрэл зургийн аргаар бэхжүүлэн тэмдэглэлд тусгав. ...” /1 хх 136-15/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2440 дугаар шинжээчийн “...Талийгаачийн цогцост хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний язарсан шарх, цус хуралт, сэмж, чацархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун чихний шарх, дух, эрүү, хүзүү, зүүн гарын эрхий хуруу, сарвуу, зүүн шилбэ, хэвлийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. Талийгаач дээрх хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид гадна үзлэг 2023.09.15-ны өдрийн 03 цаг 30 мин хийхэд нас бараад 6-8 цаг болсон байжээ. Талийгаач 0/I/ бүлгийн цустай байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байжээ. ...” /1 хх 167-171/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 777 дугаар шинжээчийн “...Э.Ө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Ө нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Ө нь хэл ярианы хөгжил болон сэтгэн бодох чадвар нь хэвийн байна. Э.Ө нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэний дараа сэтгэл санааны цочрол болон өөрчлөлтөнд орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна. Э.Ө нь хэрэг үйлдэгдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. Э.Ө нь хэрэг хариуцах чадвартай байна. Э.Ө нь гэмт хэргийн үйлдлийн үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” /1 хх 206-207/ гэсэн дүгнэлтүүд,

сиди хуулсан бичлэгт үзлэг хийсэн “...яллагдагч Э.Ө жолоочийн хойд талын хаалгыг онгойлгож улаан өнгийн цамцтай хүнийг буулгах үед улаан өнгийн цамцтай амь хохирогч Т.Н дээшээ хараад унаж байгаа харагдаж байх ба цагаан эрээн өнгийн хувцастай яллагдагч Э.Ө нь 1 минут 39 секундэд дахин баруун хөлөөрөө хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөж байв. ...” /1 хх 78-79/ гэсэн тэмдэглэл зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Ө-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Ө-ийг амь хохирогч Г.Н-ын толгой, хэвлий тус газруудад гараа цохих, өшиглөх зэрэг үйлдлээр хэвлийн хөндийн битүү гэмтэл учруулан алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шйидвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ээс “...шүүгдэгч Э.Ө-д оногдуулсан 9 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэж байна. ... Шинжээчийн дүгнэлтэд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж гэмтлийн зэргийг гэмтэл тус бүрээр ялган тогтоолгох хүсэлттэй байна. Тус хэрэг Л хамтран оролцсон бөгөөд Л-ийг шалгуулах хүсэлттэй байна. Иймд Э.Ө-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцааж, мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон бол хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон бүрэн эрх юм.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт зааснаар хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Э.Ө-д 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж заасан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хамтран оролцооны хэлбэр байхгүй байна гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ээс “...камерын бичлэгт бичигдсэн дүрс алга болж, дүрс нь бүдгэрч бичлэг тайрагдсан буюу нотлох баримтыг устгасан, өөрчилсөн...” талаар гомдолд дурдсан бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад уг гомдолтой холбоотой нотлох баримт байхгүй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн зохих байгууллагад нь гомдлоо гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Э.Ө-гээс “...ялыг хөнгөрүүлэх болон хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

Хүнийг санаатай алах гэмт хэрэгт оюун санааны талын агуулга нь гэм буруутай этгээд хүний амь насыг хууль бусаар үрэгдүүлснээ ухамсарлаж, урьдаас мэдсэн, хүсэл зоригийн талын агуулга нь тус хор уршгийг хүсэж буй болгосон, эсхүл түүнд үйлдлээрээ зориуд хүргэснээр илэрдэг бол болгоомжгүй гэмт хэргийн хувьд гэмт этгээд Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашигт халдахыг хүсээгүй, халдах боломжтой гэдгээ мэдээгүй, мэдсэн боловч өөрийн хөнгөмсөг, хайхрамжгүй байдлаас болж хуулиар хамгаалсан эрх ашигт халдсан байхыг хамааруулдаг эрүүгийн эрх зүйн тогтсон ойлголт.

Шүүгдэгч Э.Ө нь хүнийг гараараа цохих болон хөлөөрөө өшиглөн зодож байгаа үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах бүрэн боломжтой болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, тэрээр өөрийн үйлдлийн улмаас учирч болохыг хор аюулыг хүсээгүй боловч толгой, хэвлий тус газруудад гараа цохих, өшиглөх зэрэг санаатай үйлдлээрээ тэрхүү хор уршигт “зориуд” хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Э.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.  

Хэдийгээр шүүгдэгч Э.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, оршуулгын зардалд 18.000.000 төгрөгийг төлсөн хэдий ч түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэлээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоол “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хавсралтын 3-т “Нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим аргачлалын 3.3-д “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ... мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасны дагуу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эрүүл мэндэд учирсан гэмтэл, гэмтлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сөрөг үр дагаврыг тус тус харгалзан, гэмт хэрэг гарсан цаг хугацааны үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82.500.000 төгрөгөөр тооцон шүүгдэгч Э.Ө-гээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, шүүгдэгч Э.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Э.Ө-гийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, шүүгдэгч Э.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-гийн цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                           ШҮҮГЧ                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                            ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

                                           ШҮҮГЧ                                            Т.ШИНЭБАЯР