2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/05257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  М******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Э,

Хариуцагч: Л.М нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 56 230 103 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П*******,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т*******өд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул хэргийг эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Л.М*******, Ц.Э******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56 230 103 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.М******* ХХК нь зээлдэгч Ц******* овогтой Э******* нар нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1280004600 тоот зээлийн гэрээ байгуулан 205 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувь, жилийн 36-н хүүтэйгээр Бизнесийн зээлийн зориулалтаар иргэн Л.М*******ийн өмчлөлийн ****тоот хаягтай улсын бүртгэлийн Ү-2206******* дугаартай 90.25 м2 3 өрөө орон сууцыг барьцаалан зээл авсан. Гэтэл зээлдэгч Ц.Э******* нь зээлийн гэрээний хугацаа дууссан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээл, зээлийн хүүний төлөлтийг төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэж байсан боловч эс биелүүлж зээлээ төлж барагдуулахгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна. Иймд 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 26 244 827 төгрөг, зээлийн хүү 19 576 987 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 244 261 төгрөг, нийт 49 066 076 төгрөг төлөөгүй байна. Иймд хариуцагч Ц.Э*******, Л.М******* нараас зээлийн гэрээний үүрэгт 49 066 076 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэсэн.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 2024.11.28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 29 244 827 төгрөг, үндсэн хүү 21 156 832 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 289 088 төгрөг, нийт 51 690 749 төгрөг болж байна. Иймд 2 624 672 төгрөгөөр нэмэгдүүлэн ихэсгэж байна.

1.3.Нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 29 244 827 төгрөг, үндсэн хүү 25 002 461 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 982 814 төгрөг, нийт 56 230 103 төгрөг болж нийт 4 539 354 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

1.4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2022.03.30-ны өдөр Ц.Э******* нар нь 205 000 000 төгрөгийг манай ББСБ-гаас зээлсэн. 2022.04.04-ний өдөр 146 000 000 төгрөгийг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл нь 59 000 000 төгрөг болсон. Ингэж явж байгаад 2 зээлдэгч маань харилцан тохиролцоод тэнцүү хуваагаад 29 244 827 төгрөгийг тус тусдаа төлөхөөр болсон. 2 хуваагаад зээлийн гэрээ байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг манайд тавьсан. Ингээд н.Энхбаяр нь өөрт ногдох мөнгийг төлж барагдуулчихаад барьцаа хөрөнгөө аваад явчихсан. Тэгээд Ц.Э******* зээлдэгч нь 29 244 827 төгрөгийн өртэй үлдсэн, үүнээс хойш 2024.03.14-ний өдөр 3 000 000 төгрөгийг төлсөн, өөр төлөлт хийгээгүй болно. Манайх Ц.Э*******аас одоо нэхэмжилж байгаа нь үндсэн зээл 29 244 827 төгрөг, хүү 25 002 461 төгрөг /энэ нь болохоор 2022.11.20-ноос хойш 2024.04.01-ний өдрийг хүртэлх хуримтлагдсан байгаа/, нэмэгдүүлсэн хүү 1 982 814 төгрөг байгаа юм. Хариуцагчийн төлсөн мөнгө нь 3 000 000 төгрөг байгаа юм, үүнийг нь 2024.03.14-ний өдөр төлсөн нэмэгдүүлсэн хүү, дараа нь хүүгээс хассан байгаа. Тиймээс 2 244 579 төгрөгийг, үлдэх 755 420 төгрөгийг хуримтлагдсан хүүнээс хассан юм. Ингээд тухайн өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүүгийн өргүй болсон боловч дараа нь гарсан нийлбэр дүнгээр тооцсон. Өмнөх зээл төлөгдөөгүй учраас зээлийн данс нь хаагдахгүй, гэрээ үргэлжилж байгаа, тиймээс үргэлжлүүлээд хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Э******* нь Ч.Этой хамтран М******* ХХК-иас 2022 оны 3 дугаар сарын 30-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 205 000 000 төгрөгийг зээлж авсан, зээлийн барьцаанд хариуцагч Л.М*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан талаараа маргахгүй. Маргаж байгаа үндэслэл нь уг 205 000 000 төгрөгнөөс 146 000 000 төгрөгийг удалгүй төлчихсөн. Тэгээд үлдэх 59 000 000 төгрөгийг нь хоёр хуваагаад төлнө гэсэн, тэгээд уг мөнгөн дээрээ шинэчлэн гэрээ байгуулна гэсэн, гэтэл тухайн үед төлсөн мөнгө байсан байхад хэрхэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоод байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн үед үндсэн зээл 59 000 000 төгрөгнөөс хуваагаад 29 500 000 төгрөг үлдсэн гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлага дээр үндсэн зээл нэмэгдээд түүнээс хүү тооцоод байгааг ойлгохгүй байна. Мөн төлсөн төлбөр үндсэн зээлнээс хасагдаагүй байгаа нь эргэлзээтэй байгаа учраас маргаж байгаа юм. Харин хамтран зээлдэгч Ч.Э өөрт холбогдох зээлийг төлсөн талаар, мөн барьцааны гэрээ байгуулсан талаар бол маргаан байхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022.03.30-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, эргэн төлөлтийн хуваарь, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, эргэн төлөлтийн хуваарь, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, MMF банк бус санхүүгийн байгууллагад гаргасан Ц.Э*******ын гаргасан хүсэлт, Ч.Эын гаргасан хүсэлт гэсэн баримтуудыг /хх-ийн 1-13, 23-25, 52-54 хуудас/,

хариуцагчаас хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 26 244 827 төгрөгийг хангаж, үлдэх 29 985 276 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Э*******ыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаандаа зээлээ эргэн төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт 56 230 103 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны гэрээний зүйл болох хариуцагч Л.М*******ийг өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч Ц.Э******* нь нэхэмжлэгч М******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй, зээлийн мөнгөн хөрөнгөөс эргүүлэн төлсөн боловч үлдэх зээлийн үлдэгдлийг хэрхэн тооцоод байгаа нь ойлгомжгүй, үндсэн зээлийн үлдэгдлийг нэмж тооцоод байгаа нь эргэлзээ бүхий байгаа гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Л.М******* нь талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус тул шаардах эрх үүсэхгүй, хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардаж буй тооцоолол нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.М******* ХХК нь хариуцагч Ц.Э*******, иргэн Ч.Э нартай 2022 оны 03 дугаар сарын 30-ний өдөр №1280004600 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 205 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар жилийн 36 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, зээлээ эргүүлэн төлөөгүй бол үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ.

5.2.Мөн нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Ц.Э*******, иргэн Ч.Э, хариуцагч Л.М******* нартай 2022 оны 03 дугаар сарын 30-ний өдөр №1280004600 дугаартай Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, **** тоот, Ү-2206******* тоотод бүртгэлтэй орон сууц, **** тоот, Ү-2201 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан болох нь зээлийн болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №0009 дугаарт бүртгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

6.Талуудын маргааны зүйл нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, хэрхэн тооцсон эсэх нь ойлгомжгүй, эргэлзээтэй талаар байна, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаараа маргаагүй байна.

 

           7.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар нэхэмжлэгч М******* ХХК нь нийт 205 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Э*******, иргэн Ч.Э нарт шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

7.1.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Э*******ыг зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй, зээлээ төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 29 244 827 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 25 002 461 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 982 814 төгрөг, нийт 56 230 103 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

7.2.Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн гэрээний зүйл болох 205 000 000 төгрөгнөөс 146 000 000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эргүүлэн төлсөн, үлдэх 59 000 000 төгрөгийг хамтран зээлдэгчтэй хуваан төлөхөөр, тус тусдаа гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон боловч хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, төлсөн төлбөрийг хүүнээс хасч тооцоогүй, зээлийн тооцоолол эргэлзээтэй байна гэж мэтгэлцсэн.

 

8.Хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэгч нь Ц.Э*******, Ч.Э нартай байгуулж, мөнгөн хөрөнгийг хамтран зээлдэгч нарт шилжүүлсэн байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

8.1.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн зүйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно, 19.3-д зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч Ц.Э*******, Ч.Э нарт бизнесийн зориулалтаар 205 000 000 төгрөгийн зээлийг олгосон байх бөгөөд гэрээнд зээлийн хүү, хугацаа, бусад нөхцлийг харилцан тохиролцжээ.

8.2.Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-д хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ, 242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж зааснаар дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч нарт хамтран хүлээх үүрэг үүссэн, өөрөөр хэлбэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн зүйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ, 20.8-д зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж заасан байна.

8.3.Нэхэмжлэгч М******* ХХК, хариуцагч Ц.Э*******, иргэн Ч.Э нарын байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн гэрээнд хугацааг 6 сарын буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг хүртлэх хугацаатай байгуулсан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахад хамтран зээлдэгч нар нь хэн аль нь үлдэх зээлийн төлбөрийг хуваан төлөхөөр шинээр гэрээ байгуулах хүсэлтийг гаргаж байсан болох нь тэдгээрийн хүсэлт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

8.4.Хэрэгт авагдсан хариуцагч Ц.Э*******ын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлтэд ...үлдэгдэл төлбөр болох 59 000 000 төгрөг нь хүүний хамт 69 489 655 төгрөг байна. Хамтран зээлдэгч Ч.Этой харилцан тохиролцож, зээлээ салгахаар шийдвэрлэсэн ба түүний хувьдаа зарцуулсан 11 000 000 төгрөгийг хасч, 58 489 655 төгрөгийн зээлийн үлдэгдлийг хоёр хуваан надад ногдох 29 244 827 төгрөгт барьцааны эд хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шинээр зээлийн гэрээ байгуулж өгнө үү гэж, мөн Ч.Э нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтдээ ...одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл 67 754 519 төгрөг байна. Үүнээс тус тусын барьцаа хөрөнгө дээрээ дээрх үлдэгдлээс 11 000 000 төгрөгийг төлж хасалт хийсэн дүнг 2 тэнцүү хувааж тус тусдаа салгасан гэрээ хийх хүсэлтэй гэжээ.

8.5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийн гэрээний хамтран зээлдэгч болох Ч.Э нь өөрт ногдох зээлийн гэрээний үүргийг төлсөн тул түүнтэй гэрээ байгуулж, үүрэг дуусгавар болгосон, харин хариуцагч Ц.Э******* нь үүргээ гүйцэтгээгүй, зээлээ эргүүлэн төлөөгүй байгаа учраас үүрэг дуусгавар болоогүй, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн гэрээ үргэлжилж байгаа гэсэн боловч зээлийн гэрээний үүргийг хуваан гүйцэтгэхээр харилцан тохиролцож байгаа тохиолдолд хэнд ямар үүрэг үүсэх талаар нэг зээлдэгчтэй нь тохиролцсон гэдэг нь үндэслэлгүй байна.

8.6.Учир нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-д талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж заасан бөгөөд гэрээний талууд гэрээний хугацааг дуусгавар болоход үлдэх зээлийн үүргийг хуваан төлөхөөр шинээр гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан байхад хамтран зээлдэгч Ч.Этой зээлийн гэрээ шинээр байгуулсан гэж тайлбарласан атлаа үндсэн зээлдэгчтэй гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээний үлдэх үүргийг хэрхэн хувиарлаж, хариуцан төлөх, үлдэх төлбөрт хүү, алдангийг хэрхэн тооцохоор харилцан тохиролцсон нь тодорхойгүй байна гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

8.7.Иймд нэхэмжлэгчийн ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн тооцооллоор үндсэн зээлийн үлдэгдэл 29 244 827 төгрөгнөөс хариуцагч Ц.Э*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 3 000 000 төгрөгийг хасч, үлдэх 26 244 827 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон 29 985 276 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч талууд 2022 оны 03 дугаар сарын 30-ний өдөр №12800 дугаартай Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, *** тоот, Ү-2206******* тоотод бүртгэлтэй орон сууц, *** тоот, Ү-2201 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан боловч хариуцагч Ц.Э******* нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний зүйл болох хариуцагч Л.М*******ийн өмчлөлийн *** тоот, Ү-2206******* тоотод бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан.

9.1.Хариуцагч Ц.Э*******, Л.М******* нар нь барьцааны гэрээ байгуулсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул М******* ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

9.2.Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан хариуцагч Л.М*******ийн өмчлөлийн ** тоот, Ү-2206******* тоотод бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байна.

9.3.Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар хариуцагч Ц.Э******* нь үүргээ гүйцэтгэхгүй, зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгө болох хариуцагч Л.М*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 011 /403 281 +70 200+ 56 950+87580/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э*******аас 359 374 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ц.Э*******аас зээлийн гэрээний үүрэгт 26 244 827 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 29 985 276 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Э******* нь үүргээ гүйцэтгэхгүй, зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч Л.М*******ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 хороо Арцатын ам /17100/, 1462 байр 94 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******* дугаартай 90.25 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э*******аас 359 374 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

  

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН