Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 305/ШШ2025/00456

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********* сумын ******** багийн ***** тоотод оршин суух Ж овогт Н-н Н-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Н оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Орд харш хоршоонд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1968 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ********* тоотод оршин суудаг. Миний бие Бигэр сумын 10 жилийн сургуулийг 1986 оны 06 дугаар сард төгсөөд Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 167 дугаар тушаалаар нормчноор ажилд орж, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байгаад байгууллага нь пүүс, хоршоо болж нэршил нь Орд хоршоо болж өөрчлөгдөхөд нормчноор үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1993 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан юм.

Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд хөдөлмөрийн дэвтэр маань 1988 онд нээсэн мөртлөө 1986 оноос эхэлж бичсэн зөрчилтэй байгаа тул шүүхээр тогтоолго гэсэн юм. Иймд Н.Н намайг 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа/Н.Н/

- Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 167 дугаартай ЕБС төгсөгчдийг хүлээн авч ажилд хуваарилах тухай тушаал, хавсралтын хуулбар

-Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 207 дугаартай Ашиглалтад өгөх 640 хүүхдийн сургуулийн барилга дээр ажиллаж байгаа ажилчдыг шагнах тухай тушаал, хавсралтын хуулбар

-Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 215 дугаартай Ажилчдыг шагнах тухай тушаал, хавсралтын хуулбар

- БНМАУ-н Улсын Барилгын Хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай Болзол дүгнэж, шагнал олгох тухай тушаал, хавсралтын хуулбар

-БНМАУ-н Улсын Барилгын Хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 156 дугаартай Аж ахуйн тооцооны үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, хавсралтын хуулбар

-Хамт олонтойгоо авахуулсан гэх тайлбар бүхий фото зургууд

- Хөдөлмөрийн дэвтэр/Н.Н/

-Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэл/Н.Н/

- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 218 дугаартай архивын лавлагаа

- БНМАУ-н Улсын Барилгын Хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 177б дугаартай Пүүс хоршоолол байгуулах тухай тушаал, хавсралтын хуулбар

-Бүрэн дунд боловсролын үнэмлэх/Н.Н/

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Н нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Н.Н нь 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Орд харш хоршоонд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь:

2.1. Говь-Алтай аймгийн Барилга угсралтын контороос 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Н-н Н-д олгосон 254752 дугаартай ...1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Барилга угсралтын конторт нормчноор авч ажиллуулав Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 167-р тоот тушаал ... 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгууллага нь пүүс хоршоо болж зохион байгуулагдсан учир Орд харш хоршооллын мэдэлд шилжүүлэв Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 177б тушаал ...1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орд харш хоршоололд нормчноор үргэлжлүүлэн ажиллуулав Алтай пүүсийн Орд харш хоршооллын даргын 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаал ... 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн өөрийн хүсэлтийг харгалзан нормчны үүрэгт ажлаас чөлөөлөв Орд харш хоршооллын даргын 1993 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот тушаалаар ... 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Чимэглэл хоршоололд өөрийн хүсэлтээр орж ажиллав Чимэглэл хоршооллын дарга 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 44-р тушаал ... 1995 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Ажлын байргүй болсон тул ажлаас чөлөөлөв Чимэглэл хоршооны даргын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаал ... гэсэн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр.

2.2. Говь-Алтай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн даргын 1986 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгосон 628215 дугаартай 1986 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал татвар төлсөн бичилт бүхий үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл

2.3. Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 167 дугаартай ЕБС төгсөгчдийг хүлээн авч ажилд хуваарилах тухай тушаал, хавсралтын хуулбар

2.4. Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 207 дугаартай Ашиглалтад өгөх 640 хүүхдийн сургуулийн барилга дээр ажиллаж байгаа ажилчдыг шагнах тухай тушаал, хавсралтын хуулбар

2.5. Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 215 дугаартай Ажилчдыг шагнах тухай тушаал, хавсралтын хуулбар

2.6. БНМАУ-н Улсын Барилгын Хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай Болзол дүгнэж, шагнал олгох тухай тушаал, хавсралтын хуулбар

2.7. БНМАУ-н Улсын Барилгын Хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 156 дугаартай Аж ахуйн тооцооны үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, хавсралтын хуулбар

2.8. БНМАУ-н Улсын Барилгын Хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 177б дугаартай Пүүс хоршоолол байгуулах тухай тушаал, хавсралтын хуулбар

2.9. Хамт олонтойгоо авахуулсан гэх тайлбар бүхий фото зургууд

2.10. Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 218 дугаартай Есөнбулаг сумын Орд харш хоршоолол нь 1991-1992 онуудад ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан ба 1993 онд ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болохыг тодорхойлов... гэх аргуулга бүхий архивын лавлагаа

2.11.Говь-Алтай аймгийн Бигэр сумын 10 жилийн дунд сургуулиас Н-н Н-д 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгосон ***** дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх дээрх хөдөлмөрийн дэвтэр, үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл, ажил олгогчийн шийдвэрүүд, бусад бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биеэ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Шүүх хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож буй нэхэмжлэгч Ж овогт Н-н Н-н 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Орд харш хоршоонд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.

Шүүхээс нэхэмжлэгч Н.Н-н ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Н-н Н-н ******** дугаартай хөдөлмөрийн дэвтрийг 1988 онд олгосон боловч 1986 оноос бичилт хийгдсэн буюу нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох ажилд томилсон, чөлөөлсөн шийдвэр дутуу, хөдөлмөрийн дэвтрийн зөрчлийн улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн нь нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж овогт Н-н Н-н 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Орд харш хоршоонд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ