2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/04886

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т******* ХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А,

Хариуцагч:С.У нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 34 406 613 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Хариуцагч Б.А*******,

Хариуцагч С.У*******,

Хариуцагч С.*******ын өмгөөлөгч Ч.Ж*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т******* ХК нь хариуцагч Б.А*******, С.У******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 406 613 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч Б.А*******, С.У******* нар нь 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 403018 тоот Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус байгуулан орон сууцны зээлийн зориулалтаар 40 000 000.00 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсан байдаг. Үүнд: *** тоот хаягт байршилтай 73,8 мкв талбайтай, Улсын бүртгэлийн Ү- 2206******* дугаартай, 0001******* гэрчилгээний дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь гэр бүлийн маргааны улмаас шүүхэд хандсан шалтгааны улмаас зээлийн төлөлтийг төлөхгүй, зээлийн барьцаа хөрөнгө дундын Өмчлөлтэй байх тул шүүхийн шийдвэр гарсан дараа төлөлт хийнэ гэсэн шалтгаанаар өнөөг хүртэл зээлийн төлөлтийн төлөхгүй байгаа болно. Зээлдэгч Б.А*******, С. У******* нар авснаас зээл хойш үндсэн зээлээс 10 717 661.85 төгрөг, үндсэн хүүнээс 25 394 838.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 00 төгрөг, Нийт 36 112 500.00 төгрөг төлсөн байна. 2025 оны 3 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлдэгч Б.А*******, хамтран зээлдэгч С.У******* нар нь үндсэн зээл 29 282 328.34 төгрөг, үндсэн хүүний төлбөр 5 054 923.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 69 351.12 төгрөг, нийт 34 406 613.14 төгрөгийн зээл, зээлийн хүүний үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч нараас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл 29 282 338.15 төгрөг, Үндсэн хүү 5 054 923.87 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 69 351.12 төгрөг, нийт 34 406 613.14 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу зээлдэгч нар нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд 403018 тоот Барьцааны гэрээнд тусгагдсан Улаанбаатар, ***тоот хаягт байрлалтай 73,8 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2206******* дугаартай, 0001******* гэрчилгээний дугаартай орон сууцны зориулалттай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай банкнаас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай авсан. Барьцаанд **** тоот байршилтай 73,8 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Талууд зээлийн төлбөрийг төлөхгүй байсан болохоор шаардсан боловч гэр бүлийн маргаантай явж байгаа гэдэг. Мөн ковидын нөхцөл байдал үүссэн, үндсэн зээлийн 10 717 661 төгрөг, хүүнээс 25 394 838 төгрөгийг буюу 36 112 500 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Иймд үндсэн зээл 29 282 328 төгрөг, хүү 5 054 923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69 351 төгрөгийн үлдэгдэлтэй, нийт 34 406 613 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. 2023 оны 2 сараас эхлэн зөрчил үүссэн, шүүхэд хандсанаар гэрээг цуцлагдсан гэж үзнэ. Мөн гэрээг талуудтай байгуулсан тул зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас хэн алинаас нь нэхэмжилж байгаа гэв.

 

2.Хариуцагч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бол зөвшөөрч байгаа. Уг байр нь анх миний нэр дээр байсан, байр нь 100 000 000 төгрөг байсан, харьцангуй бага хүүтэй зээл авсан. Уг байранд одоо С.У*******а болон хүүхдүүд амьдарч байгаа. Тэгээд өөрөө амьдарч байгаа болохоор зээлээ төлөх байх гэсэн төлөхгүй байна. Би хүүхдийн тэтгэлэг төлөөд л явж байгаа, дээрээс нь ахиад зээл төлөх боломжгүй байгаа. Тиймээс санхүү эдийн засгийн бололцоо байхгүй байгаа. Иймд байрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч байна. Гэхдээ мөнгийг бол би төлөх боломжгүй, барьцаагаар хангагдахыг нь зөвшөөрч байна. Өмнө нь барьцаагаар хангуулна гэсэн мэдэгдэл авч байгаагүй, зээлээ л төл гэж байсан. Би уг байранд амьдрахгүй байгаа учраас хохирогч болж байна. Гэр бүлээс гадуур олдсон хүүхдээ л тэндээ л байлгаж байгаа. Би тэтгэмж төлж байгаа учраас дээрээс нь зээлийг төлж чадахгүй. Тиймээс би байрандаа амьдрах юм бол зээлээ төлнө, үгүй бол уг байрыг зараад хуваая, тиймээ зээлийн гэрээ цуцлахыг зөвшөөрч байна, байрыг зарж зээл төлөөд хуваах саналтай гэв.

 

3.Хариуцагч С.У*******а шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон. Уг байрны мөнгийг нь хувааж төлөөд авсан, зээлийг тодорхой цаг хугацаанд төлөөд явсан. Гэтэл 2020 оны сонгуулийн дараа Б.А******* өөрөө гэр бүлээ хаяж яваад тусдаа амьдрал үүсгээд төлөхгүй болчихсон. Тиймээс гэр бүлийнхээ хамт амьдарч байгаа байр учраас банкинд өгчихмөөргүй байна. Би зээлийг нь төлөх талаар уулзсан. Т*******ны Т.Туул гэдэг хүнтэй. Би зээлийн үүрэгт өөрт ногдох 50 хувийг төлөх боломжтой. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа боловч гэрээг цуцлахыг зөвшөөрч байна. Энэ хүн өөрөө гэр бүлээ хаяад явсан, өөрөө л төлбөр, байрны зээлээ төлөхгүй л байгаа. Би бол өөрт ногдох хэсгээ бол төлнө гэв.

3.1.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын хувьд бол зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, мөн зээлийн тооцоолол дээр маргаагүй, зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан талаар зээлийн зөрчил үүссэн, гэрээг цуцлагдсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг зөвшөөрч байгаа. Зээлийн гэрээний дагуу мөнгийг гаргахад гэрээний талууд хэн аль нь зээлийг төлнө, төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулахаар л шүүх шийдвэрлэнэ. Тиймээс гэрээнээс татгалзахыг зөвшөөрч байна, гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг хэн аль нь төлнө гэдэг талаар манай хариуцагч маргахгүй байгаа гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Орон сууц сонгох маягт, Төрийн албан хаагчийн анкет, зээл олгох гүйлгээний шийдвэр, шилжүүлгийн баримт, 2012.01.09-ний өдрийн №403018 тоот Орон сууцны зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2021.01.09-ний өдрийн Барьцааны гэрээ, барьцаалбар, Ү-2206******* дугаартай Б.А*******, С.У******* нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Орон сууц худалдан авах зээлийн зээл, хүүний тооцооны хуудас, зээлийн дансны хуулга, 2023.06.19-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлийн дансны төлбөрийн хуваарь, дансны хуулга, эрх шилжүүлэх гэрээ, тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэсэн баримтуудыг,

хариуцагч Б.А******* хариу тайлбар, хариуцагч С.У*******а хариу тайлбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2024/14143 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.А*******, С.У*******а нарт холбогдуулан 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 240 сарын хугацаатай, үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон боловч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 29 282 328 төгрөг, хүү 5 054 923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69 351 төгрөг, нийт 34 406 613 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч Б.А******* нь нэхэмжлэгч Т*******тай зээлийн гэрээ байгуулж, орон сууц худалдан авсан боловч уг орон сууцанд С.У*******а болон хүүхдүүд амьдарч байгаа, би амьдрахгүй байгаа учраас амьдрахгүй байгаа байрныхаа зээлийг төлөхгүй, гэрээг цуцлахыг зөвшөөрч байна, зээлийн гэрээний үүргийг барьцаагаар хангагдахыг нь зөвшөөрч байна гэж тайлбарласан.

4.Хариуцагч С.У*******а нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон, зээлийг тодорхой цаг хугацаанд төлж байсан, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа боловч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байна, орон сууцны зээлнээс өөрт ногдох 50 хувийг төлнө, барьцаагаар хангуулмааргүй байна гэж үгүйсгэсэн.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Хариуцагч Б.А*******, С.У******* нар нь 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр №403018 тоот Орон сууцны зээлийн гэрээг Орон сууцны санхүүжилтийн корпорацитай байгуулж, орон сууц худалдан авах зориулалтаар 40 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар буюу 2032 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №403018 тоот Барьцааны гэрээгээр хариуцагч Б.А*******, С.У*******а нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206******* дугаартай **** тоот хаягт байрлах, 73.8 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарь, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хүсэгчийн анкет, хүсэлт, зээлийн дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мемориалын баримт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

6.1.Мөн орон сууц сонгох маягт, зээлийн төрөл ба нөхцөл, 2012.01.16-ны өдрийн Зээл олгох гүйлгээний шийдвэр, мемориалын баримтаар Худалдаа хөгжлийн банк ХК-иас 40 000 000 төгрөгийг Орон сууцны санхүүжилтын корпораци ХХК-д шилжүүлсэн, Т******* ХК-тай зээл, хүүний тооцооны хуваарийг байгуулсан, Т******* ХК-ийн зээлийн дансны харилцагчийн хуулгаар 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 40 000 000 төгрөгний зээлийг Б.А*******т шилжүүлсэн, Т******* ХК нь шаардах эрхийг шилжүүлэн авч, талууд зээлийн данс болон харилцах, дансны харилцагчийн хуулгаар зээлийг төлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

7.Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар хүлээн зөвшөөрч маргаагүй, зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах эсэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар маргаж байна.

 

8.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна, 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-д үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж зааснаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

8.1.Нэхэмжлэгч Т******* ХК нь хариуцагч нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хэрэгт авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн тооцооллоор хариуцагч Б.А*******, С.У*******а нараас үндсэн зээлийн үлдэгдэл 29 282 338.15 төгрөг, хүү 5 054 923.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69 351.12 төгрөг, нийт 34 406 613.14 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

8.2.Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээний хугацаа нь 240 сар буюу 2032 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлагыг гаргажээ.

8.3.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан бөгөөд зохигч талууд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байсан болох нь харилцах дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Т******* ХК нь хариуцагч нарт зээлээ төлөх талаар мэдэгдэж мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан зээл төлөх мэдэгдлээр тогтоогдож байна.

8.4.Зохигч талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээний 3.3.1-т Зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүү, түүнд бодогдох шимтгэл, даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна, Барьцааны гэрээний 2.10-т 403018 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийг хүү, алдангийг хуваарийн дагуу бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй 90-ээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд энэ гэрээний барьцаа эд хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 46.1-д заасны дагуу шууд худалдаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж, үүний уршгаар өөрт учирсан хохирлоо үл маргах журмаар хойшлуулалгүй нөхөн төлүүлэх эрх барьцаалагчид үүснэ гэж харилцан тохиролцжээ.

8.5.Иймд хариуцагч нар нь зээлийн төлбөрийг зээлийн төлбөрийг төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэлээ.

 

9.Нэхэмжлэгч Т******* ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 40 000 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

9.1.Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, үлдэгдлээр зээлийн үлдэгдэл 29 282 338.15 төгрөг, хүү 5 054 923.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69 351.12 төгрөг, нийт 34 406 613.14 төгрөг гэсэн байх бөгөөд хариуцагч нар нь зээлийн тооцооллын талаар маргаагүй, хариуцагч Б.А******* нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн, хариуцагч С.У*******а нь зээлийн гэрээний үүргийн өөрт ногдох хэсгийг төлнө гэж тайлбарласан боловч 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хариуцагч нараас төлбөр төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд баримтаар өгсөн зээлийн хүүгийн тооцооллын баримтаар тогтоогдож байна.

9.2.Иймд хариуцагч Б.А*******, С.У*******а нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 29 282 338.15 төгрөг, хүү 5 054 923.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69 351.12 төгрөг, нийт 34 406 613.14 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

10.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч талууд 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №403018 тоот Барьцааны гэрээ байгуулж, Б.А*******, С.У*******а нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******* дугаартай *** тоот хаягт байрлах, 73.8 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

10.1.Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байна.

10.2.Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар хариуцагч Б.А*******, С.У*******а нар нь үүргээ гүйцэтгэхгүй, зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******* дугаартай **** тоот хаягт байрлах, 73.8 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А*******, С.У*******а нараас 400 183 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.А*******, С.У*******а нараас зээлийн гэрээний үүрэгт 34 406 613 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.А*******, С.У*******а нар үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох ***тоотод байршилтай 73,8 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А*******, С.У*******а нараас 400 183 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН