Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Хохирогч: Б.Барсүрэн,

            Хохирогчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа

         Шүүгдэгч: Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Н-ын А-д холбогдох 1835000050024 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 16-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-2, эхнэрийн хамт Увс аймаг Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суух Г овогт Н-ын А. РД:ОЗ.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.А нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Шүүгдэгч Н.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Н.А нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-г хутгалсан болох нь хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өглөө А-гийн хамт мотоциклиор сумын төв орж 0.5 литрийн архи 1 ширхэг, 2 литрийн 2 ширхэг пиво аваад тэдний гэрт очиж уугаад согтсон байсан. Үдээс хойш бүрэнхий болж байтал би ухаан ороход А-гийн гэрээс урд зүгт 300 метр орчим зайтай байдаг толгой дээр ганцаараа байж байсан. Би сэхээ ороод буцаж А-гийн ах А-ынд орсон юм. ...Би сэхээ ороход хувцас хунар цус болчихсон байсан ба баруун гарын бугалганы гадна хэсэг, баруун дал, цээжний зүүн хэсэг, зүүн мөр, зүүн шанаа, нурууны зүүн хэсэгт тус тус хутгалагдсан шархтай цус гарч байсан. А, А гэх хүмүүс явж багийн эмч авч ирсэн бөгөөд эмч намайг сумын эмнэлэгт авч ирж, боолт, оёдол хийж цус тогтоосон юм. Түүгээрээ эмнэлэгт хоноод 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн. ...Би юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Нэг санахад А зүүн шанаанд нэг цохиод дахин зүүн тал руу хутгалсаныг санаж байна, бусдыг нь санахгүй байна. ... Миний биед 5-6 газарт хутгалагдсан бөгөөд 5 газарт нь оёдол тавьсан. ...нэгдсэн эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа би хэдэн төгрөгний зардал гаргаснаа нэг бүрчлэн гаргасан зүйл байхгүй байна. А нь надад 2.288.000 /хоёр сая хоёр зуун наян мянга/-н төгрөгийн хохирол учирснаас 1.288.000 төгрөгийг төлж өгсөн. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Одоо нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-р тал/,

гэрч Ж.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Барсүрэнг үзэхэд Зүүн хацар зүсэгдсэн шархтай 5 оёдол тавигдсан зүүн нүд хөхөрсөн хавдартай, баруун хацар зулгарсан шархтай, зүүн мөр зүүн өвчүүний гадна хоёр хөхний хооронд шархтай, баруун мөр бугалганд тус бүр нэг ширхэг хатгагдсан шархтай, зүүн бөөрний харалдаа том хэмжээний зүсэгдсэн шархтай цус нэвчсэн, шархны чиглэл нь ардаасаа урагшаа чиглэлтэй гүнзгий нэвтрээгүй шархтай байсан. ...урдаасаа хойшоо гүнзгий хавсан маягийн шархтай, хэвлийн хана нэвтрээгүй, хуруу нэлээд гүнзгий орсон нэвчсэн цус хуралттай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

гэрч А.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн:“... 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би эмнэлэг дээр ээлжтэй хонож байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөрт шилжих шөнө 03 цагийн үед манай эмнэлэгийн эрхлэгч Н эмч, Б.Б мөн нэг зүс үл таних нийт 3 хүн орж ирээд Б яаралтай тусламжийн өрөөнд оруулсан юм. Тэгээд би дээд давхараас шингэн залгах эм, тариаг авч ирэхээр гараад буцаж яаралтай тумламжийн өрөө рүү ороход Б-ийн цээж хэсгийн хувцасыг тайлчихсан Н эмч үзэж байсан юм. Тэгээд Б-ийн зүүн талын ташаа хэсэгт ойролцоогоор 4-5 см хэмжээтэй ангайж зүсэгдсэн байдалтай мөн зүүн талын далны хэсэгт зүсэгдсэн шархны сорвитой байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

гэрч Н.А-ын мөрдөн байцаалтад өгсөн:“... Б нь манай гэрт орж ирээд нүд, нүүрээ угаамаар байна ус хийгээд өгөөч гэж зогсож байсан. Тухайн үед Б-гийн дээл, хувцас нь цус болчихсон байхаар нь Б-гийн хувцасыг нь тайлаад зүсэгдсэн хэсгийг нь бинт /даавуу/-ээр ороож багийн эмч дуудуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

гэрч П.Н-ий мөрдөн байцаалтад өгсөн:“...Б.Б-г гаднаас нь ажиглахад хар өнгийн куртик өмсчихсөн, курткин дээгүүрээ цус нэвтэрсэн, нүүрэндээ хутганы шархтай, чихнээс нь цус гоожсон, нүд хөхөрсөн байсан. ...Зүүн бөөрний харалдаа 7 см урттай 1 см гүнтэй зүсэгдсэн шарх, зүүн дал орчим 12 см урттай 0,5 см гүнтэй зүсэгдсэн шарх, зүүн хацар 4 см урттай, 0.5 см гүнтэй зүсэгдсэн шарх, баруун дал 3 см урттай 0.5 см гүнтэй зүсэгдсэн шарх, баруун бугалга 1,5 см урттай 0,5 см гүн зүсэгдсэн шарх, зүүн зүрх орчим 2 см урттай, 0,5 см гүнтэй зүсэгдсэн шарх үүссэн байсан юм. ...зүсэгдсэн шарнхуудад оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

шүүгдэгч Н.А-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б-г би өөрөө согтуу байхдаа хутгалж гэмтээсэн. ...миний гутлын түрийнд байсан зам дээрээс олж авсан хар иштэй хутгаар би Б-г хутгалж гэмтээсэн. ... Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Б-д 1.288.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар бид хоёр тохиролцсон” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.А нь хохирогч Б.Б-г хутгалсны улмаас хохирогчийн зүүн хацар, баруун мөрний үений ард, баруун, зүүн бугалга, цээж, зүүн ташааны ар дээд хэсэгт зүсэгдэж хатгагдсан шарх, тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, зүүн нүдний эргэн тойронд, зүүн ташааны ар дээд хэсэгт цус хуралт, зүүн нүдний доод зовхи, дээд уруулд зулгаралт, зүүн чамархайн шанааны хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Энэ шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-р тал/,

Монгол Улсын шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээч эмч нарын  “2017.12.28- ны өдрийн шинжээч эмч Н.Одбаярын гаргасан шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Б-гийн биед зүүн хацар, баруун мөр, баруун, зүүн бугалга, цээж зүүн ташаанд зүсэгдэж, хатгагдсан шарх, тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, зүүн нүдний зовхи, зүүн ташаанд цус хуралт, зүүн нүдний зовхи, дээд уруулд зулгаралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Б-гийн биед учирсан зүүн ташааны ар дээд хэсэгт зүсэгдэж, хатгагдсан шарх гэмтэл нь мэдрэлийн үйл ажиллагаа болон бусад эрхтнүүдэд нөлөөлөөгүй ба үлдэц хор уршиг үүсгэхгүй болно" гэх 237 дугаартай дүгнэлт /хх- ийн 83-85-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Н.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б нь “Шүүгдэгч Н.А-гаас 2.288.000 төгрөгийн хохирол нэхэмжлсэнээс 1.288.000 төгрөгийг төлсөн, 1.000.000 төгрөгийн хохирлыг 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон байх тул шүүгдэгч Н.А-г төлөгдөөгүй 1.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.А-гаас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй болно.

2. Шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан торгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Г овогт Н-ын А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          4. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ