| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 159/2025/0078/З |
| Дугаар | 159/ШШ2025/0079 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 159/ШШ2025/0079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2025/0078/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.А
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газар нарын хооронд үүссэн
“Н.Аыг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохгүй байгаа Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хөнгөлөлттэй хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Н.А тус шүүхэд “Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт Улаанбаатар төмөр замын Нефтийн Лаборант Н.Аыг тэтгэвэрт хөнгөлттэй тогтоолгох хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохыг даалгах, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс цалин орлоггүй, тэтгэвэр тогтоогдоогүйгээс үйдэн бүх цалингийн зээл, байрны зээл, банк бус санхүүгийн байгууллага зээл төлөлтүүд хоцорсоноос үүдэн гарсан санхүүгийн алдагдалыг барагдуулуулах, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 70,400 төгрөг, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 70,400 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагаа “Н.Аыг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохгүй байгаа Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хөнгөлөлттэй хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” гэж тодруулсан.
1.3. Шүүх дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Н.А нь Сэлэнгэ аймгийн Ниймгийн даатгалын газар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.2. Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандаж Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Намшир овогтой А нь Улаанбаатар төмөр замын Сүхбаатар депод 2003 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл лаборантаар ажиллаж байсан хугацааг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.19 буюу Нефть боловсруулах үйлдвэр ...... лаборантын заалтын болзлыг хангахгүй байх тул хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцохгүй шийдвэр гарсныг үүгээр мэдэгдсүгэй...” гэсэн хариуг авчээ. (Хавтаст хэргийн 14 дэх тал)
2.3. Улмаар уг 23 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гарган ханджээ.
2.4. Тус зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/63 тоот албан бичгээр: “...Зөвлөлийн гишүүд Таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт үндэслэн хянан хэлэлцээд "Лаборант" ажил мэргэжил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.41. Төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтад заагдаагүй байна. Төмөр замын татах хэсгийн Сүхбаатар депод "Лаборант"-аар ажилласныг 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн ажил, мэргэжилд хамааруулах боломжгүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье.” хариуг хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 15 дахь тал )
2.5. Нэхэмжлэгч Н.А нь дээрх хариуг хүлээн аваад эс зөвшөөрөн тус шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Нийгмийн даатгалын Ерөнхий газар болон Сэлэнгэ аймгийн Ниймгийн даатгалын газарт холбогдуулан “Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 32/63 тоот шийдвэр үндэслэлгүй болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт Улаанбаатар төмөр замын Нефтийн Лаборант Н.Аыг тэтгэвэрт хөнгөлттэй тогтоолгох хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2.6. Шүүхээс дээрх нэхэмжлэлд 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 246 дугаар шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон шийдвэрлэсэн байна.
2.7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт Улаанбаатар төмөр замын Нефтийн Лаборант Н.Аыг тэтгэвэрт хөнгөлттэй тогтоолгох хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохыг даалгах, 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс цалин орлоггүй, тэтгэвэр тогтоогдоогүйгээс үйдэн бүх цалингийн зээл, байрны зээл, банк бус санхүүгийн байгууллага зээл төлөлтүүд хоцорсоноос үүдэн гарсан санхүүгийн алдагдалыг барагдуулуулах, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 70,400 төгрөг, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 70,400 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасаныг тус шүүх 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
2.8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл: “ ... Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод Лаборант нарийн хэмжүүрийн техникч 1 дүгээр зэргээр ажилладаг. Цалин дээр нэмэгдэлээр хортой нөхцөлийн нэмэгдэл сар бүр 74,000 төгрөг авдаг ... Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалаар батлагдсан "Тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилд хамаарах жагсаалт"-ын 2.19-д заасан ажил мэргэжлийн индекс нь 3116-12 "Лаборант, хиймийн боловсруулалтын" гэсэн мэргэжилд нийцэх тул хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэрт хөнгөллтэй тогтоолгохоор уг хөдөлмөрийн нөхцөлд 21 жил 7 сар ажилласан, хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхтэй тул миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү...” гэж маргасан.
2.9. Хариуцагчийн хариу тайлбар: “..Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.41. Төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтанд байхгүй бөгөөд УБТЗ-н татах хэсгийн Сүхбаатар депод "Лаборант"-аар ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцлийн 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн лаборантын ажил мэргэжилд хамааруулах боломжгүй..” гэж тайлбарлаж маргадаг.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Н.А 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие 2003 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод Лаборантаар орсон. 2013 онд ажлын байрны нэршил хэмжигч техникч лаборант гэсэн нэршилтэй болсон. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Лаборант нарийн хэмжүүрийн техникч 1 дүгээр зэрэг гэж ажлын байраа өөрчилсөн.
Өөрийн хүсэлтээр 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарах өргөдлөө өгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалаар батлагдсан "Тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилд хамаарах жагсаалт"-ын 2.19-д заасан ажил мэргэжлийн индекс нь 3116-12 "Лаборант, хиймийн боловсруулалтын" гэсэн мэргэжилд нийцэх тул хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэрт хөнгөллтэй тогтоолгохоор уг хөдөлмөрийн нөхцөлд 21 жил 7 сар ажилласан тул Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын газар 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хандсан.
Нийгмийн даатгалын байцаагч Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд та өргөдөл гаргаж өгөх шаардлагатай гэсний дагуу 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өргөдлөө гаргаж, хариуг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд өргөдөл гаргасан. Тус өргөдлийн хариуг Нийгмийн даатгалын ерөнхий газар Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 32/63 тоот хариуг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан.
Энэхүү шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Миний бие 2003 оноос хойш Сүхбаатар депод 1000 м3-ын резервуар сав 3 ширхэг, 400м3 резервуар сав 1 ширхэгь 25 м3 11 ширхэг нефть бүтээгдэхүүний хадгалах саван дах түлш болон тос тосолгооны материалын лабораторын хувийн жин, температур, кинематик зууралдлага, ноцох температур, дөл өгөх задгай тигельд температур тодорхойлох, дисперлэгдэх чадвар тодорхойлох, механик хольц тодорхойлох, царцах температур тодорхойлох, хүчиллэг болон шүлтлэг чанар тодорхойлох, зэс хавтгайн туршилт зэрэг лаборторын нарийн шинжилгээг хийдэг. Мөн илчит тэрэгний түлш, тос тосолгооны материал, хөргөлтийн шингэний усны химийн нэгдлийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж 12-13 метр өндөртэй нефть хадгалах савнаас дээж авч тогтмол өдөр бүр шинжилгээ хийх ажлыг хийж гүйцэтгэсээр ирсэн.
Хийгддэг шинжилгээний ууршилтаас хамаарч эрүүл мэндийн хувьд аюул эрсдэл бүхий хортой нөхцөлд ажиллаж, эрүүл мэндийн хувьд ч доройтож үргэлжлүүлэн ажиллахад хүнд болсон тул, Монгол Улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд заасны дагуу тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан юм.
Гэтэл "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалаар батлагдсан "Тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилд хамаарах жагсаалт"-ын 2.41-д заасан Төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтад заагдаагүй байна. Төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод Лаборантаар ажилласныг 2.19 Нефть боловсруулах үйлдвэрийн ажил мэргэжилд хамааруулах боломжгүй байна." гэсэн хариуг ирүүлсэн.
Би өөрийн хөдөлмөрийн нөхцлийн тодорхойлолтоо гаргуулан, ажлын байран дах технологит ажилбарууд нь хортой нөхцөлд хамаарах баримтуудыг хүргүүлсэн. Төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод Лаборантаар ажилласныг 2.19 Нефть боловсруулах үйлдвэрийн ажил мэргэжилд хамааруулах боломжгүй байна." гэсэн шийдвэр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг 2.7-д журмын хэрэглэх "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжилд заасан ажил, мэргэжлээр ажиллаж, шимтгэл төлсөн даатгуулагч аль салбар, үйлдвэрлэл, байгууллагад хамаарахаас үл хамааран хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байвал зохих нөхцөл болзлыг хангасан бол тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно." гэсэнтэй нийцэхгүй болсон. Мөн би хууль тогтоомжид заасны дагуу хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхтэй тул миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсье.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгч Н.А 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 2003 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар Төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод лаборантаар орсон. Ажлын байрны нэршил 2013 онд хэмжигч техникч лаборант гэсэн нэршилтэй болсон. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр лаборант нарийн хэмжүүрийн техникч 1 дүгээр зэрэг гэж ажлын байраа өөрчилсөн. Мөн цалин дээр нэмэгдэлээр хортой нөхцөлийн нэмэгдэл сар бүр 74,000 төгрөг авч ирсэн.
Өөрийн хүсэлтээр 2025 оны 7 дугаа сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарах өргөдлөө өгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот тушаалаар батлагдсан “Тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилд хамаарах жагсаалт”-ын 2.19-д заасан ажил мэргэжлийн индекс нь 3116-12 "Лаборант, хиймийн боловсруулалтын" гэсэн мэргэжилд нийцэх тул хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэрт хөнгөлөлттэй тогтоолгохоор уг хөдөлмөрийн нөхцөлд 21 жил 7 сар ажилласан тул Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын газарт 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хандсан.
Нийгмийн даатгалын байцаагч маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд та өргөдөл гаргаж өгөх шаардлагатай гэсний дагуу өргөдлөө 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гаргаж, хариуг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд өргөдөл гаргасан. Тус өргөдлийн хариу буюу Нийгмийн даатгалын ерөнхий газар Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 32/63 тоот хариуг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан. Энэхүү шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх Маргаан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Миний бие 2003 оноос хойш Сүхбаатар депод 1000м3-ын резервуар сав 3 ширхэг, 400м3 резервуар сав 1 ширхэг, 25 м3 11 ширхэг, нефть бүтээгдэхүүний хадгалах саван дахь түлш болон тос тосолгооны материалын лабораторын хувийн жин, температур, кинематик зууралдлага, ноцох температур, дөл өгөх задгай тигельд температур тодорхойлох, дисперлэгдэх чадвар тодорхойлох, механик хольц тодорхойлох, царцах температур тодорхойлох, хүчиллэг болон шүлтлэг чанар тодорхойлох, зэс хавтгайн туршилт зэрэг лаборторын нарийн шинжилгээг хийдэг. Мөн илчит тэрэгний түлш, тос тосолгооны материал, хөргөлтийн шингэний усны химийн нэгдлийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж, 12-13м өндөртэй нефть хадгалах савнаас дээж авч тогтмол өдөр бүр шинжилгээ хийх ажлыг хийж гүйцэтгэсээр ирсэн.
Хийгддэг шинжилгээний ууршилтаас хамаарч эрүүл мэндийн хувьд аюул эрсдэл бүхий хортой нөхцөлд ажиллаж, эрүүл мэндийн хувьд доройтож үргэлжлүүлэн ажиллахад хүнд болсон тул, Монгол Улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд заасны дагуу тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан юм.
Гэтэл “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот тушаалаар батлагдсан “Тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилд хамаарах жагсаалт"-ын 2,41-д заасан Төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтад заагдаагүй байна. Төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод Лаборантаар ажилласныг 2.19 “Нефть боловсруулах үйлдвэрийн ажил мэргэжилд хамааруулах боломжгүй байна." гэсэн хариуг ирүүлсэн.
Би өөрийн хөдөлмөрийн нөхцалийн тодорхойлолтоо гаргуулан, ажлын байран дах технологит ажилбарууд нь хортой нөхцөлд хамаарах баримтуудыг хүргүүлсэн. Төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод Лаборантаар ажилласныг “2.19 Нефть боловсруулах үйлдвэрийн ажил мэргэжилд хамааруулах боломжгүй байна." гэсэн шийдвэр нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журмын” 2.7-д "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжилд заасан ажил, мэргэжлээр ажиллаж, шимтгэл төлсөн даатгуулагч аль салбар, үйлдвэрлэл, байгууллагад хамаарахаас үл хамааран хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байвал зохих нөхцөл болзлыг хангасан бол тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно." гэсэнтэй нийцэхгүй болсон.
Мөн би хууль тогтоомжид заасны дагуу хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхтэй тул миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсье.” гэжээ.
3.3. Нэхэмжлэгч нь Н.А 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, тодруулах тухай нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Н.А миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэг болох “2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс цалин орлоггүй, тэтгэвэр тогтоогдоогүйгээс үйдэн бүх цалингийн зээл, байрны зээл, банк бус санхүүгийн байгууллага зээл төлөлтүүд хоцорсоноос үүдэн гарсан санхүүгийн алдагдалыг барагдуулуулах” тухай шаардлага, 3 дахь хэсэг болох “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 70,400 төгрөг, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 70,400 төгрөг гаргуулах” тухай шаардлагуудаас татгалзаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсанаас үүсэх үр дагаврыг ойлгосон болно.
Иймд нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд: Н.А намайг тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохгүй байгаа Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Н.А намайг тэтгэврийн хөнгөлөлттэ хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү” гэжээ.
3.4. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байсан 3 шаардлагын хоёроос нь татгалзаж байна. 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс цалин орлогогүй, тэтгэвэр тогтоогдоогүйгээс үйдэн бүх цалингийн зээл, байрны зээл банк бус санхүүгийн алдагдлыг барагдуулуулах, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 70,400 төгрөг гаргуулах гэсэн шаардлагаас татгалзаж байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас тодруулсан нь хөдөлмөрийн хортой нөхцлөөр тогтоож өгнө үү гэсэн байгаа.” гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Намшир овогтой Аын нэхэмжлэлтэй танилцлаа.
Тэрээр 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд гаргасан өргөдөлдөө Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депогийн лобарантаар 2003-2025 онд тасралтгүй ажилласан хугацаагаа хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцуулан тэтгэвэр тогтоож өгнө үү гэж хандсан.
Энэ хүсэлт нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.41. Төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтанд заагаагдаагүй бөгөөд УБТЗ-н татах хэсгийн Сүхбаатар депод "Лаборант"-аар ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцлийн 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн лаборантын ажил мэргэжилд хамааруулах боломжгүй гэсэн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 тоот тогтоолыг Н.Ад хүлээлгэн өгсөн. Мөн салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл төв зөвлөлд хандах эрхтэйг мэдэгдэж, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оын 07 дугаар сарын 28-ны өдрийн 32/63, тоот тогтоолоор Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээснийг мэдэгдсэн.
Тэрээр нэхэмжлэлдээ Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журмын 2.7-д "Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилд заасан ажил, мэргэжлээр ажиллаж шимтгэл төлсөн даатгуулагч аль салбар, үйлдвэрлэл, байгууллагад хамаарахаас үл хамааран хөдөлмөрийн хүнд нехцелд ажилласан байвал зохих нөхцөл болзлыг хангасан бол тэтгэврийг хөнгөлттэй нөхцөлөөр тогтооно" гэсэнтэй нийцэхгүй болсон гэж дурьджээ.
Дээрх журмын 2.7 дах заалт нь зөвхөн хөдөлмөрийн хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоох нөхцөл, болзол хангасан тохиолдолд аль салбар, үйлдвэрлэл, байгууллагад ажиллаж байгаагаас үл хамаарч хөдөлмөрийн хүнд нөхцлөөр ажилласнаар тооцож тэтгэвэр тогтооно гэсэн тул Н.Аын хөдөлмөрийн хортой нөхцлөөр тэтгэвэр тогтоох хүсэлтэй зөрчилдөж байна гэж үзэж байна.
Мөн Тэрээр 1976 онд төрсөн, одоо 49 настай Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.5 заалт буюу ...нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн Даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэж заасан заалтын болзол хангах насанд хүрээгүй байгаа нь дээрх журмын 2.7 дахь заалтанд хамаарахгүй болохыг гэрчилсэн болно.Иймээс Н.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Намшир овогтой А ажилласан хугацаагаа хөдөлмөрийн хөнгөлттэй, хортой нөхцөлд тооцуулан тэтгэвэр хүсэлт нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.41. Төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтанд байхгүй бөгөөд УБТЗ-н татах хэсгийн Сүхбаатар депод "Лаборант"-аар ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцлийн 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн лаборантын ажил мэргэжилд хамааруулах боломжгүй гэсэн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 тоот тогтоол мөн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оын 07 дугаар сарын 28-ны өдрийн 32/63 тоот тогтоолд тус тус тусгагдсан.
Мөн Тэрээр 1976 онд төрсөн, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний байдлаар 49 настай буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.5 заалт ....нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэж заасан заалтын болзол хангах насанд хүрээгүй байгаа нь хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах эрх үүсээгүй болно. Иймээс Н.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.7. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар Н.Аыг хортой нөхцлөөр тогтоох зүйл, заалт байхгүй. Хүнд нөхцлөөр тогтоох гэхэд бас Н.Аын нас хүрэхгүй байгаа юм. Тийм учраас хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох боломжгүй гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Н.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. Н.Аын шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандаж урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул хэрэг хянан шихйдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг хэлэлцэв.
Хоёр. Уг хэргийн маргааны үйл баримтын талаар:
2.1. Нэхэмжлэгч Н.Аыг Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/789 дугаар тушаалаар “...Сүхбаатар депогийн лаборант нарийн хэмжүүрийн техникч Намширын А нь өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс цуцалж...” ажлаас нь чөлөөлжээ. (Хавтаст хэргийн 7 дахь тал )
2.2. Улмаар Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандаж Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Намшир овогтой А нь Улаанбаатар төмөр замын Сүхбаатар депод 2003 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл лаборантаар ажиллаж байсан хугацааг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.19 буюу Нефть боловсруулах үйлдвэр......лаборантын заалтын болзлыг хангахгүй байх тул хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцохгүй шийдвэр гарсныг үүгээр мэдэгдсүгэй...” гэх хариуг хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 14 дэх тал)
2.3. Дээрх хариуг хүлээн аваад нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гарган хандсан ба тус зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 32/63 тоот албан бичгээр “...Зөвлөлийн гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт үндэслэн хянан хэлэлцээд "Лаборант" ажил мэргэжил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.41. Төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтад заагдаагүй байна. Төмөр замын татах хэсгийн Сүхбаатар депод "Лаборант"-аар ажилласныг 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн ажил, мэргэжилд хамааруулах боломжгүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье.” гэх хариуг хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 15 дахь тал)
2.4. Нэхэмжлэгч нь дээрх хариуг хүлээн аваад эс зөвшөөрөн тус шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган хандсан.
Гурав. Хууль хууль зүйн үндэслэлийн талаар:
3.1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.Аын нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Учир нь:
3.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 5/ “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” хэмээн иргэний эрх, эрх чөлөөний баталгааг тунхагласан.
3.3. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд даатгуулах, даатгуулагчийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын байгууллагын эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулахад оршино.”, 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.10.-д “нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг;”, 4.1.13.-д “тэтгэвэр” гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;” 4.1.14.-д “тэтгэвэр авагч” гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр тогтоолгон авч байгаа хүнийг;” 5.1.-д “Нийгмийн даатгал дараах зарчмыг баримтална:” 5 дугаар зүйлийн 5.1.3.-д “нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх” гэж,
3.4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 1.1. “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.4.-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй”, 5.3.-д “Газрын доор, хөдөлмөрийн хортой, ... нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж тус тус зааснаар иргэн нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, улмаар шимтгэл төлснөөр ажилласан жил, тэтгэврийн даатгалын эрх нээгдэх, эрх зүйн орчныг бий болгоход хуульчилжээ.
3.5. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” 53 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого /2015-2030/”-ын 1.1.-д “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэйгээр зайлшгүй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхаа үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэхэд оршино.”, 2.1.-д “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална: 2.1.2.-д “иргэн бүр хөдөлмөрийн чадвартай үедээ тэтгэврийн даатгалд хамрагдаж, өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй байх;” 3.4.-д “Тэтгэврийн нас, тэтгэвэр тогтоох хөнгөлөлттэй нөхцөлийн тухайд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:”, 3.4.3.-д “хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл /газрын доор болон хортой, халуун/-д ажиллагчдын хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгосон тэтгэврийн зардлыг тэтгэврийн ердийн нас хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас хариуцах;”, 3.4.4.-д “хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврийн ердийн наснаас өмнө тэтгэвэр тогтоох нас, ажилласан жилийн шалгуур болзлыг шинэчилж, хуулиар зохицуулах.” гэж тус тус зааснаар төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогот хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байсан иргэн хөдөлмөрийн чадвартай үедээ тэтгэврийн даатгалд хамрагдаж, өндөр насны тэтгэвэр авах эрхийг хэрэгжүүлэхээр тусгасан.
3.6. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журмын 1.1.-д “Энэхүү журмаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох .. хөдөлмөрийн хортой, .. нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэхтэй холбоотой харилцааг зохицуулна.”, 1.2.-д “Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаал, хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ, түүнтэй адилтгах бусад гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, мэргэжил нь даатгуулагчийг .. хөдөлмөрийн хортой, .. нөхцөлд ажилласныг нотлох үндсэн баримт болно.” 2.6.-д “Жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан даатгуулагчийн урьд ажиллаж байсан ажил, мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар баталж мөрдөж байсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд хамаарагдаж, зохих болзол хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно.” гэж журамласан байна.
3.7. Өөрөөр хэлбэл, 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл 1. -т “....., техникч, ... ”, 14.-т “... лаборант ...” гэж заажээ.
3.8. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд иргэн Н.А нь хортой нөхцөл болох лаборант, нарийн хэмжүүрийн техникчээр ажиллаж байсан хуульд заасан болзолд нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн байх шаардлагуудыг хангасан байна.
3.9. Энэ нь Улаанбаатар Төмөр замын Дархан татах хэсгийн дарга Б.Бат-Эрдэнээс ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 74/1146 дугаартай албан бичигт: “ Намширын А нь Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын харьяа Дархан татах хэсэгт 2003 оны 05 дугаар сарын 23-наас 2004 оны 09 дүгээр сарын 14-нийг хүртэл лаборант, 2005 оны 06 дугаар сарын 13-наас 2005 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл лаборант, 20069 оны 01 дүгээр сарын 20-ноос 2006 оны 03 дугаар сарын 03-ныг хүртэл резинчин, 2008 оны 11 дүгээр сарын 12-ноос 2013 оны 02 дугаар сарын 15-ныг хүртэл лаборант, 2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 2025 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл лаборант-нарийн хэмжүүрийн техникчээр 08 жил 08 сар хортой нөхцөлд, 2006 оны 03 дугаар сарын 03-наас 2006 оны 12 дугаар сарын 20-ныг хүртэл тос ялгагч, 2013 оны 02 дугаар сарын 12-ноос 2023 оны 01 дүгээр сарын 02-ныг хүртэл нарийн хэмжүүрийн техникчээр нийт 10 жил 09 сар хүнд нөхцөлд ажилласан нь үнэн. Иймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/221 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын лаборант (4.29-ын 3116-11), резинчин (2.2-ын 841-12), тос ялагч (4.3), нарийн хэмжүүрийн техникч (4.3-ын 3115-41) тус тус хамаарч байгаа тул тэтгэвэр тогтоож өгнө үү.” гэжээ. (Хавтаст хэргийн 76, 112 дахь тал)
3.10. Түүнчлэн Улаанбаатар Төмөр замын Дархан татах хэсгийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлын байрны нөхцөлийн тодорхойлолт гаргах тухай” 74/742 дүгээр албан бичигт “.. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр УБТЗ ХНН-ийн даргын баталсан “Орон тоо, албан тушаал, үндсэн цалингийн жагсаалт”-ыг үндэслэн Дархан татах хэсгийн даргын баталсан “Албан тушаалын нэр өөрчлөх тухай” тушаалаар “Нарийн хэмжүүрийн техникч I зэрэг-лаборант гэсэн нэршлийг “Лаборант-нарийн хэмжүүрийн техникч I зэрэг болгож өөрчилсөн болно.” гэж, Ажлын байрны тодорхойлолтонд “..3. Ажлын байрны нэр: Лаборант-нарийн хэмжүүрийн техникч II зэрэг, 5. Ажлын байр /албан тушаал/-ын зэрэглэл: Инженер техникийн ажилтан...”, “...В.Тавигдах шаардлага: “..Мэргэжил: Чухал шаардлага.. Зүтгүүрийн аж ахуйн техникч, инженер, нефть бүтээгдэхүүний инженер, техникч, металлургын инженер .. гэж, мөн уг хавтаст хэрэгт Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар Татах хэсгийн даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, техникч лаборантаар ажиллаж байсан бөгөөд Орон тоо, албан тушаал, үндсэн цалингийн хавсгаалтын Дархан татах хэсгийн 2-р хавсралтын 199-т ҮАМАТ-ын код 3115-41, ..., албан тушаалын нэр Лаборант-нарийн хэмжүүрийн техникч II.., гэж, цалингийн картын 48-д Хортой нөхцөлийн нэмэгдэлийг нэхэмжлэгч Н.А авдаг болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тодорхойлолт, цалингийн хүснэгт, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 8-11, 76-107, 115-116 дахь тал)
3.11. Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбараас зэргээс үзэхэд нэхэмжлэгч Н.А нь 2003 оноос хойш одоог хүртэл Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын харьяа Дархан татах хэсэгт лаборант-нарийн хэмжүүрийн техникчээр ажиллаж байгаа болох нь нотлогдож байна.
3.12. Иймд нэхэмжлэгч Н.А нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1., Нийгмийн даатгалын сангаас тэтгэврийн тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.1.4.-д тус тус зааснаар нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан, өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэр авах эрхтэй гэж шүүх дүгнэв.
3.13. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. “Даатгуулагч тэтгэвэр тогтоолгох шаардлагатай баримт бичиг, өргөдлийг доор дурдсан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана:”, 22.1.1. “өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаанд;” 22.2. “Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагч, эсхүл даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэвэр тогтоох асуудлыг түүний тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж,
3.14. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны 450 дугаар тогтоолоор баталсан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ын 2.2.-д “Даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход доор дурдсан баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ: 2.2.1.ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэр;” 2.2.2.-д “1995 оноос өмнө ажилласан хугацааг нотлох хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, ажилласан хугацааг сэргээн тогтоосон тухай шүүхийн шийдвэр;” 2.2.3.-д цэргийн батлах, эсхүл тусгай архивын лавлагаа;” 2.2.4.-д “тэтгэвэр тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын лавлагаа (1995 оноос өмнөх хугацааны);” 2.2.5.-д “итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, итгэмжлэл;” 2.2.6.-д “ургийн овог, овог нэр, регистр, ажил олгогчийн нэр, өмчийн хэлбэр өөрчилсөн лавлагаа.,” 5.1.-д “Нийгмийн даатгалын байгууллага энэ журамд заасны дагуу даатгуулагчийн бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаанд тэтгэвэр тогтоож, мөн хуулийн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу олгоно.” гэж тус тус хуульчилж, журамласан дээр дурдсан өндөр насны тэтгэврийг хуулийн хугацаанд хөнгөн шуурхай тогтооход оршино.
3.15. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт зааснаар “Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь ..., аймаг, .. нийгмийн даатгалын газар, .., нийгмийн даатгалын байцаагч, ажилтнаас бүрдэнэ.” 34.2. дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, ажил олгогч, даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэх, үйл ажиллагаа нь ил тод байх зарчим баримтална.” гэж зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газар үйл ажиллагааны зарчимаа хэрэгжүүлээгүй, уг хэрэг маргааны хувьд нэхэмжлэгч Н.Аын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн байна.
3.16. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх үүрэгтэй; 14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,...эрхтэй.; Арван есдүгээр зүйлийн 1. “Төрөөс хүний эрх, .. хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” 3. “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ.. бусад хүний эрх, эрх чөлөөгөө хохироож.. болохгүй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, хүн эрх зөрчигдсөн тохиолдолд сэргээх нь төрийн байгууллагуудын хариуцлага мөн тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
3.17. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэжээ.
3.18. Гэтэл хариуцагч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газар нь иргэн Н.Аын лаборант-нарийн хэмжүүрийн техникчээр ажиллаж байсан эсэх үйл баримттай маргаж өндөр насны тэтгэврийг хортой нөхцөлөөр тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй нь хууль бус болох тогтоогдож байна.
3.19. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 23 дугаар тогтоолоор татгалзаж шийдвэрлэсэн тогтоол нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.
3.20. Монгол Улсын Үндсэн хууль, түүнийг даган гарсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон холбогдох журмын дагуу иргэн өндөр наслах, эд мөнгөний тусламж авах буюу өндөр насны тэтгэвэр авах эрхтэй.
3.21. Шүүхээс Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт хийсэн баримт бичгийн үзлэгээр тус газар нь Н.Аын тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдлийг хүлээн авсан огноо, холбогдох мэдээллийг ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй болох нь тогтоогдсон.
3.22. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Аын өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл материалыг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газар хүлээн авсан нь хариуцагчийн хариу тайлбарт “...Тэрээр 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд ... хандсан ...” гэж дурдсанаар тогтоогдож байх тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хүлээн авсан өдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг нөхөн олгох нь зүйтэй гэж шүүх үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээ. (Хавтаст хэргийн 47 дахь тал)
3.23. Нэхэмжлэгч Н.А нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, тодруулахдаа: “.. Нийслэлийн Захиргааны шүүхэд гаргасан 70400 төгрөг гаргуулах .. татгалзаж ..” гэжээ. (Хавтаст хэргийн 122 дахь тал)
3.24. Энэ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2025 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 5487 дугаартай шүүгчийн захирамжийн Тогтоох хэсгийн 2.-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай..” гэсэн байх тул нэхэмжлэгч Н.А нь уг улсын тэмдэгтийн хураамжаа буцаан авах эрх нь нээлттэй. (Хавтаст хэргийн 22 дахь тал)
3.25. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хэсэгт “.. 2 дахь хэсэг болох: 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс цалин орлоггүй, тэтгэвэр тогтоогдоогүйгээс үйдэн бүх цалингийн зээл, байрны зээл, банк бус санхүүгийн байгууллага зээл төлөлтүүд хоцорсоноос үүдэн гарсан санхүүгийн алдагдалыг барагдуулуулах тухай шаардлагуудаас татгалзаж байна.” гэжээ.
3.26. Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй.
3.27. Иймд мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хэргийг хэлэлцэхийн өмнө нэхэмжлэгч бичгээр нэхэмжлэлээс хэсэгчлэн татгалзсан тул 66 дугаар зүйлийн 66.1.дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах эрхтэй тул уг татгалзсан хэсгийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3.28. Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 66 дугаар зүйлийн 66.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2., 106.3. дугаар зүйлийн 106.3.4., 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Аын нэхэмжлэлийн зарим хэсэг болох 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс цалин орлоггүй, тэтгэвэр тогтоогдоогүйгээс үйдэн бүх цалингийн зээл, байрны зээл, банк бус санхүүгийн байгууллага зээл төлөлтүүд хоцорсоноос үүдэн гарсан санхүүгийн алдагдалыг барагдуулуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 5.1.4., 10 дугаар зүйлийн 10.1. дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн Н.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн тодруулсан шаардлага болох Н.Аын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохгүй байгаа Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг хөнгөлөлттэй хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА