| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2308000001166 |
| Дугаар | 2024/ДШМ/590 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ДШМ/590
2024 5 21 2024/ДШМ/590
А.Н-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энэрэл,
шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч О.Санчирбал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Очирваань,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/374 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Н-т холбогдох 2308000001166 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
... овгийн ...-гийн Н, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, .. мэргэжилтэй, ... ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .../,
Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны .. тоотод М.Ш-тай маргалдан цээжин тус газарт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Н-ийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-т 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Н-ийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт хорин зургаан хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Нээс 2.848.680 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Н-ийн А /РД:.../-д асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 23 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй. Одоогоор эмээ, хамтран амьдрагч болон бага насны 1 хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Миний эмээ Ц.О нь 75 настай байнгын асаргаанд байдаг ба хамтран амьдрагч болох М.М нь ирэн очин байдаг, хүү Н.А ой 10 сартай. Миний бие 6 сартай жирэмсэн бөгөөд тонус ихтэй хэвтрийн дэглэмтэй байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 461 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж эмчлүүлсэн. Бага насны хүүхдийг минь асран хамгаалах хүн хомс, эмээ минь асран халамжилж байгаа. Миний бие болчимгүй үйлдэлдээ харамсаж, гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бага насны 2 хүүхдээ асран халамжилж, эмээгийн сайн охин байж, эмээгээ асран халамжлах болно. Миний бие өөрт ноогдсон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд надад оногдуулсан 11 жилийн нээлттэй хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хамгийн багаар ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс А.Н-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруунбаян уулын 13 дугаар гудамжны 45 тоотод М.Ш-тай маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хутгалж хүнийг алах гэм буруутайд тооцсон үйл баримтын тухайд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс огт маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шийтгэх тогтоолын 7 дугаар талд хор уршгийн шинж чанар /оршуулгын зардлаас зарим хэсгийг төлсөн, 23 настай жирэмсэн, бага насны хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үзсэн.
Иймд Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 11 жилийн хорих ял оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хамгийн багаар ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдолтой байна. Хүүгийнхээ оршуулгын ажилд зориулж банкнаас зээлж авсан мөнгийг л төлсөн. Сэтгэл санааны хохирол, 5 хүүхдийн тэтгэмжийн мөнгө гэж огт төлөөгүй. Би 80 настай, тэтгэврийн мөнгөөр амьдардаг ганц бие хүн бөгөөд энэ олон хүүхдүүдийг тэжээхээр ганцаараа хоцорч байна. Биднийг тэжээдэг ганц хүүг маань алчихаад ял хөнгөрүүлж өгнө үү гэж болдог юм уу. Хүн алах тийм амархан юм уу. Ийм хууль байдаг юм уу. Ийм шүүх байдаг юм уу. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-гийн өмгөөлөгч В.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Буяны цогц үйлчилгээтэй холбоотой 5.200.000 төгрөгийн багц авсан бөгөөд тухайн зардалтай холбоотой асуудал шийдэгдсэн. Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой зардал нь 20.000.000 төгрөг болсон гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д өөрөө хэлдэг. Тухайн үед баримтаа цуглуулж чадаагүй гэдгээ өөрөө тайлбарласан. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг гаргуулахгүй шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд зарчим болон агуулгын хувьд сэтгэл санааны хохирлын асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан нөхцөл байдал бий болсон тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээд хохирлоо гаргуулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Н-т 11 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч А.Н нь согтуугаар амь хохирогчтой маргалдаж, “ална шүү” гэж хэлээд хүний амь биед аюултай газарт нь санаатай хутгалсан үйл баримт тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд амь хохирогч дахин босож ирэхгүй нь хүнийг алах гэмт хэргийн хор уршгийг илэрхийлж байна. Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Гэтэл шүүгдэгч А.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм буруудаа дүгнэлт хийгээгүй, гэм буруу дээр маргаж байсан. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 11 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан нөхцөл байдлууд тогтоогддоггүй. Шүүгдэгч А.Н нь 7 сартай жирэмсэн талаарх баримт хэрэгт авагдсан боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд эхлээд ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг гэж, шүүхийн шатанд ам бүл 2, 1 нас 10 сартай хүүхдийн хамт амьдардаг, нөхөргүй, хамтран амьдрагч ирэн очин байдаг гэж зөрүүтэй хорооны тодорхойлолтуудыг гаргаж өгдөг байсан. Гэмт хэрэг үйлдэгдэх үед нөхөр нь хамт амьдарч байсан гэх нөхцөл байдал тогтоогддог тул ам бүл 2, хүүхдийг харж хандах хүн байхгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хүүхдийн асрамжийн талаар шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан заалтыг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн А.Н нь өндөр настай эмээтэйгээ хамт амьдардаг, эмээгээ өөрөө асардаг талаар баримт байхгүй. Иймд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үндэслэл бүхий, мөн эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар гудамжны .. тоотод М.Ш-тай маргалдан цээжин тус газарт нь хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, дуудлагын лавлагааны хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх 2/,
хэргийн газрын үзлэг болон цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 5-18, 19-24/,
А.Н-ийн биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 38-44/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-гийн “...2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Арьс ширний .. айлын .. тоот гэртээ хүү М.Ш-ын хамт байсан. М.Ш өчигдөр орой нь гарч яваад өглөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд унтаад өгсөн. Хажуу талын айлын байшин нь шатаад байх шиг болохоор нь хүүгээ дуудаж сэрээгээд байж байтал Ч, нөхөр Д-ын хамт хүрч ирээд “Танайхыг шатаж байгаа юм болов уу гэж бодоод ирлээ” гээд хэсэг байж байгаад гараад явсан. Хүү маань бас цуг явсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад өнөөдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 23-ны өглөө хүмүүс ирээд хүүг маань өөд болсон талаар хэлсэн. ...” /1 хх 63-65/,
гэрч Ч.Ч-гийн “…Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдол 1 тоот гудамжинд Ш, Д бид гурвыг байхад манай найз Ц залгаад “Юу хийж байна” гэхээр нь “Ш, Д бид гурав байна” гэхэд Ц “Н гэдэг хуурай дүүтэйгээ байна” гэж хэлсэн. Н, Д, Ш бид дөрөв авсан том пивоо хувааж уусан. Н “5.000 төгрөг байна, та мөнгө нэмээд нэг пиво авчихаач” гэж хэлэхээр нь “Эгчид нь мөнгө байгаа” гээд Д-ыг дэлгүүр рүү явуулж нэг том пиво авсан. Н утсаар нөхөртэйгөө ярьсан. Тухайн үед гэрт нь Ш бид хоёр л байсан. Манай нөхөр Д гадаа тамхи татаж байсан. Н нөхөртэйгөө дүрсээ харж яриад “Чи хурдан ирж хүүхдээ ав” гэж хэлсэн. Нөхөр нь “Чи уучихсан юм уу? хэнтэй уусан юм” гэж асуухад, Н “Хуурай эгч нартайгаа уусан” гэж хэлээд салгасан. Манай найз Ш Н-т хандаж “Чи миний хүүхэд шиг хүн. Нөхөртөө худлаа хэлж болохгүй” гэж хэлэхэд “Та чимээгүй бай, миний амьдралыг мэддэг юм уу?” гэж хэлээд нөхөр рүүгээ залгаад “Чи ирж байна уу?, ямар тамтай юм бэ?, гудамжны архичин орж ирээд намайг гичий янхнаар нь дуудаад байна” гэж хэлээд утсаа салгасан. Ш Н-т “Чи яагаад худлаа яриад байгаа, би нөхөртэй чинь яръя” гэж хэлсэн. Н босоод Ш-ын зогсож байтал гал тогооны өрөө ороод “Чам шиг юм миний аав бол биш байгаа шүү, алчихна шүү” гэж хэлэхээр нь өндийгөөд хартал Ш цээжнийхээ зүүн хэсэгт хутгалагдсан байдалтай цус урсаж байсан. Би байшингийн хаалга онгойлгоход Д гадаа үүдэнд тамхи татаад зогсож байсан. Ш миний хажуугаар зөрж гараад гадаа жорлонгийн хажууд унаад өгсөн. Би гэр рүү нь гүйж ороод Нийн утсыг аваад эхлээд Ц руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь Ц-ийн нөхөр З руу залгасан утсаа авахаар нь “Н Ш-ыг хутгалчихлаа, гялс хүрээд ир” гэж хэлээд салгасан. Н надаас утсаа булаагаад авсан. Би гадаа гартал Ш дээшээ хараад хэвтэж байсан. Хажууд нь Д-д фудволкоор цусыг нь тогтоох гээд шарх дээр нь дарж байсан. Би Ш-ын нүүр рүү нь гараараа алгадахад нүдээ нээсэн. Буцаж гэр рүү нь гүйж ороход Н утсаар ярьж байхаар нь би утсыг нь булааж авахад нөхөр нь байхаар нь “танай эхнэр хүн хутгалчихлаа, хурдан ирээч” гэж хэлэхэд утсаа салгасан. ...” /1 хх 69-71/,
гэрч Э.Д-ын “...Тухайн байшинд Ш, Ц, Ч, Н бид тавуулаа пиво хувааж уусан. Ц руу нөхөр нь залгаад удалгүй явсан. Ш, Ч, Н бид дөрөв юм ярьж сууж байгаад дахин нэг том пиво авч хувааж уусан. Би бие засах гээд байшингаас ганцаараа гараад үүдэнд нь тамхи асаагаад татаж байтал Ш баруун гараараа зүүн цээжээ тэвэрчихсэн, фудволк нь нэлэнхийдээ цус болчихсон, зүүн гартаа шаргал өнгийн бариултай жижиг хутга барьчихсан, сонин болчихсон байдалтай байшингийн хаалгаар гарч ирсэн. Ш “Хөгшөөн, энэ охин намайг шаачихлаа ш дээ” гээд уйлагнаад байшингийн үүднээс хашааны хаалга руу 2- 3 удаа алхаж байхад нь манай эхнэр Ч араас нь “Д наад Ш-ыг чинь энэ охин хутгалчихлаа” гээд гарч ирсэн. Ш дахиад 2-3 удаа алхаж байгаад газар унаад өгсөн. Би Ш дээр очоод фудволкоор цээжийг нь дараад байж байтал Н хүүхдээ тэвэрчихсэн, гартаа гар утсаа барьчихсан байхаар нь утсыг нь шууд булааж аваад түргэн рүү залгасан. Би Н-д “Чи яачихсан юм бэ” гэсэн чинь надад “Ш гэдэг найз чинь түрүүнээс хойш миний дургүйг хүргээд байсан юм" гэхээр нь “Чи хутгалчихсан юм биш үү, би цагдаа дуудчихлаа” гэсэн чинь “Чи цагдаад наад Ш-аа өөрөө өөрийгөө хутгалчихсан гээд хэлчихээч” гэхээр нь би юм яриагүй сууж байсан. Удалгүй түргэн, цагдаа ирсэн. Түргэний эмч Ш-ыг үзээд нас барчихсан байна гэсэн. ...” /1 хх 78-79/,
гэрч М.М-ын “...2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад эхнэр Н 94001825 дугаараас над руу залгаж “Ажил чинь тарах болоогүй юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Дөнгөж 18 цаг болж байна ш дээ” гэж хэлээд ярихад согтуу юм шиг яриад байхаар нь “Фэйсбүүк чатаар яриадах, чи хэнтэй байгаа юм, алив харъя” гэж хэлсэн. Гэрийнхээ эргэн тойрныг харуулахад хүүхэдтэйгээ хоёулахнаа байж байсан. Дахиад удалгүй над руу залгаад “Согтуу хүн хашаан дотор орж ирээд намайг доромжлоод байна” гэж хэлсэн. Цаана нь эрэгтэй хүн дуугарахаар нь тэгж ойлгоод утсаа тасалсан. Ажлаасаа гараад гэр рүүгээ явж байсан чинь дахиж над руу залгаад “Ирж хүүхдээ ав, би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Нэг эмэгтэй хүн утсыг нь булааж аваад “Танай эхнэр хүн хутгалчихлаа” гэсэн. Би гэрийн ойролцоо очиж явж байсан болохоор очоод хашаа руу машин ордог хаалганы хажууд танихгүй эрэгтэй хүн дээгүүрээ шалдан, фудволк нь цустай байсан. Намайг очиход эрэгтэй, эмэгтэй хоёр танихгүй хүн хашааны гадаа нааш цаашаа уйлаад сандарчихсан гүйгээд байсан. Харин манай эхнэр хүүхэдтэйгээ хамт байшингийн урд талд хаалганы тэнд сууж байсан. Тухайн хутгалуулсан гэх залуугийн толгойны баруун талд бор иштэй жижиг хутга газар хэвтэж байсан. Би төмрөөс нь барьж аваад гэрийнхээ амбаар руу оруулчихсан. Цагдаа нар удалгүй ирсэн. Намайг анх очиход тухайн хутгалуулсан хүн нь амьсгаатай байж байсан. Би гар дээр нь дарсан байсан фудволкоор цус гаргахгүй гэж бодоод дээрээс нь дарж, алгадаж үзсэн. Эрүүг нь зууруулахгүйг бодоод доош нь хүртэл дарсан. Түргэн тусламж иртэл аль болох сэрүүн байлгах гэж үзсэн. Тухайн залуугийн зүүн талын цээжин хэсэгт хутганы шархтай байсан, өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. ...” /1 хх 75-76/,
гэрч Э.А-гийн “...манай том ах над руу 18 цаг 18 минутад яриад “Н архи ууж байгаад хүн алчихсан юм шиг байна” гэхээр нь “юу яриад байгаа юм, одоо хаана байгаа юм” гэхэд “цагдаагийн хэлтэс дээр байна” гэсэн. Цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр ирээд нөхөр М-тай уулзахад “Н над руу 2023 оны 6 дугаар сарын 22-ны орой 18 цаг 01 минутад залгаад “Согтуу хүн дээрэлхээд байна” гэхээр нь “юу гэнээ” гэхэд цаана нь эрэгтэй хүн дуугарсан. Тэгэхээр нь машинаа асаагаад гэр рүү ирж байхад 18 цаг 06 минутад эргэж залгаад “Би хүн алчих шиг боллоо” гэж хэлээд утсаа салгачихсан. Гэртээ иртэл Н хүүхдээ тэвэрчихсэн, гэрийнхээ үүдэнд сууж байсан” гэж хэлсэн. ...” /1 хх 84/,
гэрч Д.Ж-ын “...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян уулын 13-45 тоотод хэвлийдээ хутгалуулсан, ухаан алдсан байна” гэж дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу хаягт очиход хашаан дотор 35-40 орчим насны эрэгтэй хүн цээж хэсэг нь дээш харсан, цээжний зүүн дээд хэсэгт хутгалуулсан байдалтай цус гарсан, ямар ч ухаангүй газар хэвтэж байсан. Хажууд нь байсан хүмүүсээс “Юу болсон” талаар асуухад хамт байсан Ч гэх эмэгтэй Н руу заагаад “Тэр хутгалсан" гэж хэлсэн. Би Нийг гавлаад машин дотор “Юу болсон” талаар асуухад “Би хүн алчихлаа, би хутгалсан” гэж хэлээд уйлаад байхаар нь тайвшруулаад дахин асуухад дуугарахгүй байсан. Нийн өмсөж байсан өмд нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Д, Ч нарын хувцас ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байсан. Тухайн хүмүүсээс согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байсан. ...” /1 хх 90-91/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1739 дугаар шинжээчийн “...Талийгаач М.Ш-ын цогцост зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолж зүрх хатгасан шарх, зүүн хөх, хоёр шуу, шилбэнд сорви, зүүн гуянд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн өвдөгт шарх, баруун сарвуунд зулгаралт, баруун гарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолж зүрх хатгасан шарх нь ажлын хэсэг нь 10-12 см-аас доошгүй урттай, 0,9 см доошгүй өргөнтэй ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ. Уг гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад зүүн гуянд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн өвдөгт шарх, баруун сарвуунд хуучин зулгаралт, баруун гарт хуучин шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүсгэгдэнэ. Зүүн гуянд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн өвдөгний өнгөц шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Баруун сарвууны хуучин зулгаралт, баруун гарын хуучин шарх гэмтлүүд нас барахаас 5-7 хоногийн өмнө үүссэн, нас барсан шалтгаантай холбоогүй гэмтэл болно. Зүүн хөх, хоёр шуу, шилбэнд сорвины гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолж зүрх хатгасан шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдаж зүрх чихэлдэж нас баржээ. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Шүүх химийн шинжилгээгээр цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, нас барах үедээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байжээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. АВО системээр В(III) бүлгийн цустай байна. ...” /1 хх 150-155/ гэсэн дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 573 дугаар “...А.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. А.Н нь хэрэг хариуцах чадвартай байна. А.Н нь гэмт хэргийн үйлдлийн үед санаа сэтгэл нь цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. А.Н нь хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” /2 хх 85-86/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос шүүгдэгч А.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүнийг алах...” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход чиглэсэн, шууд болон шууд бус санаатай үйлдэл хийсний үр дагаварт хүн нас барсныг ойлгоно.
Шүүгдэгч А.Н-ийг хохирогч М.Ш-ын цээж нь тус газар нь хутгалж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд хууль заасан зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч А.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шйидвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Мөн анхан шатны шүүх хохирогчийн сэтгэл санаа, сэтгэцийн гэм хортой холбоотой нэхэмжлэлийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч О.Санчирбал нараас “...хувийн байдал, оршуулгын зардал төлсөн, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд энэхүү хэм хэмжээ нь дээр дурдсанчлан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш, энэхүү зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял оногдуулсаныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэдийгээр шүүгдэгч А.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, оршуулгын зардалд 6.000.000 төгрөгийг төлсөн хэдий ч түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч А.Н нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө оршуулгын зардлын үлдэгдэл 3.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д төлсөн болохыг магадлалд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Н-ийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/374 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч А.Н нь гэм хорын хохирол 3.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ийн цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР