2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2025/00733

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2025/00733

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт байрлах, ******* /РД:*******/-ыг төлөөлж, *******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, оршин суух, /РД:/-т холбогдох,

 

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 426,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... , Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна гэж заасныг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нөхөн төлөгдсөн байдлыг судалж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.т холбогдох хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэж, 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатайгаар тэнсэж шийдвэрлэсэн. Хохирогч Б. нь 2020 оны 9,10 эрүүл мэндийн даатгалын сангаас 426,644 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан, дээрх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 29/24 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн судалгаагаар тогтоогдож байх тул дээрх зардлын төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэр бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж тодорхойлсон байна.

Иймд Л. гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 426,644 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь дансанд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Л. шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие Л. нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 426,644 төгрөг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж, *******, нь хариуцагч Л.д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 426,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч Л.д 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан байдаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Л. нь нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг.баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж, *******,******* нэхэмжлэлтэй, Л.д холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 426,644 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж, *******, хариуцагч Л.д холбогдуулан гаргасан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 426,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л. нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л. улсын тэмдэгтийн хураамж 6,724.5 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА