Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 158/ШШ2025/0031

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* ус, *******” *******омпани

Хариуцагч: Булган аймгийн *******ын хэлтсийн татварын улсын байцаагч нарын хоорондын “2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-04240000026 дугаартай “*******ын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Г.*******, хариуцагч С.*******, Ц.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “******* ус, *******” *******омпаниас Булган аймгийн *******ын хэлтсийн татварын улсын байцаагч С.*******, Ц.******* нарт холбогдуулан “2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-04240000026 дугаартай “*******ын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
  2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “
    1. Орлого болоогүй тоолуураар тооцогдоогүй алдагдсан усанд татвар ногдуулсан,
    2. Манай байгууллага нь усыг дамжуулан чиг үүрэгтэй байгууллага байхад ашгийн төлөө ус ашигладаг байгууллагатай адилтган татвар тооцсон,
    3. Алдагдал болоод байгаа ус аль байгууллагын хариуцсан шугамд үүсээд байгааг тогтоогоогүй байхад шууд манай алдагдал ус гэж тооцож татвар ногдуулсан нь үндэслэлгүй” гэж,   
  3. Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”
    1. Нэхэмжлэгч нь “******* үйлдвэр” ТӨҮГазартай цэвэр ус худалдан авах гэрээний дагуу тоолуураар хүлээж авсан усны тооцоог сар бүр нийлэн тооцоо нийлдэг ба нийт авсан ус, борлуулсан ус, борлуулаагүй үлдсэн алдагдал ус зэрэг нь тодорхойлогдож, алдагдал усан дээр татвар ногдуулсан,
    2. Тус байгууллага нь гэрээний дагуу цэвэр ус худалдан авч хэрэглэгч нарт борлуулж байгаа нь ашиг олж байгаа ус ашиглагч юм,
    3. Алдагдал усны нийт хэмжээнээс хасаж тооцох зөвшөөрөгдсөн хэмжээгээр нь хасаад үлдэгдэл уснаас усны нөөц ашигласан төлбөрийг нөхөн ногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэжээ.

Шүүх хуралдаанд:

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* тайлбартаа: “Булган аймгийн *******ын албанаас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нөхөн ногдуулалтын акт тавьсан. “******* үйлдвэр” ТӨҮГ-аас ******* хотын иргэд, аж ахуй нэгж байгууллагууд усаа худалдан авдаг. Манай байгууллага энэхүү ус худалдан борлуулах үйл ажиллагааг явуулдаг буюу “******* үйлдвэр” ТӨҮГ-аас ус худалдан авч хэрэглэгч хүртэл түгээж, хэрэглэгчээс төлбөр авч “******* үйлдвэр” ТӨҮГ-т төлдөг үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагад 2020 оноос 2024 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны хяналт шалгалт явуулж 136,933,456 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан. Нөхөн ногдуулалтын актаар хүн амын унд ахуйн болон үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийн дутуу ноогдуулж тайлагнасан байна гэж үзсэн. Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт зааснаар хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр тооцож усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг тодорхойлно, 15 дугаар зүйлийн 15.З дахь хэсэгт зааснаар усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 15.2-т заасан хязгаарт багтаан бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тус тус тогтооно, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг энэ хуулийн 23.1-д заасан этгээд дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт ногдуулан хурааж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушааж эцсийн тооцоо хийнэ гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт тус тус зааснаар анхан шатны баримт бичиг бүрдүүлээгүй гэж нөхөн төлбөрийн акт тогтоосон. Гэтэл “******* үйлдвэр” ТӨҮГ, “******* ус, *******” *******-ийн аль нь ус алдсан нь тодорхойгүй, орлого олоогүй усны алдагдал гарсан. Энэхүү усны алдагдлыг “******* үйлдвэр” ТӨҮГ, “******* ус, *******” *******-ийн аль нь хариуцах, дамжуулах, шугамын аль хэсэгт усны алдагдал гарсан эсэхийг тогтоогоогүй буюу 12,7 тэрбум төгрөгийн асуудлаар “******* үйлдвэр” ТӨҮГ, “******* ус, *******” ******* нар Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд маргаантай байгаа. Гэтэл хэн нь ус алдсан нь тогтоогдоогүй байхад манай байгууллагад 2020 оноос 2024 оны 03 дугаар сар хүртэл усны алдагдалд татвар ноогдуулж төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлгүй байна. Манай байгууллага “******* үйлдвэр” ТӨҮГ-аас ус авч нийгмийн цехүүд буюу “******* үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа Техникийн их сургууль, Соёлын ордон, Спорт ордон зэрэг газруудтай гэрээ байгуулж ус худалдан борлуулдаг. Нотлох баримтад дурдагдсанаар “******* ы цахилгаан станц” ТӨХК, “******* хивс” ХХК зэрэг нь ус ашиглах гэрээтэй, өөрсдөө усны төлбөр тооцоогоо хийж татвар төлдөг. Гэтэл өөрсдөө татвар төлдөг байгууллагын татварыг манай байгууллагад усны хэмжээгээр нь тооцож нөхөн төлбөрийн акт тогтоосон. Манай байгууллага нь Булган аймгийн Орхон суманд байрлах Дэнж, Эрдэнэ зэрэг захын багуудыг зөөврийн усаар хангадаг усны эх үүсвэртэй тул Булган аймгийн *******ын газарт бүртгэгдэж ус ашигласны төлбөр төлдөг...Манай байгууллага нь ус ашиглагч байгууллага биш, ус түгээдэг байгууллага байтал орлого олоогүй усанд татвар ноогдуулсан. Манай байгууллагад орлого ороогүй, ашиг болоогүй, хэн ус алдсан нь тодорхой болоогүй байхад татвар ноогдуулсан тул нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох үндэслэлтэй. ... Мөн *******ын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь хэсэгт 6.1.6."бодит үнэ тодорхойлох зарчим" гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөл татварын зорилгоор түүнтэй харьцуулж болох бие даасан ажил гүйлгээний нөхцөлөөс ялгаатай байгаагаас татварын суурь багассан бол тухайн ажил гүйлгээний бодит үнийг тодорхойлж, татварын ногдолд тохируулга хийхийг хэлнэ гэж зааснаар татвар ногдуулалтын акт нь Сэлэнгэ голын сав газартай хийдэг ус ашиглах гэрээний дагуу “******* үйлдвэр” ТӨҮГ, “******* хивс” ХХК, “******* ы цахилгаан станц” ТӨХК зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд өөрсдөө татвар төлдөг байтал манай байгууллага татвар ногдуулалтад орсон. Мөн төсөвт байгууллагууд татвараас чөлөөлөгддөг байтал татвар ноогдуулахдаа төсөвт байгууллагууд байгаа эсэхийг шалгаагүй. Нэхэмжлэлдээ ойлгомжтой, тодорхой байдлаар тооцоолол оруулсан. Уг тооцоололд метр квадрат усыг өндөр тооцож “******* үйлдвэр” ТӨҮГ, “******* хивс” ХХК, “******* ы цахилгаан станц” ТӨХК зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газруудын усны хэмжээг нийлүүлэн давхардуулан тооцож акт гаргасан байна” гэв.
  2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* тайлбартаа: “2020 оноос 2024 оны 1 дүгээр улирал хүртэлх “******* үйлдвэр” ТӨҮГ-аас авсан ус болон борлуулсан алдагдлыг товчоолж нэгтгэсэн. Манай байгууллага 2020 оноос 2024 оны 1 дүгээр улирал хүртэлх “******* үйлдвэр” ТӨҮГ-аас 15,021,658.3 метр куб ус авсан байна. Үүнээс 8,713,174.6 метр куб ус борлуулсан нь нийт усны 51 хувийг эзэлж байна. Үлдсэн 6,308,483.7 метр куб ус нь алдагдал болж байгаа ба энэ нь нийт усны 42 хувийг эзэлж байна. Борлуулсан 51 хувь ус буюу 8,713,174.6 метр куб усыг задалж харвал айл өрхөд 5,665,940 метр куб ус буюу нийт авсан усны 37,72 хувийг, үлдсэн 3,047,234.6 метр куб ус буюу нийт “******* үйлдвэр” ТӨҮГ-аас авсан усны 20,29 хувийг аж ахуй нэгжид борлуулсан байна. Булган аймгийн *******ын газрын байцаагч нар нөхөн ногдуулалтын актад алдагдал гарсан усанд 20.29 хувийг автоматаар тавьж торгуул алданги тооцож 136,000,000 төгрөгийн татвар ноогдуулсан. Гэтэл их хэрэглээтэй газрууд болох “******* үйлдвэр” ТӨҮГ, “******* ы цахилгаан станц”, “******* хивс” ХХК зэрэг өөрсдөө татвараа төлдөг байгууллагууд тус 20.29 хувийн усны алдагдалд хамаарч 894,508.4 метр куб буюу нийт “******* үйлдвэр” ТӨҮГ-аас авсан усны 5,95 хувийг эзэлж байна. Мөн алдагдал 20.29 хувьд Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар татвараас чөлөөлөгдөх газруудыг хамааруулж 852,946.7 метр куб ус буюу “******* үйлдвэр” ТӨҮГ-аас авсан усны 5,68 хувийг төсөвт байгууллагууд эзэлж байна. Ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг, татвар ноогдуулах аж ахуй нэгжүүдийн хэрэглээ нь “******* үйлдвэр” ТӨҮГ-аас авсан нийт усны 8,65 хувь буюу 1,299,779.5 метр куб усыг эзэлж байна. Ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд нь Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоол зэргийг үндэслэн манай байгууллагад ус ашигласны төлбөр төлж, тайлагнан татвар төлдөг” гэв.  
  3. Хариуцагч С.******* тайлбартаа: ““******* ус, *******” ******* нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6, 28.7, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ голын сав газрын захиргаатай гэрээ байгуулж 2014 оноос хойш Булган аймгийн *******ын газарт үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ус ашиглах бүртгэлтэй болж Төсвийн тухай хуулийн 23 дугаар 23.6 дахь хэсэгт зааснаар татвар төлж аймаг, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байна. “******* ус, *******” ******* нь “******* үйлдвэр” ТӨҮГ-аас сар бүр акт үйлдэж, усны тоолуураар ус худалдан авч, гэрээ хийж жилийн эцэст тооцоо нийлсэн баримт үйлддэг ба уг баримтуудад хяналт шалгалт хийсэн. “******* үйлдвэр” ТӨҮГ, “******* хивс” ХХК, “******* ы цахилгаан станц” ТӨХК зэрэг нь тусдаа тоолуурын заалттай, уг тоолуурын заалтаараа усны гэрээ хийгдэж төлбөрөө Булган аймгийн төсөвт төвлөрүүлдэг. “******* үйлдвэр” ТӨҮГ-ын ус хангамжийн эх үүсвэр нь Булган аймгийн Хангал сумаас татагддаг. “******* ус, *******” ******* нь ус ашиглах гэрээний дагуу Булган аймгийн төсөвт усны төлбөрийг төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл “******* ус, *******” *******-ийн усны төлбөр “******* үйлдвэр” ТӨҮГ-аас төлөгддөггүй, “******* үйлдвэр” ТӨҮГ нь өөрсдийн ашигласан усны төлбөрийг төлж, “******* ус, *******” ******* нь Сэлэнгэ голын сав газрын захиргаанаас гаргасан усны дүгнэлтийг дагуу өөрсдөө төлбөрөө тодорхойлж, тайлагнаж, төлдөг. Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна гээд 4 зүйлийг тодорхойлсон байх тул төлбөр ноогдуулсан. *******ын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “******* төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэж зааснаар татвар төлөгчийн тайланг хянан шалгаж, зөрчил илрүүлж, алдагдал усанд төлбөр ноогдуулах нь зүйтэй гэж үзээд нөхөн ногдуулалтын акт бичсэн. “******* ус, *******” ******* нь усны 4 эх үүсвэрээс ус авдаг. Дэнж, Жаргалантын усны худгууд нь Орхон аймагт харьяалагдаж усны төлбөрөө төлдөг. Орхон сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “******* үйлдвэр” ТӨҮГ-аас авсан усны төлбөрүүд Булган аймгийн төсөвт төвлөрдөг” гэв.
  4. Хариуцагч Ц.******* тайлбартаа: “Хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хэмжээнд *******ын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас хийсэн эрсдэлийн үнэлгээг үндэслэн томилолтод зааснаар татварын хяналт шалгалтыг хийсэн. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримтуудад үндэслэн хяналт шалгалтыг хийж, нийт хүлээн авсан уснаас борлуулсан усыг хасаж алдагдал усыг тодорхойлсон. Тухайн татвар ноогдох алдагдал уснаас хүлээн зөвшөөрөгдөх буюу 25 хувийн алдагдлыг хасаж тооцож аж ахуй нэгжид ноогдох хувь хэмжээгээр буюу 15.7 хувиар алдагдал усны тооцоог гаргаж татвар ноогдуулсан. Нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа тухайн байгууллагын хөнгөлөгдөх бүх хөнгөлөлтүүдийг эдлүүлсэн тул 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “НА-04240000026” тоот нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй“ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “******* ус *******” *******омпаниас Булган аймгийн *******ын хэлтсийн татварын улсын байцаагч С.*******, Ц.******* нарт холбогдуулан “2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-04240000026 дугаартай “*******ын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
  2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “манай байгууллага нь “******* үйлдвэр” ТӨҮГазартай гэрээ байгуулж, цэвэр ус авдаг ба манай хоёр байгууллагын дунд усны алдагдалтай холбоотой маргаан байгаа. Энэ маргаан дуусаагүй хэний буруугаас болж ус алдагдаж байгааг тогтоолгүй нөхөн ногдуулалтын акт тавьсан ба манай байгууллага нь ус ашиглагч бус усыг дамжуулж түгээдэг байгууллага байхад ус ашиглагч гэж тооцсон нь хууль зөрчсөн” гэж;

3. Хариуцагч талаас “нэхэмжлэгч байгууллага нь “******* үйлдвэр” ТӨҮГазраас цэвэр ус худалдан аваад хэрэглэгчдэд борлуулж ашиг олдог байгууллага. Тоолуураар хүлээн авсан уснаас борлуулаад үлдсэн усанд татвар ногдуулсан нь хууль зөрчөөгүй, орлого болоогүй усыг татвараас чөлөөлөх зохицуулалт байхгүй тул нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй” гэж маргажээ.

4. Маргааны үйл баримтын талаар:

   4.1. Нэхэмжлэгч “******* ус, *******” *******омпани нь “Дулаан , халуун, хүйтэн усаар хангах, ... усны тоолуур шалгах суурилуулах” зэрэг үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан орон нутгийн өмчит хувьцаат компани бөгөөд Булган аймгийн *******ын хэлтэст “Үйлдвэрлэл,  үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр төлөгч” буюу татвар төлөгчөөр бүртгэлтэй хуулийн этгээд байна. /хэргийн 28, 99 дүгээр талууд/

4.2. Иймд тухайн татвар төлөгчийн татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг Булган аймгийн *******ын хэлтэс хянан шалгах, хяналт тавих харьяалалтай ба хариуцагч татварын улсын байцаагч нар нь “Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн” хяналт шалгалт хийх удирдамж, томилолтын дагуу нэхэмжлэгч байгууллагын 2020 оны 01 сарын 01-ны өдрөөс 2024 оны 03 сарын 31-ны өдрийг дуустал хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийжээ.

4.3. Шалгалтын явцад нэхэмжлэгчийг 2020 онд 19,618,953.9 төгрөг, 2021 онд 19,775,472.4 төгрөг, 2022 онд 14,858,339.1 төгрөг, 2023 онд 15,365,220.3 төгрөг, 2024 онд 3,972,470.6 төгрөгийн усны төлбөрийг усны алдагдал буюу орлого болоогүй ус гэж тайлагнан төсөвт төлөх усны төлбөрийг дутуу ногдуулж тайлагнасан нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-04240000026 дугаартай “*******ын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын акт /шийдвэр/-ыг гаргасан.

4.4. Нэхэмжлэгч нь энэхүү маргаан бүхий актыг хянуулахаар Булган аймгийн *******ын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд хандаж, тус зөвлөлөөс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулан 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор маргаан бүхий шийдвэрт өөрчлөлт оруулан, гомдлыг хэсэгчлэн хангажээ. /хэргийн 12-21 дүгээр тал/    

4.5. Нэхэмжлэгчээс маргаан бүхий “*******ын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-04240000026  дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэжээ.  

5. Булган аймгийн *******ын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байгууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль, *******ын ерөнхий хууль болон холбогдох журамд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.

6. Нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэж гаргасан хариуцагчийн  2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-04240000026 дугаартай “*******ын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.  

7. Нэхэмжлэл үндэслэлгүй.

8. *******ын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “******* төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “******* төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т*******ын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, 41.4-т*******ын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэжээ.

9. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь дээрх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд татварын хяналт шалгалтыг томилолтын дагуу гүйцэтгэсэн байна.

10. *******ын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “*******ын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “*******ын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг ...нөхөн ногдуулалтын акт, ...үйлдэн баталгаажуулна”, 79.4.3-т “******* төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх ...” гэж тус тус хуульчилсан.

11. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь *******ын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.3-т зааснаар Нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулж, торгууль, алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

12. *******ын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.36-д "Төлбөр" гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.25-д “усны нөөц ашигласны төлбөр” нь Монгол Улсын татварын нэг төрөл байхаар хуульд заасан.

13.  Мөн дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “******* ногдох зүйлд орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдол зэрэг зүйл хамаарна”, 9.2-т “******* ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно” гэж тус тус зааснаар ус ашигласны төлбөр төлөгч, уг татвар ногдох зүйл, татварын хувь хэмжээг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулжээ.  

14. Түүнчлэн нэхэмжлэгчийг ус ашиглагч мөн эсэх болон ус ашигласны татвар төлөгчид хамаарах эсэхийг усыг ашиглахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Усны тухай хуулиар тодорхойлох нь зүйтэй. Иймд усыг ашиглахтай холбогдсон харилцааг Усны тухай хуулиар, усны нөөц ашигласны төлбөр ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцаа нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар тус тус нарийвчлан зохицуулсан байх тул уг маргааны үйл баримтад эдгээр хуулиудын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэв.

15. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Ус, рашааны нөөц ашигласны төлбөр ногдох зүйл”-ийг тодорхойлж, 6.1-д “Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна” гээд 6.1.1-д “хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно”, 10.1.2-т “хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр” гэжээ.

16. Нэхэмжлэгч нь Сэлэнгэ голын сав газрын захиргаатай 2020, 2021, 2022, 2023 онуудад “Ус ашиглах гэрээ”-г /хэргийн 145-163 дугаар тал/  байгуулж, гэрээг жил бүр дүгнэж, дараа жилийн ус ашиглах зөвшөөрлөө авч, гэрээ байгуулсан байх ба 2024 онд дүгнэлт гаргаж, гэрээ байгуулаагүй үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нь тодорхой зориулалт, хугацаа, болзол заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглаж байгаа нь нотлогдож байна.

17. Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага... нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна, 26.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас хамааруулан ... “ус хэрэглэгч”, “ус ашиглагч” гэж ангилах”-аар заасны зэрэгцээ уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д “"ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ойлгоно” гэж заажээ. 

18. Дээрх хуулийн зохицуулалт, тодорхойлолтоос дүгнэхэд нэхэмжлэгч нь “******* үйлдвэр” ТӨҮГ-аас хэмжих нэгжээр цэвэр усыг гэрээгээр тохирсон үнэ, тарифаар худалдан авч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад борлуулдаг байх тул “ус ашиглагч” гэж үзнэ.

19. Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлнө”, 31.3-т “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, нөхцөлийг хуулиар тогтооно” гэж зааснаар ус ашигласны төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу төлөх үүрэгтэйг хуульчилсан.

20. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас орлого болоогүй усанд ус ашигласны төлбөр ногдуулах үндэслэлгүй гэх тайлбарын үндэслэлээ “усны алдагдал биднээс шалтгаалаагүй, “******* үйлдвэр” ТӨҮГазрын дамжуулах шугамд алдагдал үүсэж байж болзошгүй байхад шууд хүн амын ундны уснаас бусад нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус гэж төлбөр тогтоож байгаа нь үндэслэлгүй” гэж,

хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “******* ус, *******” ******* нь “******* үйлдвэр” ТӨҮГазраас хэмжих нэгжээр хүлээн авсан хэмжээнээс зохих хэмжээгээр зөвшөөрөгдөх алдагдал 25 хувь, айл өрхийн ундны усыг тухайн жилүүдэд ашигласан хувиар тооцож хасаж, үлдсэн хэсэгт нь төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлаа тайлбарлаж мэтгэлцэв.

21. Маргаан бүхий татварын нөхөн ногдуулалтын актаар усны нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20.1-д “Дараах зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө” гэж зааснаар алдагдал усны нийт хэмжээнээс зөвшөөрөгдөх алдагдал буюу 25 хувийг хасаж, үлдэгдэл уснаас 2020-2024 онд “хүн амын ундны ус”-ны зориулалтаар хэрэглэгчид нийлүүлсэн усны хувьд харьцуулан хүн амын ундны усанд ногдох хэсгийг хасаж, үлдэгдэл усыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус гэж үзэн усны нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсан нь үндэслэлтэй.

22.  Хариуцагч нар нь “******* ус, *******” *******омпанийн “2020-2024 оны төвийн шугамын цэвэр усны бичилт” /хэргийн 217-221 дүгээр тал/-д үндэслэн эх үүсвэрээс хүлээн авсан уснаас борлуулсан усны тооцоог хасаж, алдагдал буюу орлого болоогүй усыг тодорхойлсон байна. Тодруулбал:

1. 2020 онд нийт авсан ус 3,962,665 шоометр, борлуулсан ус 1,854,677.40 /ААН 622,748.40, Хүн ам 1,231,929.20/, алдагдал ус 2,107,987.40 шоометр буюу нийт авсан усны 53.2 хувь,

2. 2021 онд нийт авсан ус 3,935,016.40 шоометр, борлуулсан ус 2,050,119.40 /ААН 655,463.90, Хүн ам 1,394,655.50/, алдагдал ус 1,884,897 шоометр буюу нийт авсан усны 49.5 хувь,

3. 2022 онд нийт авсан ус 3,169,272.40 шоометр, борлуулсан ус 2,116,343.40 /ААН 786,318.60, Хүн ам 1,330,024.80/, алдагдал ус 1,052,929 шоометр буюу нийт авсан усны 33.2 хувь,

4. 2023 онд нийт авсан ус 3,175,162.00 шоометр, борлуулсан ус 2,134,208.70 /ААН 790,900.60, Хүн ам 1,343,308.10/, алдагдал ус 1,040,953.30 шоометр буюу нийт авсан усны 32.8 хувь,

5. 2024 онд нийт авсан ус 851,249.30 шоометр, борлуулсан ус 567,300.20 /ААН 201,267.37, Хүн ам 366,033.00/, алдагдал ус 283,949.10 шоометр буюу нийт авсан усны 33.4 хувийг эзэлж байна.

23. Энэхүү тооцооллоос харахад хяналт шалгалтад хамрагдсан онуудад орлого болоогүй ус буюу алдагдал усны хэмжээ дунджаар нийт авсан цэвэр усны 40.42 хувийг эзэлж байгаа нь байгалийн нөөц болох цэвэр усыг үр ашиггүй зарцуулсан гэж үзэхээр байгаа бөгөөд усны алдагдал юунаас шалтгаалж, хаана үүсэж байгааг тодорхойлж, алдагдлыг бууруулах шаардлагатай арга хэмжээг авалгүй жил бүр усны алдагдалд ордог бодит нөхцөл үүссэн байна гэж дүгнэлээ.

24. Нэхэмжлэгч талаас “манай байгууллагын ус хүлээн авч байгаа тоолуураас нааш “******* үйлдвэр” ТӨҮГазрын дамжуулах шугамд усны алдагдал байгаа, энэ талаар хоёр байгууллагын дунд маргаан үүсээд иргэний хэргийн шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байгаа тул орлого болоогүй усанд татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч болон цэвэр ус нийлүүлдэг хуулийн этгээд нарын хэний буруугаас ус алдагдахад хүрч байгааг тогтоосон шийдвэр, дүгнэлт гарахыг хүлээж, төлбөр төлөх үүргээс чөлөөлөх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцохгүй байх эрх хариуцагч нарт байхгүй. Учир нь нэхэмжлэгч байгууллага нь байгалийн нөөц ашигласны төлбөр төлөгч хуулийн этгээд ба усны нөөц ашигласан тооцооллоо үнэн зөв тайлагнан төлбөрийг төлөх үүргийг хуулиар хүлээсэн.

25. *******ын улсын байцаагч нар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “Хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усны шоо метрээр” гэж зааснаар ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний усны шоометр тутамд усны нөөц ашигласны төлбөрийг тогтоосон нь хуульд нийцсэн. Хариуцагч нар нь нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа алдагдал усны хэмжээнээс зөвшөөрөгдөх алдагдал буюу 25 хувийг хасаж, үлдэх уснаас хүн амын ундны усны зориулалтаар нийлүүлсэн усанд ногдох хэсгийг хасаж тооцсон нь татвар төлөгч “******* ус, *******” *******-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зөвшөөрөгдөх алдагдлын хувь хэмжээг тооцсон гэж дүгнэлээ.

26. Усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасны дагуу Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 326 дугаар “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ” тогтоосон хэсгийн 10-т зааснаар “Ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний усны шоомерт тутамд “газрын доорх усанд” 15 хувь гэсэн хэмжээг Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаар тогтоол, 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаар тогтоолуудаар батлагдсан “Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ”, “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ээр “Сэлэнгэ мөрний сав газар, газрын доорх ус 4072 төгрөг/шоо метр, итгэлцүүр 0,13”-аар тус тус тооцож, нийт нэгж тутамд 79.4 төгрөг/м3-ээр тооцно гэжээ.

27. Дээрх тооцооллоор байгалийн нөөц ашигласны төлбөрийг шоометр тутамд тооцоход 2020 онд 19,708,311.49 төгрөг /248,215.51 шоометр *79.4=19,708,311.49 төгрөг/, 2021 онд 19,865,542.55 төгрөг /250,195.75 шоометр*79.4=19,865,542.55 төгрөг/, 2022 онд 15,800,884.25 төгрөг /199,003.58 шоометр*79.4=15,800,884.25 төгрөг/, 2023 онд 15,435,203.58 төгрөг /194,398.03 шоометр*79.4=15,435,203.58 төгрөг/, 2024 онд 3,990,563.80 төгрөг /50,258.99 шоометр*79.4=3,990,563.80 төгрөг/, нийт 74,800,505.67 төгрөг болж байна.

28. Харин *******ын улсын байцаагч нарын маргаан бүхий актаар ногдуулсан нөхөн татвар 73,590,456.3 төгрөг ба тооцооллоос 1,210,049.37 төгрөгөөр бага байгаа нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, усыг хэмжих нэгжээр хүлээн авсан хэмжээнээс зохих хэмжээгээр зөвшөөрөгдөх алдагдал болон хүн амын ундны усанд ногдох хэсгийг хасаж, үлдэгдэл усанд нөхөн төлбөр ногдуулсныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэлээ.

29. *******ын улсын байцаагч нар нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр гаргах ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “хуульд үндэслэх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг зарчмуудыг зөрчөөгүй, *******ын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан “******* зайлшгүй байх”, “шударга байх” зэрэг зарчимд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, *******ын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3, Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.1.2, 15 дугаар зүйлийн 15.3,  Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*” компанийн * аймгийн * нарт холбогдуулан гаргасан “*******ын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-04240000026 дугаартай “*******ын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108, 114 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.МӨНХЖАРГАЛ