Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 83

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Нацагдорж  даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

           

Улсын яллагч                                                        М.Энхбаатар

Шүүгдэгч Б.Отгонжаргалын  өмгөөлөгч            Д.Эрдэнэ-Оргил  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар эм импортлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Доржхандын Цасанцэцэг, Шаавай овогт Буянжаргалын Отгонжаргал нарт холбогдох 1831000000048 дугаартай хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн. 1977 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эмэгтэй, 41 настай, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4 дүгээр хороо авзагын 10 дугаар байр 27 тоотод тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшуулж байсан, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Доржхандын Цасанцэцэг /РД:МЗ77011907/

2.Монгол Улсын иргэн. 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эмэгтэй, 28 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 8 дугаар хороо 29-3 тоотод тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай Шаавай овогт Буянжаргалын Отгонжаргал/ РД:ОЮ89012301/

 

                                      Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Отгонжаргал, Д.Цасанцэцэг нар бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Де-нол 120 мг 4 хайрцаг, Магне В6 4 хайрцаг, Фезам 400/25 мг 30 хайрцаг, АЦЦ 200 мг 21 хайрцаг, 419 ширхэг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр ОХУ-аас импортлон оруулж ирсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Б.Отгонжаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн .... Фезам” гэх эмийг жоргүй олгодог болохоор хайхрамжгүй хандчихлаа. Энэ эм Улаан-Үүдэд маш хямд байсан болохоор олон хайрцгийг авсан. Учир нь манай өвөө хадам ээж хоёр энэ эмийг хэрэглээд олон жил болж байгаа бөгөөд Монголд энэ эм тасарчихсан байгаа юм. Бид 2-ыг гааль дээр шалгаад ингэж болохгүй гээд цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон гэв.

2.Шүүгдэгч Д.Цасанцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн....Би цагаан сарын баярын зүйлс цуглуулах гээд хойшоо хил гарахдаа Улаан-Үүд явах талаар интернэтэд зар тавихад Б.Отгонжаргал зарын дагуу холбогдож хамт явсан. Пезам гэдэг эм Монгол улсад тасарчихсан байна лээ гээд эмийн сан орж худалдаж авсан. Тэнд тэр эм маш хямд байдаг юм байсан. Эмнүүд хямдхан байсан учир би ч гэсэн “АЦЦ” гэх эм монгол мөнгөөр 128.000 төгрөгөнд багтааж авсан. Тусгай зөвшөөрөл авч эм хилээр нэвтрүүлдэг гэдгийг мэдээгүй байсан учир их хэмжээгээр оруулж ирсэн нь бидний буруу гэв.

3.Хохирогч О.Анхбаярын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...... “...Яллагдагч Д.Цасанцэцэг, Б.Отгонжаргал нарын улсад учруулсан нийт хохирол нь 128.450.85 төгрөг учирсан дээрх хохирлыг нэхэмжилсэн боловч яллагдагч Д.Цасанцэцэг, Б.Отгонжаргал нар нь манай Сүхбаатар сумын төрийн сангийн 100131400952 дугаартай дансанд дээрх мөнгийг шилжүүлсэн байна. ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

4.Гэрч Н.Мартагийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажилладаг. Ажил үүргийн хувиарийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 04-ний өглөөний 08 цагаас оройн 20 цаг хүртэл Алтанбулаг сумын хилийн боомт дээр хяналт шалгалтын байцаагчаар ажилласан...Алтанбулаг боомт дээр үүрэг гүйцэтгэж байхад ОХУ-аас Монгол Улсын хилрүү аялалын зорчигчтэй автобус 17 цагт ирсэн. Ингээд Зорчигчдын ачаа тээшинд үзлэг хийхэд Улаанбаатар хотод оршин суух хаягтай Б.Отгонжаргал гэгч иргэний чемодан болон өөрийнх нь гар цүнхэнд 4 нэр төрлийн эмнүүд байсан. Үүнд 1.АЦЦ 200 мг 419 ширхэг, Де-Нол 120 мг 4 хайрцаг, Магне В6 4 хайрцаг, Фезам 400/25 мг 30 хайрцаг эмнүүд илрүүлсэн юм. Монгол Улсын хилээр иргэн хүн эм, эмийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлж болохгүй. Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж, байгууллага эм, эмийн бүтээгдэхүүнийг оруулж ирж болно. Эм, Эмийн бүтээгдэхүүн нь хязгаарласан бараа бүтээгдэхүүнд хамаардаг. Дээрхи хүмүүсийн эм, эмийн бүтээгдэхүүн нь хязгаарласан бараанд орно. Иргэн Отгонжаргал нь эмийн бүтээгдэхүүнийг өөрийн авч яваа гар тээшинд хийчихсэн, санаатай нуун дарагдуулсан байдалтай рентгин аппаратанд шалгахад илэрсэн.....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25-26 дугаар  хуудас/

4.Гаалийн газрын улсын байцаагч О.Цэцэгмаагийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33, 42 дугаар хуудас/

5.Мэргэжлийн хяналтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Чинчулууны 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан №18-02-014/5, №18-02-014/6 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52, 57 дугаар хуудас/

 

6.Шүүгдэгч Б.Отгонжаргалын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар  өгсөн”... Улаан-Үдэ хотын төвийн хэд хэдэн эмийн сангууд руу ороход Монгол зарагдах үнийн дүнгээс хямдхан эмүүд байсан болохоор нь би өөрийнхөө хэрэгцээндээ “денол-4 хайрцаг, магне в6-4 хайрцаг, фезам-30 хайрцаг тус тус авсан. Харин Цасанцэцэг нь миний эм худалдаж авсан эмийн сангаас АЦЦ 200 мл-419 ширхэгийг задгайгаар нь худалдаж авсан. Гаалийн улсын байцаагч эмнүүдийг хурааж авахаас өмнө Цасанцэцэг өөрийнхөө АЦЦ 200 эмийг надад өгөөд энийг цуг бичүүлчих, хоёулаа хамт торгуулья гэж хэлсэн. Би бодохдоо хоёулаа торгуулж байхаар 1 нь торгуулсан нь дээр байх гэж бодоод Цасанцэцэгийн 419 ширхэг задгай эмийг өөрийнхөө эм гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/

7.Шүүгдэгч Д.Цасанцэцэгийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн”.. Улаан-Үдэ хотод дэлгүүр хэсэж байгаад эмийн санд орж АЦЦ-419 ширхэг эмийг Монгол мөнгөөр 128.000 төгрөгөөр худалдаж авсан. Монголын эмийн санд зарагдах үнийн дүнгээс хямдхан мөн Монголд эмийн санд олдохгүй байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/

8.Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 77-78 дугаар  хуудас/

9.Шүүгдэгч Б.Отгонжаргалын урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/

10.Шүүгдэгч Д.Цасанцэцэгийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /хавтаст хэргийн 100, 102-103 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн Шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Доржхандын Цасанцэцэг, Шаавай овогт Буянжаргалын Отгонжаргал нарыг бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Де-нол 120 мг 4 хайрцаг, Магне В6 4 хайрцаг, Фезам 400/25 мг 30 хайрцаг, АЦЦ 200 мг 21 хайрцаг, 419 ширхэг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр ОХУ-аас импортлон оруулж ирсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

       Учир нь: Шүүгдэгч Д.Цасанцэцэг, Б.Отгонжаргал нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Де-нол 120 мг 4 хайрцаг, Магне В6 4 хайрцаг, Фезам 400/25 мг 30 хайрцаг, АЦЦ 200 мг 21 хайрцаг, 419 ширхэг буюу 128.450 төгрөгийн үнэ бүхий эмийг зохих зөвшөөрөлгүйгээр ОХУ-аас импортлон оруулж ирсэн нь хэрэгт хохирогчоор тогтооогдсон О.Анхбаярын мэдүүлэг,  гэрч Г.Мартын мэдүүлэг, гаалийн улсын байцаагч О.Цэцэгмаагийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт, мэргэжлийн хянаглтын газрын эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Х.Чинчулууны 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр гаргасан 14/5/, 14/6 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гэм буруутай нь тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цасанцэцэгийн өгсөн....Би цагаан сарын баярын зүйлс цуглуулах гээд хойшоо хил гарахдаа Улаан-Үүд явах талаар интернэтэд зар тавихад Б.Отгонжаргал зарын дагуу холбогдож хамт явсан. Пезам гэдэг эм Монгол улсад тасарчихсан байна лээ гээд эмийн сан орж худалдаж авсан. Тэнд тэр эм маш хямд байдаг юм байсан. Эмнүүд хямдхан байсан учир би ч гэсэн “АЦЦ” гэх эм монгол мөнгөөр 128.000 төгрөгөнд багтааж авсан. Тусгай зөвшөөрөл авч эм хилээр нэвтрүүлдэг гэдгийг мэдээгүй байсан учир их хэмжээгээр оруулж ирсэн...гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Отгонжаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн .... Пезам” гэх эмийг жоргүй олгодог болохоор хайхрамжгүй хандчихлаа. Энэ эм Улаан-Үүдэд маш хямд байсан болохоор олон хайрцгийг авсан. Учир нь манай өвөө хадам ээж хоёр энэ эмийг хэрэглээд олон жил болж байгаа бөгөөд Монголд энэ эм тасарчихсан байгаа юм. Бид 2-ыг гааль дээр шалгаад ингэж болохгүй гээд цагдаа дуудсан...гэх мэдүүлэгүүд нь гэм буруугийн талаар маргаангүй байгааг нотолсон байна.

Дээрхи нөхцөл байдлуудад үндэслэн, Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

            Иймээс шүүгдэгч  Д.Цасанцэцэг, Б.Отгонжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар эм импортлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгч Д.Цасанцэцэг, Б.Отгонжаргал нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч гомдол саналгүй байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанар, хир хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн үндсэн зорилгод нийцүүлэн үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүхээс оногдуулсан ялаас чөлөөлөх боломжтой гэж үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль бусаар эм, эмийн түүхий эд био бэлдмэл импортлох” гэмт хэрэгт 2700 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, жёхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас  ялын доод хэмжээ буюу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, уг ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

     Шүүгдэгч Д.Цасанцэцэг, Б.Отгонжаргал нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “денол-4 хайрцаг, магне в6-4 хайрцаг, АЦЦ 200 мл-419 ширхэг буюу задгай эм, фезам-30 хайрцаг эм тус бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  34, 35, 36 дугаар бүлгийн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Доржхандын Цасанцэцэг, Шаавай овогт Буянжаргалын Отгонжаргал нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар эм импортлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  5.3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Доржхандын Цасанцэцэг, Шаавай овогт Буянжаргалын Отгонжаргал нарыг тус тус 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар Б.Отгонжаргал, Д.Цасанцэцэг нарт оногдуулсан 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.   

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АЦЦ 21 хайрцаг, 419 ширхэг, Де-нол 4 хайрцаг, Магне В6 4 хайрцаг, Фезам 30 хайрцаг эмүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

5.Б.Отгонжаргал, Д.Цасанцэцэг нар нь бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас битүүмжилэн ирүүлсэн хөрөнгөгүй, болохыг тус тус  дурьдсугай.

6.Б.Отгонжаргал, Д.Цасанцэцэг нар урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар  зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

                  

 ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                   Б.НАЦАГДОРЖ