Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

          Шүүгдэгч: О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт О-ын О-д холбогдох 18350001120088 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймаг Улаангом сумын 7 дугаар баг 022 тоотод оршин суух Б овогт О-ын О. РД:ОО.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.О нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 22 тоотод хохирогч Л.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч О.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч О.О нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 22 тоотод хохирогч Л.Н-г зодсон болох нь хохирогч Л.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед бага охин С-тай гэртээ байж байтал манай нөхөр О.О халамцуу согтуу байдалтай өөрийн хамаатны Б гэдэг залуутай ирсэн. Гэрт ирэхдээ нэг шил бүтэн архи, хагас шил архитай ирээд уух гэхэд нь би булааж аваад гэрээс гаргаад шидчихсэн юм. Тэгээд манай нөхөр О “Надад архи уулгасангүй. Тэр чинь мөнгөөр авсан зүйл” гэж уурлаад гэрт миний толгой тус газарт хэд хэдэн удаа гараараа цохисон.Тэгээд би зугатаад гэрээс гартал гэрийн гадна гарч ирээд О.О нь миний зүүн гар уруу нүүрс хийдэг төмөр будагны саваар хэд хэдэн удаа цохиод, би гэрийн гаднаас манай гэрт байсан хоёр залууд хандаж “Энэ хүнийг салгаж аваач” гэж хэлэхэд гарч ирээгүй. ...Тэр өдөр архинаас болж бид хоёрын хооронд маргаан зодоон гарсан юм. Манай нөхөр О.О нь гурван өдөр архи уусан юм. Миний биед одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р талд/,

гэрч М.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ ...авга ах О.О нь авч очсон нэг шил хагас архи, дэлгүүрээс авсан бүтэн шил архийг уух гээд гаргаад  тавьтал эхнэр Л.Н нь уг хагас шил архи, бүтэн шил архийг булааж аваад гэрээс гаргаад хаячихсан юм. Тэр үед нөхөр О нь эхнэр Н-гийн хойноос гэрээс гараад тэдний гэрийн гадна О нь эхнэр Н-г зодох шиг болсон. Эхнэр нь “Намайг аллаа” гэж хэлээд гэртээ зугатаж орж ирээд “О.О-г аваачээ” гэж хэлсэн. Тэгээд би авга ах О-г барьж аваад тэврээд орон дээр суучихсан. Тэгээд О нь “Чи архи гаргаад хаячихлаа, наадах архи чинь мөнгөөр авсан архи” гэж хэлэхэд эхнэр нь “Чи архичин, нагаарчин” гэж хэлээд хэрэлдээд О намайг тэвэрсэн байхад эхнэрээ цохих гээд зүтгээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

гэрч Т.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“... 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 10 цаг өнгөрч байхад аймгийн төвд 3 дугаар арван жилийн хажуугийн бензин колонкын хажуу талд байдаг О ахын гэрт очсон. Гэрт ороход От ах согтуувтар, гэрийн баруун талын орон дээр суучихсан духны баруун талын хэсгээс цус гарсан байдалтай эхнэр Н нь зуухны доод талд галын дэгээ төмөр барьчихсан зогсож байсан. Эхнэр нь уурлачихсан архичин гэж хэлж байсан. Намайг орсоны дараа зодолдох гээд гэрийн хойморт эхнэр, нөхөр хоёр хоёулаа очихоор нь дундуур нь орж салгатал эхнэр нь цагдаа дуудлаа гээд гараад явсан. О ах гэрийн баруун талын орон дээр очоод суухаар нь би гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/, 

шүүгдэгч О.О-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нэг шил архийг задлаад нэг аяганд хийгээд уух гэтэл эхнэр Л.Н шилтэй архийг надаас булааж аваад гэрээс гаргаад хаячихсан юм. Тэгээд би замдаа дэлгүүрээс авсан нэг шил архийг задлаад дахин аяганд хийгээд уух гэхэд манай эхнэр дахиад миний уух гэж байсан нэг шил 0,5 граммын архийг дахин надаас булааж аваад бас гэрээс гаргаад хаячихсан юм. Тэгээд би “Наадах чинь мөнгөөр авсан архи” гэж эхнэртэй хэлсэн юм. Тэгээд эхнэртээ наад архийг чинь би уучихаад гэртээ унтчих байсан юм гэж хэлээд миний уур хүрээд эхнэр Н-гийн гар уруу нь хоёр удаа цохисон юм. ...Нарантуяа гэрээс зугатаад гарсны дараа би хойноос нь гараад будагны лаазыг шидэж нуруу орчим газарт нь цохисон. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн согтуу байсан нь үнэн, урд орой нь архи уусан байсан. Тэр архи гараагүй байтал нэмж уугаад их согтсон байнлээ. Тухайн үед болсон явдлыг тодорхой сайн санахгүй байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл онодуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч О.О нь хохирогч Н.Н-г зодсоны улмаас хохирогчийн бие махбодид баруун шуу, сарвуу, зүүн бугалга, сарвуу, зүүн далны гадна хэсэгт цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, амны баруун булан, хүзүүнд улайлт, зүүн зулайд зөөлөн эдийн гэмтэл учирсан байх бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 218 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-р тал/-ээр тогтоогдсон байна.

       Иймд шүүгдэгч О.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

           Хохирогч Н.Н шүүгдэгч О.О нар нь хоорондоо эвлэрлийн гэрээ /хх-ийн 86-р тал/ байгуулж гомдол тэмцэлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

2. Шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

           Шүүгдэгч О.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт О-ын О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

             4. Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.О өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ