Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 159/ШШ2025/0080

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2025/0072/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Х

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарын хооронд үүссэн

 “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Мандал сумын Засаг дарга Д.Хт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Хт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Д.Х тус шүүхэд “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Мандал сумын Засаг дарга Д.Хт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, тодруулсан зүйлгүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Мандал сумын Засаг дарга Д.Хт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/12 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.17, 60.1.21, 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.3.1, 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн “....Аймгийн Засаг даргаас Мандал сумын Засаг даргатай 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний 01 дүгээр улирлын тайланг ирүүлээгүй, тус гэрээний 04 дүгээр хавсралтад хүлээсэн үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн, аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэл, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/128 дугаар захирамжийг хангалтгүй хэрэгжүүлж хогийн цэгээс гал алдаж айлын эд хөрөнгөд хохирол учруулсан, ой хээрийн түймрийн үед аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийг хангалтгүй хэрэгжүүлсэн тул...” Мандал сумын Засаг дарга Д.Хт сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

1.2. Нэхэмжлэгч дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж 2025 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 032/1448 тоот албан бичгээр “... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байх тул таны гаргасан гомдлыг төрийн албаны зөвлөл харьяалан шийдвэрлэх хууль, эрх зүйн үндэслэлгүй байна.” гэх хариуг авсан байна..

1.3. Дээрх хариуг авч нэхэмжлэгч 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган хандсан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Д.Х 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Д.Х миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар томилогдсон ба Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нь 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б/12 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлээ:

Аймгийн Засаг даргаас Мандал сумын Засаг даргатай 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний 01 дүгээр улирлын тайлан ирүүлээгүй, тус гэрээний 04 дүгээр хавсралтад хүлээсэн үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн, аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэл, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/128 тоот захирамжийг хангалтгүй хэрэгжүүлж, хогийн цэгээс гал алдаж айлын эд хөрөнгөд хохирол учруулсан, ой хээрийн түймрийн үед аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Аймгийн Засаг даргаас Мандал сумын Засаг даргатай 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний 01 дүгээр улирлын тайланг ирүүлээгүй гэсэн нь дараахь байдлаар үгүйсгэгдэнэ.

Хамтран ажиллах гэрээг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ба үүнээс 2 өдрийн дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас 43/26 тоот албан бичиг ирж, үүнтэй холбоотойгоор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Лувсандагвыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулж, Тагнуулын газрын шийдвэрээс үүдэн Тамгын газрын даргын албан үүрэг эзгүйдэн тайлан гаргах үйл ажиллагаанд доголдол үүссэн.

Шинээр томилогдсон сумын Засаг даргыг хамтран ажиллах гэрээний 2 дахь хэсэг аймгийн Засаг даргын эрх, үүргийн 2.1.2-т “Гэрээний хэрэгжилтийг хангахтай холбогдуулан сумын Засаг даргад мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, мэдээллээр хангана" гэсэн заалтыг хэрэгжүүлж, улмаар 1 дүгээр улирал дуусахаас өмнө албан бичиг ирүүлээгүй атлаа сумын Засаг даргыг хамтран ажиллах гэрээний заалтын улирлын тайлан ирүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

Сумын Засаг дарга гэрээний хэрэгжилтийн 1 дүгээр улирлын тайланг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 01/577 тоот албан бичгээр хүргүүлсэн.

2. Хамтран ажиллах гэрээний 04 дүгээр хавсралтад хүлээсэн үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн, аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэл, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/128 тоот захирамжийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэжээ.

Мандал сумын Засаг даргаар томилогдсоноос хойш Д.Х миний бие Хог хаягдлын нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах, зөвлөх үйлчилгээг 50 сая төгрөгийн төсөв батлуулан Монголын тандан судлаачдын холбоо ТББ-тай хамтран үр дүнтэй хэрэгжүүлж, бусад сумдад жишиг болгох ажлыг өрнүүлсэн.

Зөвлөх ажлыг 14 даалгаврын хүрээнд суурь судалгаа боловсруулан гүйцэтгэсэн бөгөөд цаашид шийдвэрлэх шаардлагатай 10 багц зөвлөмж гаргасныг сумын Иргэдийн нийтийн хуралд танилцуулан иргэдээс хогны хураамж авах тогтоолыг гаргуулах ажлыг зохион байгуулсан.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/128 дугаар захирамжийн дагуу 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/118 тоот "Бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулах тухай" захирамж гарган нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, гуу, жалга, автозам, үерийн далангийн хуримтлагдсан хог, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшлийн хашаа, талбайн хог хаягдал, орчны бохирдлыг цэвэрлэх арга хэмжээг сумын хэмжээнд зохион байгуулж ажилласан.нийт 471 тонн хогийг хогийн цэгт төвлөрүүлсэн.

3. Хогийн цэгээс гал алдаж, айлын эд хөрөнгөд хохирол учруулсан нь Засаг даргад шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагт хогийн цэгт гал гарч буй дуудлага мэдээлэл ирж шуурхай арга хэмжээг өөрийн биеэр ахлан удирдаж ажилласны үр дүнд 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 48 минутад галыг бүрэн унтраасан.

Мандал сумын хогийн цэг нь 70 орчим га газрыг хамарсан ба уг гал түймэрт иргэн аж ахуйн нэгжээс гомдол гаргасан, түүний дагуу галын улсын байцаагчийн хохирлын дүгнэлт гараагүй болно.

4. Ой хээрийн түймрийн үед аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" А/112 тоот тушаал, Улсын Онцгой комиссын 2025 оны "Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай" 01 тоот албан даалгавар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай" А/117 тоот захирамжийн хүрээнд "Ой, хээр болон ахуйн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай" А/107 тоот захирамж гаргасан.

Сумын онцгой комиссын дарга, гишүүд ахлан Түнхэл, Ноён уул, Майн зоод гарсан 2 удаа, Тарни, Чулуутын гол, Хатангийн хяр нийт 7 удаагийн түймэрт Зил 130, авто грейдр, 25 тонны усны машин, суудлын автомашин, мотоцикл зэрэг 81 техник хэрэгсэл, 12 төрлийн гал унтраах болон анхны тусламжийн 175 ширхэг багаж, тоног төхөөрөмж ашиглан 164,3 сая төгрөгийн төсөв гаргуулан 41 аж ахуйн нэгжийн 308 иргэдийг дайчлан ажилласан. 27 хоногийн турш үргэлжилсэн 7 удаагийн түймрийг боломжит хугацаанд унтрааж ажилласан ба улсын болон байгууллага аж ахуйн нэгжээс гаргасан төсөв, мөнгө, олон хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй байна.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нь 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б/12 дугаар сануулах сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4-ийг үндэслэсэн байна.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Засаг дарга шийдвэр гаргахдаа түүнд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, 27 дугаар зүйлийн 27.4.4-д зааснаар утсаар санал авах нь сахилгын шийтгэл оногдуулахад хангалтгүй, хууль ёсны байж чадахгүй гэж үзэж байна.

Аймгийн Засаг даргаас сахилгын шийтгэл оногдуулахдаа гүйцэтгэлд суурилаагүй, хэт хувийн үзэмжээр хандсан, илт хууль бус шийдвэр гэж үзэж байгаа тул Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нь 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б/12 тоот сануулах сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 03/1448 дугаар албан бичгээр гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг дурдсан тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Буянхишиг шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Мандал сумын Засаг дарга Д.Хт аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан.

Ингэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар үндэслэлээр /65.1.3. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн/ сахилгын шийтгэл ногдуулсан. Үүний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т зааснаар сонсох ажиллагааг утсаар санал хэлбэрээр явуулж, 2025 оны 5 дугаар сарын 19-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн.

Учир нь: Аймгийн Засаг даргаас Мандал сумын Засаг даргатай 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний 01 дүгээр улирлын тайланг ирүүлээгүй, тус гэрээний 04 дүгээр хавсралтад заасан хүлээсэн үүргийг хангатгүй хэрэгжүүлсэн аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэл, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/128 тоот захирамжийг хангалтгүй хэрэгжүүлж, хогийн цэгээс гал алдаж айлын эд хөрөнгөд хохирол учруулсан, ой хээрийн түймрийн үед Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзсэн.

Эдгээр зөрчлүүдийг гаргасан тул аймгийн Засаг даргаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар Д.Хт сахилгын шийтгэл ногдуулсан.” гэжээ.

3.3. Нэхэмжлэгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Мандал сумын Засаг даргад сахилгын шийтгэл оногдуулсан захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэртээ 5 үндэслэлийг гаргаж тавьсан байдаг. Нэгт 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний нэгдүгээр улирлын тайланг ирүүлээгүй. Хоёрт тус гэрээний 4 дүгээр хавсралтыг хангалтгүй хэрэгжүүлсэн. Гуравт аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг хангалтгүй хэрэгжүүлсэн. Дөрөвт А/128 дугаар захирамжийг хангалтгүй хэрэгжүүлж хогийн цэгээс гал алдаж, айлын эд хөрөнгөд хохирол учруулсан. Тавт ойн хээрийн түймрийн үед аймгийн онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэх асуудлаар шийтгэл оногдуулсан байдаг. Энэхүү 5 үндэслэлийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэлийг бүхэлд нь хангаагүй байдаг. Бодит нөхцөл байдлыг тогтооно гэсний дагуу тогтоож ажиллаагүй. Шууд нэг өдөр аймгаас залгаж танд сонсох ажиллагааг хүргэж байна гэж залгасан. Ямар асуудлаар вэ гэж асуухад уг 5 асуудлын нэгийг л хэлсэн байдаг. Тэр нь зөвхөн ойн хээрийн түймэртэй холбоотой хангалтгүй ажилласан мөн хогийн цэгээс гал алдсан гэдэг. Хэн тогтоогоод ямар хохирол учирсан бэ гэж асуухад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар Мандал суманд ажиллах явцад харсан байна лээ гэх асуудлыг ярьдаг. Эргээд сонсох ажиллагааны хариу тайлбарыг 19-ний дотор гаргаж өгөөрэй гэсэн. Би 19-ний өдөр хариу тайлбарыг 5 зүйлээр нь гаргаж тайлбарласан. Гэтэл түүний дүгнэлтийг шийдвэр дээр хэрхэн тусгасан талаар надад буцаж танилцуулагдаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6., 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтад заасан үндэслэлүүдийг зөрчсөн. 5 асуудлыг товчхон дурдвал Сэлэнгэ аймгийн Засаг даргын гэрээ байгуулсан хугацаа нь 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нийг хүртэл гэсэн боловч 02 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан. 02 дугаар сарын 24-ний өдөр эхний улирлын тайлан гаргах хугацаа сарын зайтай байсан. Сарын хугацаанд нилээн их зүйл Мандал суманд өрнөсөн. Яасан бэ гэвэл Тамгын газрын дарга маань албан тушаал буурч ажлаасаа чөлөөлөгдсөн. Тагнуулын ерөнхий газраас ирсэн бичгийн дагуу арга хэмжээ авсан. Энэ хугацаанд 4 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд түр орлон гүйцэтгэгчийг томилох хугацаанд тайлан явуулах хугацаа байсан. Энэ хугацаанд эзэнгүйдсэн. Гэхдээ Засаг дарга 5 сард уг тайланг нөхөж явуулсан. Тайлан дээр яагаад хугацаа хоцроож явуулсан бэ гэвэл аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ дээр 2 удаа улирлын тайлан хоцроовол арга хэмжээ ярина гэсэн заалт байгаа. Би нэг удаа хоцроосон. Хоцорсон ч явуулсан.

Аймгийн Засаг даргын үүрэг чиглэлийг хангалтгүй биелүүлсэн гэж байгаа. Аймгийн Засаг даргаас уг хугацаанд надад арга хэмжээ авсан энэ хугацаанд 4 үүрэг чиглэл бичгээр хүргүүлсэн байдаг. Уг үүрэг чиглэлүүдийг хийж хэрэгжүүлж  тайлагнасан ажлуудыг хавсаргасан. Уг үүрэг чиглэлүүдийг тухай бүрт нь хангалттай биелүүлж байсан гэж үзэж байна.

Гэрээний 4 дүгээр хавсралтыг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. Гэрээний 4 дүгээр хавсралт дээр ойн анги болон байгаль орчны хариуцаж хийх ажил байдаг. Ойн анги, байгаль орчны хариуцаж хийх ажлыг жилийн эцэст уг ажлыг дүгнэж, үнэлж эцсийн дүнг тавихаар байгаа. Мөн ойн анги нь аймгийн Засаг даргын шууд удирдлагад томилогддог албан тушаалтай нэгж байдаг. Аймгийн Засаг даргад жилийн эцсээр тайлан мэдээгээ хүргүүлж явах учиртай байдаг. Гэсэн хэдий ч 4 дүгээр хавсралтад заасан тайлангуудыг хэрэгт хавсаргасан. Хогны менежментийг хэрэгжүүлэх, хогны тарифыг батлах зүйл заалтууд орсон. Хогны менежментийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 300 орчим сая төгрөгийг Мандал суманд шийдвэрлэсэн. Хэрэгт хавсаргасан 5 тендерийн гэрээг хавсаргасан. Хогны үнэ тарифыг шинэчлэн тогтоох ёстой гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орох ёстой гэж байсан. Ард иргэдээс санал асуулга авч хэлэлцүүлэг хийгээд явж байгаа. Оны эцэст иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орох асуудал хийгдээд явна.

Хогийн цэгээс гал алдаж айлын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж байгаа. 45 га газрыг орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хариуцдаг. Гэрчилгээ хурлын шийдвэртэй, Засаг даргын захирамжтай газар байдаг. Тухайн өдөр гал гарсан уу гэвэл гарсан. Ямар учраас гарсан бэ гэвэл  100 жилийн түүхтэй газар учир доороос дулаан ялгаруулдаг. Хүмүүс зэс гууль авах зорилгоор шатаадаг. Тухайн өдөр маш онцгой нөхцөл байдал үүсэж, салхины хурд 9-24 м/с хүртэл ширүүссэн. Цаг уурын газраас авсан баримтыг мөн хавсаргасан. Онцгой үзэгдэл байсан ба 5 цагийн турш салхи шуурч олон газар галын дуудлага гарсан. Төвд 3 дуудлага, хогийн цэг дээр 1 дуудлага гарсан. Энэ дээр тухайн үед би өөрийн биеэр ажиллаж алба хаагчдаа ажиллуулсан. Түүнээс үүдэж иргэн Туяагийн хашааны хэдэн банз шатчихсан гэсэн. Үүн дээр хохирол тогтоож, үнэлгээ гаргасан зүйл байгаагүй. Захирамж дээр дурдагдсан шиг зүйл байгаагүй.

Онцгой байдлын даргын үүрэг чиглэлийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа. Надад өгсөн үүрэг чиглэл гэж захирамж гарснаас өмнө байгаагүй. Харин өмнөхөөс нь эхлээд Мандал суманд олон удаа гал түймэр гарсан. Миний зүгээс шуурхай штаб тухай бүрд нь ажиллуулж, сумын онцгой комиссыг хуралдуулж идэвх санаачилгатай ажилласан. Үүний хажуугаар Ерөө сум, Төв аймгийн зарим сумуудад гарсан гал түймэрт ард иргэд болон тусгай ангийг дайчилж ажилласан. Энэ бүхний нийт санхүүгийн дүнгээр авч үзвэл 300 гаран сая төгрөгийн хөрөнгө гарсан байдаг. Үүний 100 гаран сая төгрөг нь сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс гарсан байдаг. Ойн хээрийн түймрийн үүргийг хангалтгүй биелүүлсэн гэдэг дээр санал нийлэхгүй байна. Хавтаст хэрэгт тухайн үеийн илтгэх хуудаснуудыг өгсөн байгаа.” гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь аймгийн Засаг даргын Б/12 дугаартай захирамж  гарахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэх талаар дурдвал, аймгийн Засаг даргын Б/12 дугаартай захирамж гарахдаа хууль зүйн үндэслэл нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.17, 60.1.21, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Мандал сумын Засаг дарга Д.Хт сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг аймгийн Засаг дарга гаргасан. Аймгийн Засаг дарга жил бүрийн эхэнд бүх 17 сумын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Хамтран ажиллах гэрээний тодорхой заалтуудад аймгийн Засаг даргын хүлээх эрх, үүрэг мөн сумдын Засаг даргын хүлээх эрх, үүргийг тусгасан байдаг. Мөн тус хамтран ажиллах гэрээний 4.1-т зааснаар гэрээг дүгнэх болон үнэлэх тухай заалт байгаа. 4.1 дэх хэсэгт юу гэж заасан бэ гэхээр гэрээний биелэлтийг улирал бүрийн дараа сарын 05-ны дотор хавсралтад зааснаар арга хэмжээ бүрээр нь гаргаж тайлагнах бөгөөд жилийн эцсийн гүйцэтгэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны дотор хүлээгдэж буй гүйцэтгэлийн тайлан гэж үнэлж дүгнүүлнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн дурдсанаар аймгийн Засаг даргын Б/12 дугаартай захирамжийг 5 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэж дурдаж байна.

Эхний үндэслэл маань Мандал сумын Засаг даргатай 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний 1 дүгээр улирлын тайланг ирүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. 1 дүгээр улирлын тайлан ирүүлээгүй гэдэг маань хавтаст хэргийн 17-21 дүгээр талд нотлох баримтаар авагдсан байна. Тухайн хамтран ажиллах гэрээ маань 17 хавсралтаар дүгнэгдэж байна. Үүний 4 дүгээр хавсралтад байгаль орчны хяналтын чиглэлээр хүлээх, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дурдсан байдаг. Гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар тухайн улирал бүрийн 05-ны дотор гэхээр 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Мандал сумын Засаг дарга хамтран ажиллах гэрээний биелэлтийг ирүүлээгүй учраас аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс тайланг тухай бүрд нь сумдын Засаг дарга нар хяналт шинжилгээний холбогдох цахим хаягаар ирүүлдэг. Тухайн үед Мандал сумын Засаг даргаас хамтран ажиллах гэрээний биелэлтийг 04 дүгээр сарын 05-ны дотор ирүүлээгүй байдаг. Мөн тус гэрээний 4 дүгээр хавсралтыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. 4 дүгээр хавсралт нь байгаль орчны хяналтын чиглэлээр хийж хэрэгжүүлэх арга чиглэл хангалтгүй биелүүлсэн байна хэмээн дүгнэгдсэн учир аймгийн Засаг дарга сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн 4 дүгээр хавсралтад заагдсан хийж хэрэгжүүлэх арга хэмжээг хангалтгүй хэрэгжүүлсэн байна гэж үзэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээний үнэлгээний хэлтэс хангалтгүй гэж үзсэн учраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Мандал сумын Засаг дарга Д.Хтай утсаар ярьсан тэмдэглэл үйлдэж Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4. дэх  хэсэгт зааснаар тухайн сонсох ажиллагааны мэдэгдлийг утсаар өөрт нь мэдэгдсэн. Утсаар мэдэгдсэний дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хамтран ажиллах гэрээний биелэлтийг цахим хаягаар ирүүлсэн байсан. Аймгийн Засаг даргаас ирүүлсэн үүрэг чиглэлийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа. Энэ нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/128 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргаас бүх нийтийн хог цэвэрлэгээ арга хэмжээг зохион байгуулах тухай захирамж гарсан. Засаг даргын захирамжаар бүх 17 сумдын Засаг дарга нарыг үүрэг болгож тухайн А/128 дугаар захирамжийг гаргасан. А/128 дугаар захирамжийн биелэлтийг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн учраас Мандал сумын Засаг даргад сахилгын арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч Д.Х нь нэхэмжлэлийн шаардлагадаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй хэмээн дурдсан байсан. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч сонсох боломжоор нь хангах талаар аймгийн Засаг даргын зүгээс тухайн бодит байдлыг тогтоосны үндсэн дээр 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг гаргасан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргийг шинжлэн судлаад, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

1.1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Х дээд шатны Засаг дарга буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Мандал сумын Засаг дарга Д.Хт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 1.2. Дээрх захиргааны актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Х 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

Хоёр. Уг хэрэг, маргааны үйл баримтыг дурдахад:

2.1. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Мандал сумын Засаг дарга Д.Хт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/12 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.17, 60.1.21, 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.3.1, 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн “....Аймгийн Засаг даргаас Мандал сумын Засаг даргатай 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний 01 дүгээр улирлын тайланг ирүүлээгүй, тус гэрээний 04 дүгээр хавсралтад хүлээсэн үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн, аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэл, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/128 дугаар захирамжийг хангалтгүй хэрэгжүүлж хогийн цэгээс гал алдаж айлын эд хөрөнгөд хохирол учруулсан, ой хээрийн түймрийн үед аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийг хангалтгүй хэрэгжүүлсэн тул...” Мандал сумын Засаг дарга Д.Хт сануулах сахилгын шийтгэл ногдуулснаар, хэргийн оролцогч нар маргадаг.

Гурав. Маргаан бүхий акт, үйл баримтуудын тухайд: “Аймгийн Засаг даргаас Мандал сумын Засаг даргатай 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний 01 дүгээр улирлын тайланг ирүүлээгүй” гэх үндэслэлд,

3.1. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Х нар нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Сэлэнгэ аймгийн Засаг дарга Мандал сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ” (цаашид “хамтран ажиллах гэрээ” гэх)-г байгуулсан байна.  (1 дүгээр хавтаст хэргийн 247-250 дугаар тал)

3.2. Тус гэрээний “Гурав.Сумын Засаг даргын эрх, үүрэг”-ийн 3.1.8 дахь хэсэгт “Энэхүү гэрээнд заасан тогтоосон хугацаанд тайланг ирүүлж, үнэлж, дүгнүүлнэ.”, 4.1. “Сумын Засаг дарга гэрээний биелэлтийг улирал бүрийн дараа сарын 05-ны дотор хавсралтад заагдсан ажил, арга хэмжээ бүрээр тайлан гаргаж ... тайлагнаж, үнэлж, дүгнүүлнэ.” гэж тус тус заажээ.

3.3. Тус сумын Засаг даргын 2025 оны явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн 577-д 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 01/577 тоот албан бичгээр 2025 оны гэрээний тайланг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн бүртгэл хийгдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 156-158 дугаар тал)

3.4. Нэхэмжлэгч Д.Х “Хамтран ажиллах гэрээг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ба үүнээс 2 өдрийн дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас 43/26 тоот албан бичиг ирсэн байдаг. (1 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар тал)

3.5. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь“ ... тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Лувсандагвыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулж, Тагнуулын газрын шийдвэрээс үүдэн Тамгын газрын даргын албан үүрэг эзгүйд тайлан гаргах үйл ажиллагаанд доголдол үүссэн..” гэж дээрх гэрээний тайланг хүргүүлэхдээ хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа тайлбарладаг.

3.5. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Х нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний 1 дүгээр улирлын тайлангаа хугацааг хэтрүүлэн хүргүүлсэн болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  (1 дүгээр хавтаст хэргийн 159-246 дугаар тал)

3.6. Харин хариуцагч нэхэмжлэгч Д.Хт сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий захиргааны акт болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/12 дугаар захирамжийн үндэслэлд дурдсан “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргатай 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний 01 дүгээр улирлын тайланг ирүүлээгүй” гэх үндэслэл нотлогдсонгүй.

 Дөрөв.  “Аймгийн Засаг даргаас Мандал сумын Засаг даргатай 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний 04 дүгээр хавсралтад хүлээсэн үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн” гэх үндэслэлд:

4.1. “Сэлэнгэ аймгийн Засаг дарга Мандал сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ”-ний 4 дүгээр хавсралтад “Байгаль, орчин, уул уурхайн салбарын ажил, арга хэмжээ” буюу нийт 26 арга хэмжээг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулжээ.

4.2. Шүүх хуралдааны явцад хариуцагчаас уг 26 арга хэмжээний алийг нь хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн талаар тодруулахад 4.9 болон 4.10 дахь хэсэгт заасан арга хэмжээг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж талаар тайлбарладаг.

4.3. “Сэлэнгэ аймгийн Засаг дарга Мандал сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ”-ний 4 дүгээр хавсралтын 4.9. дэх хэсэгт “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эргүүл, пост ажиллуулах, сургалт, сурталчилгааг зохион байгуулах”, 4.10 дахь хэсэгт “Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд эзэн холбогдогчийг тогтоох, түймрийн улмаас экологид учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэн барагдуулах ажлыг зохион байгуулах” арга хэмжээг тус тус тусгажээ.  (1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар тал)

4.4. Нэхэмжлэгч нь “Сэлэнгэ аймгийн Засаг дарга Мандал сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ”-ний 1 дүгээр улирлын тайлангийн 4.9., 4.10. дахь хэсэгт дээрх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэн талаараа тайлагнасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 183-185 дугаар тал)

4.5. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн зүгээс хамтран ажиллах гэрээний 04 дүгээр хавсралтад хүлээсэн үүргийг хэрэгжүүлсэн арга хэмжээг тайлагнасан атал шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийлгүйгээр “Сэлэнгэ аймгийн Засаг дарга Мандал сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ”-ний 4 дүгээр хавсралтын 4.9., 4.10. дахь хэсэгт заасан арга хэмжээг хэрхэн хангалтгүй биелүүлсэн нь тодорхойгүй байхад уг үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Тав. “Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэл, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/128 дугаар захирамжийг хангалтгүй хэрэгжүүлж хогийн цэгээс гал алдаж айлын эд хөрөнгөд хохирол учруулсан” гэх үндэслэлд:

5.1. Маргаан бүхий захиргааны актад аймгийн Засаг даргаас өгсөн ямар үүрэг чиглэлийг хангалтгүй хэрэгжүүлсэн талаар дурдаагүй, дээр дурдсанчлан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй учир чухам хэзээ өгсөн ямар үүрэг чиглэлийг хэрэгжүүлээгүй нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч тал уг үндэслэлээ тайлбарлаж бүрэн нотолж, мэтгэлцсэнгүй.

5.2. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий сахилгын шийтгэл оногдуулсан захирамж гарахаас өмнө Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Үүрэг, чиглэл хүргүүлэх тухай” 01/218 тоот, 2025 оны 3 дугаар сарын 14-ний “Үүрэг, чиглэл хүргүүлэх тухай” 01/270 тоот, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Үүрэг, чиглэл хүргүүлэх тухай” 01/513 тоот, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Үүрэг, чиглэл хүргүүлэх тухай” 01/656 тоот албан бичгээр тус тус сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн нийт 4 үүрэг, чиглэлийг хүлээн авч, тухай бүр үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажилласан гэж тайлбарлан холбогдох албан тушаалтны тайлбар, нотлох баримттай хавсарган ирүүлсэн. ( 2 дугаар хавтаст хэргийн 47, 50, 58, 76 дугаар тал)

5.3. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Бүх нийтийн хог цэвэрлэгээ” арга хэмжээ зохион байгуулах тухай А/128 дугаар захирамжаар “...урин дулааны цаг эхэлж байгаатай холбогдуулан нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, гуу жалга, голын эрэг, олон улсын чанартай авто зам, үерийн далангийн хуримтлагдсан хог, айл өрх, аж ахуй нэгжийн байгууллагуудын эзэмшлийн хашаа, талбайд хог хаягдал их үүсэж, орчны бохирдол үүсгэсэн тул “Бүх нийтийн хог цэвэрлэгээ” арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, ... Хог хаягдлын эх үүсвэрийг бууруулан эко орчин бүрдүүлэн сар бүр тогтмол хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээг хийж ажиллахыг нийт төр төсвийн болон аж ахуй нэгж байгууллагын удирдлагад, сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ. ( 2 дугаар хавтаст хэргийн 128 дугаар тал)

5.4. Дээрх захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Х 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 01/293 тоот албан бичгээр багийн Засаг дарга нарт сумын өнгө үзэмжийг сайжруулан тохижилт цэвэрлэгээг хийж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэн ажиллах ажлыг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулж, тайланг ирүүлэх үүрэг, чиглэл хүргүүлсэн байна. ( 2 дугаар хавтаст хэргийн 98 дугаар тал)

5.5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Бүх нийтийн хог цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулах тухай А/118 дугаар захирамжаар “Бүх нийтийн хог цэвэрлэгээ” арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулж, уг ажилд иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг татан оролцуулж, харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулахыг багийн Засаг дарга, хуваарьт газрын хог хаягдлыг цэвэрлэж, идэвхтэй оролцохыг аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, эрхлэгч, цэвэрлэгээний ажил эхэлсэн өдрөөс хог хаягдлыг шуурхай ачиж тээвэрлэхийг “Тохилог хараа” ОНӨААТҮГ-ын дарга, уг ажлыг цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгүүлэн хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны тасгийн даргад тус тус үүрэг болгож, сумын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Бүх нийтийн хог цэвэрлэгээ” арга хэмжээ зохион байгуулах тухай А/128 дугаар захирамжийн хэрэгжилтийг бүрэн биелүүлсэн байна. ( 2 дугаар хавтаст хэргийн 99-114 дугаар тал)

5.6. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Х нь 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Монголын тандан судлаачдын холбоо” төрийн бус байгууллагатай хамран “Сумын хог хаягдлын нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах /зөвлөх үйлчилгээ/ гэрээг, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Тананцамхаг констракшн” ХХК-тай “Түнхэл тосгонд хог булшлах зардал 5 дугаар баг” ажил гүйцэтгэх гэрээг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Экоресурс” ХХК-тай “Аюултай хог хаягдал шатаах зуух худалдан авах” гэрээг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Буянт суваргын булаг” ХХК-тай “Хог нягтруулан тээвэрлэгч машин” худалдан авах гэрээг тус тус байгуулж, гэрээнд заасан холбогдох арга хэмжээг авч дээрх Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Бүх нийтийн хог цэвэрлэгээ” арга хэмжээ зохион байгуулах тухай А/128 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган ажилласан байна. (2 дугаар хавтаст хэргийн 23-47 дугаар тал)

5.7. Хогийн цэгээс гал алдаж айлын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх боловч Сэлэнгэ аймгийн Засаг дарга шийдвэр гаргахдаа хэнд, ямар хэмжээний хохирол хэрхэн учирсан талаар шалгаж тогтоогоогүй, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хогийн цэгт гарсан гэх галын улмаас тухайн хогийн цэгийн газрын эзэмшигч, үйл ажиллагааг эрхлэн явуулдаг “Тохилог хараа” ОНӨААТҮГазарт хохирол учраагүй, иргэний хувьд зөрчлийн хэрэг бүртгэл нээгээгүй, тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хохирлын үнэлгээ хийгдээгүй, иргэн, хуулийн этгээдэд албан ёсоор хохирол тогтоогдоогүй болох нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаар албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 9 дүгээр албан бичгүүдээр тус тус нотлогдож байна. (2 дугаар хавтаст хэргийн 115-185 дугаар тал)

Зургаа. “Ой хээрийн түймрийн үед аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийг хангалтгүй хэрэгжүүлсэн” гэх үндэслэлд:

6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 188 тоот албан бичгээр хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргаас ой хээрийн түймрийн үед Онцгой байдлын газрын даргаас өгсөн үүрэг чиглэл нь ямар үүрэг чиглэл болох талаар болон тус үүрэг чиглэлийг хэрхэн хангалтгүй хэрэгжүүлсэн талаар тайлбар, холбогдох баримтыг ирүүлэхийг шаардсаны дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 22 тоот, Улсын онцгой комиссын 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 94, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 96 тоот албан бичгүүдийг тус тус ирүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 121-124 дүгээр тал)

6.2. Дээрх албан бичгүүд нь маргаан бүхий захиргааны актыг гарсны дараах цаг хугацаанд гарсан байх тул хэрэгт хамааралгүй байна.

6.3. Харин Мандал сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Ой, хээр болон ахуйн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” А/107 дугаар захирамжаар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын төлөвлөгөө, хариуцлагатай жижүүрийн хуваарь, түймрийн дайчилгааны үед ажиллах хуваарь, хуурайшилтын үед нэгдсэн цэгт ажиллах хуваарь, хуурайшилтын үед нэгдсэн цэгт ажиллах шатахууны зардал, боловсруулан баталж, хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох албан тушаалтанд даалгажээ. (2 дугаар хавтаст хэргийн 134-135)

6.4. Ой хээрийн түймэрт Засаг даргын нөөц хөрөнгийн зардлаас 31,163,340 төгрөгийн зардал гаргасан байна. (2 дугаар хавтаст хэргийн 147 дугаар хуудас)

6.5. Хариуцагч тал сахилгын арга хэмжээ авахаас өмнө ямар үүрэг, чиглэлийг нэхэмжлэгч нь хангалтгүй хэрэгжүүлсэн талаар холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй, маргаан бүхий Б/12 дугаар захирамжид дурдсан үндэслэлээ шүүхэд бүрэн нотолж чадсангүй.

6.6. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Х нар нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Сэлэнгэ аймгийн Засаг дарга Мандал сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан гэрээний 6.3.-д “Сумын засаг дарга нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл хангалтгүй биелүүлсэн, 2 улирал дараалан тайлагналтыг хугацаа хоцроож ирүүлсэн болон огт тайлагнаагүй, аймгийн хэмжээнд зохион байгуулж буй шуурхай болон нэгдсэн арга хэмжээ, хурал, сургалт, семинар, цугларалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 болон түүнээс дээш удаа ирээгүй, хугацаатай, хариутай бичиг, тайлан, мэдээ, судалгааг ирүүлээгүй, удаа дараа хоцроосон тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна.” гэж зааж, хамтран ажиллах гэрээг байгуулсан байх бөгөөд дээрх нөхцөл, үндэслэлүүд нь бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсонгүй.

Долоо. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

7.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.-т “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим болох хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим зөрчигдсөн байна.

 7.2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсгийн 5.1.1.-д зааснаар захиргааны байгууллага болохын хувьд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд дээрх хуулийн зохицуулалтыг баримтлан ажиллах үүрэгтэй.

7.3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”., 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.”, 24.4. дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж,

7.4. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.1.-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах;”, 25.1.4.-д “гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах;”, 25.1.5.-д “баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах;”, 25.1.7.-д “оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулах авах.” гэж, 27 дугаар зүйлийн 27.6. дах хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.”, 27.7. дахь хэсэгт “Сонсох ажиллагааны үед гаргасан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй.” гэж тус тус зааснаар сонсох ажиллагааны талаарх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн тайлбар, саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүргээ биелүүлээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон маргаан бүхий захиргааны актын үндэслэлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, захиргааны байгууллага нотлох үүрэгтэй энэ талаар ямар нэгэн нотлох баримт цуглуулаагүй, нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

7.5. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивд хадгална.” гэж тус тус зааснаар сахилгын арга хэмжээ авч байгаа талаарх шийдвэрийн хувийн хэрэг хөтлөөгүй байна.

7.4. Захиргааны актыг “шийдвэрийн үйлчлэл чиглэгдэж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, эрх зүйн үндэслэлтэй буюу шийдвэр гаргах ажиллагааны эрх зүйн шаардлагыг хангасан” тохиолдолд хууль ёсны гэж тодорхойлох ба захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэрээс гадна түүнийг гаргах үйл ажиллагаа нь хуулиар олгосон эрхийн хүрээнд, тогтоосон журмын дагуу байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6.-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчим”-д нийцнэ.

7.5. Маргаан бүхий захиргааны акт нь шийдвэр гаргах ажиллагааны оролцогч буюу нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэсэн захиргааны байгууллагын шийдвэр байх тул захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэгт заасан “захиргааны акт” гаргах ажиллагаанд уг ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд болон хөндөгдөж болзошгүй этгээдийг татан оролцуулах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эдлэх эрх, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаанд оролцуулах,  нотлох баримт цуглуулах, гаргасан тайлбарыг сонсох, оролцогчид холбогдох баримт бичигтэй танилцах эрхийг хангах шаардлагатай.

7.6. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд, захиргааны шийдвэрийг техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж байгаа бол, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол, төрийн болон албаны нууцын тухай, байгууллагын нууцын тухай, хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжоор хамгаалагдсан бусдад дамжуулах боломжгүй мэдээлэлд хамаарах бол” сонсох ажиллагааг хийхгүй байж болно гэж заасан ба мөн зүйлийн 28.2.-т зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүргийг хүлээдэг.

7.7. Хариуцагч сонсох ажиллагааг утсаар хийсэн гэж тайлбарладаг ба утсаар хийсэн ярилцлагын тэмдэглэл үйлджээ.(1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал, мөн ар тал)

7.8. Тус тэмдэглэлд маргаан бүхий актын үндэслэл болох 4 асуудлын талаар нэг бүрчлэн мэдэгдээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн тусгай зарчимтай нийцээгүй байна.

 

7.9. Түүнчлэн хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны акт болох Б/12 дугаар захирамжид “.. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1. дэх хэсгийн 65.1.3., 65.3.1., ..,  Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.18., 48 дугаар зүйлийн 48.1.1  дэх заалтыг” тус тус үндэслэл болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар тал)

7.10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчмыг хангах, иргэд орон нутгийн үйл хэрэгт шууд болон сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.”, 2 дугаар зүйлийн 2.1. дахь хэсэгт “Энэ хуулиар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт, бүх шатны Засаг даргын бүрэн эрх, нутгийн удирдлагаас бусад байгууллагатай харилцах харилцааг зохицуулна.”, 3 дугаар зүйлийн 3.2. дахь хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын чиг үүрэг, бүрэн эрхийг бусад хуулиар тодорхойлохдоо энэ хуульд заасан зарчим, нийтлэг зохицуулалтыг баримтална.” гэж тус тус хуульчилсан.

7.11. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Засаг дарга, тус аймгийн Мандал сумын Засаг даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна:” , 11.1.9. дэх заалт “.. бүх шатны Засаг дарга ..” нь төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарч, сонгуулийн үр дүнд сонгогдож, томилолтын журмаар ажилладгаараа бусад төрийн албан тушаалтнаас ялгаатай бөгөөд улс төрийн албан тушаал байх тул эрх зүйн харилцааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

 7.12. Эндээс дүгнэхэд, маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1. дэх хэсгийн 65.1.1. “сануулах;” гэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1.“өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;” гэж тус тус үндэслэл болгож Мандал сумын Засаг даргад Д.Хт сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт нь хууль бус байна.

 7.13. Дээрх  хоёр хуулийн сануулах болон ганцаарчилсан хэлбэрээр сануулах хоёр өөр агуулгатай бөгөөд товч тайлбарлахад нээлттэй болон хаалттай сануулах заалтууд юм. Хаалттай сануулах гэдэг нь сахилгын зөрчил гаргасан албан тушаалтан, ажилтанд ганцаарчилсан хэлбэрээр зөвхөн уг албан тушаалтан, ажилтанд өгөх сануулгыг илэрхийлдэг. Харин нээлттэй сануулах сахилгын шийтгэл гэдэг нь тухайн байгууллага хамт олны дунд тухайн албан тушаалтан, ажилтанд өгөх сануулгыг илэрхийлдэг болно.

7.14.Хариуцагч нь нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа хоёр өөр хуулийн зохицуулалтыг үндэслэл болгож хоёр өөр сахилгын арга хэмжээ авч хууль зөрчиж, захиргааны акт гаргажээ.

7.15. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь маргаан бүхий Б/12 дугаар захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч Д.Хын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул  эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

7.16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2., 106.3 дугаар зүйлийн  106.3.1., 106.3.12., 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дэх хэсгийн 4.2.1., 4.2.5., дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3. дахь хэсгийн 65.3.1., 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Мандал сумын Засаг дарга Д.Хт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ОДОНТУЯА