Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/26

 

  

 

 

 

 

2024      05         01                                          2024/ДШМ/26

 

                                                                                                           

                                            Б.Мод холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                   Т.Дэлгэрмэнд

Шүүгдэгч                                                       Б.М                            

Хохирогч                                                       Н.Н

            Нарийн бичгийн дарга                             Т.Отуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ын давж заалдах гомдлоор Б.М-од холбогдох 2325000000501 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М, Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух бүртгэлтэй,

урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, нийт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 3 сар 19 хоногийн хорих ялаар шийтгүүлж ялын хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дуусч суллагдсан, регистрийн дугаар.  

 

Б.М нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар нэр бүхий хохирогч нарыг төөрөгдөлд оруулж нийт 5.673.250 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нийт 135  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-оос 5.673.250 төгрөг гаргуулан хохирогч Ж.Л-д 285.000 төгрөгийг, хохирогч Ж.О, Л.Б нарт 460.000 төгрөгийг, хохирогч Н.Н-д 480,000 төгрөгийг, хохирогч С 462.250 төгрөгийг, хохирогч М.Х-т 3.500.000 төгрөгийг, хохирогч А.Н-д 486.000  төгрөгийг тус тус олгож,

 

шүүгдэгч Б.М-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

“...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж харамсаж байна. Би аав, ээж, эмээ, гурван дүүгийн хамт амьдардаг, хөгшин настай эмээ минь бие нь тааруу, мөн бага эмэгтэй дүү минь зүрхний хүнд хагалгаанд орох шаардлагатай байсан учир хохирогчийн хохирлыг төлж барагдуулах боломжгүй байсан эдгээр хохирогчдын хохирлыг тодорхой хугацаанд төлж барагдуулна. Иймд энэ байдлыг минь харгалзан үзэж дээрх ялын хэмжээг багасгаж дэглэмийг нь хаалттай болгож өгнө үү” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М тайлбартаа: ... үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.Н тайлбартаа: ...хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна гэв.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.М-ын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Б.М нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн М.Хтай утсаар холбогдон "... Баатаржий гэдэг хүн байна, 35 тооны хонь зарна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2 удаагийн гүйлгээгээр 3.500.000 төгрөгийг ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн 5915080404 дугаарын харилцах дансаар шилжүүлэн авч залилсан нь

 

хохирогч М.Хын “ ... над руу хүн утсаар залгаад “Та мал авч байгаа юм уу, би мал зарах гэсэн юм, Рэнчинлхүмбэ сумын 3 дугаар багийн иргэн Баатаржий гэдэг хүн байна” гэсэн. Тэгэхээр нь хэдэн тооны мал зарах гэж байгааг асуухад “Би 35 тооны эр хонь өгөх гэсэн юм, та авах юм уу” гэж асуусан. Би “авья” гэхэд “Тэгвэл урьдчилгаа 1.200.000 төгрөг хийчих, би 35 хонио туугаад ирье” гэхээр нь би итгээд урьдчилгаа мөнгийг нь 5815080404 гэх данс руу шилжүүлсэн. 2 цагийн дараа дахиж над руу утсаар залгаад “Би малаа туугаад явж байна, та үлдэгдэл мөнгөө хийчих, би найдвартай аваачаад өгье” гэхээр нь би үлдэгдэл 2.300.000 төгрөгийг шилжүүлсэн ... утас руу нь залгахад “Би ажилтай болоод буцчихлаа, хэд хоногоос хонийг чинь туугаад аваачаад өгье” гэсэн ... Мөнхболд гэдэг хүнд залилуулсан гэдгээ цагдаагаас мэдсэн. Тэгээд би тэр хүнтэй ярихад Мөнхболд гэдгээ хүлээн зөвшөөрсөн ... ” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 85-86/,

 

Хаан банкин дахь М.Х, Б.М нарын харилцах дансны хуулга /2 дугаар хх 108, 111/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Сайнзаяатай 80239753 дугаарын утсаар холбогдон "Хөвсгөл аймагт ... бид наймуулаа болчихлоо, одоо хүнсээ аваад гарлаа, хотод мах үнэтэй байна уу, манай энд хямд мах байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 462.250 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5915080404 дугаартай харилцах дансаар шилжүүлэн авч залилсан нь

 

хохирогч Б.С-ийн “... Зүүнхараад түлээний мод бэлтгэх ажил гараад манай нөхөр Дашцэрэн түлээний мод бэлтгэх хүн ажилд авна гэж зар тавьсан чинь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 80239753 гэсэн дугаараас “Хөвсгөл аймагт 5 хүн байна, маргааш хүнсээ цуглуулаад гарлаа” гэсэн ба маргааш өглөө нь “Бид 8-уулаа болчихлоо, одоо хүнсээ аваад гарлаа гээд хотод мах үнэтэй байна уу, манай энд хямд мах байна” гэхээр нь би “Үхрийн өрөөлийг өвчүүтэй нь авья” гээд 5915080404 Мөнхболд гэсэн дансанд 362.500 төгрөг шилжүүлээд байж байтал

тухайн өдрийн орой нь “Эрдэнэт дээр ирчихлээ машины бинзен дуусчихлаа” гээд байхаар нь тус дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн, тухайн өдөр ор тас алга болоод маргааш нь болох 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Баруун хараа өнгөрөөд машин эвдэрчихлээ, одоо Дарханд сэлбэг авах гээд байж байна, та 100.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би сэжиглээд “манай ах Дарханд байгаа, надад одоо мөнгө алга манай ахаас очоод авчих” гээд ахын дугаарыг өгсөн чинь гар утсаа салгаад алга болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан... гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 15, 17/ болон Хаан банкин дахь Б.Сайнзаяагийн дансны хуулга /2 дугаар хх 19, 70/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ж.О-той 86253031 дугаар утаснаас холбогдож “Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дарга нь байна, танай хүүхэд ойрд ажил ихтэй байгаад дэлгүүр орж чадахгүй байна, дэлгүүр нь 5 - 10 минутын дараа хаах гээд байна, яаралтай мөнгө шилжүүл” гэж хуурч 40.000 төгрөгийг Хаан банкин дахь 5902071266 дугаартай Л.Ц-ийн эзэмшлийн харилцах дансаар,

 

мөн 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дахин хохирогч Ж.О, Л.Б нарт “ ... Прокурорын газраас ярьж байна ..., шүүхээс ярьж байна,  ... Б суллагдах гэж байна хорих ялын үлдсэн хугацааг тэнсэж байгаа учир цагны мөнгө 420.000 төгрөгийг шилжүүл” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 420.000 төгрөгийг Хаан банкин дахь 5901028369 дугаартай Д.Х-ийн эзэмшлийн харилцах дансаар тус тус шилжүүлэн авсан нь 

 

хохирогч Л.Бийн “... 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ах 80565209 гэсэн дугаар өгөхөөр нь залгасан чинь “Шүүхээс ярьж байна, танай дүү Б суллагдах гэж байна гэж хэлээд өмнө хүүхдийн хорих ангиас шилжиж ирсэн байна. Үлдсэн хугацааг тэнсэн ялаар шийтгүүлэн бугуйн цаг зүүнэ” гэхээр нь Хаан банкны 5901028369 гэсэн данс руу 420.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд “9 цаг 30 минутад шүүх дээр ирж дүүгээ аваарай” гэж хэлсэн. Тэгээд миний регистрийн дугаар гэрийн хаягийг тодруулж байна гэж миний мэдээллийг авсан ... ” гэсэн мэдүүлэг /хх 151/,

 

хохирогч Ж.Оы “ ... 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ... манай утас руу 86253031 дугаарын утсаар залгахаар нь авсан чинь “Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дарга нь байна, танай хүүхэд ойрд ажил ихтэй байгаад дэлгүүр орж чадахгүй байна, дэлгүүр нь хаах гээд байна, яаралтай мөнгө шилжүүл” гэхээр нь “манай хүү дансандаа мөнгөтэй байгаа” гээд утсаа салгасан ... дахиад залгаад “за хурдан 40.000 төгрөг хий” гээд 5902071266 дугаарын данс ирэхээр нь тухайн данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн ...

... 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 89270684 дугаарын утсаар манай утас руу залгахаар нь авсан чинь “Орхон аймгийн Прокурорын газраас ярьж байна та юу нь вэ” гэж асуухаар нь би “ээж нь байна” гэсэн “танай хүүхэд чинь хүүхдийн колонид байж байгаад Орхон аймгийн Хорих анги руу шилжиж ирсэн юм байна ...танай хүүхэд Ерөнхийлөгчийн зарлигаар гарах боллоо. Орхон аймгийн Прокурорын газраас ирж авах хүн байна уу, 09 цагт” гэхээр нь “Бид хоёр Хөвсгөл аймгийн Тариалан суманд хөдөө байдаг хүмүүс” гэсэн чинь тасалсан ...

... би дүү Б руу залгаад “дүү Б-ыг чинь ирж ав гэж байна” гээд тухайн дугаарыг өгсөн. Цагны мөнгө шилжүүл гэсэн гээд Б 420.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь манай дүү Б “Өнөөдөр амралтын өдөр  Б-ын хорих анги дээр очиж жижүүртэй нь уулзлаа, ажлаа хийж байгаа гэнэ, суллагдах талаар ямар ч зүйл байхгүй гэж байна” гэхээр нь л худлаа байсан талаар нь ойлгосон ... ” гэсэн мэдүүлэг /хх 159-161/,

 

гэрч Д.Х-ын “ ... Би Мөрөнд таксинд явдаг. АНУ худалдааны үйлчилгээний төвийн гадаа үйлчлүүлэгч хүлээгээд зогсож байхад 2 залуу ирээд нэг нь яваад нөгөө нь миний машинд суусан ... явж байх замдаа “Таны данс руу мөнгө хийгээд авья тэгэх үү, дүүд нь карт алга байна” гэхээр нь би “тэг тэг” гээд дансны дугаар өгсөн. Тэгээд Хаан банкны гадаа очоод мөнгө орж ирэхийг нь хүлээж 10 гаран минут болж байтал 285.000 төгрөг удалгүй 420.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Тэгээд таксины мөнгө гээд 5.000 төгрөг авч үлдээд 700.000 төгрөгийг нь АТМ-с бэлнээр нь авч өгсөн ... ” гэсэн мэдүүлэг /хх 164-165/,

 

гэрч Л.Ц-ын “ ... би ажлын байран дээрээ байж байтал 20 гаран насны хоёр залуу манай байгууллагаар үйлчлүүлсэн. Тэгээд тооцоо хийх болсон чинь нэг залуу нь “утас унтарчихлаа, би хүнтэй яриад мөнгө шилжүүлүүлээд авчихья. Тооцоогоо хүнээс мөнгө авч хийх юм” гэж хэлсэн. Тэгээд би дансаа өгсөн чинь миний дансанд тухайн өдөр 40.000 төгрөг шилжиж орсон. Тухайн залуу тооцоогоо эхлээд бэлнээр хийгээд 20-иод мянгөн төгрөг дутчихсан. Тэгээд дансанд 40.000 төгрөг орсны дараа зөрүү 20.000 төгрөгөөр аваад гарсан ... 86253031 дугаарын болон дансыг би өөрөө эзэмшиж ашигладаг. Тэр залуу миний дугаараас нилээн олон хүн рүү залгаад утсаа авахгүй байна гээд байсан... ” гэсэн мэдүүлэг /хх 168/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-мөн 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ж.Л-тай 88270684 дугаараас “Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан байна, танай ах Батсүмбэр суллагдах гэж байх тул цагны мөнгө шилжүүл” гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж 285,000 төгрөгийг Хаан банкин дахь Д.Хүрэлбаярын эзэмшлийн 5901028369 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан нь

 

 Хаан банкин дахь Д.Х-ын дансны хуулга /хх 9, 143/,

 

 хохирогч Ж.Л-ын “ ... нэг эрэгтэй хүн залгаад “Шүүхийн шийдвэрээс ярьж байна, танай ах Батсүмбэр нь суллагдах гэж байна. Цагны мөнгө гэж 285.000 төгрөг шилжүүл” гэхээр нь Хаан банкны 5901028369 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд 80565209 гэсэн дугаараас дахиж залгаад “2 цагт шүүх дээр ирж ахтайгаа уулзаарай” гэж хэлсэн ... ” /хх 30/,

 

гэрч Д.Х-ын “ ... Би Мөрөнд таксинд явдаг. АНУ худалдааны үйлчилгээний төвийн гадаа үйлчлүүлэгч хүлээгээд зогсож байхад 2 залуу ирээд нэг нь яваад нөгөө нь миний машинд суусан ... явж байх замдаа “Таны данс руу мөнгө хийгээд авья тэгэх үү, дүүд нь карт алга байна” гэхээр нь би “тэг тэг” гээд дансны дугаар өгсөн. Тэгээд Хаан банкны гадаа очоод мөнгө орж ирэхийг нь хүлээж 10 гаран минут болж байтал 285.000 төгрөг удалгүй 420.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Тэгээд таксины мөнгө гээд 5.000 төгрөг авч үлдээд 700.000 төгрөгийг нь АТМ-с бэлнээр нь авч өгсөн ... ” гэсэн мэдүүлэг /хх 38/,

 

гэрч Т.Г-ын “... Мөнхболд бид хоёр Мөрөн суманд “Оч” нэртэй буудалд хамт хоносон. Мөнхболд надад хандаж “найз нь шоронд ороод сая суллагдаад одоо сум руугаа явж байна, надад утсаа өгөөч аав, ээжтэйгээ ярих гэсэн юм” гэж хэлэхээр нь би утсаа өгч яриулсан. Миний хажууд утсаар ярихгүй надаас холдож ярьж байсан ... банк орох ажилтай байна гээд яваад өгсөн ... 89270684 утасны дугаар миний дугаар, би нөгөө 2 дугаарыг мэдэхгүй ... хэдэн хүн рүү ярьсныг би мэдэхгүй, сүүлд миний хажууд хармаанаасаа дан 10 мянгатууд гаргаж ирж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 43/ зэрэг нотлох баримтуудаар,

 

- 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагийн орчимд 80655209 дугаараас иргэн Н.Нийн эзэмшлийн 99501965 дугаарын утас руу залгаж “...танай хүү Т.Үүрцайх нь гав зүүхээр боллоо" гэж хуурч, 480,000 төгрөгийг шилжүүлэхийг шаардаж, иргэн Ж.Ц-ы эзэмшлийн Хаан банкны 5900099501 тоот дансаар 480.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь

 

Хаан банкин дахь Н.Н, Ж.Ц нарын дансны хуулга /хх 193, 196/,

 

хохирогч Н.Нийн “ ... 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цаг 30 минутын үед миний ашигладаг 99501965 дугаарын утас руу 80655209 дугаарын утаснаас залгаад "Үүрцайхын ээж мөн үү, шүүхээс залгаж байна би буцаад залгая" гээд утсаа салгасан. 10 цагийн үед дахин залгаад "Үүрцайх гав зүүхээр боллоо, та 480.000 төгрөг яаралтай шилжүүл" гэж ярьсан бөгөөд өөрийгөө шүүхийн ажилтан гэж хэлсэн. Би өөрийн хүү Үүрцайхыг суллагдах гэж байгаа юм байна гэж бодоод баярлаад 480.000 төгрөгийг өөрийн ашигладаг Хаан банкны 5096041018 дугаартай данснаас тухайн хүнээс мессежээр явуулсан 5900099501 дугаартай Цагаанчулуун Жигдванчиг эзэмшигчтэй данс руу АТМ-ээс шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснийхээ дараа Хорих анги дээр очсон чинь манай хүү гарах болоогүй, манайхаас тийм зүйл яриагүй гэж хэлсэн. Тэгээд өөрийгөө залилуулсан гэдгийг мэдсэн ...” / хх 202 /,

 

гэрч Н.Э-ын “... 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байж байсан чинь 08 цаг 30 минутанд 80565209 дугаараас над руу нэг эрэгтэй хүн “Ү-ын гэр мөн үү, Прокурорын газраас ярьж байна" гэж хэлээд "өөрөө хаана оршин суудаг вэ" гэхээр нь "Эрдэнэтэд" гэж хэлсэн чинь "ээжтэй нь холбоо барих дугаар хэрэгтэй байна" гэхээр нь өгсөн юм. Тэгээд ээж Нтэй холбогдож "хүү чинь суллагдах гэж байгаа, цагны мөнгө гэж 480.000 төгрөг яаралтай Хаан банкны 5900099501 дугаартай данс руу шилжүүл" гэхээр нь ээж шилжүүлсэн байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн ... ” гэсэн мэдүүлэг /хх 206/,

 

гэрч Ж.Ц-ы “... 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байтал 30 орчим настай залуу орж ирээд "Бичиг баримтаа хаячихлаа, би дүүгээсээ мөнгө авах гэсэн юм, таны дансаар авчих уу" гэхээр нь би өөрийн ашигладаг 5900099501 дугаартай дансаа өгтөл удалгүй миний дансанд 480.000 төгрөг орсон байсан. Тухайн үед тухайн залуу "Та АТМ-с аваад өгөөч" гэхээр нь би Товчооны АТМ ортол тэр үед АТМ ажиллахгүй байсан. Эргээд гараад иртэл Эрдэнэт явах нэг жолооч нөгөө залууг "хөөе явья" гэсэн, тэгээд би нөгөө мөнгөнөөсөө 475.000 төгрөгийг авч явах жолооч руу нь шилжүүлсэн. Тухайн жолоочийг О гэдэг. хүн тээвэрт явдаг жолооч байгаа юм. Тэр залуу 80565209 гэсэн дугаартай явж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 211/,

 

гэрч Х.О-ын “... хоолны үйлчилгээ эрхэлдэг зүс таних нэг тогооч эгч нь нэг танихгүй залуугийн хамт гарч ирээд надад хандан “Энэ залуу Эрдэнэт явна гэнэ, миний данс руу мөнгө хийчихсэн, би дотроос нь авч өгөх гэтэл мөнгөгүй байна, чи авч яваад Оргил худалдааны төв ороод АТМ-с мөнгийг нь аваад өгчихөөрэй, би чиний данс руу шилжүүлчихье, наад залуу чинь Тосонцэнгэл сум орохоос арай наана хүнд мөнгө өгнө гэсэн шүү” гэж хэлсэн ... би Оргил худалдааны төвийн АТМ ганцаараа ороод 475.000 төгрөгийг бэлнээр авч тэр залууд өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх 213/ зэрэг нотлох баримтуудаар,

 

- 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн А.Н-тай 95948305 дугаараас “ ... Прокурор байна, танай хүү Б.Бат-Эрдэнэ нь суллагдах гэж байгаа тул цагны мөнгө шилжүүл ... ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж 486,000 төгрөгийг Э.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5899216261 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан болох нь

 

хохирогч А.Н-гийн “ ... 95948305 дугаарын утаснаас “Прокуророос ярьж байна, Дэнжийн хорих 437 дугаар ангид хоригдож байгаа хүү Б.Б суллагдах гэж байна. Үлдсэн хугацааг цаг зүүж гэрээс гаргахгүй байна” гэж хэлсэн. ХААН банкны 5899216261 дугаарын данс руу 486.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд би мөнгөө хийчихээд буцаад залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Дахиж холбогдож чадаагүй, залгах болгонд холбогдохгүй байсан. 5833216261 дугаарын данс нь Б.Э-ийн гэсэн данс байсан ... ” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 138/,

 

гэрч Б.Б-ийн “ ... ээж Нгийн холбоо  барих утасны дугаарыг өгч байсан удаа байхгүй ... ар гэр лүүгээ эд зүйл захих утсаар ярих үед хоригдлуудын хажууд амаар утасны дугаар хэлэхээр хариуцсан алба хаагч нь цаасан дээр бичиж авдаг байсан болохоор дараагийн хүн харах боломжтой байдаг юм ... гэрлүүгээ эд зүйл захихдаа ярих хүний дугаар бас хэлдэг байсан. Ээж Н 99235494 гэж хэлдэг байсан болохоор бүх хүн сонсдог болохоор мэдэх боломжтой ... ” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 141/,

 

гэрч Э.Б-ийн “ ... Тэр өдөр Х, М хоёртой уулзаад нэг пабад суусан. Тэгээд сууж байхад М утсаар яриад гараад явсан. Тэгээд удаагүй байж байтал орж ирээд гэрээсээ хувцас авах мөнгө авахаар боллоо гээд миний дансыг авч хүн рүү явуулсан. Удаагүй миний дансанд 480 гаран мянган төгрөг орж ирсэн санаж байна. М пабаас гарахдаа миний картыг уншуулж тооцоо хийсэн. Тэгээд мөнгийг нь авч өгчихөөд би ажилтай болоод А, М хоёроос салаад явсан ... “ гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 146/,

 

Хаан банкин дахь Э.Б-ийн эзэмшлийн харилцах дансны хуулга /2 дугаар хх 149/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг нь залилах гэмт хэргийн үндсэн шинж юм.

Шүүгдэгч Б.М нь өөрийгөө ... Шүүхийн ажилтан байна, ... Прокуророос ярьж байна, ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан, дарга байна, ... Хөвсгөл аймагт байна, бид 8-уулаа болчихлоо, ... Баатаржий гэдэг хүн байна, мал зарна ... гэх зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны болон иргэдийн нэрийг барин дээрх иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж, өөрийн болон бусдын харилцах дансанд мөнгө шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Б.М нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “ ... ялын хэмжээг багасгаж дэглэмийг нь хаалттай болгож өгнө үү” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд

анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсоноос гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, Хууль ёсны бөгөөд Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               З.ХОСБАЯР

 

                                         ШҮҮГЧИД                                                С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                          С.УРАНЧИМЭГ