| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00379/И |
| Дугаар | 305/ШШ2025/00461 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 305/ШШ2025/00461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багт оршин суух, С овогт Ж-н Д-н нэхэмжлэлтэй
Мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ************* сумын *********** багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ж овогтой Д нь 1968 оны 11 дүгээр сарын 15-нд Говь-Алтай аймгийн *********** сумд төрсөн. Одоо 57 настай, эрэгтэй. 1988 онд цэрэгт явж, 1990 онд халагдсан. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны А данс зөрчилтэй байна, шүүхээр тогтоолгож ир гэж Нийгмийн даатгал буцаасан тул миний бүрдүүлсэн бичиг баримтуудыг үндэслэн 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******* сумын *********** багт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан шаардлага, тайлбартаа: Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ж.Д нь малчны тэтгэвэр тогтоолгохоор шүүхэд хандсан. Түүний эцэг нь 1984 онд нас барж, айлын том хүүхэд болох Д нь аавынхаа малыг өвлөж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Үүнээс хойш мал маллаж эхэлсэн байдаг. Гэвч хүн ам, өрхийн мэдээлэл цуглуулсан тооллогын ажилтнууд тухайн үед бүрдүүлсэн баримтууд дээр зарим онуудад мал маллаж байсан, зарим онуудад мал маллаагүй гэж хольж бичсэн тул тухайн мэдээллүүд нь зөрчилтэй байдалтай гарсан байна. Ингээд нийгмийн даатгалын газарт хандан тэтгэврээ тогтоолгохоор хүсэлт гаргахад зарим онууд дээр ажилласан жил нь бүртгэгдээгүй, мэдээлэл байхгүй байна гэсэн үндэслэлээр буцаагдсан тул тухайн хугацаанд мал маллаж байсан гэдгийг шүүхээр тогтоолгохоор хандсан ... Бүх он дээр нь А данс нь байгаа. Зарим он дээр нь малчин гээд зарим он дээр мал бүхий иргэн гэсэн байсан гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 249 дугаартай Говь-Алтай аймгийн ******** сумын 2-р багийн малчин өрхийн тэргүүлэгч Ж-н Д 2000-2004 оны А дансанд бүртгэгдсэн малын тооны лавлагаа, түүнд хавсаргасан 2000-2004 оны А дансны эх хувийн хуулбар
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181 дугаартай Говь-Алтай аймгийн ********* сумын 3-р багийн малчин өрхийн тэргүүлэгч Ж-н Д 1992-2000 оны А дансанд бүртгэгдсэн малын тооны лавлагаа, түүнд хавсаргасан 1992-2000 оны А дансны эх хувийн хуулбар
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 249 дугаартай Говь-Алтай аймгийн ************ сумын 3-р багийн малчин өрхийн тэргүүлэгч Ж-н Д 2005-2006 оны А дансанд бүртгэгдсэн малын тооны лавлагаа, түүнд хавсаргасан 2005-2006 оны А дансны эх хувийн хуулбар
-Говь-Алтай аймгийн ******** сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай албан бичиг
-Газар эзэмших эрхийн ************ дугаартай гэрчилгээний хуулбар
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 74 дугаартай Говь-Алтай аймгийн ************* сумын 2-р багийн малчин өрхийн тэргүүлэгч Ж-н Д 1994, 1999, 2001, 2003 оны А дансанд бүртгэгдсэн малын тооны лавлагаа, түүнд хавсаргасан 1994, 1999, 2001, 2003 оны А дансны эх хувийн хуулбар
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ж.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******** сумын Ө багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3. Нэхэмжлэгч Ж-н Д нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус Говь-Алтай аймгийн Ч сумын Ө багт мал маллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 249 дугаартай Говь-Алтай аймгийн ******* сумын 2-р багийн малчин өрхийн тэргүүлэгч Ж-н Д 2000-2004 оны А дансанд бүртгэгдсэн малын тооны лавлагаа, түүнд хавсаргасан 2000, 2002, 2004 оны А дансны эх хувийн хуулбар
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181 дугаартай Говь-Алтай аймгийн ********** сумын 3-р багийн малчин өрхийн тэргүүлэгч Ж-н Д 1992-2000 оны А дансанд бүртгэгдсэн малын тооны лавлагаа, түүнд хавсаргасан 1996-1997 оны А дансны эх хувийн хуулбар
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 249 дугаартай Говь-Алтай аймгийн ************ сумын 3-р багийн малчин өрхийн тэргүүлэгч Ж-н Д 2005-2006 оны А дансанд бүртгэгдсэн малын тооны лавлагаа, түүнд хавсаргасан 2005 оны А дансны эх хувийн хуулбар гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
4. Иймд С овогт Ж-н Д-н 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус Говь-Алтай аймгийн *********** сумын ************ багт мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Харин 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********* сумын ********** багт мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Учир нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.9-т малчин гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т "малчин өрх" гэж жилийн дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг ойлгохоор тус тус хуульчлан тайлбарласан.
Гэтэл хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2-р багийн 1992-1995, 1998-1999, 2001 онуудын жилийн эцсийн мал тооллогын А данс хуулбараар Ж-н Д нь хувийн малтай өрхөөр бүртгэгдсэн, 2003 оны А данс хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй байх бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтаар Ж.Д нь дээрх онуудад малчин өрх байсан буюу жилийн дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар С овогт Ж-н Д-н 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус Говь-Алтай аймгийн ************ сумын ************ багт мал маллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********* сумын *********** багт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ