2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/04881

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Х******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Х /РД:********/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24 143 349 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

Хариуцагч Н.Х*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагч Н.Х*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24 143 349 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Х******* ХХК нь зээлдэгч Н.Х*******тай 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ0500190085 дугаартай Зээлийн гэрээг байгуулж сарын 3,2 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож 24 сарын хугацаатай нийт 16 600 000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ0500190085 дугаартай Зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор ЗГ0500190085 дугаартай Фидуцийн гэрээг байгуулж ******* УБМ улсын дугаартай КМНЕ34D******* арлын дугаартай 2015 оны хар өнгийн суудлын машиныг манай байгууллагын өмчлөлд шилжүүлсэн. Манай Х******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээлдэгчийн дансанд 16 600 000 төгрөгийн шилжүүлэн зээлийг олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.2.3-т Зээлийн төлбөрийн буцаан төлөх хуваарийн дагуу бүрэн төлөх гэж заасан үүргээ биелүүлээгүй мөн гэрээний 7.1-т Дараах нөхцөл байдал бий болсон тохиолдолд Гэрээний үүргийг зөрчсөнд тооцно, 7.1.1-т Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт 1-т заасан Зээл буцаан төлөх хуваарь-ийг 3 сар дараалан зөрчсөн гэж тус тус заажээ. Зээлдэгч Н.Х******* нь тухайн зээлийг авснаас хойш нэг удаа 1 342 312 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд үүнээс хойш огт төлөлт хийгээгүй байгаа нь гэрээг зөрчсөн нөхцөл байдал бий болсон бөгөөд авсан зээлээ одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Мөн Н.Х******* нь зээлийг төлөхийг удаа дараа шаардахад хүлээн зөвшөөрч төлнө гэж цаг хугацаа хэлдэг боловч, өөрийн хэлсэн цаг хугацаандаа төлбөрийг төлөхгүй явсаар ирсэн. Ингээд Н.Х******* нь хуваарь гаргаж төлөх саналыг бидэнд уламжилсаар ирсэн бөгөөд бидний зүгээс хүлээн авах боломжгүй тул шүүхэд хандаж байна гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж, автомашин худалдан авах зориулалтаар 16 600 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг тооцохоор шилжүүлсэн. Дараа нь фидуцийн гэрээг байгуулсан. Гэтэл зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан. Гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нэг удаа л 1 342 312 төгрөгийг төлсөн байгаа. Иймд үндсэн зээл 15 257 688 төгрөг, зээлийн хүү 6 434 493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 451 168 төгрөгийг буюу нийт 24 143 349 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Бид хүүг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл л тооцсон. Өөрөө манай дээр ирж зээл зогсоох хүсэлтийг гаргасан байдаг юм. Тиймээс бид хүсэлт гаргаснаар нь хүүг бол зогсоосон. Харин фидуцийн зүйл болох машиныг өмчлөх эрхийг буюу гэрчилгээг манай нэр дээр шилжүүлсэн боловч машиныг өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа болохоор фидуцийн гэрээг хэрэгжүүлэх боломж байгаагүй. Хариуцагч нь фидуцийн зүйлийг авчирч өгөөгүй, өөрөө ашиглаж байгаа учраас фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт бол гаргаагүй, зээлийн гэрээний үүргээ л шаардаж байгаа гэв.

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, хөрөнгийн жагсаалт, зээлийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, кассын орлогын баримт гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 18 474 934 төгрөгийг гаргуулж, үлдэх 5 668 415 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Х*******т холбогдуулан зээлийн гэрээ байгуулж, 16 600 000 төгрөгийн шилжүүлэн өгсөн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаандаа эргүүлэн төлөөгүй, фидуцийн зүйлийг хүлээлгэн өгөөгүй өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 15 257 688 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 6 434 493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 451 168 төгрөг, нийт 24 143 349 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Х******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 16 600 000 төгрөгийг шилжүүлэн авч найздаа өгсөн боловч 2019 оноос хойш төлөөгүй байсныг 2024 онд мэдсэн, тиймээс сард 500 000 төгрөгөөр 36 сар төлөөд явах саналтай байна гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагч Н.Х*******тай 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ0500190085 тоот Зээлийн гэрээ байгуулж, 16 600 000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар, нэг сарын 3.2 хувийн хүүтэй, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаатай зээлж, зээлээ эргүүлэн төлөөгүй бол үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ.

4.2.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ0500190085 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, ******* улсын дугаартай*******-LF маркийн автомашиныг Х******* ХХК-ийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон болох нь хөрөнгийн жагсаалт, тээврийн хэрэгслийн №02 тоот гэрчилгээрээр тогтоогдож байна.

 

5.Талууд зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан талаар маргаагүй, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн аваагүй гэж маргасан.

 

6.Нэхэмжлэгч Х******* ХХК-тай хариуцагч Н.Х******* нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн анкет, кассын зарлагын ордероор тус тус тогтоогдож байх тул зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

6.1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан.

6.2.Мөн талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 235.5-д хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу фидуцийн зүйлийг шилжүүлээгүй, гэрээний зүйл болох автомашиныг хариуцагч өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа, хаана байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар тайлбар өгөхгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа гэсэн болно.

6.3.Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгөн хөрөнгийг найздаа шилжүүлсэн, манай найз төлөлт хийж байгаад төлөлтөө хийгээгүй байна гэсэн боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээг хариуцагч Н.Х******* нь нэхэмжлэгчтэй байгуулсан, кассын зарлагын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ордероор 16 600 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 15 257 688 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 6 434 493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 451 168 төгрөг, нийт 24 143 349 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

7.1.Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.5-д зээлийн гэрээний хугацаа: 24 /хорин дөрвөн сар буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл/ гэж харилцан тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан боловч нэхэмжлэгч нь хариуцагчид зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн, хариуцагч нь хүүг зогсоох хүсэлт гаргасан тул 2023 оны 8 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл л тооцсон гэж тайлбарласан.

7.2.Хариуцагч Н.Х******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийг гардан авч эрх үүрэгтэйгээ танилцаж баримтад гарын үсгээ зурсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа талаараа хариу тайлбараа болон татгалзлын үндэслэл болох нотлох баримтыг хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй.

 

7.3.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3.5-д зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж харилцан тохиролцсон боловч гэрээний 10.1-д зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй буюу гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тохиолдолд ББСБ энэ гэрээний салшгүй хэсэг болох Барьцаа, /Баталгаат Ипотек/, Батлан даалт, Фидуцийн гэрээгээр барьцаалагдсан эд зүйлээр хуульд заасан журмаар гэрээний үүргийг бүрэн гүйцэтгүүлнэ гэж тохиролцсон, гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч нь дээрх үүргээ гүйцэтгээгүй, хариуцагч нь мөн фидуцийн зүйлийг хүлээлгэн өгөөгүй байна.

 

7.4.Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хариуцагч Н.Х*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 15 257 688 төгрөг, үндсэн хүү 6 434 493 төгрөгийн 50 хувь болох 3 217 246 төгрөг, нийт 18 474 934 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс хүүгийн 50 хувь болох 3 217 246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 451 168 төгрөг, нийт 5 668 415 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Хариуцагч Н.Х*******т шүүх хуралдааны товыг түүний 98 дугаарын утсаар нь мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг нээхэд ямар нэгэн хүсэлт санал ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Х*******аас 250 325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.Х*******аас зээлийн гэрээний үүрэгт 18 474 934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 668 415 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Х*******аас 250 325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

  

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН