| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0060/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/61 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Г.Мөнхцоож, улсын яллагч Д.Аянагүл, өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүгдэгч Б.Бямбацогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бямбацогтод холбогдох эрүүгийн 1836000000050 дугаартай, 178/2018/0060/Э/ индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-54 тоотод оршин суух,урьд Ховд аймаг сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 133 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж,1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан гэх, ПЮ84061610 регистрийн дугаартай Олхонууд овогт Батчулууны Бямбацогт
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Бямбацогт нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн рентгэний өрөөнөөс иргэн Б.Нургүлийн Самсунг-Жи 7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар буюу хууль бусаар хулгайлж хохирогчид 400000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Бямбацогт нь хохирогч Б.Нургүлийн Самсунг-Жи 7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар буюу хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.Бямбацогт шүүхийн хэлэлцүүлэгт: хулгай хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Нургүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн рентгэн тасагт гэрэлд харуулах гээд өрөөнд нь ороод хаалганы хажуу талд цүнхээ тавиад хажууд нь утсаа тавиад хувцсаа тайлж байсан.Энэ үед нэг өндөр залуу надтай зөрөөд гарсан.Тэгээд нэг хартал миний утас алга байсан.Утас алга болчихлоо гээд тэр хавийн хүмүүсээс асууж сураглаад байж байтал нөгөө нөдөр залуу буцаад ороод ирсэн.Түүнийг утас авчихлаа гэхэд “ би аваагүй” гэсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан. Би тэр утсыг 2016 оны 06 дугаар сард Мобикомоос 700000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай лизенгээр авч байсан. Б.Бямбацогт надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, хх 28-29-р хуудас/
Гэрч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Цагдаагийн газрын зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажилласан.09 цагийн орчимд БОЭТ дээр Б.Нургүл гар утсаа алдлаа гэсэн дуудлага ирсний дагуу очсон.Би очоод Б.Нургүлээс тайлбар авчихаад Б.Нургүлийн өмнө рентгэнд харуулсан гэх Б.Бямбацогт сэжиг бүхий байхаар нь асуусан чинь “ би аваагүй” гээд байсан. Тэгэхээр нь тэрнийг аваад цагдаагийн газар луу явж байтал Б.Бямбацогт “би авчихсан, карт, гэр хоёрыг нь хогийн саванд хийсэн,гар утсыг нь эмнэлгийн жолооч Б.Нямзориг ахад өгчихсөн” гэж хэлсэн.Тэр хүний утасны дугаарыг олж залгаад цагдаагийн газар хүрээд ир гээд дуудуулаад ирэхээр нь гар утсыг нь авсан.Б.Бямбацогтоос гар утасны гаднах гэр, ХААН банкны виза карт зэргийг хаясан хогийн савыг заалгаж авсан гэх мэдүүлэг /хх 12-13-р хуудас/
Гар утас үнэлсэн тухай тайланд : Самсунг –Жи 7 гар утас 1 ширхэг нь 400000 төгрөг гэх /хх-17/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-24/
Шүүгдэгч Б.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлгийн рентгэний өрөөнд хавиргаа гэрэлд харуулчихаад гарах гэтэл хаалганы зүүн доод талд шалан дээр шалны гарнез түшүүлсэн гар утас байсан.Түүнийг авч гараад унтраачихсан.Эмнэлгийн гадна машин арчаад зогсож байсан Б.Нямзориг гэдэг таньдаг ах дээр очоод “ та энэ утсыг барьж байгаач , би гэрэлд харуулсан хариугаа аваад ирье“ гээд явсан. Тэгээд буцаж рентгэний өрөөнд ороход “ утас алга болчихлоо, чи авсан байх, чамаас өөр хүн ороогүй” гээд нэг хүүхэн над руу хэлсэн. Тэнд олон хүн байсан болохоор би санаа зовоод “ би аваагүй” гэж хэлсэн. Тэгээд гараад цагдаад авсан гэдгээ хэлээд гар утасны гэр, виза карт хоёрыг хаясан газрыг зааж өгсөн гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Бямбацогтыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн рентгэний өрөөнөөс иргэн Б.Нургүлийн Самсунг-Жи 7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар буюу хууль бусаар хулгайлж авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгч Б.Бямбацогт нь урьд Ховд аймаг Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 133 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж,1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-71-р /, шийтгэх тогтоолын хуулбар /хх-46-49/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөргүй болох нь хохирогч Б.Нургүлийн “ би хохирлоо бүрэн барагдуулж авсан, одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх /хх-29/ хүсэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бямбацогтын хувийн байдлын талаар гэрч Б.Жаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний хүү Б.Бямбацогт нь зан чанар сайтай, хүнд тусархуу, өрөвчхөн,гэр орны ажилд сайн, цайлган хүүхэд байгаа юм. 2012 онд Ховд их сургуулийг Биеийн тамир-эрүүл мэндийн багш мэргэжлээр төгссөн.2009 онд Н.Цагаанцэцэг гэдэг хүүхэнтэй хамтран амьдарч байгаад 2010,2011 онд 2 хүү төрүүлээд ээж нь орхиод явсан. Одоо би хоёр хүүхдийг нь хамт асарч хамгаалдаг, Б.Бямбацогт тодорхой эрхэлсэн ажилгүй, гэртээ байгаа гэх мэдүүлэг/ хх 30-31/
Гэрч Ж.Өлзийхутагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б.Бямбацогт бид хоёр 2001 онд 10 жилийн 2-р дунд сургуульд нэг ангид сурч төгссөн.Хүн чанарын хувьд хүнд тусархуу, сайн залуу. Гэм нь хааяа архи уугаад байдаг. Эхнэр нь салаад явсан, хоёр хүүхэд, ээжийнхээ хамт амьдарч байгаа. Хоёр хүүхэд, ээжийгээ тэжээх гэж яваа өрх толгойлсон эцэг хүн гэж боддог.Сүүлд хүнээр хутгалуулаад уушиггүй болсон гэж сонссон. Хүнд зовлон тохиолдсон үед байнга хамт байсан найз минь байгаа юм гэх мэдүүлэг /хх-32-р/
Шүүгдэгч Б.Бямбацогт эх, хоёр хүүхдийн хамт амьдардаг болох нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн Засаг даргын тодорхойлолтоор / хх-72/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бямбацогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хүсэлт болон хувийн байдлыг нь харгалзан, хохирол төлбөргүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэргийг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.Бямбацогт нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж удаа дараа шийтгэл авч байсан нь Цагдаагийн газрын АСАП сангийн мэдээллээр /хх-50-60-р/ тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй, хохирол төлбөргүй болохыг дурдах, шүүгдэгчийн эзэмшлийн Ти Си Эл маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Олхонууд овогт Батчулууны Бямбацогтыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Батчулууны Бямбацогтыг 01 / нэг / жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Б.Бямбацогтод 01 жилийн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн 1836000000050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бямбацогтын “Ти Си Эл” маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч Б.Бямбацогтод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form