| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2332000000155 |
| Дугаар | 2024/ДШМ/28 |
| Огноо | 2024-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2024/ДШМ/28
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Д.Шинэбал /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч Н.Баатардорж /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор -т холбогдох эрүүгийн ******* дугаартай, *********** индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт , Монгол Улсын иргэн, ********* оны ****** дүгээр сарын *******-ны өдөр Ховд аймгийн ****** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, Какак, дээд боловсролтой, Хүний их эмч мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ********* дүүргийн **** дүгээр хороо **** хороолол ***** байрны ******** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:*************/
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг “” гэх газар, төв засмал зам дээр 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 30 минутын орчимд “*******” ******* улсын дугаартай, “Тоуоtа Рrius-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.5а зэрэг заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******ыг дайрч, түүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохирол 13,724,000 төгрөгийг гаргуулж, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн *************** сумын *************** дүгээр баг ***************** оршин суух, /**************, Утас:******/ ******* овогт *******ын *******ад олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 13,724,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын дотор төлж барагдуулах үүргийг шүүгдэгч *******д хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, ажил сургуулиа өөрчлөх зэрэг зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №******* дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгаж,
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдан, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.
Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг шүүх хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг талууд гаргах эрхтэй байдаг бөгөөд энэ эрхийг эдлэх бололцоог анхан шатны шүүх олгоогүй.
Учир нь: Шүүх хэргийг прокуророос 2023 оны 12 дугаар сарын 18-нд хүлээн аваад 11 хоногийн дараа 2024 оны 12 дугаар сарын 29-нд шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан ба энэ хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч надтай холбогдохгүй байхаар нь 2023 оны 12 дүгээ сарын 31-нд шүүгчийн туслахтай ярихад гэм буруугийн шүүх хуралдааны тов зарлагдсан гэж хэлсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтэй эсэхийг надаас яагаад лавлаагүй юм бэ гэхэд прокурор энэ хэрэгт хохирол төлбөр барагдсан байгаа, хохирогчийн зүгээс ямар нэгэн хүсэлт байхгүй гэсэн учир танд мэдэгдээгүй гэж шүүгчийн туслах Мэндбаяр надад хэлсэн. Энэ нь прокуророос албан бусаар өгсөн мэдээлэлд үндэслэж миний болон миний үйлчлүүлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж ойлгогдохоор байна. Энэ бол процессийн ноцтой зөрчилд тооцогдоно.
Хоёр. Урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргах эрхээ хууль бусаар алдсанаас болж хэрэгт ач холбогдолтой дараах зүйлийг тодруулж чадахгүйд хүрсэн. Гэрч “Хэсэг явж байтал замын голд байрлуулсан бетон хашлагны хажуугаар гарах гэтэл.., ...нөхөр сандраад тоормос гишгэж зам чөлөөлөөд зогссон, ...миний бодлоор 70 гаруй км цагийн хурдтай явж байсан байх” гэж мөрдөн байцаалтын үед мэдүүлсэн. Энэ мэдүүлэг шинжээчийн 001/69 дүгнэлтээр давхар нотлогдоогүй. Тодруулбал: Хэрвээ тоормос гишгэсэн юм бол тоормосны мөр гарсан байх учиртай байхад шинжээчийн дүгнэлтээр тоормосны мөр байгаагүй, 70 км/ц хурдтай явсан бол яагаад 82.3 метр явсны дараа зогсов, амь хохирогчийн хувцаснаас яагаад олон тооны чирэгдэхэд үүсдэг урагдалт, сэтрэлт, ханзралт, дугуйны хээний ул мөр үүссэн байв гэдэг асуултуудад шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд хариулт авах ёстой байсан. Хамгийн сонирхолтой нь “хашлаганы хажуугаар гарах гэтэл” гэдэг энэ өгүүлбэрийг задлан шинжлэвэл үйл явдал одоо цагт үргэлжилж байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл: Серикгүлийн мэдүүлгээр амь хохирогч бетонон хашлагны хажуугаар зам гарч явсан болох нь нотлогдож байхад хашлаг давж гарсан гэж дүгнэсэн атлаа Серикгүлийн мэдүүлгийг үгүйсгэсэн тайлбар хийгээгүй, талийгаач бетонон хашлагны хажууд мөргөгдөөд машины аль нэг хэсэгт чирэгдэж бетонон хашлагны дунд очсон байх магадлалтайг 80 гаран метр явахдаа огт тоормослоогүй талаар шинжээч дүгнэлтэнд дурьдсаар байхад үүнийг анхаараагүй прокурор, болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар саналд хөтлөгдөж хэргийг шийдвэрлэсэн.
Тодруулбал: Өөртөө ашигтай байдлаар худал мэдүүлэг өгөх ч боломжтой шүүгдэгчийн мэдүүлгийг хууль сануулж мэдүүлэг авсан гэрч, шинжээчдийн мэдүүлгээс илүү үнэлж дүгнэлт хийсэн явдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн.
Гурав. Ял хариуцлагын талаар улсын яллагч эхний саналаа хэлэхдээ төрийн нэрийн өмнөөс улсын яллагчийн байр сууринаас яллаж оролцохоо умартан шүүгдэгч Хыг ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн урдуур орж шууд шүүхэд гаргасан. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж шүүх эрх мэдлийг булаасан зүйл болсон бөгөөд улсын яллагч тохирох ял шийтгэлийн талаар саналаа гаргасны дараа түүнийг нь шүүгдэгчийн өмгөөлөгч хөнгөрүүлж, ял оногдуулах болон оногдуулахгүйгээр тэнсэн тухай саналаа гаргаад энэ хоёрын мэтгэлцээн дундаас үйл баримтыг үнэлэх замаар шүүх хөндлөнгийн байр сууринаас шийдвэрлэх учиртай байтал шүүхийн өмнөөс прокурор шүүн таслах үйл ажиллагаа явуулсан. Харамсалтай нь шүүгч үүнийг дэмжсэн бөгөөд өмгөөлөгч миний бие өмгөөллийн ажлын практикт анх удаа ийм тохиолдолтой учирснаа дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Дөрөв. Анхан шатны шүүх энэ хэрэгт сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо Иргэний хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын холбогдох заалтууд тус бүр зөрчиж, одоо мөрдөгдөж байгаа тодорхой төрлийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, үнэлж гэм хор арилгах, төлбөр төлж байгаа шүүхийн практикаас тэс өөрөөр ойлгомжгүй байдлаар шийдвэрлэсэн. Хүний амь нас хохирсон тохиолдолд түүнийг үнэлэх боломжгүй бөгөөд Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэснийг бүр эсрэгээр нь хохирогчид ашиггүйгээр нь тооцоолоод амь хохирогчийн буруутай үйлдэл байсан учраас дахин хасах байдлаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Шүүх шинжилгээний хууль, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоол зэргийг илт зөрчсөн шийдвэр болжээ. Орон нутгийн онцлогоос хамаарч сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхтэй холбоотой хууль хэрэглээний чадвар харилцан адилгүй байхыг үгүйсгэхгүй ч Монгол улсын бол нэгдмэл төрийн байгууламжтай учир Монгол улсын хуулиуд орон зай, цаг хугацаа. нутаг дэвсгэрийн харьяаллаас үл хамааран хэлбэрэлтгүй хоёрдмол утгагүйгээр нэг мөр хэрэгжих ёстой. Улаанбаатар хотод нэгэнт тогтсон практик байхад орон нутагт өөрөөр шийдвэрлэж таарахгүй, иймийн учир адил төсөөтэй шүүхийн шийдвэрүүдийн хуулбарыг хавсар өгсөн.
Иймд илэрхий нэг талыг барьж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэт хөнгөн ял оногдуулсан. шүүхийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэрч, шинжээчийн мэдүүлгээр батлагдаагүй зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6, 39.7 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Гаргасан гомдолд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд 4 үндэслэлд тулгуурлан тайлбарлажээ. Үүнд:
1....Урьдчилсан хэлэлцүүлэг хийх боломжийг шүүх олгоогүй гэх гомдлын талаар...
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч МША дуусаж, хэргийн материалтай танилцаад ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн33.1-р зүйл 4 дэхь хэсэгт талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно гэж заажээ. Үүнийг талууд шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулах талаар гаргасан хүсэлтийг хүлээж авах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж болно.
Нөгөө талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасан боловч түүнийг нь шүүх хүлээж аваагүй, урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндсөн болох нь илэрхий нөхцөлд дээрхи гомдлыг гаргаж болох юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн33.1-р зүйлийн 6-д Шүүх урьдчилан хэлэлцүүлэгээр хянан шийдвэрлэх асуудлыг хуульчилан зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч дээрхи хуулийн заалтуудын аль хэсэгт \33.1.6; 6.1-6.17 хүртэлх\ гомдол гаргах байсан, тухайн асуудал шүүхийн шийдвэр, хууль зүйн дүгнэлтэд хэрхэн нөлөөлсөн, ямар асуудлыг шийдвэрлүүлэх боломж нь хангагдаагүйг тодорхойлоогүй байна.
Иймд урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх эрхийг эдлэх бололцоог анхан шатны шүүх олгоогүй гэх гомдолыг үндэслэлгүй гэж үзэж байна.
2. ...Урьдчилан хэлэлцүүлгийн хүсэлт гаргах эрхээ алдсанаас шалтгаалж хэрэгт ач холбогдолтой зүйлийг тодруулж чадахгүйд хүрсэн талаар....
Тухайн хэргийн гэрч , шүүгдэгч Р. нар нь гэр бүлийн гишүүд тул түүний мэдүүлгийг шүүгдэгчийн эсрэг нотлох баримтаар үнэлэх, ашиглах нь хуулинд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх суурь зарчимтай зөрчилдөх юм.
Хэдий тийм ч дээрхи нэр бүхий гэрч болсон асуудлыг бодит байдлаар үнэн зөв мэдүүлсэн нь хэргийн шийдвэрлэлтэнд буюу шүүхийн шийдвэр, дүгнэлтэнд эсрэгээр нөлөөлж, хохирогчийн эрх ашгийг хохироосон байдалд хүргээгүй болно.
Нөгөө талаар шүүгдэгч өөрийн гэм буруугийн талаар мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн аль ч шатанд маргаагүйг тодруулж дурьдах нь зөв юм.
Мөн гомдолд хэргийн ямар нөхцөл байдал, ямар үйл баримтыг нотлогдоогүй гэж үзэж байгаа, түүний улмаас \хохирогч\ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөн,хэрэгт ач холбогдолтой ямар зүйлийг тодруулж чадахгүйд хүргэсэн шалтгаан нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүхийн хууль зүйн дүгнэлтийн аль хэсэг, ямар хуулийн ямар зүйл, заалттай хэрхэн зөрчилдөж байгааг гомдолдоо дурьдаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн39.6-г зөрчсөн гэж ерөнхийлөн тусгажээ.
Иймд шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн хүсэлт гаргах эрхээ алдсанаас шалтгаалж, хэрэгт ач холбогдолтой зүйлийг тодруулж чадахгүйд хүрсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж үзэж байна.
3. Шүүгдэгчид оногдуулсан ял, хариуцлагын талаар....
Шүүх хурлын үйл ажиллагаа, явагдах дарааллыг шүүгчээс маш тодорхой тайлбарлаж хэлснээр хуулинд заасан процессын дагуу шүүх хурал явагдсан нь маргаангүй бөгөөд тогтсон дэг, практикын дагуу явагдсан шүүх хурлыг огт байгаагүй тохиолдол мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй юм.
Гомдолд дурьдсанаар улсын яллагч заавал яллах санал гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч эсрэг санал, тайлбар хийж оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлдэг гэж тайлбарлаж, гомдож байгаа нь талуудын хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдсан, үр дүнг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэх гэсэн оролдлого буюу хуулинд заасан талууд тэгш эрхтэй мэтгэлцэх зарчмыг гуйвуулж тайлбарлаж байна.
Өмнө хэлсэнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй байнгын харилцаа холбоотой байсан, түүний нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, МША-нд ямар нэг хүндрэл бэрхшээл үүсгээгүй болно. ЭХХШТХ-ийн 34.7 дугаар зүйлд Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож...шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана...гэж хуульчилсан байна.
Прокурор хуулинд зааснаар дүгнэлтээ гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгчийн урдуур орж санал дүгнэлтээ гаргасан, энэ нь МУ-ын Үндсэн хуулинд заасан шүүх эрх мэдлийг булаасан, шүүхийн өмнөөс прокурор шүүн таслах ажиллагаа явуулсан, шүүгч үүнийг нь дэмжсэн гэх ойлголтоор тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн уг хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн16.1 дүгээр зүйл. Нотлох баримт, 16.2 дугаар зүйл.Нотолбол зохих байдал-д эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт талууд энэ талаар маргаагүй, МУ-ын ЭХЕА-ын 6.6-д заасан буюу Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж үзэх шалтгаан илэрч тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ 1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,1.2. гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид.,.туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн,1.4.хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;
Мөн хуулийн 6.7 дугаар зүйл.Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай буюу
1.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.
1.2 энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн...бол хорихоос өөр төрлийн ялы сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;
Мөн хуулийн 7.1 дүгээр зүйл.Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх
1. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэсэнд нийцүүлэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид шийтгэл оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр юм.
Ер нь МША-ны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нь шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ЭХ-ийн 5.1-р зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
4. Хохирол буруу тооцсон талаар...
Энэ хэргийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгчийн зүгээс МША-нд болон прокурорын хяналт, хэрэг шүүхэд шилжсэн, хэргийг шүүхээр хянан хэлэлцүүлэх хугацаанд сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг хөндөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хангагдсан үед ямар нэг гомдол санал, өөр нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл шүүх хурлын явцад өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид зөвлөсний дагуу сэтгэцэд учирсан гэм хорын асуудалд анхаарлаа хандуулахыг шүүхээс хүссэн, түүнийг нь шүүх хангаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч, өмгөөлөгчөөс нөхөн төлбөрийг хэрхэн тооцох талаар тусгайлсан санал гаргаагүй, яаж шийдвэрлэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм, энэ хуралдаанаар нэг мөр шийдүүлмээр байна гэх байр суурийг илэрхийлсэн.
Одооны гаргаж байгаа гомдолд Эрүүгийн хууль, ЭХХШТХ, Иргэний хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, УДШ-ийн 2023 оны 25-р тогтоол зэргийг зөрчсөн гэж дурьдсан хэдий ч аль хуулийн, ямар зохицуулалтыг зөрчсөний улмаас хууль зүйн ямар үр дагавар үүссэн, түүнийг хэрхэн залруулах талаар санал дүгнэлтээ гаргаагүй байна.
Мөн УБ хотод нэгэнт тогтсон практик буюу тухайн хэрэгтэй адил төсөөтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй адилтгаж, шийдвэр гаргах боломжтой гэж үзсэн нь шүүхэд нөлөөлөх гэсэн хандлага юм.
Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ МША-нд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримт, талуудын санал дүгнэлт, хариу тайлбар, мэтгэлцээний үр дүнд тухайн хэрэг шүүгдэгчийн буруутай үйлдлээс үүссэн, түүнд амь хохирогчийн зүй бус үйлдэл буюу замын хөдөлгөөний дүрэмд заасан явган зорчигчийн үүргийг биелүүлээгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь учирч болох хохирол, хор уршгийн үр дагавар ихсэхэд нөлөөлсөн гэж хууль зүйн дүгнэлт өгсөн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 21.374.972 төгрөгийг нэхэмжилсэн үүний 16.400.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 5.000.000 төгрөг нь хохирогч өмгөөлөгчдөө төлсөн өмгөөллийн хөлс юм. Тэгэхлээр хохирогчоос нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан байна. Энд нэг зүйлийг тодруулж тайлбарлахад нэхэмжлэлийн жагсаалтад санхүүгийн баримтын шаардлага хангахгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй 3.5 сая төгрөгний мөнгөн дүнтэй хохиролыг шүүгдэгчийн зүгээс хохирогчтой маргалгүйгээр төлсөн. Үүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг болно.
Шүүхээс гэм хорын буюу хохирогч зам тээврийн ослын улмаас нас барсан тул түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 70, \2023.07.11 байдлаар Хүн амын статистикын газраас эрэгтэй хүний дундаж наслалтыг 76.1 гэж шинэчилэн тогтоожээ\ амь хохирогч 60 настай байсан, дундаж наслалтын зөрүү 5 жил, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээ 2.750.000, наслалтын зөрүүг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр үржүүлээд нөхөн төлбөрийг 13.724.000 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна.
Мөн хохирол, нөхөн төлбөртэй холбоотой нэг зүйлийг тодруулахад анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойшх хугацаанд шүүгдэгчээс хохирогчид 2 удаагийн үйлдлээр \ээж нь эмнэлэгт байх үед болон цагаан сараар\ нийтдээ 7.1 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд түүний өмгөөлөгч давах шатанд гомдол гаргаснаар төлбөр төлөлтөө түр зогсоосон болохыг дурдъя.
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч...Шүүх илэрхий нэг талыг барьж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хөнгөн ял оногдуулсан... гэжээ.
Хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед ямар нөхцөл байдал үүсвэл, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх вэ? гэдгийг бид мэднэ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн1.15 2,Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.
Тэгэхлээр хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед ийм эргэлзээ үүсээгүй, нөгөө талаар шүүгдэгч гэм буруутайгаа маргаагүй байхад шүүх нэг талыг барьж, шүүгдэгчид ашигтай хөнгөн ял шийтгэсэн гэж үзэж болохгүй юм. Би өмнө нь хэлсэн зүйлээ дахиад дурьдахыг хүсэж байна.
Энэ юу вэ? гэхээр МША-ны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нь шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ЭХ-ийн 5.1-р зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Нөгөө талаар дан ганц оногдуулсан ял шийтгэл чанга байвал эрүүгийн хариуцлагын зорилго, хохирогчийн эрх хангагдана гэж үзэж болохгүй юм.
2. ...Шүүхийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэрч шинжээчийн дүгнэлтээр батлагдаагүй...гэжээ. Энэ хэсэгт мөн л шүүхийн дүгнэлтийн аль хэсгийг бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн буюу гэрч, шинжээчийн мэдүүлгээр батлагдаагүй гэж үзэж байгаа үйл баримт нь аль болох, тухайн батлагдаагүй гэж үзсэн мэдүүлэг шүүхийн шийдвэрт болон хохирогчийн эрх ашигт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлоогүй байна.
3. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6, 39.7 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү?.. гэжээ.
Энэ хэсэгт мөн л дээрхи хуулийн зүйл, заалтын аль хэсэгт заасан, ямар үндэслэл нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байгаа, түүний хууль зүйн үр дагавар хэрхэн илэрч байгааг тодорхойлоогүй нь хариу тайлбар гаргахад учир дутагдалтай юм.
Өөрөөр хэлбэл Хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн39.5 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх” үндэслэлд 3 тохиолдол, 39.6 дугаар зүйлд “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” үндэслэлд 4 тохиолдол 39.7 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх” үндэслэлд 3 тохиолдолыг хуульчилан тусгажээ.
Мөн хуулийн 39.8 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих буюу дараах нөхцөл байдлын аль нэг тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа хууль ноцтой зөрчсөн” гэж үзнэ гээд 10 тохиолдлыг хуульчлан зааж өгсөн байна.
Дээрхи байдлаас дүгнэхэд гомдол гаргагчийн давж заалдаж буй үйл баримтын хууль зүйн дүгнэлт, шүүхийн алдаа, буруу шийдвэр нь аль болох түүний үр дагавар хэрхэн илэрч байгаа буюу хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй гэж үзсэн шалтгаан зэрэг нь тодорхойгүй байна гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхээс хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул 2024/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хохирлыг барагдуулах талаар үргэлж санаа тавьж ажилласан. Тиймдээ ч шүүгдэгчээс тодорхой хохирол төлсөн. Прокурор хуульд зааснаар хяналтаа тавьж ирсэн. Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэргийг зөв шийдвэрлэсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 30 минутын орчимд “*******” ******* улсын дугаартай, “Тоуоtа Рrius-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.5а зэрэг заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******ыг дайрч, түүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүгдэгчид оногдуулсан ял хэргийн байдалтай нийцээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хор уршгийг арилгах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэг нь Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг зохицуулж байгаа бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх зэрэг шийдвэрийн аль нэгийг гаргана.
Тэгэхлээр хуулийн энэ зохицуулалтаар зөвхөн шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлах, хийгдэх хугацааг тогтооно гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тухайн хугацаанд хэргийн оролцогчдын аль ч тал шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгч прокуророос хэрэг хүлээн авснаас хойш 11 хоногийн дараа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргасан нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан болохыг тайлбарлах нь зүйтэй.
3.Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тооцохдоо амь хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэн хохирлын хэмжээг хэдий хэмжээгээр багасгаж байгаа талаараа тодорхой дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН