Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 311/ШШ2025/00417

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, .......ц багт оршин суух хаягтай, ...... нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхтөр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1978 оноос 1986 он хүртэл Цагаанчулуут сумын дунд сургууль төгссөн 1986 оноос 1988 он хүртэл Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд мал маллаж байгаад 1988 онд хугацаат цэргийн албанд явж 1990 оны 10 дугаар сарын 11-нд халагдаж үүнээс хойш одоог хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумандаа мал маллаж байна. Иймд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд Соёл бригадад мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.******* нь шүүх хуралдаа ороход хувийн ажил гарсан тул намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг байхгүйгээр хийж өгөхийн хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.*******ы нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд малчнаар,

-1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэл мөн нэгдлийн үйлдвэр бригадад ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь он, сар, өдөр, дугааргүй 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдлийн зөвлөлийн 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай Ажилд томилох тухай тушаал, 1986, 1987, 1988 онуудын Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдлийн 70-р дансны баримтууд, Аймгийн архивын тасгийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/758 тоот лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 10-ныг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн боловч тэрээр дээрх хугацаанд УБХТН-ийн аймгийн зөвлөлийн дэргэдэх автокурст суралцаж байсан болон цэргийн албанд татагдаж байсан байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн хаягийн хуудас №7 баримт, уг баримтын 10-т Завхан аймгийн Цагаанчулуут сумын үйлдвэр бригадад ажилчин, 1987.12.02 гэх хэсэг,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Ж.*******ын өгсөн мэдүүлгийн: ...******* 1986 онд илгээлт аваад тэрнээс хойш дандаа мал малласан. Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд бог голдуу мал маллаж байсан . ...бид хоёр нэг ангид байсан, 8-р ангиа 1986 онд төгсөөд би наашаа аймаг орж ирсэн. ******* мал дээр гарсан. ...тэр үеийн нэгдлийн дарга ******* байсан. ... гэх хэсэг,

гэрч Ц.*******ийн өгсөн мэдүүлгийн: ...******* 1986 онд 8-р анги төгсөөд илгээлтээр Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд мал малласан. Дунд нь 2 жилийн цэрэгт явсан. ...өвөө *******, эмээ ******* нарын хамт багаасаа мал малласан хүн. ... гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Д.*******ы дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ..........1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд малчнаар,

-1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэл мөн нэгдлийн үйлдвэр бригадад ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,

түүний нэхэмжлэлээс 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд малчнаа ажиллаж байснаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ