Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/589

 

 

 

 

 

   2024            5           21                                       2024/ДШМ/589

 

 

  Л.Г-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батзаяа,

шүүгдэгч Л.Г-гийн өмгөөлөгч Л.Ган-Очир,

хохирогч С.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Г-гийн өмгөөлөгч Л.Ган-Очирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Г-д холбогдох 2311020750153 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ..-ын Г, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, ... ажилгүй, ам бүл .., .. нарын хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ........./;

Шүүгдэгч Л.Г нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны орцонд хохирогч С.Б-г “атигар, хүний тал, тажигараа” гэж дуудсан гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар С.Б-гийн нүүр, толгой хэсэгт нь гараараа олон удаа цохиж “зүүн дээд 2-р шүдний сулрал, доод уруулын салст, дух, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Г-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-д 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар хохирогч С.Б-гээс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Г-гийн өмгөөлөгч Л.Ган-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг 20 минутын үед Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, 2-40 мянгат 39 дүгээр байр, 3 дугаар орц 2 давхарт хохирогч гэх С.Б согтуугаар шүүгдэгч Л.Г-гийн биед халдаж, улмаар цагдаагийн 102 дугаарт шүүгдэгч Л.Г дуудлага өгсөн байдаг. Шүүгдэгч болон хохирогч нарыг маргаж байхыг харсан ганц гэрч нь тухайн байрны үйлчлэгч Ц.Н байдаг. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нар нь хохирогч гэх С.Б-г гэрээс нь авч Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст аваачсан ч эрүүл мэндийн байдал болон согтолтын зэрэг нь бага гэх үндэслэлээр гэр бүлийн хүн болох эхнэр А.Ц-д өгч явуулсан байдаг. /хх 8, 9, 10, 11/,

Эрүүгийн 2311020750153 дугаар хэрэгт цугларсан дараах нотлох баримтыг шүүх үнэлэхдээ эх сурвалж нь тодорхой бус эргэлзээтэй, илт хууль бус шүүх эмнэлгийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож дүгнэсэн байдаг. Үүнд:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжав нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №12725 дугаар дүгнэлтийг гаргасан талаар шүүх хуралд онлайнаар оролцохдоо, хохирогч С.Б-гийн шүдэнд үзлэг хийснээ мартсан байна гэхдээ дүгнэлт хэсэгт шүд гэж оруулсан гэж шүүхийн шатанд нь мэдүүлснийг. /шүүх хурлын тэмдэглэлээс болон бичлэгээс харж болно./

Гэрч А.Ц-ны мэдүүлэг нь үйл баримтыг харсан мэт маш дэлгэрэнгүй байдлаар мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлэг нь гэрч Ц.Н надад ингэж хэлсэн гэж дамжмал мэдүүлэг өгсөн байх ба түүнийг шүүх үнэлэхдээ шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримтын эх сурвалжаа болгосон дүгнэсэн.

Гэтэл гэрч Ц.Н нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хохирогч болон шүүгдэгч нарын хоорондын бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийг хараагүй талаараа мэдүүлсэн байдаг. /хх 24, 26, 33-34/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолын үндэслэл болсон Эрүүгийн 2311020750153 дугаар хэрэгт цугларсан эргэлзээтэй нотлох баримтыг үнэлж, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №12725 дугаар хууль бус дүгнэлтийг тус дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Э.Баасанжавын шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр орж уучлаарай алдаа гаргасан байна мартсан байна гэх мэдүүлгээр нь шүүх тус дүгнэлтийг зөвтгөн дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул тус шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Болсон үйл явдлыг харсан Ц.Н гэх хүн мэдүүлгээ буруу өгсөн. Ц.Н нь манай орцны жижүүр бөгөөд манай эхнэрт “танай нөхрийг зодож байна” гэж хэлээд манай эхнэр хүүхдээ тэврээд гарч ирсэн. Л.Г нь өмгөөлөгч Л.Ган-Очирын төрсөн дүү юм. Энэ 2 хүний дүү нь бас тухайн үед болсон үйл явдлыг харсан, ахыгаа боль гэхэд нь болихгүй байсан бөгөөд тэрээр мэдүүлэг өгөөгүй. ...” гэв.

Хохирогч С.Б-гийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд гэмт үйл явдлыг үгүйсгэсэн баримт байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч оролцсон байдаг. Шинжээч дүгнэлтдээ техникийн шинжтэй алдаа гаргаж, орхигдуулсан боловч тогтоолын дүгнэх хэсэгт 2 шүдний сулрал гэдгийг тодорхой зааж өгсөн. Тухайн өгүүлбэрийн агуулга нь шүд орчимд гэмтэл учирсныг, мөн шүд рүү цохисон тохиолдолд шүдний яс суларна гэдгийг илэрхийлдэг. “Шүд” гэдэг үгийг орхигдуулсан нь тогтоолыг үндэслэлгүй гэж үзэх үндэслэл биш юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх гомдлоо гаргаж, дахин шинжээч томилуулах боломжтой байсан боловч энэ эрхээ эдлээгүй. Шүүхийн шатанд гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах хуулийн зохицуулалт байхгүй тул шүүгдэгч Л.Г-гийн өмгөөлөгч Л.Ган-Очирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй, мөн ойлгомжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Г-гийн өмгөөлөгч Л.Ган-Очирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шинжээчийг оролцуулахаар шийдвэрлэж, гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээчийг цахимаар оролцуулж, гаргасан дүгнэлттэй нь холбоотой асуулт асуусан. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хохирогчийн биеийн хэсэг газарт үзлэг хийсэн дүгнэлтийн үндэслэх хэсэгт “2 шүдний сулрал” гэхийг “шүдний” гэдэг үгийг орхигдуулсан нь гэмтлийн зэрэг болон дүгнэлтэд өөрчлөлт орох үндэслэл биш бөгөөд дүгнэлтийн дүгнэх хэсэгт “шүдний” гэдэг үгийг оруулж бичсэн. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хэрэг гарах цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд шинжээчээс тодруулсан. Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэх зөрчил мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул шинжээчийн дүгнэлттэй холбоотой гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч нарын мэдүүлгээр хэргийн үйл баримт тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн боловч баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Л.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Л.Г нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны орцонд хохирогч С.Б-г “атигар, хүний тал, тажигараа” гэж дуудсан гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар С.Б-гийн нүүр, толгой хэсэгт нь гараараа олон удаа цохиж “зүүн дээд 2-р шүдний сулрал, доод уруулын салст, дух, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх 9/,

хохирогч С.Б-гийн “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 39-46 тоот руу орох гээд шатаар өгсөөд явж байтал 2 давхарт байрныхаа доод айлын Г гэх залуутай таарсан. Манайх 4 давхарт Г-гийнх 2 давхарт байдаг. Таараад маргалдсан, намайг атигараа, хүний талаа, тагжгар гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би хариуд нь үг сөрж маргалдаж эхэлсэн бөгөөд би тухайн үед өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор яг юу болсон талаараа тод санахгүй байна. Надтай маргалдаж байгаад намайг боогоод гэр рүүгээ чирээд оруулах гээд байхаар нь би эсэргүүцээд зууралдаад газарт намайг унагачихсан боогоод байж байсан чинь Ггийн ах нь хаалгаа онгойлгосон чинь Г энийг би ална гэх мэтээр орилоод байсан бөгөөд Г-гийн ах нь боль гэж тухайн үед хэлсэн ч Г болихгүй байсан. Тэгээд доороос үйлчлэгч эгч ирээд боль гэхэд болихгүй байсан. Тэгээд үйлчлэгч эгч манай гэр рүү гүйж очоод манай эхнэрийг дуудаж гаргаж ирсэн, бид 2 салаад дээшээ гэр рүүгээ эхнэрийн хамт гарч байхад доороос хүний тал минь чамайг ална гэж орилоод байсан. Тэгээд буцаж бууж очоод Г-гийн нүүр хэсэг рүү цохисон, тэгээд буцаж гэр рүүгээ ороод байж байтал цагдаа ирсэн. Тухайн өдөр Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг боож байхдаа нүүр, толгой хэсэг рүү цохиод байсан хэдэн удаа цохисныг нь санахгүй байна, гараараа цохиод байсан. Би эмнэлгийн тусламж уйлчилгээ бол аваагүй, гэрээрээ эм тариа хэрэглэсэн. Г-г нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон, өөрөөр зодож цохисон асуудал байхгүй. Одоо миний биед зовуурь гээд байх зүйл байхгүй, шүд хөдөлгөөнтэй байгаа. Би Г гэх залууг таних болоод 12 жил орчим болж байна, тийм сайн танилууд бол биш байрны хүн болохоор таарахаараа мэнд мэдээд л зөрдөг. Гомдол санал нэхэмжлэх зүйл гээд байх зүйл байхгүй. ...” /хх 19/,

гэрч А.Ц-ны “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр болох Б нь гаднаас гэр рүүгээ орох гээд халамцуу ганцаараа явж байхад нь жижүүр /Нараа/ эгчтэй мэнд мэдээд дээшээ өгсөж явтал 2 давхраас Г гэх залуу гэрээсээ гарч ирж таарсан юм байна билээ. Тэгснээ манай нөхрийг тагжгар, хүний тайрдас гэх мэт үгээр доромжилсон байгаа юм. Тэгээд Г нь манай нөхрийг шатаар чирээд гэр рүүгээ оруулах гэж байсан гэсэн, тэгээд манай нөхрийг цохисон юм байна билээ. Би тухайн болсон явдлыг бол нүдээрээ хараагүй үйлчлэгч эгч манай хаалгыг тогшоод нөхрийг чинь 2 давхрын Л-ын бага хүү нь зодоод байна гэхээр нь би доошоо буусан чинь манай нөхөр болон Г гэх залуу 2 хоорондоо заамдалцсан байдалтай байсан тэгээд би нөхрийгөө боль гэж хэлээд салгаад гэр рүүгээ аваад орсон. Тэр үед манай нөхрийн шүднээс нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд шүүх эмнэлэгт 1-2 хоногийн дараа очиж үзүүлсэн байхаа яг хугацааг нь сайн санахгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлэх хүртлээ манай нөхөр гэрээсээ огт гараагүй байсан. ...” /хх 24/,

гэрч Ц.Н-ийн “..Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байранд үйлчлэгчээр ажиллах болоод 14 жил болж байна. Тухайн оны 10 дугаар сарын 03-ны өдөр би ажлаа хийгээд 39 дүгээр байрны 3 дугаар орцонд явж байтал Б гэх 3 дугаар орцны оршин суугч гаднаас орж ирээд эгчээ сайн уу, ажил сайн биз дээ, таны бие сайн уу гээд зөрөөд дээшээ гэр рүүгээ гарсан. Тэгээд удалгүй 2 давхарт эрэгтэй хүмүүс орилоод зодолдох чимээ гарахаар нь дээшээ 2 давхар руу гарсан чинь Б, Л-ын бага хүү болох Г 2 зууралдаад Г нь Б-г гэртээ оруулах гээд хаалга нь онгорхой зууралдаад заамдалцаад зогсож байхаар нь болиоч гэж хэлчихээд Б-гийн эхнэрт нь доор Б, Л-ын бага хүүтэй зодолдоод байна гэж хэлээд хамт буусан. Тэгээд би доошоо буугаад ажлаа хийгээд яваад өгсөн. ...” /хх 26/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12725 дугаар шинжээчийн “...С.Б-гийн биед зүүн дээд 2-р шүдний сулрал, доод уруулын салст, дух, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үусгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. ..." /хх 33-34/ гэсэн дүгнэлт,

яллагдагч Л.Г-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 68-70/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Г нь хохирогч С.Б-гийн нүүр, толгой хэсэгт нь гараараа олон удаа цохиж зүүн дээд 2-р шүдний сулрал, доод уруулын салст, дух, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Л.Г-гийн өмгөөлөгч Л.Ган-Очироос “...Гэрч А.Ц-ны мэдүүлэг нь үйл баримтыг харсан мэт маш дэлгэрэнгүй байдлаар мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлэг нь гэрч Ц.Н надад ингэж хэлсэн гэж дамжмал мэдүүлэг өгсөн байх ба түүнийг шүүх үнэлэхдээ шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримтын эх сурвалжаа болгосон, мөн хэрэгт цугларсан эргэлзээтэй нотлох баримтыг үнэлж, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №12725 дугаар хууль бус дүгнэлтийг тус дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Э.Баасанжавын шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр орж уучлаарай алдаа гаргасан байна, мартсан байна гэх мэдүүлгээр нь шүүх тус дүгнэлтийг зөвтгөн дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул тус шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Гэрч нарт эрх үүрэг, тайлбарлаж, хууль сануулсан баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан /хх 23, 25/ баримт хэрэгт авагдсан ба гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэг цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлгээр хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үнэлж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлт дүгнэлт өгч, хэргийн бодит байдал, үйл баримтыг тогтоож, шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж тодорхойгүй зүйлийг асуун тодруулах ажиллагаа явуулсан байх бөгөөд үүнийг нотлох баримтаар үнэлэх, үнэлэхгүй асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэдэг ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12725 дугаар шинжээчийн дүгнэлтийг үнэлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “шүүгдэгч Л.Г-гийн нэрийг О.О” гэж буруу бичснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Г-гийн өмгөөлөгч Л.Ган-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                             ШҮҮГЧ                                            Н.БАТСАЙХАН

                                             ШҮҮГЧ                                            Т.ШИНЭБАЯР