| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0421/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0712 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2025/0712
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Б.Ууганзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х*******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С*******,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т, Х.А*******
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, Б.Б*******, хариуцагч Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, иргэдийн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т "Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана. гэж хуульчилжээ. Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалын 01 Хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 1.3-т Татварын хяналт шалгалт гэдэгт /цаашид “хяналт шалгалт” гэх/ олон улсын гэрээ, татварын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг, татварын албаны баталсан дүрэм, журам, заавар, зөвлөмжийг мөрдлөг болгон “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам”-ын дагуу эрсдэлийн үнэлгээ тооцож хийсэн хяналт шалгалтыг ойлгоно.
Мөн журмын 2.9.1-д “хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг үндэслэн энэ журмын 3.5-д заасан томилолт олгогдсоноор хийнэ”, 3.5-д “Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжийн төлөвлөгөөний мэдээлэлд үндэслэн тухайн албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга олгоно.” гэж тус тус заажээ.
Манай компанийн татварын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, тухай бүр төлж байсан. Гэтэл татварын хяналт улсын байцаагчид татварын алба хүлээн авч баталгаажуулан, тухайн тайлангаар АМНАТ-ыг төлж байсан манай компанийг олон жилийн дараа буруутгаж АМНАТ-өө буруу гаргаж байсан мэтээр биднийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Үнэхээр манай татварын тайланд туссан гэрээний үнийг баримтлахгүй хаана байдаг нь мэдэгдэхгүй, мөн ямар зорилгоор ажиллуулдаг эсэх нь тодорхой бус бирж гэх зүйлийн мэдээ, үнийг баримтлах ёстой гэж үзэж байсан бол манай компанийн тайланг хүлээн авахгүй буцаах эрх боломж нь татварын албанд бүрэн байсан, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх" гэснийхээ эсрэг Монголын татварын алба татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, үйлчилгээг үзүүлж /татварын албаны бүтцэд татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх нэгж байдаг байна./ чадахгүй биднийг ноцтой эрсдэл орууллаа.
Түүнчлэн татварын хяналт шалгалтын улсын байцаагчид аж ахуйн нэгжид ашигтай. Засгийн газрын тогтоол болон Жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй ба харин түүний оронд хүчингүй болсон түүнчлэн үндэслэл болсон хууль Цэц дээр хүчингүй болсон зэрэг олон шалтгаанаар хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг ямар онол, сургаалын дагуу мөрдөх ёстой зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Эрх зүйн онолын суурь зарчим болох "хуулийг буцаан хэрэглэх талаар тухайлан заагаагүй бол тухай хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын акт үйлдэгдэж байх үед хүчингүй байсан Засгийн газрын тогтоолыг ямар хэм хэмжээний актаар амилуулж зөрчил гэж үзсэнийг тааж мэдэхгүй байна. Монгол Улсын Дээд шүүх олон нийтийн эрх зүйн мэдлэг, боловсролд зориулж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эрх зүйн маргааны шийдвэрлэлтийн хураангуйг https://supremecourt.mn/ гэсэн хуудаст байршуулдаг болсон байна. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оруулсан "Татвар нэмэгдүүлэн тооцох журмыг буцааж хэрэглэхгүй" гэсэн мэдээнд "...Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй" байх суурь зарчмыг баримталдаг, энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн төлбөл зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн журам нь гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй. Тодруулбал, 2019 оны 07, 08 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй, дагаж мөрдөгдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар журмыг хэрэглэж, татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцох нь маргааныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцэхгүй, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв..." гэсэн байна.
Татварын алба ямар мэдээллийг ашиглах үүрэгтэй, эрхтэй вэ? гэсэн асуулт гарч ирэх ба Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасны дагуу: Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын 3.3. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлохдоо тухайн татвар төлөгчтэй харилцан хамааралгүй, ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг, харьцуулалт хийх боломжтой татвар төлөгч олон байгаа тохиолдолд хэд хэдэн татвар төлөгчийн этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоотой харьцуулалт хийн татварын ногдлыг тодорхойлж болно. 2.2. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба дараах эх үүсвэрийн мэдээллийг ашиглана: 2.2.6.уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл” гэсэн журмыг баримтална. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно.
Татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын акт" нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд үндэслэл бүхий байх;, Татварын ерөнхий хуулийн тохирсон, шийдвэр нь 5.1.2. тодорхой байх; 5.1.3.шударга байх; зарчмыг зөрчсөн өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3. “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэсний дагуу нөхөн татвар ногдуулах уу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам-ын 2.2.6-д Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл ашиглах уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6-д уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийг ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь шийдвэр нь үндэслэлтэй болж чадсангүй.
3.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах. гэсэн зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3.-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх;” гэсэн зарчимтай харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэж болох ба гагцхүү бидний санхүүгийн тайланг Монголын татварын алба зөв байна хэмээн удаа дараа тайлан хүлээн авч байсан болно.
4.Жоншны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс хэсэгчилсэн, түүвэрчилсэн шалгалт хийх бүрдээ татвар төлөлтийн зөрчил гаргадаггүй манай компанийг байнга тогтмол шалгаж, улмаар үндэслэлгүй нөхөн ногдуулалтын акт тавьсанд гомдолтой байна. Иймд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.С, Н.Х нарын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн № НА-2122******* дугаартай Татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актын төлбөр болох 4,436,734,837.32 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцсан. Нэхэмжлэгч өмнө хэлэлцсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэвээрээ байгаа. Нотлох баримт хэрэг хангалттай ирсэн. Өмнөх ярьсан үндэслэлийг шүүх хуралдааны тэмдэглэл дээр дэлгэрэнгүй тэмдэглэгдсэн байгаа учраас товчхон тайлбарлая. Нэхэмжлэгч хуулийн этгээд ашигт малтмалын бүтээгдэхүүн болох жоншийг экспортолсонтой холбоотойгоор хариуцагчийн зүгээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг маргаан бүхий актын хувь хэмжээгээр олгосон байдаг. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж хэлэлцүүлж байгаа. Нэгдүгээрт: нэхэмжлэгч Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана.” гэж зааснаар татварын хяналт шалгалт хийх ёстой байтал манайх эрсдэлийн ямар нэгэн үнэлгээ хийгээгүй, татварын хяналт шалгалт хийх өндөр эрсдэлтэй гэсэн агуулга байгаагүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын хамтарсан удирдамж баталсан нь АМНАТ-ыг төлөхөд арга зүйн дэмжлэг үзүүлэх гэсэн агуулгатай байсныг мушгисан байдлаар татварын хяналт шалгалт хийсэн гэх агуулга үндэслэлийг нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ гаргадаг. Хоёрдугаарт Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд зааснаар тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн татварын хуулиар зохицуулагдана гэсэн зохицуулалтай байдаг. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль хоёрыг иш татаж хэрэглэх ёстой. Нэхэмжлэгчийн олон улсын бирж болон Монголын Улсын биржийн шүүхээр хэлэлцэгдээд 51 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтыг Монгол Улсын дээд шүүх түдгэлзүүлж, 2025 оны 08 дугаар сард Засгийн газрын тогтоол гарсан. Энэхүү маргааны үйл баримттай холбоотойгоор хэрэглэх эс сурвалж буюу жишиг үнийг хэрэглэх хууль зүйн зохицуулалтын хүрээнд Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарладаг Гуравдугаарт: Засгийн газрын тогтоолоор www.indmin.com сайт нь бирж биш байсныг бирж мэтээр зарлаж явжээ энэ асуудал нэхэмжлэл гаргаж байх үед Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр хянагдаж байсан агуулгаараа нэхэмжлэлдээ дурддаг. Нийтэд нь дүгнэвэл хяналт шалгалт хийх эрх зүйн үндэслэл байгаагүй. Засгийн газрын холбогдох тогтоолуудыг мөрдөж явах цаг хугацаанд эрх олгосон. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ алдаатай ялангуяа Засгийн газрын 294465 гэсэн тогтоолуудыг буруу хэрэглэсэн гэх асуудлыг гаргаж байгаа юм. Нэхэмжлэл гаргасан 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш маргаан бүхий захиргааны актын хамрах хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хамаарч байгаа юм. Энэ хяналт шалгалтын хугацаа дахь хууль хэрэглээний асуудал хариуцагч байгууллага болон хариуцагч нарын нийтлэг асуудал байдаг. Үүнтэй холбоотойгоор хууль хэрэглээний нийтлэг алдаа гаргасан байдаг учраас анхан болон давж заалдах шатны шүүх, улмаар Монгол Улсын дээд шүүх маргаан бүхий захиргааны актыг хууль хэрэглээний болон хэм хэмжээний актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд шүүх хурлыг хүндэтгэн үзэх шалгаатайгаар хойшлуулаад байсан гэхээр өнгөрсөн долоо хоногийн 4 дэх өдөр /байсан байх/ манай нэхэмжлэлийн шаардлагатай адилхан маргааны хяналтын шатны шүүхийн гомдлыг хянан хэлэлцээгүй байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дээд шүүхийн тогтоолоос өөрөөр шийдвэрлэсэн бол гэдэг үндэслэл байдаг учраас бид нар харж эрх зүйн маргаанд жишиг болгож харах байдлаар шүүх хуралдааныг хойшлуулсан гэдгийг нэмж дурдъя. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.”гэв.
6.Хариуцагч Ц.С, Н.Ханхүү нар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манай компани татварын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж татварын алба хүлээн авч баталгаажуулан тухай бүр төлж байсан, гэтэл татварын улсын байцаагчид, татварын алба манай компанийн татварын тайланд туссан гэрээний үнийг баримтлахгүй, хаана байдаг нь мэдэгдэхгүй, ямар зорилгоор ажиллуулдаг нь тодорхой бус бирж гэх зүйлийн үнийг баримтлан дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд татварын албанд тухайн үед тайлан хүлээн авахгүй буцаах эрх байсан ч тайланг хүлээн авсан мөн олон жилийн дараа буруутган ноцтой эрсдэлд орууллаа …” гэх нэхэмжлэлд, "Х******* ХХК нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-гаар 2018 онд 1,215.12 тн, 2019 онд 22,214.59 тн, 2020 онд 18,141.95 тн, 2021 онд 10,580.44 жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж экспортын гэрээний үнээр тооцон нийт 13,350,917,155.01 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс нийт 632,703,956.86 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр, 11,845,985.25 төгрөгийн нэмэлт төлбөр ногдуулсан тайланг ирүүлснийг татварын алба хүлээн авсан байна. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 28 дүгээр зүйлийн 28.1. Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 28.10. Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасны дагуу татварын албанаас баталсан аргачлал, журамд зааснаар татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй байна.
Мөн Татварын ерөнхий хуулийн 41 дугаар зүйлийн 41.1. Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татвар алба хянан шалгана" гэж заасны дагуу татварын алба хяналт шалгалт хийж хуулийг хэрэгжилтийг хангуулдаг. Татвар төлөгч дараах хууль тогтоомжийн заалтуудыг зөрчиж татварын ногдлоо үнэн зөв тодорхойлоогүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон.
Татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 36 дугаар зүйлд заасан жишиг үнийн аргаар тодорхойлох үүрэгтэй байна” гэх нэхэмжлэлд: 2.1.Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ. 36.2.1.татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй, 36.2.2. татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн, 36.2.3. татвар төлөгчийн тайлан, бүртгэл алдагдсан буюу устсан, 36.2.4. татвар төлөгчийн татварын тайлангийн үзүүлэлт нь санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй харьцуулахад татварын ногдол дутуу тодорхойлогдсон нь илт байгаа, 36.2.5. татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй" тохиолдолд татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлддэг. Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.5."албан татвар" гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд "албан татвар"-ыг ногдуулахдаа мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д заасан "жишиг үнийн арга"-ийн аргыг хэрэглэж, татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолдог.
Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.3.Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам-ын 2.2. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба дараах эх үүсвэрийн мэдээллийг ашиглана, 2.2.6.уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл" гэж заалт нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогыг тодорхойлоход тухайн бүтээгдэхүүний нийтэд зарласан үнийн мэдээлтэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээллийг ашигладаг.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8. хууль, ёсны итгэлийг хамгаалах, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 76 дугаар зүйлийн 76.1.3. татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх" гэсэн зарчмууд харилцан хамааралтай салбар эрхзүйд хэрэглэгдэж болох ба манай компанийн тайланг Татварын алба зөв гэж удаа дараа тайлан хүлээн авч байсан гэх нэхэмжлэлийн тухайд: Тус компани 2018 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг 2019 оны 05 сарын 08-ны өдөр ирүүлсэн ба татварын алба тайлангийн хавсралт мэдээ хэсгийг хоосон ирүүлснийг дахин тайлагнуулахаар 2019 оны 06 сарын 25-ны өдөр буцаасан. Улмаар хавсралт мэдээ хэсгийг бөглөн дахин 2019 оны 07 сарын 08-ны өдөр илгээснийг хүлээн авсан байна. Татвар төлөгч 2020 оны ТТ-15 тайланг 2021 оны 01 сарын 20-ны өдөр илгээснийг татварын алба шалгуур үзүүлэлт хангахгүй, тайланг залруулж ирүүлэхээр 2021 оны 03 сарын 03-ны өдөр, 2021 оны 03 сарын 10-ны өдөр тус тус буцаасан боловч тайлангаа засварлахгүй дахин ирүүлснийг 2021 оны 03 сарын 16-ны өдөр "татварын албанаас цахимаар хүргүүлсэн 2 удаагийн шаардлагыг хүлээн аваагүй нь эрсдэл тооцох үндэслэл" болох талаар татварын улсын байцаагч сэтгэгдэл бичиж анхааруулж тайланг хүлээн авсан. Мөн 2021 оны тайланг 2022 оны 01 сарын 25-нд ирүүлснийг татварын улсын байцаагч 2022 оны 03 сарын 03, 2022 оны 03 сарын 25, 2022 оны 09 сарын 29-ний өдөр шалгуур хангаагүй, экспортод гаргасан тоо хэмжээний мэдээлэл зөрүүтэй, экспортын борлуулалт тул олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн үнээр тайлагнах талаар сэтгэгдэл бичиж, тайланг залруулахаар татвар төлөгчид буцаасан боловч засварлахгүйгээр тайланг дахин ирүүлснийг анхааруулж хүлээн авсан нь татварын албаны бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хадгалагдсан байна. Дээрхээс үзэхэд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ийн тайланг засварлаж ирүүлэх, экспортод гаргасан жоншны борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнэд үндэслэн тодорхойлж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах талаар татварын улсын байцаагчаас удаа дараа анхааруулж, сэтгэгдэл бичиж буцааж, татварын албанаас шаардлага тавьсан нь нотлогдож байна.
Иймд татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын хэрэгжилтийг хангуулж өгнө үү.” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тус компанийн нийт 2018-2024 оны татвар ногдуулалт төлөлтийн баримт дээр татварын улсын байцаагч хяналт хийгээд нийтдээ 4,4 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан байдаг. Энэ нь гаалийн мэдүүлэг буюу экспортын мэдээгээр нийтдээ51.5000 тонн хайлуур жоншийг экспортолсон буюу 485 ширхэг гаалийн мэдүүлгээр батлагддаг. Энэ дээр Ашигт малтмал ашигласны татварын ногдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 47дугаар зүйлийн 47.1 болон 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;” гэж заасан байгаа. Тус компани дээр хугацаанд нийтдээ 485 ширхэг гаалийн мэдүүлгээр 51.5000 тонн хайлуур жонш экспортолсон. Ингэж борлуулахдаа нийтдээ 75-92%-ийн агуулгатай жоншийг борлуулсан байдаг. Хоёрдугаар татварын мэдээллийн систем дээр татвар төлөгч тайлан мэдүүлгээ үнэн зөв өгөх үүрэгтэй. 2018 оны тайланг маргаан таслах зөвлөлийн тогтоол дээр дурдсан байдаг. Тус газар АМНАТ-ын тайлангаа үнэн зөвөөр тайлагнах үүрэгтэй хэр нь тайлангаа удаа дараа буцаалгасан тул шалгасан. Үүний дагуу татварын тайлангаа үнэн зөв тайлагнаагүй буруу тайлагнасан байсан гэдэг юм уу маргаан таслах зөвлөлийн тогтоолд дурдсан байдаг. Өмнө нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд хуулийн нэмэлт өөрчлөлт орсон. Гэхдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд АМНАТ-ын татвар төлөх зохицуулалттай байсан. Тус компани нь өөрөө ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд учраас хуулийн өөрчлөлт орсон ч тусгай зөвшөөрөл эзэмшиг этгээд юм. Улсын дээд шүүхийн АМНАТ-ын зохицуулалтай хуулийн хэрхэн зөв хэрэглэх талаар 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130 дугаар тогтоол, мөн яг ижил төстэй шийдвэрлэгдсэн хэрэг маргаан байгаа. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоол, энэ тогтоолуудтай холбогдуулаад тус компанитай яг адилхан кэйс, ижил төстэй хэрэг шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд АМНАТ-ын төлбөр төлөх ёстой гэдэг агуулгаар шийдсэн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд дээр хэлсэн тайлбартаа: “Миний хувьд нэхэмжлэгч талын нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.14-т заасныг тус тус баримтлан “Х*******” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч Ц.С, Н.Х нарт холбогдуулан гаргасан “Улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-2122******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА