Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 305/ШШ2025/00422

 
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын **************** үйл ажиллагаа явуулдаг ********* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багийн ******** тоотод оршин суух Д-н Б-т холбогдох,

гэрээний үүрэгт 663,750 (зургаан зуун жаран гурван мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******** ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Манай компани нь өөрийн Storepay буюу Стор пэй аппликейшн нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.

Хэрэглэгч Д овогтой Б нь ********** аппликейшн-аар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн.

Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн.

Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Хэрэглэгч нь ******** аппликейшн-аар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй байна. Үүнд:

Худалдан авалтын дугаар

Худалдан авалтын огноо

Худалдан авалт хийсэн дэлгүүр, салбар

Худалдан авалтын дүн

Төлбөр төлөх сүүлийн хугацаа

Нийт төлсөн төлбөр

Үлдэгдэл төлбөр

Үндсэн төлбөр

Торгууль

Алданги

Нийт

1.

781851

2023.09.22

12:25:48

LAZURITE shoes shop

590,000 төгрөг

2023.11.06

147,500 төгрөг

442,500 төгрөг

20,000 төгрөг

201,250 төгрөг

663,750 төгрөг

Иймд хариуцагчаас ******** аппликейшн-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох нийт 663,750 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ ... Манай ********* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д-н Б/**********/-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Ц би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дараах хүсэлтийг гаргаж байна.

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 663,750 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

********* ББСБ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 25/125 дугаар албан бичгээр Д.Б-т холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.А нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгожээ.

Хариуцагч Д.Б нь гэрээний үүрэгт 663,750 (зургаан зуун жаран гурван мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ********* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,050(хорин долоон мянга тавь) төгрөгийн тал хувь 13,525(арван гурван мянга таван зуун хорин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,525(арван гурван мянга таван зуун хорин тав) төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ******** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д-н Б-т холбогдох гэрээний үүрэгт 663,750 (зургаан зуун жаран гурван мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,050(хорин долоон мянга тавь) төгрөгийн тал хувь 13,525(арван гурван мянга таван зуун хорин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,525(арван гурван мянга таван зуун хорин тав) төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ