Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 311/ШШ2025/00427

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..........р гудамжинд оршин суух хаягтай, С.*******ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхтөр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.******* нь 1962 онд төрсөн, Улаанбаатар хотод оршин суудаг оршин суудаг. Би 1985 оны 01 дүгээх сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

Иймд намайг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие С.******* нь Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд одоогоор Завхан аймгийн Отгон суманд хөдөө айлын мал хариулж байна.

Миний нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр болохоор товлогдсон бөгөөд хөдөөнөөс айлын малыг орхиод Улиастай сум руу очиж оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа учир намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг байхгүйгээр хийж өгөхийн хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 04-нийг хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар,

-1985 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдэлд саальчнаар,

-1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдэлд үхэрчнээр,

-1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 01-н хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдэлд хэвлэл түгээгчээр,

-1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2013 оны 10 дугаар сарын А/4418 тоот лавлагаа, Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох ба чөлөөлөх тухай гэсэн тушаал, мөн даргын 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох ба чөлөөлөх тухай гэсэн тушаал, мөн даргын 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох ба түр чөлөөлөх тухай гэсэн тушаал, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаартай Зарим эхэд нярай хүүхэд асрахад түр чөлөө олгох тухай гэсэн тушаал, мөн нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай гэсэн тушаал, мөн даргын 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дугаартай Ажилд авах тухай гэсэн тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т Отгон сум, Оргил нэгдэлд үхэрчин, 1985 он гэх хэсэг,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч С........өгсөн мэдүүлгийн: ...Завхан аймгийн Отгон сумын Баянбулаг багийн төвд сонин сэтгүүл түгээгч хийдэг байсан. Сонин сэтгүүл түгээгчийн ажил нь байгууллага дотроо захиалсан сэтгүүл ном зэргийг нь хуваарилж тараадаг байсан. Тухайн үед хүмүүс сэтгүүл л захиалдаг байсан. Тэр нь голдуу төрийн албан хаагч нар байдаг байсан. Тэд нарт нэр усаар нь тараадаг байсан. Заримыг нь гэрт нь хүргэж өгч түгээдэг байсан. Оныг нь сайн санахгүй байна. 1984 оноос 1990 он шиг санагдаж байна. Нөхөртэйгээ цуг ажилдаг байсан. Нөхөр энэ багт бас тоо бүртгэгч хийдэг байсан. мөн Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн Оргил нэгдэлд 1-2 жилийн хугацаанд бас үхэр сааж цагаан идээ боловсруулдаг байсан. Бас буянт баг дээр цагаан идээний цех гэж байхад тэрэн дээр бас цагаан идээх хийдэг байсан. Ээзгий ааруул, аарц шахах, цөцгий гаргах зэрэг ажил хийдэг байсан. Манайхан нэг энэ голд нутаглаж цуг өссөн хүмүүс хүүхэд байхаас нь одоог хүртэл мэднэ. ... гэх хэсэг,

гэрч Б........ өгсөн мэдүүлгийн: ....Завхан аймгийн Отгон сумын Баянбулаг бригадад 1980-1990 оны хооронд сонин түгээгч, сүү авдаг байсан. Үнээс саасан хүмүүсийн сүүг хэмжиж литрлэж хүлээн авдаг ажил гэсэн үг. Сонин түгээгчийн ажил гэхээр багийн Туяа сонин гэсэн сонин ирдэг байсан сонин сэтгүүлийг хүмүүст тараадаг байсан. Бүртгэл хөтөлж хүлээн авч хүлээлгэн өгдөг. Голдуу айлуудаар гэрт аваачиж өгөх зэрэг ажил хийдэг байсан. ******* бас цөөн тооны үнээ саадаг байсан. Сонин түгээх ажлынхаа хажуугаа үнээ сааж сааль боловсруулдаг байсан. Би ......эй энэ нэгдэлд цуг ажилдаг байсан. Би болохоор энэ заводын үхэр маллагч ажил хийдэг байсан болохоор ........ талаар сайн мэднэ... гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч С........ дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .........г 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 04-нийг хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар,

-1985 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдэлд саальчнаар,

-1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдэлд үхэрчнээр,

-1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 01-н хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдэлд хэвлэл түгээгчээр,

-1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ