| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 159/2025/0084/З |
| Дугаар | 159/ШШ2025/0078 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 159/ШШ2025/0078
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одонтуяа би, “Г” ХХК-ийн гомдолтой, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Бд холбогдох “Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0034890 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай хариу тайлбар, хүсэлтийг хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “....Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б би 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Г” ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан нь хяналт шалгалтын хэмжилт зураглал, сумын газрын даамал, Шаамар сумыг хариуцсан н.Ганцэцэг гэгч хүний мэдээлснээр зөвшөөрөлтэй 2 талбайг нийлүүлсэн газар нь нотлогдож байх тул эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон зөрчил гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “......эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б би Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.5-д Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно гэж заасан байхад шинжээч томилж нөхөн төлбөрийг тооцуулаагүй нь хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүй нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаварыг уншиж ойлгож, танилцаж гарын үсэг зурсан болно..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн тайлбар, хүсэлтийг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
1. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б нь “Г” ХХК-ийг “Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон” гэх зөрчил үйлдсэн үндэслэлээр 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0034890 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5. дахь хэсэгт “Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
2. “Г” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0034890 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд гомдол гаргасныг хүлээн авч, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8. дугаар зүйлийн 6.40. дэх хэсэгт зааснаар зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэсэн.
3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1. дүгээр зүйл. Зөрчил шалгах ажиллагаа 1.-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ., 4.3. дугаар зүйл. Үзлэг хийх 1.-д Эрх бүхий албан тушаалтаэн зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ., 4.8 дугаар зүйл. Мэдүүлэг авах 1.-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил гаргасан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна., 3.-д Холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ.гэж,
4. Мөн хуулийн 4.14 дүгээр зүйлийн Нотлох баримт 1.-д Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ. 2.-д Зөрчлийн нотлох баримт нь гэрч, .., холбогдогчийн мэдүүлэг, .., баримт бичиг,..., мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, зөрчил шалган ажиллагааны ..тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл,..., бусад баримтаар тодорхойлогдоно., 4.15 дугаар зүйл. Зөрчлийг нотлох 1.-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ., 6.6. дугаар зүйл. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх 4.-д Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлана” гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтан болох хяналтын улсын байцаагч нь холбогдогчид шийтгэл оногдуулсан хуудсанд гарын үсгийг зуруулах, тэмдэглэлд тайлбар, мэдүүлгийг авах, танилцуулах зэрэг ажиллагааг хийх үүрэгтэй.
5. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б нь гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа илэрхийлсэн хууль зөрчөөгүй.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:” 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”., 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
7. Иймд “Г” ХХК-ий нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Бд хариуцагдах “Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0034890 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг хэргийн оролцогчид тайлбарласан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8. дугаар зүйлийн 6.40., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсгийг баримтлан “Г” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Бд холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0034890 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА