Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 311/ШШ2025/00418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, ............7 тоотод оршин суух хаягтай, ........нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нарийн бичгийн дарга Н.Энхтөр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.******* нь 1964 онд төрсөн. Би сургуульд огт суугаагүй бөгөөд хөдөө Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад аав ээжийн хамт малладаг байсан бөгөөд 1980 онд 16 насанд хүрч нэгдэлд хүч хөдөлмөрөө зориулсан. 1980 оноос Чигэстэй бригадад мал маллаж байгаад 1981 онд цэргийн албанд татагдаж 2 жилийн цэргийн алба хаагаад цэргээс халагдаж ирсэн цэргээс ирээд Чигэстэй бригаддаа үргэлжлүүлэн малаа маллаж 1992 оны 06 дугаар сарыг дуустал тасралтгүй нэгдлийн мал маллаж байгаад түүнээс хойш хувийн малаа малласан. Энэ хугацаанд манай нэгдэл хувьчлагдаж 1991 онд компани болж би компаний малыг 6 сар орчим малласан. Би нийгмийн даатгалаа 1992-2000 оны хооронд нөхөн тооцуулж авсан. Завхан аймгийн архиваас ажиллаж байсан талаараа тодруулахад ажилд томилсон гарсан тушаал олдохгүй байна гэсэн хариу өгсөн тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн. Иймд намайг 1980 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ний өдрийг дуустал Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан ХХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1980 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл,

-мөн 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад малчнаар,

-1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1981 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, он, сар, өдөр бичигдээгүй 663 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх, Аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/506 тоот лавлагаа, 1983, 1984, 1986, 1987, 1988, 1989 онуудын Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадын 70-р дансны баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т Алдархаан Партизан Чойбалсан нэгдэл Богдын голд, үхэрчин, 1988 он гэх хэсэг, мөн хаягийн хуудас №7 баримт, уг баримтын 10-т Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй бригадад малчин, 1981.04.30 гэх хэсэг,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Ц......ын өгсөн мэдүүлгийн: ...******* сургууль соёлд суугаагүй, Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад аав *******, ээж ******* нарын хамт цэгийн бог мал малладаг байсныг мэднэ. ...манай хөгшин Батмөнх нь 2 жил Чигэстэй бригадын аж ахуй хийж байсан. ...тэгээд ******* 1981 онд цэрэгт явсан боловч өвчний улмаас 2 жил болоод халагдаад ирсэн гэж байсан. Ирээд мөн л нэгдэлдээ мал малласан. ...тасралтгүй мал малласан хүн. ... гэх хэсэг,

гэрч Р........ийн өгсөн мэдүүлгийн: ...******* сургууль соёлд суугаагүй, Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад аав .......нарын хамт байнгын хөдөө мал малладаг, айлын ганц хүү байсан. ... гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч С.*******гийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ..........1980 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл,

-мөн 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад малчнаар,

-1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ